Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

"Moon dance" | Тэмцээн дуусмагц дараагийн зорилго, аялал маань шууд эхэлдэг


“Moon Dance” гэх нэр бүжгийн дэлхийн аваргын танхимд наймантаа цуурайтсан бөгөөд өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэж, шуугиан дэгдээсэн билээ. Дэлхийн аваргаас медаль зүүсэн анхны Ази хамтлаг “Moon dance”-ийн дасгалжуулагч бүжгийн спортын ОУХМ О.Оюунбат, Ц.Лхагвасүрэн нартай ярилцлаа. Тэд энэ оны 1-р сарын 22-ний өдөр зохион байгуулагдсан стандарт бүжгийн УАШТ-ий сеньор насны ангилалд түрүүлсэн юм.


-Хөндлөнгийн хүн мэргэжлийн үнэ цэнийг төдийлөн мэдэрч, ойлгодоггүй шиг санагддаг. Таныг бүжгийн спортод олон жил тууштай, үнэнч зүтгэхэд нөлөөлсөн хүч юу байв?

-О.Оюунбат: Анх өөрийнхөө хүсэл сонирхлоор бүжиглэдэг байсан бол одоо энэ бүхэн ажил маань болчихсон байна. Өдийг хүртэлх хугацаанд “Би насан туршдаа бүжиглэх үү, яах уу” гээд янз бүрийн бодол төрж байсан. Солонгост очиж нэг жил ажиллаж үзлээ. Хар ажил хийгээд их мөнгө олж байсан ч мэдрэмжийн хувьд надад таашаал өгсөнгүй. Цалинтай ч, цалингүй ч дуртай ажлаа хийгээд амьдарвал сэтгэлийг маань дүүргэж байдаг нь энд удаан ажиллах утга учир юм билээ. Сэтгэлгээ маань баян учраас хэзээ ч мөнгийг эхэнд нь санаж ажиллаж, амьдардаггүй.

-Ц.Лхагвасүрэн: Миний хувьд, бүтэн цагаар өөр ажил хийдэг. Ямар ч хүн ажил, гэрийн хооронд амьдралын хэмнэлтэй байвал уйтгартай. Харин бүжгийн бэлтгэлдээ орохоор ажилдаа илүү бүтээлч болоод, тэр тусмаа бие чангараад ачаалал даах чадвар маань ч нэмэгдэж, амьдрал сонирхолтой санагдаж эхэлдэг. Уг нь өдөржин ачаалалтай ажиллаад орой нь бэлтгэл хийхээр ядарна шүү дээ. Гэтэл би бүжиглэхдээ үргэлж аз жаргалтай байдаг. Хаана аз жаргал тань байна, тэр газраа л удаан тогтоно.

Чи биш бол өөр хэн нэгэнд боломж олгож байна. Чиний оронд үргэлж өөр нэгэн бэлэн байдаг.

-О.Оюунбат: Бүжгийн спорт руу тууштай орсон шалтгаан маань манай эхнэртэй салшгүй холбоотой. Эхнэрээрээ анх бүжиг заалгаж, энэ спортод хөл тавьж байсан. Байнга л хамт байдаг болохоор хаа нэгтээ тусдаа явчихаар хоосон юм шиг мэдрэмж төрөөд байдаг. 

-Ц.Лхагвасүрэн: Гэр бүлийн хүн л дэмжихгүй бол оройн цагаар бэлтгэл хийх боломж олдохгүй. Нөхөр маань хүүхдүүдээ харж ар талыг маань бат даагаад хүлээдэг. Тиймээс л аль болох бүжгийн спортдоо илүү их цаг гаргах боломж бүрддэг. 

-О.Оюунбат: Лхагвасүрэнгийн нөхөр нь бүжгийн спортод дуртай. Эхнэрийнхээ дуртай, сонирхдог зүйлд нь дагаж ирсээр яваандаа нэг багт нэгдэж, нэг зорилготой болсон. Залууст нэг зүйлийг захиж хэлэх сэн гэж би хүсдэг юм. Чи биш бол өөр хэн нэгэнд боломж олгож байна. Чиний оронд үргэлж өөр нэгэн бэлэн байдаг. 

