Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

2022 оны онцлох АРВАН ном


“Надад байгаа хамаг сайн сайхан бүгдийг би номоос олсон” гэж М.Горький бичжээ. Харин “М.Горькийд байсан хамаг сайн сайхан гэгдэх тэр зүйлс нь хүнлэг сэтгэл, гүн мэдлэг байсан юм” хэмээн нэрт сэтгэгч Л.Түдэвийн “Хүүхдийн зохиолын онцлогууд” номын нэгэн өгүүлэл эхэлдэг. Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг номд л бий. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. “Гэрэг" сэтгүүл, Нью-Йорк Таймсын албан ёсны эрхтэй “Turning Points” шинэ дугаарт багтсан "2022 оны онцлох АРВАН ном"-ын жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна. 


М.Батзориг “Би ч цэг чи ч цэг”

Хэрэв сайн уран бүтээлч болъё гэвэл өөрийнхөө түвшний сайн уран бүтээлчийг тодорхойлогч, нээгч байх ёстой шиг. Энэтхэг цагаачдын эмгэг зовуурийн хэлмэрч гэгддэг зохиолч Жумпа Лахири “Агуу зохиолчийг олж нээх, эсвэл өмнө нь танилцаад өнгөрсөн нэгнээ дахин шинээр нээх нь амьдралын маань хамгийн гүн утга учиртай, сэтгэл догдлуулам үйл явдал” хэмээсэн байдаг. Урлагийн бүхий л төрлийг харьцуулан судалж, орчин цагийн ойлгоход ээдрээтэй, үзэгчдээс өргөн мэдлэг, мэдээлэлтэй байхыг шаарддаг дүрслэх урлагийн бүтээлүүдийг шинээр нээж, таамаглал дэвшүүлсэн сонирхолтой тайлал бүхий нийтлэлүүдийг бичдэг зураач, урлаг судлаач М.Батзориг энэ жил олны хүртээл болсон “Би ч цэг чи ч цэг” номдоо дэлхийн болоод Монголын дүрслэх урлагаас бүхний таних, мөн хэн ч анзаараагүй уран бүтээлчдийг “шинээр нээж”, задлан шинжсэн бичвэрүүдээ багтаажээ. Сэтгэлгээний хувьд шинэлэг бөгөөд бичвэрүүддээ эргэлзэх боломжгүй нотолгоог шигтгэсэн нь даацтай судлаач болохыг нь илтгэнэ. 


Альбер Камю “Уналт”

Туужийн үйл явдал Амстердам хотын захын дүүргийн тарчигхан бааранд өрнөнө. Өөрийнх нь хэлснээр, энд ирэх хүртлээ Парист өмгөөлөгчөөр ажилласан Жан Батист Кламанс уушийн газарт таарсан үл таних эрд өөрийн амьдралын түүх, өрөөл бусдын алдаа оноог хамруулан таван өдөр ярих аж. Камю ганц дүрийн дотоод өчил хэлбэрээр хүүрнэсэн “Уналт” тууждаа хүмүүний гэм нүгэл, дайны хор уршиг, ёс суртахууун, үнэн худлын тухай сэдвийг философийн үүднээс эргэцүүлэн бичжээ. ”Уналт” тууж бол Альбер Камюгийн сүүлийн бүтээл бөгөөд франц хэлний гайхамшигт тооцогддог зохиол юм. Уг номыг “Болор судар” хэвлэлийн газраас Т.Төмөрхүлэгийн орчуулгаар уншигчдад хүргэсэн билээ. Тэрээр өмнө нь Камюгийн “Этгээд хүн” зохиолыг эх хэлнээ орчуулсан бөгөөд “Гүн ухааны сэтгэлгээгүй зохиол бол хоосон үйл явдлын хэлхээс төдий. Гүн ухаантнуудын ном зохиолыг сайн орчуулбал тухайн хэл баяждаг” хэмээн ярилцлагадаа өчсөн байдаг.


