Хайх зүйлээ бичнэ үү

23 мин

Г.Цэвэгжав: Сайн засаглал, олон улсын туршлага, нэр хүндтэй хөрөнгө оруулагчид бидний гол давуу тал


ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавтай өнөөдөр эхэлж буй IPO, нээлттэй хувьцаат компани болох үйл явц болон банкны салбарын шинэ чиг хандлагуудын талаар ярилцлаа.  


-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж арилжааны банкнуудыг олон нийтэд нээлттэй компани болгох шийдвэр анх гарахад хэрхэн хүлээж авсан бэ. Давуу тал, эрсдэл, боломж болон цаг хугацааны хувьд? 

-Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг харахад манай ХасБанкны дүрэм, засаглалын баримт бичгүүдэд аль хэдийнээ тусгагдсан олон зүйл орсон байсан. Нэг талаас гайхах, нөгөө талаас олон улсын жишгийн дагуу, банкны сайн засаглалын зарчмуудыг барьсан өөрчлөлтүүд оруулж байна гэж харсан. Энэ нэмэлт, өөрчлөлтийн гурван гол зүйл нь хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй барих, дор хаяж ТУЗ-ийн 9 гишүүнтэй байх, тэдгээрийн тодорхой хувь нь хараат бус гишүүнээс заавал бүрдэх ёстой гээд хамгийн чухал нь нээлттэй хувьцаат компани болох хугацааг заасан. Манай банкны хувьд аль 2000-аад оны дунд үеэс өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шаардлагууд л даа. Ганц санаа зовж байсан зүйл нь анх тогтоосон хугацаа хэтэрхий богинохон байсан. Ийм том реформ хийхэд багаар тооцоход л 3-5 жилийн шилжилтийн хугацаатай байвал зохимжтой гэж бид хардаг. Гэхдээ нэгэнт хууль батлагдсан учраас бид хуульд нийцүүлэн зохион байгуулалтаа хийгээд явсан. 

-ХасБанк анхнаасаа хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол шаардлагуудыг хангаж байсан болохоор давуу талтай, илүү амар байсан байх гэж харах хүмүүс бий. 

-Надаас хүмүүс энэ асуултыг их асуудаг. Гэтэл энэ бол нэг банканд давуу талтай байхаас илүү банкны хууль эрхзүйн орчин, нийтбанк санхүүгийн салбарын тогтвортой байдалтай шууд холбоотой чухал асуудал. Монгол маань жижигхэн орон, тэр хэрээр санхүүгийн тогтвортой байдал чухал учраас бидэнд давуу талтай байлаа гэж баярласан зүйл үгүй. 

-Хуулийн төслийг боловсруулахдаа арилжааны банкнуудын санал бодлыг хэр их сонсож, тусгасан бэ? 

-Миний ойлгосноор саналуудыг нэгтгээд Монголын банкны холбоогоор дамжуулан хүргүүлсэн байх. Хуулийг харахад бидний саналуудаас нэг их олныг хүлээж аваагүй бололтой байсан. Жишээ нь, бид 20 хувийн лимитийн хугацаа дэндүү богинохон байна гэдгийг хэлсэн. Анх хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярьж байхад хэн нь ч Ковид-19 цар тахлыг таамаглаагүй байсан. Эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай байгаагүйн дээр цар тахлын хүндрэл нэмэгдсэн. Ялангуяа гаднын хөрөнгө оруулалт татах боломж тун хомс болж ирсэн. Ийм үед 20 хувийн лимитийг хангахад хэтэрхий богино хугацаа олгосон нь боломжгүй гэж бид шүүмжилж байсан. Өнөөдрийг хүртэл боломжгүй хэвээрээ л байгааг бид харж байна.

Дараа нь харин УИХ зөв шийдвэр гаргаж, IPO гаргах хугацааг нэг жилээр сунгасан. Тэгж байж банкнууд сүүлийн 5-6 сард л IPO гаргах боломжтой боллоо шүү дээ. Хэрвээ анхны давчуу хугацаагаар явсан бол маш том эрсдэлүүд гарах нь ойлгомжтой байв. Хугацааг сунгаж, банкнууд активын чанарын үнэлгээ (AQR)хийлгэсэн нь маш зөв зүйл болсон. Банкнуудад IPO-д бэлдэх хугацаа өгч, улмаар эдийн засгийн нөхцөл ч түрүү жилийнхтэй харьцуулахад хамаагүй сайжирсан.  

-Системийн топ 5 банкнаас өдгөө ХасБанкны IPO л хүлээгдэж байна. Банкнууд ээлж дараатай гаргая гэдгээ тохирсон байсан уу. IPO гаргахад хамгийн сайн бэлтгэлтэй байсан ХасБанк хамгийн сүүлд гаргаж буйд ямар нэгэн шалтгаан бий юу? 

