Хайх зүйлээ бичнэ үү

18 мин

Оны онцлох: Энэ онд уншсан хамгийн гоё НОМУУД


Зохиолч П.Майнбаяртай уулзахад "Ном уншаад сэтгэл догдлох, баатарлаг үйл явдлаар нь зориг зүрхээ хурцлах, новш ноохой дундаас нь өөрийгөө олж харах, дүрийн сэтгэл зүйг мэдрэх зэрэг илрэлүүд бол миний л хувьд утга бүхий зүйл" хэмээн ярьж билээ. Энэ бүхэн гагц түүний хувьд бус мөн өөр олон уншигчийн хувьд утга бүхий зүйл болов уу. Янз бүрийн мэргэжилтэй дараах хүмүүст энэ онд уншсан ямар ном нь таалагдаж, тэдний хувьд тухайн номоос чухам юу нь утга бүхий байсныг хуваалцая.


Б.Сувддулам |Орчуулагч|

 Өсвөр насанд минь яг ийм “тэврэлт” байсан ч болоосой.

Хамгийн сүүлд Японы зохиолч Мори Этогийн “Өнгөлөг” нэртэй номыг Д.Маралгоогийн орчуулгаар уншсан юм байна. Өгүүлэмжийн хувьд тун сонирхолтой, уншаад эхэлсэн л бол суурин дээрээ дуусгачихмаар зохиол байна лээ. Урьд насандаа нүгэл үйлдсэн нэгэн хүний сүнс юу тарьснаа санаж чадвал эргэн төрөх нөхцөлтэйгөөр амиа хорлохыг завдсан өсвөр насны хүүгийн биед орж амьдрах болсноор зохиол эхэлдэг.

Шилжилтийн насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнд тулгардаг хүндрэл бэрхшээлүүд, ганцаардал, аав ээж, найз нөхөд, ойр тойрныхонтойгоо харилцах харилцаа гээд олон нухацтай асуудлыг хөндөхдөө яг юу болсон юм бол, яагаад тэгсэн юм бол, одоо яах бол гэсэн асуултуудыг алхам тутамд тавьж, уншигчийг үргэлж бодолд автуулж байгаа нь таалагдсан. Энэ ном өөрөө “young adult” буюу өсвөр, залуу үеийнхэнд чиглэсэн болоод ч тэр үү, уншигчаа аргадаад, тайтгаруулаад, тэврээд байгаа юм шиг тийм дулаан илчийг мэдрүүлнэ. Тийм болохоор өсвөр насныхныгаа заавал уншаасай, өөрийнхөө үнэ цэнийг мэдээсэй, амьдралын сайхныг мэдрээсэй гэж бодон бодон онцоллоо. Бас өсвөр насны хүүхэдтэй аав ээжүүд ч уншаасай. Тэгвэл хүүхдийнхээ сэтгэл зүйг, юу туулж явааг нь, яаж харилцах ёстойгоо илүү сайн ойлгох вий. Үнэндээ орчин цагийн өсвөр насны хүүхдэд тулгардаг асуудлуудыг уран зохиолын хэлээр сонирхолтой бичсэн номууд эдүгээ манайд дутмаг. Тийм болохоор их олзуурхаж уншсан, уншаад бас догдолсон, өсвөр насанд минь яг ийм “тэврэлт” байсан ч болоосой гэж бодсон шүү.


Б. Мөнхдурсгал |СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутан|

Энэ зохиол надад далай, сүрлэг ой, том хүрхрээ, харин би үүргэвчээ үүрээд аялж яваа өчүүхэн хүн шиг санагдсан. Уран зохиол ийм л агуу, энгийн, хамгийн гүн гүнзгий амьдралтай холбогдсон зүйл байж.

Өөрийн зүрх сэтгэл татагдаж байгаа тэр зүйл рүүгээ алхсан ч замдаа их гүнзгий хорлогдсон үе бол хоёрдугаар курсийн сүүлийн семистр байлаа. Утга зохиолын сургуульд орсноор мэддэг болсон зүйл гэвэл ангийн маань хоёр охин л юм шиг санагдаад бүх зүйл утгагүй, төсөөлж ирсэн мөрөөдөл маань тийм ч тодорхой, баталгаатай биш, бодит амьдралаас тусдаа ангид зүйл шиг санагдах болсон тэр үед бүх зүйл хангалтгүй болж эхэлсэн. Эго маань намайг өөрөөсөө өөр таних, мэдэх, харах ертөнцгүй болгосон энэ явдал улам даамжирсаар хавар гэхэд л сургуулиасаа гарах тухай бодож хичээлдээ явахаа ч больсон. Бичиж чадахаа больсон болохоор сүүлдээ зугтах нь амар санагдсан ч зугтсанаараа би маш том өрөнд ороод хэвтэрт орчих шиг болсон. Энэ үед гэртээ "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй"-г барьж хэвтлээ. 

