Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Алисагийн тэмдэглэл: Минут секунд бүр, гуниг ганцаардал бүрийг хайрлах тухай


Нэгдүгээр сарын төгсгөл ямар ээдрээтэй, хүнд хэцүү байв даа хэмээн эргэн бодож байхдаа би хоёрдугаар сарыг надад илүү зөөлөн, өрөвч хандаасай хэмээн хүсэж байв. Гэхдээ би одоо найдахаа больсон. Цаг хугацаа хөвөрч, бидний амьдрал ямар завсарлагагүй үргэлжилсээр. Би өөрт байгаа бүх чадлаа шавхчихсан юм шиг санагдаж, ингээд л унаад өгөх байх гэсэн ч зогссоор л байна. Үүнд ямар хүч нуугдана вэ?

Illustrations:  Alice Suret-Canale Hour Hour : Minute Minute, a GIF series project

Хүмүүс надад сайхан хандаж, бүх зүйл хүссэнээр минь болж, би найдаж байсан зүйлдээ хүрч, бодож байснаа хийж чадах юмсан гэж бодох ч бүх зүйл санаагаар болдоггүй. Амьдрал хэцүү, адармаатай, бэрх, гунигтай болж байгаа нь шударга бус ч юм шиг, заримдаа би л ганцаараа ийм бүтэхгүй, хангалтгүй байна гэж өөрийгөө нэмж шархлуулдаг. Бусад хүмүүс дүүрч, гэтэл би бүр өөрийгөө шархлуулж эхэлсэн. Өөрийгөө үзэн ядаж, арчаагүйгээр нь дуудаж, хайрлалгүй цохиж гэмтээхэд хүрнэ. Жаахан хүүхдийг харахад хайр ундардаг даа? Хамгаалмаар, ямар ариухан гэгээн ертөнц вэ гэж гайхширч өмөрмөөр, өрөвдмөөр... Нэтэл ажлын ширээн дээрх жаазтай зургаа хартал би бас л ийм хүүхэд байж. Тоглоомоо алдсанаас болоод уйлчихсан, харин өвөө намайг өвөр дээрээ суулгаад хоёр гараараа хамгаалан тэвэрчихсэн... Тэгээд хэн нэгэн рүү хараад үг хэлж байгаа аятай амаа ангайчихсан. Бодох нь ээ, өвөө намайг өмөөрч хэн нэгэн өөр хүүхдийг загнаж байсан бололтой. Би уйлаад л... уйлаад л... Юунаас болж тэр вэ? Тоглоомноос. Амьдрал энэ үед ямар амар байгаа вэ. Уйлах шалтгаан минь гэнэн. Намайг хайрлаж хамгаалж, тайтгаруулах хүнтэй. Би жаахан бас дотроо хар бараан бодлууд тээдэггүй байж. Унаж бүдэрсэн ч өвдгөө нэг арчаад л босоод гүйчихнэ. Хорвоо ертөнц миний танихгүй, мэдэхгүй зүйлээр дүүрэн болохоор үргэлж гайхширна. Гоё даашинзтай эгч тааралдвал "Ямар гоё юм бэ" гээд шууд хэлчихнэ. Тэр эгч инээмсэглэнэ. Хэн нэгэн уйлж байвал очоод аргадах ёстой гэсэн ганц коммандтай. Танихгүй хүн байсан ч айх юмгүй очоод нулимсыг нь жижигхэн гараараа арчаад өгчихнө. Би юу ч хэлэхгүй, нулимсыг нь арчина л гэж мэднэ. Тэгээд тэр хүн надад зөрүүлээд юу ч хэлэхгүй зүгээр л тэвэрнэ. Ямар ч үгэн харилцаа тэр дунд байхгүй хэрнээ бид нэгнийхээ ертөнцийн жаргал зовлонг хуваалцана. Том болж, би бичих дуртай боллоо. Үгээр их зүйл илэрхийлэх гэж хичээнэ, чармайна. Тэгж байтал нэг л их үгэн дунд төөрсөн, бүх зүйлийн араас нэгийг хэлэх ёстой, бичих ёстой мэт болчхов. Үггүйгээр ойлголцдог байсан минь тэртээ үлдээд, одоо томчууд бид өөрсдийгөө ойлгуулах гэж, хүнийг ойлгох гэж нэг л их чат, яриа... Тэгтэл улам холдсоор байх шиг. 