-Бид хоорондоо ямар нэг дараалал яриагүй. Банкнууд өөрсдийнх нь үйл ажиллагаа, стратеги, санхүүгийн нөхцөл байдлаасаа шалтгаалан өөрсдөө хугацаагаа тогтоосон нь энэ. Эхлээд “Төрийн банк” IPO хийсэн. Засгийн газраас төрийн өмчит компаниудыг хувьчлах шийдвэр гаргаж, энэ хүрээнд тэд арай түрүүлж хөдөлсөн болов уу. “Төрийн банк” түрүүлж нээлттэй хувьцаат компани болсон нь салбартаа манлайлал үзүүлж, хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлэх, хөрөнгийн зах зээлийг өсгөх тал дээр их зөв алхам болсон гэж харж байгаа. Дараа дараагийн банкнууд өөрсдийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, стратеги зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж IPO хийх хугацаагаа сонгож, системийн банкнуудаас ХасБанк өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ний өдөр олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй компани болох ажлаа албан ёсоор эхлүүлж байна. Манай банкны анхдагч арилжаа тавдугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 5-ны 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Бид нээлттэй хувьцаат компани болох үйл явцыг нэг том төсөл гэж үзээд, бүх зүйлийг цогц байлгах үүднээс бэлтгэл ажлуудаа хангаад одоо IPO гаргахад бэлэн боллоо. Мөн манай хувьцаа эзэмшигчид 2022 оны аудиталсан санхүүгийн тайландаа суурилж олон нийтэд хувьцаагаа санал болгоё гэсэн зарчмын шийдвэр гаргасан. Өнгөрсөн оны санхүүгийн аудитлагдсан тайлангаа аваад, процесс ар араасаа үргэлжилсэн. 

ХасБанкийг “Тэнгэр Санхүүгийн Нэгдэл” 100 хувь эзэмшдэг. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуух 20 хувийн лимит нь эцсийн өмчлөгч буюу “Тэнгэр Санхүүгийн нэгдэл” дээр шаардлага хангадаг. IPO гаргасны дараа “Тэнгэр Санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа эзэмшигчид шууд ХасБанкны хувьцаа эзэмшигчид болж бууж ирэх юм. Энэ оны эцэс гэхэд манайх 20 хувийн лимитийг бүрэн хангахаар ажиллаж байна. 

Ийм нарийн ньюансууд байсан учраас бид сүүлийн 2 жилийн хугацаанд бэлтгэл ажлаа маш сайн хангахад төвлөрч ажилласан. Үүнтэй холбоотойгоор “Тэнгэр Санхүүгийн Нэгдэл”-ийн дор байсан “ХасЛизинг”, “Тэнгэр даатгал”, “Тэнгэр капитал” зэрэг компаниудаа заримыг нь борлуулж, заримыг нь нэгтгэсэн. Бүх үйл явцыг тухай бүрд нь олон нийтэд зарлаад явсан учраас хүмүүс мэдээлэлтэй байгаа гэж бодож байна. 

-Арилжааны банкнууд хөрөнгийн зах зээлд гарснаар маш олон оролцогч талтай болж байна. Богино хугацаанд ашиг хийх гэсэн, эсвэл сайтар судалгаагүй “дуулиан”-аар орж байгаа хүмүүс ч багагүй байх шиг. 

-Миний туршлагаас харахад нээлттэй хувьцаат компанид хөрөнгө оруулдаг дөрвөн төрлийн оролцогч байна. Эхнийх нь урт хугацааны хөрөнгө оруулалт гэж хараад, нэлээд өндөр дүнгээр хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагч. Банкны хэллэгээр бол 5 хувиас дээших, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид. Удаах нь, institutional investors буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчид. Үүнд тэтгэврийн болон хөрөнгө оруулалтын сангууд, даатгалын компаниуд зэрэг багтана. Үлдсэн хоёр нь урт хугацаанд хөрөнгө оруулах сонирхолтой иргэд болон өдрийн арилжаа хийдэг, ханшийн хэлбэлзлээс ашиг хийнэ гэсэн хүмүүс байна. Энэ бол хаана ч байдаг, хэвийн зүйл. 

Сүүлийн үед компаниудын хувьцааны ханш “галзуу хулгана” шиг л хэлбэлзэж буйг бид харж байгаа. Нэг өдөр 15 хувиар нэмэгдсэнээ дараа нь өдөр нь 15 хувиaр буух жишээтэй. Энэ нөхцөлд өдрийн арилжаа хийдэг хүмүүсболон богино хугацаанд ашиг хийх гэсэн хөрөнгө оруулагч нар илүү паникдаж байгаа. Ингэх нь угаасаа аргагүй. Монголын хоёр дахь зах зээл харьцангуй идэвх муутай учраас цөөн хэдэн тоглогчийн арилжаанаас болоод ханш савлаад байдаг. Харин урт хугацаанд ашиг хийнэ гэж орсон хүмүүс бол ийм зүйлд сандрах нь бага. Тэд бол эрсдэл, боломжоо тооцож орсон учраас илүү холын, том өгөөжийг харж байгаа. Гэхдээ би тэдгээр хүмүүсийг хувьцаанд хөрөнгө оруулаад март гэж зөвлөхгүй. 