Удаан хугацааны дараа би Треза, Томас, Сабина, Франц гэх дүрүүд дотроос гарч ирэхдээ өөрийн эгогоо хаяаад гарч ирсэн. Энэ зохиол надад далай, сүрлэг ой, том хүрхрээ, харин би үүргэвчээ үүрээд аялж яваа өчүүхэн хүн шиг санагдсан. Уран зохиол ийм л агуу, энгийн, хамгийн гүн гүнзгий амьдралтай холбогдсон зүйл байж. Бид ямар хүнд татагдаж, ямар хүнд ашиглуулж, ямар хүнд хутгалуулж, ямар хүнийг хутгалахаа сонгодоггүй, энэ нь хувь тавилан, болох ёстой зүйлс гэж итгэдэг. Гэтэл яг үнэндээ бага насны сэтгэлийн шарх болоод тэр шархнаасаа авсан төлөвшил, чиг баримжаагаараа л удирдуулж зөвхөн өөрөө үйлдээд байдаг гэдгийг харсан. Хайр дурлал, зовлон зүдгүүр, муу хүн, буруу цаг үе чамайг зовоогоод байдаг юм биш зүгээр л чиний доторх төлөвшил чинь чамайг зовоох сонголтыг хийлгээд, хөтлөөд байдаг тухай. Тэгэхээр хүн хэзээ ч ганцаараа өөрөө өөрийнхөө ертөнцийг үзэх үзэл, засаглалыг тогтоогоогүй байдаг юм шиг. Треза, Сабина, Франц, Томас шиг хүмүүсийн төлөвшлийг бурхан эсвэл ямар нэг далдын хүч биш гэр бүл, дотны хүмүүс нь тогтоогоод өгчихсөн. Тэгээд тэд огтлолцох үед “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” үүсч байдаг. 

Уншиж дууссаны дараа би уран зохиолоос юуг ч юм хүлээж, ямар нэг амлалт, баталгаа, найдвар хайхаа больж зөвхөн хайрлаж, тэмүүлж, өөртөө найдаж эхэлсэн. Тэгээд өвдөх ур дүйтэй бас амьдралыг дан ганц гунигаар, дан ганц “одоо” цагаар туулдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд хэвтэхгүй бас зугтахгүй гүйгээд л байгаа. 


Б.Эрдэнэсолонго |Яруу найрагч|

Энэ номыг уншихын тулд эхлээд ном гэдэг ойлголтыг мартах хэрэгтэй болно. Зүгээр л сэтгэлзүйн энгийн нэгэн сорил таны өмнө байна гэж бод. Үүнийг уншсанаар хүн гэгч амьтан илааршин эдгэх байх аа.

Номын тухай бичих үргэлж хэцүү байдаг. Учир нь нэг шинэ ном гарлаа гэхэд түүний бүтцийг цогцоор нь харвал зохиол болон зохиогч нь бүхэлдээ нэг хүн байдаг. Товчхон хэлбэл, нэг хүний олон тал, олон хүний нэг чанарыг таних гэж тархиа гашилгана л гэсэн үг. Энэ онд миний уншсан, хамгийн их сэтгэл хөдөлгөсөн бас хамгийн их гайхаж балмагдсан ном бол “Үлгэр дуустал хайрлана” роман байна. Зохиолч нь Х.Болор-Эрдэнэ. Яагаад... Асуулт их энгийн. Гэвч хариулт нь маш төвөгтэй. Энэ номыг уншихын тулд эхлээд ном гэдэг ойлголтыг мартах хэрэгтэй болно. Зүгээр л сэтгэлзүйн энгийн нэгэн сорил таны өмнө байна гэж бод. Тэгээд өөрийн бүх эгог мартах хэрэгтэй болно. Хэн бичсэн нь тийм ч чухал биш. Юун тухай өгүүлэх нь л сонин. Гэвч ном юуны ч тухай өгүүлэхгүй байвал яахав. Энгийн биш, шугаман бус өгүүлэмж. Номыг энд тэндээс нь орхиж гээж, үсэрч уншдаг хүнд бол энэ ном огт утга учиргүй санагдана. Тэгээд энэ ном юуны учир тэгтлээ сэтгэл татна вэ? Би өмнө хэлсэн. Ном гэдгийг мартах хэрэгтэй. Ном биш юм бол юу юм гэж үү... Сэтгэл зүрхний амаргүй бөгөөд хүндхэн сорил. Үүнийг уншсанаар хүн гэгч амьтан илааршин эдгэх байх аа. Эндээс уншигч их олон зүйлийг нэг дор олж харна. 

