Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Өнөөдрийн зурвас: Инээмтгий хүн


Жүжиг дуусахад гарч ирж үзэгчдэдээ ёсолдог ерөнхий найруулагч театрт залуу үе ирснийг дахин нотоллоо. Түүний ажлыг харахаар энэ өдөр үзэгчдийн танхимд УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав ирсэн байх агаад өмнөх үдшүүдэд шинэ уран бүтээлчийг сонжихоор тухалсан мэргэжил нэгт залууст үзэгчдийн нүргээнт хариу Монголын урлагт өөрчлөлт шинэчлэлтийн цаг яг тулсныг харуулсан биз ээ. 

Дэлхийн суут Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийг цоо шинэхэн Про театр, хэний ч үл таних Б.Даваасүрэн хэмээх найруулагч бүсгүй визуал драм хэлбэрээр тавьжээ. Хараал зүхэл урсгасан ядуугийн өмхий доторх алтан хүнийг үзлээ. Хувь тавилан авралын дүрээр орж ирээд алж байхыг гэрчиллээ. Өчүүхэн сул дорой хэмээгддэгээс мартсан эмзэг нандины диваажинг эргэлээ. Өр зүрхтэйгээ ноцолдон суухын тамыг амслаа. Аягүйцэм байлаа, “Инээмтгий хүн”. Виктор Хюго нь агуу учраас... гэх хойрго үгийг энэ өдрүүдэд сүүлийн тоглолтоо хийж буй “Инээмтгий хүн”-д зүүхгүй ээ. Зуун зууныг дамжаад энд ирэх хүртэл Хюгогийн “Инээмтгий хүн” роман алдар цуундаа хүн төрөлхтөнийг хэдийн дасгасан хойно. 

Задгай захын дээвэр дор хана босгон сүндэрлэх олон цамц, өмднүүд гэнэт тантай яриад унавал өөрийгөө галзуурсан гэж бүү ай. Энэ хувцаснууд маргааш, нөгөөдөр хэн нэгнийх болж, цэнхэр өмдтэй хэн, улаан цамцтай тэр болно. Тэгээд амьдралд гудчуулна, зориг зүрхгүй, хайр сэтгэлгүй болтлоо ижилсэнэ. Бид яг адилхан, дээлэн доторх хэн нэгний олонлог. “Инээмтгий хүн” жүжгийн залуу зураач Б.Анхбаатарын тайз үүнийг ёгтолсон. Тэр энэ жүжигт “Гэм зэм”, “Сычуанийн сайн хүн” жүжгүүдийн тайзнаас амжилттай болсон деталиудыг өөрийнхөө жүжигт хувирган ашигласан гэвэл “бузар” гүтгэлэгт унахгүй гэж найдна. Визуал драм гэж юу гэсэн хэл юм бол хэмээн асуусан хүн олон бий байх. Тайз дүүрэн хар ус цалгилан ганц завь үйхийг ямар амархан мөртлөө үнэмшилтэй харагдахуйц бодож олсон байв. Хирдхийм үйл явдлын ёгт өгүүлэмжийг биегүй хөл оньсоор жийгдэж сандал өөрөө хөдлөх, эрэмдэг хүүг толгой, дөрвөн мөчөөр илэрхийлсэн шийдэл нь, мөнөөх зүрх зориггүй хувцаснууд ядуусын аз жаргалгүй атаа хорслоор амилж ам амандаа дургүй хүрэм шаагилдаж буй зэрэг өвөрмөц тавилууд нь визуал драм гэж хэлэгдэх гол шалтгаан болов уу. Үүнийг Б.Анхбаатар зурж амилуулсан хэрэг.   

“Инээмтгий хүн”-д Урсусыг алт болгов, Ц.Төмөрхуяг. Тэр бол Монголын “алтан” жүжигчин Ц.Цэгмидийн бага хүү билээ. Хэрмэл зуугуул Урсусын дүрийг хэчнээн яруу бүтээв ээ. Ядуу хоосон хүн чинь хар амиа бэртэгчлээд дуусаж болохыг л тэр мэддэг атал эхнээсээ дуусах хүртэл дүрээ жинхэнэ эцэг шиг амьдрууллаа. Ахуй төрхөө бодвол урваад явчих гээд байгаа санаагаа нэг илчлээд, даруй хайрлан энэрэх сэтгэл рүүгээ хоргодон эргэн буцлаа. Ийм хүн энэ хорвоод ядуу амьдарлаа, боллоо гэх эрхгүй ямар их аз жаргалтай болдог юм бэ. Аргадан байх тэр монологийг дээ. Өөдгүй муу амьтан тийм өрөвдмөөр, сөгдмөөр үнэн сэтгэлийг хүмүүст үзүүлсэн гэхээр Ц.Төмөрхуяг лав ноорхой Урсусыг алтаар дархлав гэлтэй. 