Нэгэнт хөрөнгө оруулсан юм чинь хянаж, өсөлтийг нь ажиглаж, ямар тренд явж буйг анзаарч, компанийнхаа улирал бүрийн санхүүгийн тайланг гүйлгээд харчихдаг байгаасай гэж зөвлөнө. Ялангуяа банканд хөрөнгө оруулсан бол ашигт ажиллагаа, эрсдэлээ хэр сайн удирдаж байна вэ, чанаргүй зээлийн бүтэц нь ихсэв үү, багасав уу гэхчлэн ерөнхий үзүүлэлтийг харж байх хэрэгтэй. 

-ХасБанк нийт хувьцааныхаа хэдэн хувийг, ямар нэгж үнээр олон нийтэд санал болгож байгаа вэ? 

- Манайх олон нийтэд 5 хувиа буюу нийтдээ 52.7 сая ширхэг шинэ хувьцааг нэгж хувьцааны үнэ 677 төгрөгөөр санал болгож байгаа. Хэтэрхий бага хувь биш үү гэж асуух хүмүүс бий. Манай банканд нөлөө бүхий 7 хувьцаа эзэмшигч бий. Аль нь ч 20 хувиас дээш хувьцаагүй. Тиймээс бидэнд нэмж шинэ нөлөө бүхий хувьцаа эзэмшигч татах шаардлага байхгүй. Дээр нь манай өөрийн хөрөнгийн хүрэлцээ Монголбанкны тавьсан шалгуур болох 12.5 хувиас их буюу 20 гаруй хувьтай байдаг. Хангалттай өөрийн хөрөнгөтэй учир нэмж хувьцаа гаргаж, өөрийн хөрөнгөө нэмэх шаардлагагүй. Мөн эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийн зах зээл тийм ч таатай биш байна. Энэ бүх хүчин зүйл, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлыг хараад бид эхний ээлжид 5 хувь гаргах нь зөв юм байна гэж шийдсэн. 

Энд нэг тайлбар хэлэхэд, 5 хувиа гаргаад л зогсчихлоо гэсэн үг биш. Нээлттэй хувьцаат компани болоод ирэнгүүт ХасБанкны хувьцаа 100 хувь нээлттэй арилжаалагдах боломжтой болж байгаа юм.

-Банкны тухай хуульд өөрчлөлт орохоос ч өмнө нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас илүүгүй хувь эзэмшилтэй байх гол шалгуурыг ХасБанк ганцаараа хангаж байсан. Танай хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид энэ үйл явцыг хэрхэн хүлээж авсан бэ. Цаашид ямар өөрчлөлтүүд танай дээр гарах бол? 

-Банкнуудад нэг хувьцаа эзэмшигчийн 20 хувийн лимит тавьснаар эцсийн өмчлөгчийн хувьд манай дээр “Тэнгэр Санхүүгийн нэгдэл” холдинг компани байх ямар ч утгагүй болчхож байгаа юм. Үүнтэй холбоотой олон өөрчлөлт хийсэн тухай түрүүн дурдсан. Бид группийн хэмжээнд зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж, олон жил өсгөж бойжуулсан санхүүгийн компаниудаа нэгтгэх, татан буулгах, борлуулах шаардлагатай болсон. Санхүүгийн зах зээлийн том зургаар нь харвал энэ бол ухралт. 

Санхүүгийн холдинг компаниуд байх ёстой гэж би үздэг. Тэгж байж зөвхөн банкнаас гадна санхүүгийн бусад үйлчилгээг төрөлжүүлэх, нэмэх боломжууд гарч ирнэ. Банкны реформ хийж буй нь зөв зүйтэй алхам мөн боловч санхүүгийн зах зээлийн хөгжилдөө эргээд халгаатай болж байна л даа.

-ХасБанкны хувьцааг сонирхож буй хүмүүст та богино болон урт хугацаанд ямар үр дүн, үнэ цэн амлаж чадах вэ?  

-Хадгаламж болон бондын тухайд бид тодорхой өгөөж, ашиг амлаж болно. Харин хувьцааны онцлог нь өгөөж амлах боломжгүй учраас бид ирээдүйн ханшийг тооцох боломжгүй. Хувьцааны ханшид маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Ерөнхий эдийн засаг, улстөрийн нөхцөл байдал маш чухал. Дараа нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ярих хэрэг гарна. Банкны салбарын хууль эрхзүйн орчин, зохицуулалт болон хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал бас нөлөөлнө. Мөн ашигт ажиллагаа, хэр их хэмжээний ногдол ашиг тараах гэж байна, тухайн банктай холбоотой эерэг, сөрөг мэдээллүүд зэргээс шалтгаалан хувьцааны үнэ хэлбэлзэж байдаг. 