Олон өөр ахуй, өөр өөр сэтгэлийн хувирал, эргэлзээ, айдас, тэгснээ гүнээс гүн рүү шургалан орох ер бусын астрал ертөнц. Энэ номд зуун зууны өмнөх домог туульс, үлгэр тэгснээ маш энгийн бидний мэдэх өнөөгийн амьдрал, өдөр тутмын танил хэл яриа, тэгснээ гэнэт маш хачирхалтайгаар хурдан морь, дуусч дундардаггүй их ажилтай хөдөөх ахуй руу гулсан орж хүртэл харуулна. Ер нь л зохиогч энэ ном дотор ёстой л усандаа орсон жараахай мэт бичлэгийн хэлбэр маяг бүхнээр тоглож үзүүлсэн байдаг. Хөгжмөөр бол олон төрлийн зэмсэг эзэмшиж харуулж байгаа гэх үү дээ. Гол нь тэдгээр эрс тэс өөр хэлбэрийг ашиглахдаа үйл явдлууд хоорондын шилжилтүүдийг уншигчид ямар ч тээр болохгүйгээр хийж байгааг ажиглаж болно. 

Шугаман бус өгүүлэмж гэдгийг тодруулбал бидний уншиж дассан уран зохиолууд шиг ямар нэг үйл явдлыг чигт нь хөөж дагалгүй харин зохиолын гол баатрын бодлын хөдөлгөөнийг алдалгүй барьж бичсэн нь сонирхол татна. Тэгвэл бидний бодол яаж хөдөлдөг вэ гэсэн сонирхолтой асуулт урган гарч ирнэ. Бид ямар нэг зүйлийн талаар бодолд автахдаа номонд бичсэн шиг дурайтал үргэлжлүүлээд байдаггүй. Бодол нэг зүйлээс нөгөөх рүү хөвөрч, хөвөрч байх явцдаа гэнэт ямар нэгийг нэхэн санаж, тэгснээ тэрхүү санаандаа орсон зүйлийн араас хөөцөлдөн аялдаг. Энэ нь хүний бодлын нэхээсийг гүйцээхэд хэрэгтэй элементүүд болдог учраас хүний бодлууд зорилгодоо хүрэхийн тулд ийнхүү өөрт хэрэгтэй байгаа сан хөмрөгөө ухаж байгаа хэрэг. Бодол энэ бүхнийг түүвэрлэн цуглуулсаар эцэстээ биднийг шийдвэр гаргах цэг дээр хөтлөн авчирдаг. Энэ ном яг л ийм. Бид номыг урдаас нь хойш дэслүүлэн уншдаг бол энэ ном хойноос нь урагш, бүр урагш, хамгийн гол нь сэтгэлийн гүнд таг мартаж орхисон дурсамжуудыг ухан гаргаж ирж, хүний өөрөөсөө хүртэл нууж орхисон таагүй дурсамж дотроос сэтгэлийг өвтгөж байгаа гэмтлүүдийг гарган ирж, задлан үзэж, шархыг сэврүүлэн эдгээж байгааг харуулна. 