Баркельфедрог ч бас эсрэг талын “инээмтгий хүн”-ээр харах боломж олгосон залуу жүжигчин О.Итгэл. Хүсэл шуналаасаа болж хайр дурлалынхаа эсрэг зогсохоор хүн хэрхэн тачааддагийг мэдлээ. Эг маггүй инээгээд байх атлаа хорсолдоо шатаад хэн ч биш болохыг чинь үзлээ. Хэчнээн гүнж байгаад чиг бутачийн хүүхэд гэгдэн язгууртнуудын адын нүдэн дээр өссөн Жозианна. Хүмүүс түүнийг ямархан адын амьтан болгож зэрэмдэглэснийг залуу жүжигчин Э.Буд-Эрдэнэ тун няхуур гаргалаа. Дотоод зөрчлөө нууцалж эс дийлэн энэ хорвоогийн эрэмдэг амьтнаар цангаагаа тайлж даажигнахаас нааш хэн гэдгээ мэдрэхээ больсон бас л нэг “инээмтгий хүн”.

Гол дүр Гуинплен шиг хөөрхий амьтан энэ хорвоод үгүй атал хэзээнээсээ л зүдүүргүйн дотор тааваараа бойжсон мэт ухаалаг, хайранд итгэдэг, энэрэнгүй, сониучханыг нь залуу жүжигчин Б.Билгүүн илүү ч үгүй, дутуу ч үгүй яв цав илэрхийлж чадлаа. Залуу хүн нэг ийм л байдаг гэх зөрчилгүй харцыг өөр дээрээ яг тогтоож чадсан нь л түүний амжилт байв. Түүний хайрт Деягийн дүрийг залуу жүжигчин, гэхдээ харьцангуй туршлагатай Т.Энэрэл бүтээлээ. Хараагүй түүнд хайраас өөр харах зүйлгүй, тэр нь байгаад дүв дүүрэн байгааг, тэр нь үгүй болоход тэвдэн тийчигнэж, хоосрон хоосорсоор үхэж буй эмзгээс эмзэг нандиныг харууллаа. Хүн бүрт тийм “үхэл” амьдралд нь ядаж нэг ч гэсэн таардаг байх аа. Тэгээд эмзэг нандин байхаас үхтлээ айсандаа ахин амьдардаг байх.             

Байсан, байдаг, байсаар байх хүний буян хийгээд бузар. Үүнийг яалтай ч билээ. Шугамдаж байгаад илүү гарсныг нь баллуурдчих биш. Хүн маш авьяаслаг жүжигчин учраас амьдрал буй бүхнийг багтаан үргэлжилдгээрээ үргэлжилсээр л... Хуульт ёсыг хуурч, бурханы нүдийг боочихлоо хэмээн сэтгэнэ. Харин театрт очоод харанхуйн дунд шигдэн суугаад гэрэл асаасан дөрвөлжин дотор амьдралыг хөндлөнгөөс харна. Бузрыг, буяныг уран гэгч илчлэн үзүүлнэ гэдэг л ариун үйл ажээ. Хууль шүүхийн алхнаас, бурханы тааллаас урьтан там, диваажингийн хаалгыг нэгэн зэрэг татах боломжийг хүнд өгдөг учраас л театрыг ариун сүм гэдэг ажээ хэмээн бодож гарсан жүжиг “Инээмтгий хүн” байлаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Очиржавын Одгэрэл 2023.03.29 59.153.114.179

Жүжиг үзэж байхад Гюгогийн үгс өнөөдрийг хүртэл манай нийгэмд байсаар байгаа зүйлсийг тод томруун харуулах шиг санагдсан. Дүрүүдийг амилуулсан залуу жүжигчиддээ болон Ц.Төмөрхуяг ахдаа гүн талархал илэрхийлье.

0 Хариулах


Зочин 2023.03.29 59.153.114.179

Шинэ үеийн залуу найруулаг хийгээд жүжигчид гайхалтай бүтээл гаргаж манай нийгэмд найдвар байгааг тодоос тод харууллаа. Ц.Төмөрхуяг залуусыг дэмжин мөн л хосгүй дүр бүтээснээр хосгүй дэмжлэг байлаа. Ийм хамтралууд харанхуй нийгэмд гэрэл тусгах шиг болсон шүү. Баярлалаа

0 Хариулах