Дэлхийн дулаарлаас үүдэн Арктикийн мөнх цэвдэг гэссээр, хэдэн арван мянган жилийн турш унтаа байдалд ороод байсан вирусууд ил гарч, хүн болон амьтдад заналхийлж эхлээд буйг CNN онцоллоо.
Ийм төрлийн халдварт өвчин ямар нэгэн уран зөгнөлт кино шиг сонсогдож байж магадгүй ч үл тоож болохгүй болоод байгааг эрдэмтэд онцолжээ.

Хүйтэн дайны үеэс үүссэн, ан амьтдад хор хөнөөл учруулж, экосистемийг ч нурааж болзошгүй химийн болон цацраг идэвхт хаягдал энэхүү гэсэлтийн үеэр ч мөн гарч болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна.
Калифорнийн Пасадена дахь Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн НАСА-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн цаг уурын судлаач Кимберли Майнер:
Мөнх цэвдэгтэй холбоотой маш их санаа зовоосон асуудлууд гарч ирсээр байна. Тийм ч учраас бид мөнх цэвдэгийг аль болох их хэмжээгээр хөлдсөн хэвээр нь байлгах нь чухал болж байна хэмээн хэлжээ.

Мөнх цэвдэг нь бөмбөрцгийн хойд хэсгийн тавны нэгийг эзэлдэг бөгөөд олон мянган жилийн турш Арктикийн тундр, Аляска, Канад, Оросын ой модыг тэтгэж ирсэн. Энд эртний вирусээс гадна сүүлийн жилүүдэд эрдэмтдийн илрүүлж, судалж чадсан олон тооны устаж үгүй болсон амьтдын муммижуулсан үлдэгдэл хадгалагдаж буй.

Арктикийн температур дэлхийн бусад хэсгээс дөрөв дахин хурдан нэмэгдэж, бүс нутгийн мөнх цэвдгийн дээд давхаргыг гэсгээж байгаа нь одоо бидэнд тулгарч буй томоохон аюулын нэг юм.
Францын Марсель хотын Экс-Марселийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Анагаах ухаан, геномикийн гавъяат профессор Жан-Мишель Клавери хөлдөөсөн вирусийн эрсдэлийг илүү сайн олж мэдэхийн тулд Сибирийн мөнх цэвдгээс авсан газрын дээжийг шинжилж, вирусийн идэвхжилт байгаа эсэхийг шалгасан байна. Харин туршилтын хариу эерэг гэж гарсан бөгөөд мөнх цэвдэг дотроос олдсон вирусууд одоо ч халдвартай хэвээр байгаа аж. Тэрээр үүнийг "зомби вирус" гэж тодорхойлжээ.

Шведийн Умеа их сургуулийн Клиникийн микробиологийн тэнхимийн гавьяат профессор Биргитта Эвенгард мөнх цэвдэг гэсгээх үед болзошгүй эмгэг төрүүлэгчдээс үүсэх эрсдэлд илүү бэлэн байж, хяналт тавих ёстой гэсэн ч олон нийтийг мөн сандаргахыг хүсэхгүй байгаа аж.
Хойд бүс нутагт хүн, амьтны халдварт өвчний тархалтад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг судалдаг CLINF Nordic Center of Excellence-ийн судлаач Эвенгард:
Бидний дархлааны хамгаалалт нь микробиологийн орчинтой нягт харьцаж хөгжсөн гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв бидний олон мянган жилийн турш холбоогүй байсан мөнх цэвдэгт вирус нуугдаж байгаа бол бидний дархлааны хамгаалалт түүний эсрэг хамгаалахад хангалтгүй байж магадгүй юм гэжээ.
Эдгээр вирус нь орчин үеийн нөхцөл, уур амьсгал орчинд хэр удаан халдвартай байх, эсвэл вирус нь тохирох эзэнтэй (Host) тулгарах магадлал хэр зэрэг болохыг эрдэмтэд мэдэхгүй байна. Мөн бүх вирус өвчин үүсгэх эмгэг төрүүлэгч биш бөгөөд зарим нь хоргүй эсвэл бүр эздэдээ ашигтай вирусууд ч байдаг билээ. Мөн Арктик нь 3.6 сая хүн амтай ч хүн ам сийрэг суурьшсан, нягтаршил бага газар учир эртний вирусын халдварт өртөх эрсдэлийг маш бага болгож байна гэж CNN мэдээлэв.
Эх сурвалж: CNN