Зохиогч энэхүү номоо трансын байдалд орж байж бичсэн. Энэ нь Монголд ашиглаж байгаагүй арга болон хэлбэр... Тэндээс уншигчийн олж харах хамгийн чухал зүйл бол өөрийн үнэнийг ч бас ухан гаргаж ирж, одоо байгаагаасаа илүү тэнэг, илүү гэнэн, илүү болхи, илүү туршлагагүй бас илүү гэм зэмгүй байсан өөртэйгээ нүүр тулж, түүнийг хайрлаж, дахин төрүүлэх явдал. Бүр тодруулбал өнөөдрийн бидний сэтгэлд үүрлэсэн бухимдал, зовиур, зан авирын гэмтэл, гомдол, хорслын эхлэлийг олж барьж аваад, тэнд тасарсныг залгаж, тэнд гэмтсэнийг засаж, тэндээс дагаж ирсэн айдас, өөрийгөө үл анзаарахуйн дохиог арилгаж байгаа гэж ойлгоход болно. 

Бичих явцдаа зохиогч өөрөө ч сэтгэлийн маш олон хэлбэлзэл дотор оршиж байсан бөгөөд өөрийнхөө ой дурсамжинд нуугдсан гомдол, олон жилийн турш дагасан айдсын үзүүрийг ч олж харсан байдаг юм. Ховсын төлөвт орж байх явцдаа гол баатар асгартал уйлж, тэсэртэл бухимдаж, заримдаа цөхрөн дуугаа хурааж, заримдаа бүхнийг хаяж зугтахаар зэхэж байгаа бүхий л араншин зохиогчоос гарч байсан шиг санагддаг. Тэгээд эцэст нь тэр бүх дурсамжаа уучилж, өөрийгөө байсан бүхэнтэй нь хүлээн зөвшөөрөх боломжтойг ойлгоно. Тэгэхээр яг энэ ном мөн үү. Бас л төвөгтэй асуулт. Зүгээр л энэ номыг барьж авсан хэн боловч өөртэйгээ халз нүүр тулан уулзах тэр боломжийг олгох ажээ. Ном дотор зам бий. Тэр зам хүний гаднаас дотор руу орсон. Дотроос гадагш чиглэсэн байдаг болов уу. Энэ номд зам бий. Хаанаас эхэлж хаана дуусах нь уншигчийн таалал мэдэх хэрэг биз ээ. 


М.Маралмаа |МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийн оюутан|

Өвөөтэй минь, өнгөрсөнтэй минь уг ном эргэн уулзуулахад гуниг цөхрөлтэй явсан надад өнөөдрийг, одоог хайрлая гэх бодол төрсөн. Ингэж бодох үеэс л энэ оны хамаг сайхан учрал ар араасаа ирсэн шиг санагддаг.

Туулж байгаа хүндхэн бүхэн минь удалгүй дуусаж, шинэ цаг айсуйд итгэсэн өдрүүдийн нэгэнд би Ж.Лхагвын орчуулсан Юрий Нагибины “Цэнгэг цөөрөм”-ийг уншиж билээ. Зөв цагт учирсан зөв ном минь гэж бодож ихэд нандигнан, энэ жилийн турш өөртөө хамгийн ойр байлгаж, хааяа хааяа сөхөн уншиж оюун бодол, сэтгэл санаагаа цэгцэлдэг болсон доо. 

Номыг уншаад ертөнцийн элдэв зүйлстэй танилцаж, дурлаж хайрлаж бас гэнэдэж явсан бага нас, өсвөр насны бүхнээ жаргалтай бас хөнгөн гунигтайгаар эргэн дурссан. Тэр дундаа “Унадаг дугуй” өгүүллэг өвөөг минь их санагдуулдаг. Өвөөтэй бүтээлцсэн дурсамж гэгээн бөгөөд эргэж бодох агшин баяр баясалтай, мөн одоо энэ хүн байхгүй гэхээр итгэж өгөмгүй, гунигтай. Тэр бүр санадаггүй дурсамж өгүүллэгүүдийг унших явцад толгойд гэнэт л харваж ирсэн болохоор би их нандигнадаг. Мөн эх хэлнээ буусан байдал, үг найруулга бүхэн нь цаанаа л нэг чамин, давтан давтан уншаад л сайхныг нь гайхаад л баймаар байдаг. 

Өвөөтэй минь, өнгөрсөнтэй минь уг ном эргэн уулзуулахад гуниг цөхрөлтэй явсан надад ийм бодол төрсөн. “Одоо цаг төд удалгүй өнгөрсөн болдог. Өнөөдрийн юмс хатуу бэрх бас хаширч зугтмаар байгаа ч хожмын хойно эргэн харахад ийм мэдрэмжийг төрүүлдэг байх нь” гэж. Тэгээд өнөөдрийг, одоог хайрлая гэж их бодсон. Ингэж бодох үеэс л энэ оны хамаг сайхан учрал ар араасаа ирсэн шиг санагддаг. 


