Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алисагийн тэмдэглэл: "Нэгдүгээр сарын блюз" буюу жилийн хамгийн гунигтай сарын тухай


Хамгийн дуртай киногоо үзэж дуусах шиг, дуртай дууны оргил хэсэг өнгөрч, жаргалтай амралтын өдөр дуусан даваа гараг эхлэх шиг ийм цаг үе нэгдүгээр сард хамгийн их тохиолддог бөгөөд хүмүүс энэ үед хамгийн их уйдаж, идэвхгүй болж, ганцаарддаг гэнэ. Надад ч бас энэ үнэн мэт санагддаг. Нүд ирмэхийн зуур өнгөрөх нэгдүгээр сар бараг л дуусах дөхөж байна. Гэвч дахиад арав гаран хоног үлджээ. Таны сэтгэл санаа харин энэ мөчид ямар байна вэ?

Ганцаардал миний хамгийн танил мэдрэмжүүдийн нэг. Айлын ганц, найз нөхөд цөөн интроверт охин Гандангийн дэнж дээрх таван давхар хуучны цагаан байранд эгэл хүүхэд насыг өнгөрүүлсэн. Өөрийн үеийн эсвэл ах эгч хүмүүстэй найзалж чаддаггүй байснаас үүдээд дандаа л жаахан хүүхдүүдтэй тоглон гүйдэг байлаа. Гэвч хэнтэй ч яг найз нөхөд болж чадаагүй. Хорин хэдэн жил амьдарсан байрандаа би ганц ч хөршийнхөө нэрийг бүтэн мэдэлгүй өсөж томорсон. Арван жилийн сургууль ч ялгаагүй. Ганц найзтай л төгссөн. Гэхдээ түүнтэйгээ ч одоо уулзах боломжгүй явсаар холдчихсон санагддаг. Оюутан ангидаа сайхан найз нөхөдтэй болсон ч бас л холдчихсон. Миний амьдралд хүмүүс ирж бас буцна, үлдэх нь ховор. Тэгээд л би асар олон танилтай, хүмүүсийн дунд маш өөртөө итгэлтэй, олон найзтай юм шиг мөртлөө одоо ч ганцаардсан хэвээр хүйтэн нэгдүгээр сарын туулж явна. Би ямар олон хүнд хайртай гээч. Уншигчдадаа, сонирхол нэгт найзууддаа, гэр бүлдээ... Тэглээ ч дотор нэг л хоосон оргиж заримдаа би яагаад ийм азгүй амьтан юм бол доо, сайхан дурсамжуудаас өөр юу ч алга, төсөөлөл мөрөөдлөөс өөр хань алга гэж гутарна. 

Тэгээд өөрийгөө би нэгдүгээр сар шиг хүн юм болов уу гэж бодоход хүрсэн. Онцгой үйл явдал байдаггүй, асар их бужигнасан арванхоёрдугаар сарын дараах үе шиг уйтай... Бусдад санал болгочих шинэ содон, онцгой зүйлгүй. өнөө л хэвэндээ байх, хүйтнээр хайрч шуурах нэгдүгээр сар. 

Заримдаа би өөрийгөө зургаадугаар сар гэж найдна. Бусдын эрх чөлөөтэй, жаргалтай, зугаатай байж чадах хором мөчийн нэг хэсэг байхыг хүсдэг. Тэд надтай байхдаа жаргалтай, өөрийнхөөрөө байгааасай, ямар нэгэн зүйлд итгэдэг, тэр итгэл нь тэдэнд хүч чадал өгөхүйц байгаасай, тэднийг дааруулахгүй байх сан гэж хүснэ.

Ихэнхдээ би өөрийгөө есдүгээр сар гэж харна. Миний энэ орчлонд мэндэлсэн сар. Намрын дулаахан, бороотой өдрүүд, зузаан цамц шиг тухтай, эрч хүчтэй бас хөнгөн гунигтай. Би өөрийгөө их л сайхнаар бодож, төсөөлж байсан мэт санагдах. Гэтэл яг үнэндээ би энэ бүх хугацаанд жилийн хамгийн гунигтай ганцаардмал нэгдүгээр сар байж ирж дээ гэж санагдах боллоо. 