ХасБанканд хөрөнгө оруулснаар ямар давуу талтай вэ гэдгийг та асууж байх шиг байна. Нэгдүгээрт, бид ХасБанкныхаа тэмүүлэл болон амлалтаа онцолмоор байна. Би хувьдааалсын хараа, үнэт зүйл гэдэг их хоцрогдсон, хуучны тунхаг маягтай аргачлал гэж бодох болсон. Үүний оронд бид өдөр тутмын үйл ажиллагаандаа үргэлж санаж байх амлалт гаргаж ирсэн. “Хасчууд бид санхүүгийн хүртээмжээ нэмэгдүүлж, харилцагчдадаа, өөрсдийн болон гэр бүлийнхээ гэрэлт ирээдүйд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замыг бий болгоход нь туслах болно” гэж. Энэ бол илүү тодорхой, бодит амлалт юм. Мөн нийгмийн хариуцлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч банкийг бий болгож, Монголдоо хамгийн үнэ цэнтэй банк байх болно гэж өөрсдийн тэмүүллээ тодорхойлсон. Хөрөнгө оруулагч болон харилцагчдадаа үнэ цэнтэй банк байх болно гэсэн агуулга. 

Ирээдүйг бид яагаад гэрэлтэйгээр харж байна гэхээр, манай банкны хувьд суурь нь нэлээд сайн бий болсон. Ялангуяа 2019 оноос хойш томоохон өөрчлөлтүүдийг банкандаа бид хийсэн. Үр дүн нь манай санхүүгийн үзүүлэлтүүд, ашигт ажиллагаа зэргээр баталгаажаад харагдаж байгаа. Манай банкны сайн засаглал, олон улсын туршлага, нэр хүндтэй хөрөнгө оруулагчид нь бидний давуу тал болдог. Дээр нь бидэнд итгэдэг сая гаруй харилцагч, тогтвортой удирдлага, хүний нөөцийн бодлого зэрэг нь гол суурь болж байна.

Бид заавал хамгийн том банк болъё гэж зорьдоггүй. Өөрсдийн нөөцийг зөв удирдвал маш ашигтай байгууллага байж, ирээдүйд өндөр өсөлт үзүүлэх боломжтой гэдгээ ялангуяа сүүлийн гурван жил бид харуулж чадсан.

-“Тогтвортой өсөлт” гэдэг ХасБанкны гол философи гэж ойлгож байгаа. Хувьцаа сонирхож байгаа хүмүүс танай банкны талаар юуг илүү сайн ойлгоосой, мэдээсэй гэж та зөвлөх вэ? 

-Тогтвортой өсөлт үзүүлэхийн тулд юун түрүүнд бүх зүйл тодорхой байх ёстой. ХасБанкны тоглоомын дүрэм маш тодорхой, нээлттэй байдаг. Хувьцаа эзэмшигчид, ТУЗ, болон Гүйцэтгэх удирдлагын эрх үүрэг болон хариуцлагыг бид компанийн тухай хуулиас гадна илүү нарийвчлан заагийг нь тогтоочихсон. 

Хувьцаа эзэмшигчдийн бүтэц маш чухал. Энэ удаагийн IPO-оор шинээр орж ирэх хүмүүст манай үндсэн хувьцаа эзэмшигчид хэн бэ, ямар байгууллага вэ гэдэг нь тодорхой, нэр устайгаа ил байдаг. 2015 оноос хойш манай хувьцаа эзэмшигчдийн бүтэц өөрчлөгдөөгүй. Олон улсын нэр хүндтэй, туршлагатай байгууллагууд болохоор нэг завинд итгэлтэйгээр сууна гэдэг том давуу тал болов уу. 

Банкны үзүүлэлтэд нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, хөрвөх чадвар, зээлийн чанар, ашигт ажиллагаа, зарлага ашгийн харьцаа чухал нөлөөтэй байдаг. 100 төгрөг олохын тулд хэдэн төгрөгийн зардал гаргаж байна вэ гэдэг тухай. 2018, 2019 оны үед манай банк 100 төгрөгийн орлого олохын тулд 80 төгрөг зарцуулдаг байсан. Өнөөдөр энэ тоо 40 төгрөг болж буурсан. Үр дүнтэй бүтээмжээ бид ингэж нэмэгдүүлж чадлаа. Технологийн давуу талуудыг бид сайн ашиглаж, эх үүсвэрээ зөв удирдаж байна. Мөн бид саяхнаас бүтцэдээ өөрчлөлт оруулж, тогтмол зардлуудаа танаж, хувьсах зардлаа нэмэгдүүлсэн. Ямарваа нэгэн эдийн засгийн хүндрэлд орох, гэнэтийн хүчин зүйлс тулгарахад хувьсах зардлын нөөц их байснаар бид оновчтой зохицуулалт хийж чадна. Тогтмол зардал бол хөдлөхгүй шүү дээ. Санхүүгийн менежмент талаасаа томоохон өөрчлөлтүүд хийсэн нь бидний цаашдын үйл ажиллагааг илүү сайжруулж, тогтвортой өсөлт үзүүлэхэд том давуу тал болно. 