А.Урантогос |Орчуулагч, яруу найрагч|

Энэ жил миний хувьд уран зохиолоос шинэ өнцөг+илүү "барьцтай" тав тух хайж нөгөө л нэг дассан цонхоо сайн угааж авах хэрэгцээ гарсан учраас гоёж гоодоогүй, эгэл боргил, тийм ч учраас үнэн, хүчтэй зүйл уншихыг эрэлхийллээ.

Энэ онд нилээн хэдэн шинэ ном уншиж, орчуулгын бүтээл голдуу сонгосноос гүн сэтгэгдэл үлдээсэн гэвэл орчуулагч Г.Лхагвадуламын "Төмөр сар" хятадын цагаач ажилчдын яруу найргийн түүвэр, орчуулагч Ж.Тэгшзаяагийн "Гоо үзэсгэлэн бол шарх" дэлхийн шилдэг хайрын өгүүллэгийн түүврийг онцолмоор байна. Энэ жил миний хувьд уран зохиолоос шинэ өнцөг+илүү "барьцтай" тав тух хайж нөгөө л нэг дассан цонхоо сайн угааж авах хэрэгцээ гарсан учраас гоёж гоодоогүй, эгэл боргил, тийм ч учраас үнэн, хүчтэй зүйл уншихыг эрэлхийлж байсан юм. Хувь хүнийхээ хувьд нилээдгүй сорилтыг даван туулсан цаг хугацаа байлаа. Энэ онд хичээсэн бүхэн ирэх онд үрээ өгнө гэж итгэж буй шиг дээрх бүтээлүүд ч бас ирэх цаг хугацааны илүү олон "шидээвэр"-үүдийн үүтгэл болох нь дамжиггүй биз ээ гэж бодож байна.


О.Анхзаяа |"Анирт алсрах нь" номын зохиогч|

Өсвөр насны охин байхаасаа дуу хөгжмийг нь сонсож, хайрлаж, заримдаа уйлж, шаналж, бас өөрийгөө анагааж ирсэн болохоор түүний номоор аялах нь миний хувьд өөрийн өнгөрснөөрөө аялах шиг санагдаж байв.

Галт тэргэнд явж байхдаа Лана Дель Рейн шүлгийн номыг уншиж эхэлсэн. Өсвөр насны охин байхаасаа дуу хөгжмийг нь сонсож, хайрлаж, заримдаа уйлж, шаналж, бас өөрийгөө анагааж ирсэн болохоор түүний номоор аялах нь миний хувьд өөрийн өнгөрснөөрөө аялах шиг санагдаж байв. Галт тэргэнд бүүвэйлэгдэж, "Өвсөнд мэхийх нил цэцэг" номын амтанд бүрэн шингэж, дуусгамааргүй ч юм шиг санагдсан давтан давтан уншиж явсан. Яагаад шүлэг бичихээ больсноо ч гайхтал тийм гүн туссан учраас дахин шүлэг бичиж эхлэхээр ч шийдсэн байдаг. Намайг жаахан охиноос эмэгтэй хүн, эх хүн болох хүртэл үргэлж зүрхэнд ойр байж ирсэн тэр гайхалтай уран бүтээлч эмэгтэй магадгүй миний зүрх сэтгэлийг хамгийн ихээр ойлгодог хүн байх.


Г.Хэрлэн |МУИС-ийн оюутан|

Амьдралын төлөө гэж явахдаа ч амьдрахаа мартаж болохгүй. Би ямар нэгэн зүйлийг хэзээ чин сэтгэлээсээ хүссэн билээ. Надад амьдралаас чин сэтгэлээсээ маш ихээр хүссэн зүйл байгаа болов уу?