У.Бямбаням, Л.Нямдорж “Домог”

“Домог зүй бол ертөнцийг уран сэтгэмжээр танин мэдэх гэсэн оролдлого” хэмээн тус номын зөвлөх доктор, профессор С.Дулам бичсэн буй. Аянга цахилгааны эзэн, туурвигч баатар Хөхдэй мэргэн тэргүүт “Монгол баатар”-уудыг таних хүүхэд цөөн байдгийг Монголчуудын гайхамшигт үлгэр домгуудыг тэдний сэтгэлгээ, сонирхолд нийцүүлэн ойлгомжтой байдлаар бичсэн ном ховор байгаатай холбон тайлбарлаж болох юм. Харин “Домог” номыг тексттэй эн зэрэгцэхүйц уран сэтгэмж бүхий зургуудаар баяжуулсан нь эрхгүй сонирхол татна. Дэлхий ертөнц, нар сар, од эрхэс, хүн, амьтдын үүсэл, эд зүйлсийн тухай домогт хэрхэн өгүүлдгийг багтаасан энэхүү номоор дамжуулан ертөнцийг уран сэтгэмжээр танин мэдэж болох юм. Зохиолч У.Бямбаням зохиомжлон бичсэнийг Л.Нямдорж зурагжуулан амилуулжээ. 


Хэролд Блүм “Өрнийн канон: Аристократын эрин”

Утга зохиолын судлал, шинжлэл редакцаас Америкийн уран зохиолын нэрт судлаач, Йелийн их сургуулийн профессор Хэролд Блүмийн “Өрнийн канон: Аристократын эрин” номыг Ц.Магсарын орчуулгаар хэвлүүлэв. Блүм “Өрнийн канон” номдоо бусдаасаа цойлсон, гоц ялгарсан шинжээр нь хорин зургаан зохиолчийг сонгон тэдний ямар чанар нь бидний соёлд канон болж, тэднийг туйлын нэр хүндэд хүргэв гэдгийг онцлохыг зорьжээ. Түүний түүхийн жим Дантегээр эхэлж Сэмюэл Беккетээр дуусна, гэхдээ зарим үед он цагийн дарааллаас хазайх аж. Аристократын эринийг Шекспирээр эхэлсний учир нь тэр бол Өрнийн каноны онцгой төв, цааш нь түүнтэй холбоотой бүхнийг, тухайлбал түүнд нөлөөлсөн Чосер, Монтэниэс эхлээд түүний нөлөөлсөн Милтон, Гёте, Ибсен, Жойс, Беккет, мөн түүнийг няцаахыг зүрхэлсэн хэсгээс онцгойлон Толстой нарыг сонгожээ. “Утга зохиолын судлал шинжлэл” цувралын 52-р боть “Өрнийн канон: Демократын эрин”, 53-р боть “Өрнийн канон: Хаосын эрин” номууд мөн ирэх онд хэвлэгдэж, уншигчдад хүрэх нь. 


Б.Бааст “Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд”

Тэдэнд даарах зав байсангүй. Үүний баталгаа нь гэрэл зургууд үлджээ. Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст агсныг зохиолч гэдгээр нь монголчууд сайн танина. Зохиолчийн бүтээлд амьдарч байсан эрин үеийнх нь нийгмийн байдал, сэтгэлгээний онцлог, хүмүүсийнх нь аж байдал туссан хандлага нийтлэг ажиглагддаг. Харин Б.Бааст гуай өөрийн амьдарч байсан цаг үеийнхээ хүн, нийгмийн байдлыг бичихийн сацуу гэрэл зургийн хальснаа мөн буулган архивлаж байжээ. Түүний үр хүүхдүүд 1956-1981 онд томилолтоор явахдаа авсан 500 гэрэл зургийг хоёр боть ном болгон хэвлэсэнд арав гаруй орны хот тосгод, дайны аж байдал, далай тэнгис, хүмүүсийн хөрөг болоод хөдөлгөөнт чанар бүхий гэрэл зургууд багтсан буй. “Түүний зурагт буусан хүмүүс өдгөө алга. Харин бид тэднийг амьд сэрүүн мэт гэрэл зургаас харж байна. Тиймээс энэ хөдөлгөөнт чанарыг алдуулахгүйн тулд мөнх бусын сэдвийг сонгож оруулсан” хэмээн гэрэл зурагчин Д.Давааням номын өмнөтгөл хэсэгт онцлон дурджээ. 


