Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Ирит Бен-Абба Витале: Төв талбай дээр Израилийн төрийн дуулал эгшиглэхэд сэтгэл ихэд хөдөлсөн


Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирит Бен-Абба Витале өчигдөр Монгол Улсад айлчлан ирж, Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үйл ажиллагаанд оролцсон билээ. Элчин сайд Ирит Бен-Абба Витале энэхүү чухал үр нөлөөтэй үйл явдлын дараа сэтгүүлчидтэй уулзалт хийсэн бөгөөд Израил болон Монгол улсын хоорондын хамтын ажиллагаа, Израил улсын түүх, соёл, технологи болон арга барилаас хэсэгхэн ч атугай бидэнтэй хуваалцан ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна.


-Та Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчлан ирж байна. Энэ хугацаанд Монгол Улсад ямар өөрчлөлтүүд гарсныг та анзаарсан бэ? 

-Би 29 жилийн өмнө Улаанбаатар хотод ирж байсан. Тухайн үед би Бээжин дэх Элчин яамны сайдын дэд сайд гэх албан тушаалтай байх үедээ Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг гардуулахаар ирж байлаа. Энэ хугацаанд их олон зүйл өөрчлөгдсөн нь харагдаж байна. Би Монгол Улсаар бүтэн тойрч амжаагүй учраас зөвхөн Улаанбаатар хотыг л харж, өөрчлөлтийг нь мэдэрч байна. 1991 оны аравдугаар сард анх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох үйл ажиллагаа эхэлж байсан. Тэр үеэс би Монгол улсын тухай мэдээлэл, ойлголтыг авч байсан. Монгол Улс бидний хувьд их өвөрмөц онцлогтой, дотно улс. Бид тухайн үед адилхан л цөөн хүн амтай, тэгсэн хэрнээ иргэншлийн их урт удаан түүхтэй улсууд байсан. Чингис хааны тухай манай сурагчид сургуулийн хичээлийн хөтөлбөрөөсөө үзэж танилцдаг. Ийм ойр дотно мэдрэмж төрүүлдэг улс маань богино хугацаанд техник технологийн чиглэлд ихээхэн хөгжиж, залуусын хувьд ч чадварлаг мэргэжилтнүүд болон ихийг хийж бүтээж байгаа нь онцлууштай.

-Хоёр улсын харилцаанд ямар ахиц дэвшлүүд гарсан байгааг та онцолмоор байна?

-Бид энэ хугацаанд дээд хэмжээний уулзалтуудыг хэд хэдэн удаа зохион байгуулж байсан. 2006 онд Монгол Улсын ерөнхийлөгч Израил улсад айлчилж байсан. Монгол Улсын хоёр ерөнхий сайд, таван гадаад хэргийн сайд мөн айлчилж байсан. Зургаан удаагийн томоохон уулзалт арга хэмжээ болсон. Мөн энэ оны сүүлээр бид дахин долоо дахь удаагийн уулзалт, айлчлал хийхээр ярилцаж байгаа. Зөвхөн дипломат хэмжээний уулзалтуудаас гадна Монгол Улсаас оюутан залуусыг сургалтад хамруулах үйл ажиллагаанууд үргэлжилж байна. Жишээ нь ХАА-н болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монголоос оюутнууд очиж ажиллаж, суралцаж байгаа. Соёлын солилцооны хувьд ч Израилаас уран бүтээлчид ирж тоглож байсан, Монголоос ч уран бүтээлчид олон удаа очиж байсан. Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад 20.000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалтыг бэлэглэж байсан. Мөн мэргэжилтнүүд сургах хөтөлбөрийн хүрээнд бид олон туршлага хуримтлуулж, хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил авчирч чадсан хэмээн найдаж байна. Өнөөдөр Монгол улсын Төв талбай дээр Израил улсын далбаа намирч, төрийн дуулал эгшиглэж буйг сонсоход үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Энд хүрэлцэн ирсэндээ маш их баярлаж байна. 