Амьдралын төлөө гэж явсаар амьдрахаа мартсан завгүй өдрүүдийн дунд Д.Батбаяр зохиолчийн “Ийнгаа миний хээр тал” номыг унших боломж тохиов. Хамгийн эхний хуудсыг уншаад л “Би ямар нэгэн зүйлийг хэзээ чин сэтгэлээсээ хүссэн билээ. Надад амьдралаас чин сэтгэлээсээ маш ихээр хүссэн зүйл байгаа болов уу?” гэж бодогдсон. “Гэрийнхнээсээ авч өгөхийг гуйдаг зүйлс, миний хэрэгжүүлэхээр зорьсон төлөвлөгөө, хүсэл мөрөөдөл, гэнэтийн бэлэг, хар морьтой ханхүү” гээд л хааяа нэг бодогддог ч үнэндээ юуг ч тэгж их, сэтгэлийнхээ гүнээс хүсэж байгаагүй юм шиг санагдсан. Иймээс би гайхамшигтай учрах, чин сэтгэлээсээ хүсэх эрэлд гарсан. 

Суурин газар өссөн би зохиолын гол дүрүүдийн нэг болох Анартай хамт хөдөөгийн гайхамшигтай танилцсан. Хөдөө нутгийн ахуй, байгаль, хүн зоны амьдралын талаар илүү ихийг мэдэх тусам суурин газрын “хүлээс”-ээс ангижирч байв. Анарын очсон газар, үйлдэл хөдөлгөөн бүрд биеэрээ хамт байж чадахгүй ч бодол оюунаараа хамт байж, эзгүй хээрээс эрх чөлөөгөө мэдэрч, тайвшраад гүнзгий амьсгал авсан. Өөрөөсөө алдсан бүхнээ Ийнгаагаар дамжуулан харж, амьдралын төлөө гэж явахдаа ч амьдрахаа мартаж болохгүй гэдгийг анзаарсан. Амьдралын жижигхэн зүйлээс авдаг сайхан мэдрэмжүүд л хүний амьдралд гэрэл гэгээ, утга учир нэмдэггүй гэж үү? “Амьдарч сурна гэдэг цаг хугацааг уртасгаж, богиносгож сурахын нэр юм байна” гэх үгс толгой руу бус сэтгэлд хүрсэн. Бидний цаг хугацаа хязгаартай ч өөрийн цаг хугацаагаа удирдах эрх хэн бүхэнд бий. Бүх зүйлийн үндэс нь хайр тул сэтгэлийн нүдээ нээж, итгэлийн галаа асаахыг энэ ном надад сануулж өгсөн. “Ийнгаа миний хээр тал”-ыг уншин өөртэйгөө ахин танилцлаа.


Г.Сугиррагчаа |Орчуулагч|

Мэдлэг дээр мэдлэг нэмэх, тун сонирхолтой сэдвүүдийг хөндсөн уг номыг 2023 онд монголоор орчуулагдаж гарахаар нь хүн бүр уншаасай гэж бодож байна.

Номад хэвлэлийн газраас санал болгосны дагуу Жаред Даймондын “Буу, нян, ган: хүний нийгмүүдийн хувь тавилан” номыг энэ онд уншсан юм. Номын утга агуулга нь ерөнхийдөө дэлхийн хүний нийгмүүдийн хөгжлийн ялгаа нь юунаас үүдсэнийг олж тогтоох. Үүний тулд зохиолч, зэрлэг ан агнаж, зэрлэг жимс ногоо түүж иддэг байсан хүмүүс ногоогоо өөрөө тарьж, мал амьтнаа өөрөө тэжээж, товчхондоо хүнсээ өөрөө үйлдвэрлэж эхэлсэн үйл явцын үүсэл хөгжлийг маш нарийн тодорхой судалснаар уг ном эхэлнэ. Улмаар бичиг үсэг, технологи, хүн хооронд халдварладаг нян бактерийн үүсэл хөгжил нь энэхүү хүнс үйлдвэрлэлтэй хэрхэн холбогдож байгааг нарийн тогтоосон байна.

Хүнд халдварладаг нян бактери, бичиг үсгийн үүслийн тухай хэсгүүд нь надад маш их таалагдсан. Жишээ нь, хүнд халдварладаг голомтот халдварт өвчний нянгууд нь тэжээмэл мал амьтны нянгаас хувьсаж үүссэн, авиа тэмдэглэдэг цагаан толгой нь дүрс үсгээс, тодруулбал, дүрсээр зурах боломжгүй хийсвэр утгатай үгийг үүнтэй ижил дуудлагатай бодит утгатай үгийг илэрхийлэх дүрс үсгээр ижил тэмдэглэж эхэлснээс (эртний шүмэр хэлэнд “сум”, “амьдрал” гэсэн хоёр үгийг аль алийг нь “ти” гэж дууддаг учир энэ хоёр үгийн аль алийг нь сумны дүрсээр тэмдэглэж байснаа, цаашлаад “ти” гэх үеийг сумны дүрсээр тэмдэглэж эхэлжээ) үүдэлтэй гэдгийг мэдэж авсан. 