Нил паблишинг “Гоо үзэсгэлэн бол шарх”

Энэхүү номын агуулга хайр хэмээх мөнхийн сэдэвт зангилагджээ. Үе үеийн үгийн урлагийн гарамгай туурвилчид энэ сэдвээр өөрийгөө сорих, маргаан өрнүүлж, өөрийн зүгээс нээсэн хайрын тухай онолоо зохиол бүтээлдээ бичиж, уншигчдыг зугаацуулж, сэтгэлийг нь шархлуулах тэдний хувьд бахтай байдаг бус уу. Тийм ч учраас Владимир Набоков “Агуу зохиолчид ямагт агуу шидтэнүүд байдаг юм даа” хэмээсэн билээ. Харүки Мураками, Милан Кундера, Хэрман Хэссэ, Хунот Диаз, Рэймонд Карвер тэргүүт бидний эртнээс таних болоод үл таних зохиолчдын хайрын тухай шилмэл өгүүллэгүүдийг Ж.Тэгшзаяагийн орчуулгаар “Гоо үзэсгэлэн бол шарх” номоос унших боломжтой. “Хайрын тухай ярихдаа бид юу ярьдаг вэ?”. Хариултыг нь олохын тулд тус номонд багтсан өгүүллэгүүдийг бүхэлд нь унших хэрэгтэй болно. Нил паблишингаас өнөө жил Ёко Огавагийн “Төгс тоо”, Рю Муракамигийн “Бараг л нэвт харагдах цэнхэр”, Лана Дель Рейн “Өвсөнд мэхийх нил цэцэг” номуудыг орчуулан гаргасан нь уншигчдын дунд ихээхэн эрэлттэй байлаа. 


Д.Сосорбарам “Зүүдний ...дугаар хуудас”

Түүнийг яруу найргийн мөн чанарт илүү дөхөм хэмээн бодож байсан олон уншигчид “Зүүдний ...дугаар хуудас” номоороо хүүрнэл зохиолын төрлөөр ч сайн бичиж чадахаа тунхаглав. “Дурсамж урлаач” өгүүллэгт нь “Аялал бол чиний надад босгосон дүүжин цэцэрлэг. Таж махал, пирамид...” гэх буюу мөн “Ном” өгүүллэгт “Дурсамжаас ирээдүй бүтнэ. Хэзээ ч, хэн ч, хэн хэнийхээ дурсамжийг сонсохгүй амьдарч болохгүй юм. Эс тэгвэл ирээдүй үгүй” зэргээр бодлын элдүүрт сайтар боловсруулсан санаагаа сонирхолтой харьцуулалт, өгүүлэмжээр баяжуулан бичсэн өгүүллэгүүдийг тус номоос уншиж болно. Ихэнх өгүүллэг нь Австралид амьдарч байсан үеийнх нь дурсамжтай холбогдоно. Өгүүллэгийн номоо хэвлүүлэхээс нь өмнө түүнтэй уулзахад “Уран зохиолгүйгээр би нэг өдөр ч тэсэж чадахгүй байж магадгүй. Өдөр болгон шүлэг бичээд, ном уншаад байдаг хүн биш л дээ. Гэхдээ өдөр болгон ямар нэгэн зүйлийн талаар боддог. Энэ дадал маань үгүй болчихвол утгагүй байх” гэж билээ. Тэрээр номоо хэвлүүлсэн даруйдаа Австрали руу ахин аялалд гарсан. Тэндхийн хүмүүсийг судалж, ахин бодлын чулуу түүж яваа биз ээ. 