Хүмүүс биднийг юу гэж харах биш бид өөрсдийгөө юу гэж дүгнэж буй нь амьдралд их чухал санагдсан. Би өөртөө итгэлтэй байвал юу ч намайг үгүй хийж, нурааж чадахгүй. Жаргалтай байх үндсийг би өөрөө л суулгаж, ургуулж чадна. Тиймдээ ч би өөрийгөө хайрлах гэж их л хичээж ирсэн. Гэтэл хамгийн уналттай үед минь нэгдүгээр сар айлчлан ирэв. Өнгөрсөн хугацаанд би асар их ганцаардсан, амьдралаас утга учир хайх гэж хичээсэн, бүхнийг болно гэж бодож, сэтгэлээр унасан өөр хүнийг сэргээх гэж оролдсон. Гэвч нэгдүгээр сар... үнэхээр энэ сард би яаж ч хичээгээд хамгийн сул үе дээрээ ирчих юм. 

Бусдын инээлдэж жаргалтай байгааг харж суух, чихэвчээр явах дуунд ямар ч ач холбогдол өгөлгүй бодолдоо живэх, ирээдүйд итгэх итгэлээ алдаж, бүх зүйл болохгүй байгаа мэт санагдах... Яг одоо өөрт чинь энэ болгон мэдрэгдэж байна уу? Хэзээнээс ч илүү даарч, өвлийг үзэн ядаж, бүх зүйлийг больчихмоор ч юм шиг. 

Тийм бол тэсээрэй... Би ч бас чадлаараа тэсч байгаа. Хамтдаа хичээе.

Амьдралд таамаглашгүй уналтын үеүд зөндөө тохиодог. Үүнээс цааш арга байхгүй, ингээд л эцэстээ туллаа, би дааж чадахгүй нь гэсэн ч бид дааж давсаар өдий хүрсэн шүү дээ. Бэрхшээлтэй нүүр тулах хүртлээ бид ямар хүчтэйгээ мэддэггүй юм шиг ээ. Би лав өөрөөрөө аймаар бахархаж байна. Энэ хүртэл яваад, бүр бусдад ч бас туслахыг хичээгээд байгаадаа, энэ бүхэн төгсгөл биш гэдгийг ухаардаг болчихсон доо... Том болж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа анхаарч чаддаг болсон байгаадаа бахархахгүй гээд яах билээ. Та ч бас өөрөөрөө бахархаарай. 

Нэгдүгээр сар хамгийн гунигтай сар. Бүх зүйл дахин тодорхойгүйгээс эхэлдэг болохоор, дахиад нэг шинэ жил эхэлж байгаа гэсэн мэдрэмж байдаг болохоор... Шинэ он эхэлж байгаа гэж өөртөө дарамт битгий өгөөрэй. Яг үнэндээ цаг хугацаа урсдаагаараа урсаж, зөвхөн урагш л тэмүүлж буй. 2023, 2024 гэх энэ тоонууд ямар ч хамаагүй. Бид зүгээр л урагш урссаар буйг санаарай. Та ямар нэг том төсөл эхлүүлэх албагүй. Та заавал маш том зорилго тавьж энэ оны төгсгөлд түүндээ хүрсэн байх албагүй. Зүгээр л чадлаараа жаргалтай амьдраарай. Хэн ч таны жаргалыг булааж авч чадахгүй, тийм зоримог байгаарай. Би өөрийг чинь танихгүй л дээ. Гэхдээ би танд хайртай гэдгийг ойлгоорой. Бичсэн зүйлийг минь цагаа гарган уншиж байгаад, үргэлж дэмжиж, сайхан үг хэлдэгт чинь хайртай. Бас бид нэгдүгээр сар шиг хүмүүс байлаа ч, зун шиг, намар шиг хүмүүс байлаа ч энэ ертөнцийн салшгүй нэг хэсэг, бас чухал хэсэг нь. Ганцаардалд ч өөрийн гоо үзэсгэлэн, аз жаргал байдаг. Хамгийн гунигтай өдрүүд бидний жаргалтай өдрүүдийг нандин болгож өгдөг.

illustrations: Marie Muravski

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
4
0
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.01.21 27.6.232.53

https://fmovies3.com

0 Хариулах


thorodin 2023.01.21 27.6.232.53

customers can get admission to or down load films free of charge through the links and embedded movies hosted by the <a href="https://fmovies3.com">Fmovies</a> community of web sites, which violates copyright.

0 Хариулах