-Таны хувьд ХасБанкны эргэлтийн цэг болсон үйл явдал, шийдвэр гэвэл юуг нэрлэх вэ? 

-ХасБанкны 21 жилийн түүхийн туршид олон үйл явдал тохиож, тэдгээр нь их бага хэмжээгээр бидний өнөөдрийн амжилтад нөлөөлсөн нь гарцаагүй. Үнэхээр эргэлтийн цэг болсон, томоохон үйл явдлуудыг нэрлэ гэвэл би таван зүйлийг онцолмоор байна. 

Нэгд, “Хөгжлийн алтан сан” гэх НҮБ-ын Микро старт төсөл системийн нөлөө бүхий 5 банкны нэг болсон гэдэг нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд яригддаг маш амжилттай жишээ. Ашгийн бус байгууллагын үйл ажиллагаа томорсоор банкны лиценз авсан үе бол манай түүхийн эргэлтийн цэг. Хоёрт, хувьцаа эзэмшигчид өөрсдөө ярилцаад 20 хувийн лимит байх ёстой гэдэг шийдвэр гаргасан нь засаглалын хувьд цоо шинэ, маш зөв стандартыг тогтоож, цаашид хөгжих засаглалын суурийг улам бэхжүүлсэн. 2000-аад оны дунд үед гарсан энэ шийдвэр одоо л системийн банкнуудын стандарт болж байна шүү дээ. Гуравт, хамгийн жижиг банк байснаа 2010 онд системийн нөлөө бүхий топ банкнуудын нэг болсныг онцлохоос аргагүй. Энэ бол маш том амжилт. Дөрөвт, 2019 онд стратегиа өөрчилж, тоглоомын дүрмээ шинэчилснийг дурдах хэрэгтэй. Хамгийн том банк болох нь бидний зорилт биш юм байна, зах зээлд эзлэх хувьд гол ач холбогдлоо өгөх шаардлагагүй гэж бид үзсэн. Энэ бол зорилт биш үр дүн юм байна гээд байрыг нь сольчихсон. Банкаа зөв удирдаж, суурь зарчмуудаа нягт барьж, харилцагчдадаа чанартай сайн үйлчилгээ үзүүлж, ажилчдадаа ээлтэй бодлого хэрэгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд үүний үндсэн дээр зах зээлд эзлэх хувь маань нэмэгдэж байвал тэр нь үр дүн юм байна гэж бид үзнэ. Хамгийн сүүлд нь өдгөө нээлттэй хувьцаат компани болж буй энэ үйл явц. Энэ бол ямар ч байгууллагын хувьд түүхэн үйл явдал. 

-ХасБанк болон түүний толгой компани болох Тэнгэр Санхүүгийн Нэгдлийг өдгөө олон улсад нэр хүндтэй, хоорондоо харилцан хамааралгүй 12 байгууллага, иргэн эзэмшиж буй. Зөвхөн мөнгөн утгаар гэлтгүй өөр ямар “хөрөнгө оруулалт”-уудыг тэд хийж, энэ нь танай банкны үйл ажиллагаа болон банкны систем, банкны соёлд ямар үнэ цэнүүдийг авчирсан гэж та хардаг вэ? 

-ХасБанкны түүхэнд нийтдээ 36 хувьцаа эзэмшигч байсан. Одоогийн 12 хувьцаа эзэмшигчийг оролцуулаад. Байгууллага өсөж дэвжихийн хэрээр хувьцаа эзэмшигчдийн бүтэц өөрчлөгдөөд явсан нь харагдаж байгаа. Анх бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байхад манай хувьцаа эзэмшигчид ихэвчлэн бичил санхүүгийн хөрөнгө оруулалтын сан зэрэг байсан бол өсөж дэвжээд, илүү том зорилт тавиад ирэнгүүт хувьцаагаа зараад гарч, эргээд өөр томоохон хувьцаа эзэмшигчид орж ирэх зэргээр нэг ёсны шалгарал явагдсан гэсэн үг. Бидний зорилго улам томорч, үйл ажиллагаа сайжраад явах зогсолтгүй процесс. 