Энэ ном надад аргагүй л Пулицерийн шагнал авах ёстой бүтээл шиг санагдсан. Мэдлэг дээр мэдлэг нэмэх, тун сонирхолтой сэдвүүдийг хөндсөн уг номыг 2023 онд монголоор орчуулагдаж гарахаар нь хүн бүр уншаасай гэж бодож байна. 


Г.Сүрэн |Сэтгүүлч|

Хэн ч төгс биш энэ ертөнцөд бүгд л төгс болохын төлөөх тэмцэлд шаналсаар, өөрийгөө ч бусдыг ч "шүүлт"-ийн нүдээр харан зовсоор дуусдаг нь харуусалтай. Гэвч алдаа дутагдал, төгс биш зүйлс биднийг бүтээж, давтагдашгүй мэдрэмжээр хөглөдөггүй гэж үү?

Энэ жил хоёр ч "Зэн" ном уншжээ. Эхнийх нь Өмнөд Солонгосын Зэнгийн багш Ханим Сунимын "Love for imperfect thing". Өнөөгийн түмэн зүйлийн бужигнаанаар дүүрэн ертөнцөд сэтгэлийн амгаланг мэдэрч, мэдрэмж бодлоо ойлгон хүлээн зөвшөөрч, тавьж явуулахын эрх чөлөөг мэдрэн, эгэл энгийн гэмээр "байдаг л нэг" өдрүүдийн цаадах гоо үзэсгэлэнг харахыг сануулсан гэрэл гэгээтэй ном. Хэн ч төгс биш энэ ертөнцөд бүгд л төгс болохын төлөөх тэмцэлд шаналсаар, өөрийгөө ч бусдыг ч "шүүлт"-ийн нүдээр харан зовсоор дуусдаг нь харуусалтай. Гэвч алдаа дутагдал, төгс биш зүйлс биднийг бүтээж, давтагдашгүй мэдрэмжээр хөглөдөггүй гэж үү? Хайр, уучлал, эрх чөлөө, амар амгаланг хэн ч хэзээ ч сэтгэлдээ цогцлоон бүтээж, илүү уужуу тайван хүн байж чадах билээ. 

Удаах нь Японы Зэнгийн сүмийн цэцэрлэгч Шунмио Масуногийн "Эгэл амьдрах ухаан" хэмээх бүтээл. Гутлаа тайлахдаа эгнүүлэн тавих, өглөө босоод агаар амьсгалах, өдрийн цагаар зазэн суунгаа бясалгах, хоолоо идэхдээ өөрийг үл хийн зөвхөн хооллох, хийж буй зүйлсийнхээ цаад мөн чанарыг таних гэх мэт эгэл энгийн дадлуудын тухай өгүүлэн, ямар ч зүйлийг таашаан хийх, ухаалаг бөгөөд хөгжил баясалтай амьдрахад нөлөөлөх "сэтгэлийн" дадлуудыг ч өгүүлсэн нь гайхалтай. Ким Ки Дукийн "Хавар, зун, намар, өвөл ... дахиад хавар" (2003) киноноос анх Зэнгийн сүмийн хаалгыг харж байсан ч гол учрыг нь мэдээгүй явснаа энэ номоос ойлгосон. Зэнгийн сүмийн хаалга нь хэрэггүй ч гэмээр, хана хашаагүй зүгээр л хаалга байдаг ч үнэндээ тэрхүү хаалгаар гаран явахад хүний дотоод сэтгэл өөр төлөвт шилжин бэлтгэгдэж буй. Яг л үүн шиг бид хэрвээ сэтгэлээ л илүү хүчирхэгжүүлж чадвал Зэн хаалга мэт өөрийн бодол мэдрэмжээ бусдаас хараат бус оршоон, ямагт амгаланг мэдрэн, амьдралыг бүрэн дүүрэн таашааж чадна биш гэж үү?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.