Gif by: Charlotte Smith

Би зүгээр л бүх зүйл энгийн бас үггүй байсан мөчүүдийг ямар их санаж байна аа? Хамтдаа чимээгүй уйлаад тэврэлдэх, чат ирэхийг хүлээж суух биш гүйж гараад уулзах, амьдрал хангалттай биш байгаад өөрийгөө буруутгаж суух биш, аясаар нь өнгөрүүлэх... Би өөрийгөө буруутгамааргүй байна. Ядаж би өөртөө эелдэг зөөлөн, өрөвч хандахыг хүсэж байна. Нэгэн үе би ч бас хүүхэд байсан болохоор, том хүн болоод төсөөлөл минь бодит байдалтай харшилдаж, би мэдэхгүй цоо шинэ асуудлуудтай нүүр тулсан болохоор, хэн нэгний жаргалгүй байгаа нь надтай хамааралтай мэт аашилснаас болж би өөрийгөө хангалттай бусдын өмнөөс зовоосон болохоор. Заримдаа би зүгээр л "Бүгдийг нь хараал идэг" гэж хэлмээр санагддаг. Сөрөг, гунигтай, хауусал дүүрэн, ширүүн болсоор буйдаа шаналж, энэ өвдөлтөө улам ужигруулаад л... Би ийм байхыг хүсэхгүй байна. 

Хэн ч надад "Зүгээр дээ, чиний ийм байгаа чинь удахгүй зүгээр болно. Хүн бүхэнд ийм үе тохиодог" гэж хэлж байгаагүй болохоор... Тиймээс би өөртөө хэлж эхлэхээр шийдсэн юм. Би өөртөө "Зүгээр дээ Анхзаяа, чи тэр чигтээ гацчихгүй, бүх зүйл цаг хугацааны урсгалд мартагдана, ард үлдэнэ, чи хүсэж буй мэдрэмжээ авч, амгалан тайван амьдарч чадна" гэж хэлж эхэлсэн. Би тэр жаахан охин хэвээрээ, би өөртөө ингэж итгүүлсэн. Өдөр болгон алхдаг замаараа алхаж, суудаг автобусандаа сууж, бүх зүйл давтагдсан мэт санагдаж байгаа ч тийм биш. Би чадахгүй, хангалтгүй мэт санагдаж байгаа ч тийм биш. Би зүгээр л өөртөө ширүүн ханддаг байсан учраас юм бүхнийг ял мэт хүлээн авч, өөрийн гэсэн бүхэндээ дургүй болсон. Би өдөр бүр гэрийнхээ эргэн тойронд унасан навчийг цэвэрлэн шүүрдэж, цэцэг усалдаг ажилтай байлаа ч би жаргалтай байж чадах юм байна гэдгээ ойлгож эхэлсэн. 