Одоогийн 12 хувьцаа эзэмшигч гэлтгүй манай түүхийн бүхий л үед хөрөнгө оруулж байсан хөрөнгө оруулагчид бидэнд зөвхөн мөнгөнөөс гадна банкны мэдлэг, ноу-хау, сайн жишгээ шингээж, энэ нь манай ажилтнууд төдийгүй харилцагч нарт ч нөлөө тусгалаа үзүүлж ирсэн гэдгийг онцолмоор байна. Зээлийн болон үйл ажиллагааны эрсдэлийн менежментийг сайжруулах тал дээр бид олон зүйлийг сурч, цаашид ч стандартаа улам дээшлүүлэхэд олон зүйл дээр хамтраад явна гэдэгтээ итгэлтэй байдаг. Хэдэн жилийн өмнө манай улс “саарал жагсаалт”-д ороод гарсан. Дэлхий нийтээрээ мөнгө угаахын эсрэг, харилцагчаа таньж мэдэх, хянан нийцүүлэх тал дээр онцгой ач холбогдол өгч байна. Энэ дээр бидэнд олон сайн туршлага, оновчтой шийдлүүд, ноу-хау өгсөн. Актив пассивын удирдлага, credit scoring буюу зээлийн шалгууруудыг хийдэг систем, сүүлийн үеийн гол трэнд болж буй ногоон санхүүжилт зэрэг олон зүйл дээр ХасБанк түрүүлж алхахад тусалсан. 

-ХасБанк нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш олон улсын санхүүгийн байгууллага, сангуудаас нийт 1.2 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг зээлийн эх үүсвэрийн хэлбэрээр татан төвлөрүүлжээ. Энэ бол маш том тоо, тогтвортой, хариуцлагатай, эрүүл, цэвэр үйл ажиллагааг илтгэх томоохон хүчин зүйл гэж харж байна. 

-Үүн дээр ХасБанк бусад аж ахуйн нэгжүүдийн адил зээлдэгч гэсэн статустай болж ирнэ. Бидэнд итгэж эх үүсвэр өгч, зээл олгож буй нь олон жилийн харилцан итгэлцэл шүү дээ. Эдийн засаг тогтворгүй байхад, Ковидын хүнд үед ч бидэнд эх үүсвэр олгож байсны гол нь урт хугацааны харилцаа. Мөн ХасБанк зээлийн сайн түүхтэй, гэрээний нөхцөлүүдээ маш сайн биелүүлдэг, зөрчил гаргадаггүй зэрэг давуу талууд бий. 

Мөн харилцагч нартаа үзүүлдэг санхүүгийн үйлчилгээ, хүртээмж талаасаа бид давуу байж чаддаг. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн үйлчилгээ, бичил, жижиг дунд бизнес болон ногоон санхүүжилтийг дэмждэг зэрэг манай үйлчилгээнүүд тэдний зорилго, алсын хараатай нийцдэг учраас бидэнд эх үүсвэр олгодог. Мөн манай банкны засаглал, хувьцаа эзэмшигчдийн бүтэц яах ч аргагүй гол хүчин зүйлийн нэг байдаг. Хөрөнгө оруулагчид Монгол Улсын эдийн засгийн ирээдүйг өөдрөгөөр хардаг учраас дээр дурдсан шиг тодорхой зорилтот зөв төслүүдийг дэмждэг нь анзаарагддаг.

-ХасБанк чанаргүй зээлийн хувиар хамгийн бага нь байж ирсэн. Үүнийг харилцагчийн итгэлтэй шууд холбон тайлбарлах болов уу. Аль эрт л “Монголчууд зээлээ төлдөг” кампанит ажил анхлан санаачилж байсан шүү дээ? 

-Зөвхөн сүүлийн үед биш түүхэн хугацаандаа ХасБанкны чанаргүй зээлийн хэмжээ бусад банкнуудтай харьцуулахад үргэлж бага байж ирсэн. Зарим хүмүүс танай банк жижиг байна, эвсэл дэндүү бага дүнтэй зээл олгодог гэхчлэн янз бүрийн шалтгаан хэлдэг. Харин би сүүлийн үед тэрэндээ биш юм байна гэж бодох болсон. Манай зээлдэгч нар бидэнд итгэдэг, бид харилцагч нартаа итгэдэг олон жилийн түншлэлийн үр дүнтэй илүү холбоотой болов уу. Бид энэ хугацаанд эдийн засгийн эерэг, сөрөг олон ч мөчлөгийг хамт тууллаа. Энэ харилцан итгэлцэл маань аль ч үед манай чанаргүй зээлийн хэмжээ бага байхад нөлөөлж иржээ. Би энэ ярилцлагыг ашиглаад бидний итгэлийг даадаг, бидэнд итгэдэг нийт харилцагч нартаа талархаж буйгаа илэрхийлмээр байна. 