-Ц.Лхагвасүрэн: О.Саранхүү багш маань “Адилхан энергитэй хүмүүс таталцаад ирдэг” гэж бидэнд хэлдэг юм. 

ЗурагТайлбар



-“Moon Dance”хамтлагийн философи, зорьж тэмүүлэн буй зорилгынхоо мөн чанарыг тодруулж өгөөч? Та бүхэн нэгдсэнээрээ юуны хязгаарт хүрэхээр зүтгэж байгаа юм бэ?

-О.Оюунбат: Бид өөрсдийн дуртай зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөж байгаа. Энэ залууст ямар нэгэн амлалт байхгүй. Бид өөрсдийнхөө дур сонирхлын үнэт зүйлээр л нэгдсэн. Бид зорилгоо тодорхойлоод, түүнийхээ төлөө цаг хугацаа, хөрөнгө зарцуулж чаддаг. Хамгийн чухал нь бид хүнийг аль болох байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг эрхэмлэдэг. Бидэнд “Байгаагаа байгаагаар нь хайрлая” гэдэг философи бий. Заавал хүний араншинг өөртөө тааруулах гэж биш, бие биеэ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд ажиллах нь стрессгүй, урт хугацаанд хамтрахад эергээр нөлөөлдөг болов уу. 

-Ц.Лхагвасүрэн: Манай хамтлагийнхан бүжгийн спортод хайртай, монгол хүний ур чадварыг олон улсад таниулах тэмүүлэлтэй. Хамтлагт маань олон аав, ээжийн өөр өөрөөр өсгөсөн залуучууд байдаг хэдий ч, зорилгодоо хүрэхийн тулд үнэт зүйл, хүсэл эрмэлзлэлээрээ нэгдэж чаддаг. Манай баг хамт олон улам өргөжиж, илүү олуулаа, бат бөх байгаагийн амин сүнс нь бидний үнэт зүйл, итгэлцэл, бид өөрсдөө бий болгосон дотоод соёл, ёс зүй юм болов уу гэж дүгнэдэг.

Бүжгийн спортод дуртай учраас хувийн ажлуудыг дандаа хоёрдугаарт тавьчихна. Ингэхээр найзууд уулзахдаа залгадаг байснаа, залгахаа болиод хоорондоо уулздаг болж байна. Ийм байдлаар бид найзуудаасаа хүртэл тусгаарлагддаг.

-Бүжгийн спортыг урлагийн төрөлд хамаатуулан ойлгох хандлага түгээмэл байдаг. Харин “Moon Dance” хамтлаг бүжгийг спорт гэдэг утгаар нь түлхүү анхаарч, менежменттэй ажилласнаар дэлхийн АШТ-ээс медаль хүртсэн анхны Ази хамтлаг болоод байна. Анх та бүхэнд дэлхийн хэмжээний амжилт хэр хол санагдаж байв?

-О.Оюунбат: Бүжиглэхэд биеийн бүх булчин, мөн сэтгэл ажилладаг учраас яах аргагүй спорт байгаа юм л даа. Энийг ойлгохын тулд энергийн түвшний ойлголт мөн яригдана. Бидэнд сурах зүйл их байгаа учраас мэдлэг, мэдээллээ тэлэх гэж гадаадаас багш урьж 45-хан минутын хичээлийг 150 еврогоор худалдаж авдаг. Бид өдгөө ч мэдлэгээр цангаж байна.