-Израил болон Монгол улс хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн ой өнгөрөгч онд тохиосон. Мөн энэ жил Израилийн хувьд маш онцлог жил тохиож байна. Та энэ талаар сэтгэгдлээ хуваалцана уу.

-Монгол, Израил улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн арга хэмжээ БНХАУ-ын Бээжин хотноо болж, тэрхүү арга хэмжээний үеэр бид ирээдүйн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тал дээр санал сэтгэгдлээ хуваалцан, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. “Монгол орон Израил хүний нүдээр" фото зургийн үзэсгэлэн гарч, Израилийн хөгжимчин, хөгжмийн зохиолч Лирон Манытоглолт зохион байгуулагдаж байсан. Энэ жил Израил улсын хувьд их онцгой жил. Учир нь Израил улс тусгаар тогтнолоо зарласны 75 жилийн ой тохиож байна. Бид энэ хугацаанд маш их зүйлийг туулж өнгөрүүлсэн. 1950 оны үед бид даавуу үйлдвэрлэдэг, жүрж ургуулдаг, ийм л хоёр үйлдвэрлэл хийдэг байлаа. Мөн Библи дээр дурдаж байсанчлан бидэнд сүү, зөгийн бал л байдаг байсан. Тухайн үедээ 650 мянга гаруй хүн амтай байсан. Одоо бол 9.3 сая хүн амтай. Бид тэр үед тусгаар тогтнолоо зарласны дараа дэлхийн өнцөг булан бүрд суух еврей үндэстнүүдээ эх орондоо эргэн ирж суурьшаач хэмээн уриалж байсан. Тэдгээр хүмүүсийн зарим нь хоморголон устгалаас амь гарсан хүмүүс байсан. Сэтгэл санааны хувьд ч маш их айдастай, тогтворгүй, маш их зовлон үзсэн хүмүүс анх нийлж энэ улс үндэстнийг бий болгож байсан. Тийм ч учраас анх бий болж байх үедээ асар хүнд нөхцөл байдалтай нүүр тулсан гэж хэлж болно. Бидэнд байгалийн баялаг байгаагүй, бас маш их хуурайшиж, үржилгүй болсон газар нутаг дээр анх суурьшсан. Бүхнийг ийм хэцүү зүйлээс эхлүүлсэн болохоор бидний түүхийг "Даван туулагчдын түүх" хэмээн нэрлэж болох юм.

ЗурагТайлбар





-Монгол улстай хамтран ажиллах тал дээр чухалчилж буй гол зүйлээсээ хуваалцана уу?

-Засгийн газрын сайдуудтай энэ удаагийн айлчлалаар хийсэн уулзалтуудаас харахад Израил улсын хувьд гурван тэргүүлэх чиглэлээр хамтын үйл ажиллагаа явуулж болох юм гэж харж байгаа. Нэгдүгээрт хүнсний аюулгүй байдал, хоёрдугаарт гадаад орчны хамгаалал, гуравдугаарт нийгмийн хамгаалал. Манай улсын хувьд хүнсний аюулгүй байдал дээр ихээхэн анхаарч байгаа. Хүнс ханган нийлүүлэх тогтолцоог сайжруулах, хараат бус хүнс үйлдвэрлэл бүхий тогтолцоотой болоход нь хамтран ажиллахад анхаарч байна. 

-Израил улс кибер хамгааллын салбарт дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг билээ. Монголын хувьд кибер аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд Израилаас ямар туршлага солилцож, ямар алхмуудыг хийх боломжтой гэж та харж байна вэ?

-Өнгөрсөн жил бид цахим аюулгүй байдлын асуудал дээр харилцан ойлголцсон санамж бичигт гарын үсэг зурсан. Бид үүнийг одоо ажил хэрэг болгох тал дээр алхмууд хийхээр төлөвлөж байна. Мэргэжилтэн солилцоо, сургалт зохион байгуулах гэх мэт олон ажлуудыг төлөвлөсөн. Энэ ажлуудыг бодит болгоход мөн хувийн компаниуд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх болно. Бидний хувьд яг одоо Монголын зах зээл дээр юу хамгийн хэрэгцээтэй байна гэдэг тал дээр судалгаа хийх, нээн илрүүлэх тал дээр ажиллаж байна.