-Гадаад орчинд ч мөн адил банк санхүүгийн салбарын хөгжил хувьсаж, өөрчлөгдөж буй. Энэ урсгалыг ХасБанк хэр сайн ажиглаж, өөрсдийгөө залдаг вэ? Давуу талаас гадна сул тал, алдаатай жишгүүдийг ч бас ажиглаж байгаа байх. Он гарсаар дэлхийн хэд хэдэн томоохон банк дампуурлаа шүү дээ. 

-Банкны салбарт олон трэнд явж буйгаас ач холбогдол өндөртэй дөрвөн чиг хандлагыг онцлон ярья. Одоо хүн бүр банкны үйлчилгээг гар утаснаасаа авч байна. Манай банкнууд үүнийг маш сайн нэвтрүүлж байгаа, цаашид улам сайжраад явна. Өмнө нь зөвхөн финтекүүд л хийж чаддаг байсан олон үйлчилгээг банкнууд нэвтрүүлж эхэлснийг та бүхэн анзаарсан болов уу. Хууль эрх зүйн зохицуулалтаас болоод хязгаарлагдмал байсанд сая л зарим нэг эерэг өөрчлөлтүүд орж, банкнууд улирал тутам шинэ үйлчилгээнүүд санал болгоод явж байна. Энэ трэнд улам өргөжиж, банкны гол гол үйлчилгээнүүдийг гар утаснаасаа авах боломж нэмэгдээд явна. 

AI, блокчэйнд суурилсан банкны үйлчилгээ улам нэмэгдэнэ. Монголын нөхцөлд хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэр хурдан нийцээд явахыг хэлж мэдэхгүй ч энэ бол зайлшгүй хүлээж буй ирээдүй. Бид Монголдоо зориулсан AI бүтээхгүйгээр АНУ, Японы АI-ийг шууд хуулах нь үр дүнгүй учраас жаахан цаг хугацаа орох байх. Зөвхөн банкны салбарт гэлтгүй бүхий л секторт энэ их чухал нөлөө үзүүлнэ. 

Мөн банкнууд нэг нэгнийгээ худалдан авч нэгдэх, финтекүүдтэй хамтрах, тэднийг худалдаж авах зэрэг үйл явц улам эрчимжих болов уу. Дэлхий даяар зах зээлд эзлэх хувь нь том компаниуд жижгүүдийг худалдаж авах, өөртөө нэгтгэх замаар улам томрох үйл явц болж буйг бид харж байгаа. Монголд ч гэсэн энэ үзэгдлүүд бий болох нь цаг хугацааны л асуудал. 

Он гарсаар дэлхийн томоохон банкнууд дампуурлаа зарласан үйл явдал цөөнгүй боллоо. Үүнтэй холбоотойгоор төв банкны зохицуулалтууд улам чангарах байх гэж харж байна. Нэг хэсэг дэлхийн банкны салбарт либералчлал явагдсан. Одоо эсрэгээрээ чанга гараар үзэхээс аргагүй болж байх шиг. Silicon Valley, First Republic зэрэг банкнууд дампуурсан нь эрсдэлийн удирдлагатай нь шууд холбоотой. Жишээ нь, Silicon Valley урт хугацааны АНУ-ын Засгийн газрын бонд худалдаж аваад, төв банкны бодлогын хүү нэмэгдсэнтэй холбогдуулан бондуудаа хөнгөлөлттэй зараад их хэмжээний алдагдалд орсон. Дээр нь харилцагчийн сегмент нь хэтэрхий нэг салбарт хамааралтайболоод ирэхээр асуудал дагуулж буйг бид харлаа. Тэдний харилцагчийн 50 хувь нь технологийн компани, старт-апуудад банкны үйлчилгээ голлон үзүүлдэг байсан. Гэтэл тэр технологийн компаниуд нь эдийн засгийн нөхцөл байдлаас болоод банкнаас санхүүжилт татаж чадахгүй болоод ирэнгүүт хадгаламж руугаа орж байх жишээтэй. Үр дүнд нь банктайгаа хамт дампуурч байна шүү дээ. 

Энэ бол Монголын банкны секторт зохицуулалт талаасаа том сургамж боллоо гэж би харсан. АНУ банкнуудаа хөрөнгө оруулалтын хэмжээгээр нь хоёр хуваачихсан байдаг. Тэндхийн стандартаар Silicon Valley, First Republic бол жижиг банкнууд учраас зохицуулалтууд нь бага, дэндүү уян хатан байсан нь эргээд дампууралд нь нөлөөлсөн. Банкны салбарт жижиг, том гэхгүйгээр харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг эрх тэгш хамгаалах үүднээс зохицуулалт нь нэг байх ёстой. 