Boobooks  “Эрчүүдийн үнэн түүх”

Үл таних хийгээд хэдийн мэдэх ч зөвхөн зарим бүтээлийг нь л эх хэлээрээ уншсан нөлөө бүхий зохиолчдын шилдэг өгүүллэгүүдийг “Boobooks” хэвлэлийн газраас Г.Сугиррагчаагийн орчуулгаар эмхэтгэн баринтаглажээ. Эрнест Хемингуэйн бичлэгийн давтагдашгүй хэв маягийн оргил “Фрэнсис Макомберын зуурдын жаргал”, Харүки Муракамигийн өвөрмөц арга барилыг товчхон агаад тод харуулах “Тони Такитани” зэрэг өгүүллэг нь амжилт, манлайллын нийгэм дэх ялагчдын дотоод дахь энгүүн оршихуй, сэтгэл зүйн зөрчлийг хөндөж, гашуун ёжлолоор гарган тавьжээ. Мөн эл түүврээс Хэнри Миллерийн задгай авьяас, Владимир Набоковын залуу насны яруу мэдрэмжийг амтлах боломжтой. Түүнчлэн “Boobooks”-ээс Г.Лхагвадуламын орчуулгаар Хятадын цагаач ажилчдын яруу найраг болон бохир реалист зохиолч Чарльз Буковскийн шүлгүүдийг энэ онд хэвлүүлсэн нь уншигчдын дунд эрэлттэй байсан юм. 


Л.Өлзийтөгс “Салхины нэр Ө”

Нобелийн шагналт Пабло Нерудагийн 74 шүлэг 316 асуулт бүхий түүврийг зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын охин, зураач А.Гэгээ эх хэлнээ орчуулсан билээ. Харин яруу найрагч Л.Өлзийтөгс түүний асуултуудад “хариулт ном” бичсэн нь энэ. Товчхондоо, Неруда яруу найргийн хэлээр асууж, Л.Өлзийтөгс яруу найргийн хэлээр түүнд хариулав. 

Аянгыг архитай хольж гаргадаг ундааны нэр юу билээ? (Неруда)

- “ШҮЛЭГ” (Л.Өлзийтөгс). 

Солонгосын зохиолч Сю Жа Жугийн өгүүллэгүүдийг “Бороон чимээний шөнийн зураг” нэрээр зохиолч Г.Аюурзана орчуулсныг мөн онцлууштай. Яруу найрагч Л.Өлзийтөгс “Төсөөллийн өрөөнд” номынхоо нэгэн шүлгийг Сю Жа Жуд зориулан бичсэн байдаг. “Хараацай зогсолт” роман дахь “Сүнс” хэмээх абсурд, богино хүүрнэл нь Сюгийн “Нөлөөт толин доторх Лола” өгүүллэгийн нэг жижиг хэсэгтэй маш адилхан байсан нь түүнийг ихэд гайхшируулсан тухай Л.Өлзийтөгс мөн дурджээ. 


О.Анхзаяа “Анирт алсрах нь”

"Wattpad" платформ дээрх бичвэрээрээ өсвөр насныхан болон залууст танигдсан О.Анхзаяагийн анхны ном “Анирт алсрах нь” нэрээр уншигчдын хүртээл болов. Богино даашинз, оксфорд гуталтай, өөрийгөө ч танин мэдэж амжаагүй өсвөр насны охин нэгэн залуугийн хайр эсэхийг нь үл мэдэх мэдрэмж дунд ээрэгдсээр, дуу хөгжим, намар, бороо, нууцхан үнсэлт дундаас тэрхүү харилцааны утга учрыг, өөрийгөө, гэр бүлийн үнэ цэнийг хайна. Тэр олж чадах эсвэл тэр чигтээ алдагдах эсэхээ мэдэхгүй ч, яг энэ мөчид тэр залуугийн үнсэлт л түүнд хэрэгтэй ганц зүйл гэдэгт бүрэн итгэсэн байлаа. "Мэдрэхэд хэтэрхий эрт, гэвч зогсоход хэтэрхий оройтжээ…” Залуу насны бадруун мэдрэмжээ хөглөхөд тань энэ ном тус болох нь дамжиггүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.