Би өдөр болгон дэлгүүрийн кассан дээр зогсож, хариулт өгөх ажилтай байсан ч би өөртөө зөөлөн хандаж чадвал тэр ажил надад ачаа гэж санагдахгүй юм байна. Энэ амьдралдаа бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Үүрд аялж, үүрд хүссэнээрээ галзуу чөлөөтэй амьдарна гэдэг боломжгүй. Хэзээ нэг өдөр ингэж яваа хүмүүс ч бас уйдна. Бидний нүдэн дээр мөрөөдлөөрөө амьдарч буй хүмүүс ч нэг өдөр миний мэдэрч буйг мэдэрч, гуниглана, өөртөө ширүүн хандана. Ингэж бодохоор бид зүгээр л хийж буй зүйлээ илүү жаргалтай, талархалтай хийж, өдөр бүрийг онцгой зүйл мэтээр өнөө жаахан охин хэвээр мэт хүлээж авахад л хангалттай. Бид бүгд онцгой зүйл бүтээж эсвэл бусдын хийгээгүйг хийх ёстой гэсэн даалгавартай төрөөгүй шүү дээ. Зүгээр л амар амгалан амьдрал. Гэртээ хариад очиход хооллох ёстой муур маань үүдэн дээр тосох, нөхөр үр хүүхэд минь залгаж, хурдан ирээрэй гэж хэлэх, найзууд орой сууж ганц шар айраг ууя гэж хэлэх, инээлдэх, хааяа өвдөөд орондоо хэвтэх, өдөр болгон гадаах навчнуудаа шүүрдэх, явдаг газраараа дахин дахин явах... гэхдээ өөр нэг шинэ зүйлийг анзаарах... Бидний амьдралын энэ энгийн мөчлөгүүд л дэлхийн зогсолтгүй өрнөх амьдралын онцгой үйл явдлуудын нэг. Уйлах, дуулах, хэнээс ч санаа зоволгүйгээр гадаа бүжиглэх, жагсаалд оролцох, цалингаа хүлээх, бүдүүлэг хүнтэй ам мурийх, амьтан хооллох, эргээд л өнөө гэртээ очих... Энэ бүхэн бидний тоодоггүй үнэ цэнтэй амьдралын хэсгүүд. Бид энгийн үйлдлүүдийг хэтэрхий багаар үнэлж байна. Яг үнэндээ асар их үнэ цэнтэй энэ мөчүүдийг бид "байдаг л" гэж хардаг болжээ. 

Тиймээс, та магадгүй гараад алхахдаа үс салхинд хийсэхийг байдаг л зүйл гэж харж магадгүй. Гэхдээ зүгээр л урт амьсгал аваад үзээрэй. Дахиж хэзээ ч олдохгүй мэт, гүнзгий усанд шумбахын өмнөх урт амьсгал шиг. Тэгээд ямар үнэ цэнтэйг мэдэрнэ. Биднийг тогтоон барьж буй татах хүчийг мэдэр. Унаж бүдрэх, хааяа өвдөг сөхрөх, босох тэнхэлгүй хэвтэх үеүд ч бий. Тэр болгон зүг чиггүй жингүйдэж, оргүй хоосонд төөрөхөөс утга учиртайг та мэдэрнэ. Баярын шөнө ёслолын буудлагын доор үнсэлцэх хүмүүс, харин нөгөө хэсэгт ганцаар өвдгөө тэврэн суух хүмүүс... Бид бүгд амьдрах гэсэн ганц зорилгоо бахдам амжилтаар биелүүлж явнам. Гуниглахаа ч хайрла, шантарч сөхрөхөө, бууж өгч байгаагаа ч хайрла. Жаахан хүүхдүүдийг, тэдний ертөнцийг хайрла. Бас танихгүй хүмүүсийг, уйтгартай гэж боддог ажлаа, амтгүй гэж бодсон хоолоо... Бид дахин хэзээ ч мэдрэхгүй байж мэдэх тэр зүйлсийг... Энэ бүхнийг мэдрэхэд харин хэтэрхий олон үг хэрэггүй. Зөвхөн мэдрэх. Бидний нам гүм, эгэл амьдрал дэндүү үзэсгэлэнтэй.

Уншин суугаа танд хандан хэлэхэд, цаг зав, анхаарлаа хандуулан уншсанд баярлалаа. Та ч бас миний амьдралын нэгэн хэсэг болж, энэ охины дотоод ертөнцийн, эгэл амьдралын, хүнд хэцүү, сайн сайхан бүхний оролцогч болж байна. Үүнд би талархъя.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.07.04 202.131.234.179

Үнэхээр л бүх зүйлд талархамаар, бүхнийг мэдэрмээр, сэтгэлд ортол гайхалтай гоё бичжээ. Гоё плэйлист сонсоод уншсан болохоор зөндөө сайхан мэдрэмж, шинэлэг санаа сэдэл авлаа. Баярлалаа. <3

0 Хариулах