-Ц.Лхагвасүрэн: Анх бүжиглэж эхлэхэд дэлхийн аваргад оролцоно гэдэг хамгийн том мөрөөдөл маань байсан. Хүрэх хэцүү, хүрэхэд хол мөрөөдөл байлаа. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээр алс хол зүйлийг мөрөөдөөгүй байснаа баталсан гэж боддог. Би 2015 оноос “Moon Dance”хамтлагийн бүрэлдэхүүнд байгаа. Энэ зуурт ДАШТ-д дөрвөн удаа бүжиглэсэн байна. Сүүлийн хоёр жилд бага насны хүүхдээ хараад дэлхийн аваргад оролцож чадаагүй. Энэ жилээс бэлтгэлдээ тууштай хамрагдахаар төлөвлөж байгаа.

-Танай хамтлагийн ихэнх гишүүд хосолмол байдлаар ажилладаг юм билээ. Тийм болохоор оройн цагаар цугларч бэлтгэл хийх тохиолдол нийтлэг тухай ч яригддаг. Тэр бүрийд гэр бүлийнхээ асуудлыг хэрхэн зохицуулдаг юм бэ?

-О.Оюунбат: Манай хамтлагийн гишүүд нас залуу байна. Би ч гэсэн бүжгийн спортод дуртай учраас залуудаа хувийн ажлуудыг дандаа хоёрдугаарт тавьдаг байсан. Хамтлагийн бусад гишүүн ч энэ зарчмаар бүжгийн спортод ханддаг болов уу. Найз нөхөдтэйгөө уулзах ч юм уу, чөлөөт цагаар хомс болоод эхэлдэг. Найзууд уулзахдаа залгадаг байснаа, залгахаа болиод хоорондоо уулздаг болдог. Тэгэхээр бид найзуудаасаа хүртэл тусгаарлагдаж эхэлдэг. 

-Ц.Лхагвасүрэн: Би бизнесийн удирдлага, орчуулагч мэргэжилтэй. Гэсэн хэдий ч бүжгийн спортыг хобби гэж хэлэх дургүй. Учир нь бүжгийн спортод зарцуулсан цаг хугацаа, хөдөлмөрөө хэмжээд үзэхээр хоёрдогч мэргэжлийн хэмжээнд хүрсэн байдаг. Ер нь бүжгийн спорт миний дипломгүй мэргэжил гэсэн үг. 

-Танай хамтлаг долоо хоногтоо хэдэн өдөр хамтарсан бэлтгэл хийдэг вэ?

-О.Оюунбат: Өнгөрсөн жилийн ДАШТ-ий бэлтгэлээ 2022 оны 7-р сарын 30-аас эхлүүлсэн. Тэгтэл хожмоо анзаарахад, тэмцээнд орох хүртлээ ганц ч өдрийн амралтгүй бэлтгэлдээ хамрагдсан байна лээ. Өдөрт тогтмол 3-5 цагийн бэлтгэлийг хийж байсан. Тэмцээнээ дуусгаад сайхан амардаг, үнэхээр өөрсдийгөө чөлөөтэй байлгадаг. Үргэлжлүүлээд аялдаг болохоор стресс тайлагдаад гоё байдаг. Тэмцээн үр дүнд хүрвэл бүр аз жаргалтай болно. 

-Ц.Лхагвасүрэн: Бэлтгэл хийж байгаа өдрүүдэд “Яана аа, хурдан дуусч амрах юм сан” гэсэн бодлууд цөөнгүй орж ирнэ. Тэмцээнд бүжиглэж дуусаад хий нь гарсан шаар шиг болж байгаа мэдрэмжийг авдаг. Гэхдээ тэмцээн дуусмагц дараагийн зорилго, аялал маань шууд эхэлдэг.

ЗурагТайлбар




-Эцэг эхчүүд хүүхдээ бүжгийн спортоор хичээллүүлэх хандлага түгээмэл ажиглагддаг. Хөдөлгөөний эвсэлтэй, эсвэл авьяастай эсэхийг нь тодруулах гэж зорьж байгаа хэсэг ч бий болов уу, өөр зорилготой хүмүүс ч байгаа л байх. Ер нь бүжгээр хичээллэснээр ямар ур чадвар, давуу талуудыг өөртөө төлөвшүүлэх боломжтой вэ?