ЗурагТайлбар



-Яг одоо Монгол Улсад Израилийн ямар технологийн компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Мөн аль салбар, чиглэлийг гол болгож байгаа вэ?

-Хөдөө аж ахуйн салбар дээр технологийн дэвшлүүдийг авчрах тал дээр голчлон ажиллаж байна. Хүлэмжийн хийг буруулах, мэдээллийн технологийг сайжруулах, санхүүгийн технологийн сайжруулах, цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг судлах, ногоон хөгжлийн дэмжих гэх мэт технологийн салбарууд дээр анхаарч байна. Смарт-агро хэмээн нэрлэж буй ухаалаг ХАА, ухаалаг старт ап зэрэг боломжуудыг танилцуулахыг гол болгон ажиллаж байна. Израил өөрөө их жижиг газар нутагтай, тэндээ маш бага энерги зарцуулж, яаж илүү их бүтээгдэхүүн, давуу талуудыг бий болгох вэ гэдэг дээр анхаарч, энэ тал дээр дэвшил хийж чадсан. Энэ туршлагаасаа бид хуваалцахыг хүсэж байна. Израилийн ХАА-н салбар их хөгжсөн гэж байгаа. Гэхдээ ХАА-н салбар нь Израилийн ДНБ-ий ердөө 3 хувийг эзэлж байгаа. Бид хэрэгцээнд суурилсан, үр өгөөжтэй ухаалаг технологийг, үйлдвэрлэлийг яаж бий болгох вэ гэдэг дээр илүү анхаардаг. Жишээ нь яаж бага бордоо ашиглаж, их үр тариа хураан авах вэ гэдэг ч юм уу.

-Боловсролын тал дээр цаашид бид хэрхэн хамтын ажиллагаа сайжруулж, илүү үр дүнтэй харилцаа холбоог бий болгох боломжтой байна вэ? 

-"MASHAV" гэх хөтөлбөрийн хүрээнд бид гадаад улс орнуудад чиглэсэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан ашигладаг. ХАА, нийгмийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн аюулгүй байдал, IT гэх мэт мэргэжлүүдээр бид Израилд мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөртөө тэтгэлгээр хамруулдаг. Мөн зөвхөн улсдаа сургах биш гадаад улсад бид мэргэжилтэн илгээж ажиллуулах боломжтой байдаг. Хэрэв дараа дараагийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас хүсэлт тавьж, мэргэжилтэн урьж ажиллуулах хүсэлтэй байвал энэ тал дээр бүрэн боломжтой. Бид Монгол Улстай хамтран ажиллахдаа үргэлж нээлттэй, баяртай байх болно. Монголын хувьд залуу боловсон хүчин хамгийн том хүч чадал нь юм.

Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.05.21
Кү Хара-г нас барсны дараа гэрт нь нэвтэрсэн хулгайчид юу тохиолдов?
3
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
2024 оны сонгуулын тухай таны заавал мэдэх ёстой 10 сонирхолтой баримт
2
4 цагийн өмнө
#MeToo хөдөлгөөнд нэгдсэн сэтгүүлч эмэгтэй таван жилийн хорих ял авчээ
3
7 цагийн өмнө
Фото: Үзэсгэлэнт Лана Дель Рей-ийн сүүлийн үеийн зургууд
санал болгох
1
Өчигдөр
BTS хамтлагийн 11 жилийн ой өнөөдөр тохиож байна
2
3 өдрийн өмнө
ЭЕШ өгөх сурагчдын заавал унших үгс
3
4 өдрийн өмнө
Фото: Артист Shu Lea Cheang-ийн хязгаар давсан бүтээлүүд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.