Сүүлийн үед манай улстөрчид банкнуудыг төрөлжүүлье гэж ярих болсон. Гэтэл яагаад тэгж болохгүй вэ гэдгийн жишээг бид энэ удаа харлаа шүү дээ. Тухайн салбарын эдийн засаг муудахад банк нь дагаад унах эрсдэл хүлээж байна. Дээр нь үнэлгээний компаниуд илүү нухацтайгаар хандах, тоогоор илэрхийлж буй үзүүлэлтийн ард чухам юу болж байгаа вэ гэдгийг гүнд нь хүртэл нягтлах зэрэг олон сургамж авч болохоор. Монголд нээлттэй хувьцаат компани олон болохын хэрээр мэргэжлийн дүн шинжилгээ өгдөг компаниудын үүрэг оролцоо, хариуцлага нь нэмэгдэнэ. 

-ХасБанк ямар хүмүүст итгэж, сонгож ажилд авдаг вэ. ХасБанкны ажилтнуудыг нэгтгэж байдаг гол зүйлс, нэгдмэл үнэ цэн гэвэл та юуг хэлэх вэ? 

-Байгууллагын үнэт зүйлийг захирлууд нь гаргаад, түүнийгээ тулгадаг арга хоцрогдсон. Тиймээс бид саяхан бөөнөөрөө сууж байгаад үнэт зүйлээ тодорхойлох өөр аргыг туршсан. 2019 оноос хойш эдийн засгийн хүнд нөхцөл, Ковидын үе, залгаад Орос Украйны дайнаас улбаатай санхүүгийн хүндрэлийн үед ч манай ашигт ажиллагаа, банкны ерөнхий үзүүлэлт өсөхөд бид яаж ажиллаж, биднийг юу нэгтгэж байсан бэ, бидний үнэт зүйл юу байв гэдгийг тодорхойлох “урвуу дасгал” хийсэн. “Зовох үед нөхрийн чанар танигдана” гэж монголчууд ярьдаг даа. Үүн дээрээ бид дүн шинжилгээ хийж үзсэн. 

Эндээс юу тодорхой болсон гэхээр бид ямар ч үед амь нэгтэй байж, нэг нэгэндээ дэмжлэг үзүүлдэг соёлтой юм байна, эв нэгдэл, багаар ажиллах чадвар сайн юм байна гэдэг нь харагдсан. Бодит кэйсүүдээс хамт олноороо ярилцаад гарсан бидний үнэт зүйл ийм байсан. 1,300 гаруй Хасчууд нэг цул болж ажиллаж чадсан учраас өнөөдрийн амжилт бий болжээ. 

Мөн бид аливаа шийдвэрийг шуурхай гаргахыг чухалчилж байгаа. Банк бол удаан. Гэсэн ч бид тийм, үгүй гэсэн шийдвэрийг хурдан гаргаж чадсанаар эргээд харилцагчдадаа ч тусалж буй хэрэг. Энэ нь дотоод үйл ажиллагаанд ч мөн хамаатай. Жишээ нь, бид бичил бизнесийн зээлийн шийдвэрийг 8 цагийн дотор, жижиг бизнесийн зээлийн шийдвэрийг 16 цагийн дотор гаргана гэж тунхаглаад, зээл олгоод явж байгаа. Мөн автомашины лизингийг нэг өдрийн дотор шийдвэрлээд явж байгаа. Дараагийн нэг чухал чанар бол хэцүү асуудлуудыг ярилцах. Ихэнх газар хэцүү асуудлуудыг ярих дургүй байдаг бол бид хуурамч эв нэгдэлтэй байснаас асуудлуудаа шударга ярилцаж, зөрөлдөж, мэтгэлцэж чаддаг, эргээд нэгэнт гаргасан шийдвэрийг багаараа хэрэгжүүлээд явахыг байгууллагын соёлын чухал хэсэг гэж авч үздэг. 

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе. 

-ХасБанктай хамт итгэл төгс алхаж байгаа Хасчууд, хувьцаа эзэмшигчид, харилцагчид, хамтрагч байгууллагууд, та бүхэнд талархлаа илэрхийлье. Манай банкны IPO-д идэвхтэй оролцож, банкны түүхийг хамтдаа бичин улам цааш нь хөгжүүлье. Энэ бол зөвхөн эхлэл.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.05.26 202.126.89.90

“Ихэнх газар хэцүү асуудлуудыг ярих дургүй байдаг бол бид хуурамч эв нэгдэлтэй байснаас асуудлуудаа шударга ярилцаж, зөрөлдөж, мэтгэлцэж чаддаг, эргээд нэгэнт гаргасан шийдвэрийг багаараа хэрэгжүүлээд явахыг байгууллагын соёлын чухал хэсэг гэж авч үздэг.” Үүнийг бүх газрууд ойлгоосой. Нэг л худлаа өөрийгөө магтуулах, хуурамч дүр нь өнгөн талдаа, нөгөө талдаа далдуур бие2сээ хэмлэсэн байдал манайд бүх шатанд, төр, хувь хамаагүй оршиж бгаа.

0 Хариулах