-О.Оюунбат: Нэгдүгээрт, хүүхэд үг сонсож сурдаг. Бүжгийн спорт харилцааны хувьд тэр чигтээ соёл. Мөн хүүхдүүд дасан зохицох, биеэ даах чадварт суралцана. Бүжгийн спортоор хичээллэснээр хувцаслалт, ариун цэврээс эхлээд өөрийгөө аливаа зүйлд бэлдэж сурдаг. Хүүхдүүдийн биеийн галбир ч цэгцтэй болно. Эцэст нь, өөрийгөө удирдаж сурах нь л энэ спортын хамгийн чухал чадвар.

Баяртай байгаа нь аз жаргал юм уу, зовох нь аз жаргал юм уу гэхээр аль аль нь биш. Харин сэтгэл зүй тайван түвшинд очих нь аз жаргал юм байна гэж боддог.

-Ц.Лхагвасүрэн: Багш дасгалжуулагчид, хамтлагийн тамирчид, хамт олон, бүжгийн спортоос юу сурсан бэ гэхээр багаар ажиллаж сурсан. Багаар ажиллах нь ажил, амьдрал дээр миний зөөлөн ур чадвар /soft skill/ болж надад давуу байдлыг бий болгодог. Янз бүрийн хүмүүстэй хамтран ажилладаг ч тэднийг байгаа байгаагаар нь ойлгож, хүлээн авах чадвар өөрт анзаарагддаг юм. Бас их хатуужилтай болсон байна. Ингэснээр ажилдаа хариуцлагатай, туйлбартай хандах болжээ. 

-Анхлан бүжиглэхэд анхаарлаа төвлөрүүлэх, орчны дуу чимээнд сатаарахгүй байх нь нэн тэргүүний зорилго болов уу. Харин олон жил бүжиглэхэд энэ бүхэн хэдийн дадал болоод аяндаа тайвширдаг байх гэж санагддаг юм. Тэгэхээр олон жил бүжиглэсний дараах тийм амгалан үедээ юу мэдэрдэг вэ?

-О.Оюунбат: Анх бүжиглэж байхад юун бүжгийн сайхныг мэдрэх, яаж дарааллаа алдахгүй зөв гүйцэтгэх вэ л гэж боддог. Би энэ жил УАШТ-д бүжиглэхдээ ямар нэгэн хөдөлгөөний дараалал бодсонгүй. Хөгжмийн хэмнэлийг мэдрээд, өөрийнхөө мэдэрснийг хүмүүст бас мэдрүүлэхийг хичээж бүжиглэсэн.

-Ц.Лхагвасүрэн: Би бүжиглэж байхдаа аз жаргалтай байдаг.

-Хүн болгоны хувьд аз жаргал гэдэг ойлголт харилцан адилгүй. Таны хувьд аз жаргал гэж юу вэ?

-О.Оюунбат: Би хааяа стресстдэг ч бүжгийн хичээл орохоороо түүнийгээ мартчихаад, сэтгэл зүй маань тайвширч гоё болдог. Би аз жаргал гэдэг үгийн утгыг ойлгох гэж нэлээд эргэцүүлж байсан. Баяртай байгаа нь аз жаргал юм уу, зовох нь аз жаргал юм уу гэхээр аль аль нь биш. Харин сэтгэл зүй тайван түвшинд очих нь аз жаргал юм байна гэж боддог.

-Ц.Лхагвасүрэн: Би бүжгийн спортоор хичээллэснээрээ санхүүгийн хувьд орлого олдоггүй. Гэхдээ бүжигт зарцуулсан цаг хугацаандаа харамсдаггүй. Юунд цагаа зарцуулаад дараа нь харамсахгүй байна, тэр зүйл л аз жаргал гэж ойлгодог.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
6 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
3
8 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.