Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

FactCheck: Монголын парламентын хүйсийн төлөөлөлд “шодоргос” хэрэгтэй байна


Хүйсийн төлөөллийн тэгш оролцоог улс төрийн тавцанд хангах тухай яриа сүүлийн өдрүүдэд Монголд өрнөж буй халуухан сэдэв болоод байна. Манай улс бараг 100 жилийн өмнө буюу 1924 оноос эхлэн эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох эрхтэй болгожээ. Харамсалтай нь улс төрийн шийдвэр гаргах түвшинд буюу парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай бус байгааг 1992 оноос хойших УИХ-ын 8 удаагийн сонгуулийн дүн батална. Тодруулбал, энэ хугацаанд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй гишүүн байсныг Та доорх графикаас хараарай.

2021 оны байдлаар эмэгтэйчүүд Монгол Улсын нийт хүн амын 50.9, нийт сонгогчдын 52 хувийг эзэлж буй атал шийдвэр гаргах түвшинд буюу парламентад 17.3 хувийг бүрдүүлж байгаа юм. Энэ үзүүлэлтээрээ 193 орноос 127 дугаарт жагсаж байна.

Яагаад монгол эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд тэгш оролцоотой байж чадахгүй байна вэ? гэдгийг Жендэрийн үндэсний хорооноос 2012 онд судлахад олон нийт дараах шалтгаануудыг хэлсэн байна:

-Эрэгтэйжсэн улс төрийн тогтолцоо
-Сонгуулийн тогтолцоо, бохир сонгууль
-Нийгмийн бүтэц, соёл
-Хэвлэл мэдээлэл дэх патриархи хандлагыг дурджээ.

Түүнчлэн монгол сонгогчийн хүсэмжит сонголт буюу нэр дэвшигчийн идеал загварыг МУИС-ийн социологич, доктор Ч.Тамир анх 2000 онд хийсэн судалгаагаараа тодорхойлоход

Хүйс: Эрэгтэй
Нийгмийн гарал: Сэхээтэн
Нэр хүндийн хувьд: Олонд танигдсан
Насны хувьд: 34-45 настай
Эрхэлж байгаа ажлын хувьд: Төрийн алба хашдаг
Орлогын хувьд: Чинээлэг гэсэн дүр зураг гарсан нь сонгогчид эрэгтэй нэр дэвшигчийг сонгох магадлал илүү байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, улс төр, сонгууль бол “эр хүйстэй” гэсэн хэвшмэл хандлага олон нийтийн дунд байгаагийн тод жишээ юм. Харин сүүлийн үеийн сонгуулийн үеэрх богино хугацааны санал асуулгуудад иргэдийн дийлэнх хувь нь “хүнийг нь харж” сонголт хийнэ гэж хариулжээ. Энэ нь нэг талаас өнгөрсөн удаагийн сонгуулиудад иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурсантай холбоотой аж.

2024 онд бүрэлдэх 126 суудалтай шинэ УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар тогтоохын төлөө иргэний нийгмийн байгууллагууд, эмэгтэй гишүүд, иргэд дэмжигчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд хүч хавсран ажиллаж байна. 

Жишээлбэл, “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” сэдэвт форум энэ сарын 12-нд бүтэн өдрийн турш болж өнгөрлөө. Форумаар шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, тэдний зорилгыг хурцалж, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх, дуу хоолойгоо сонгогчдод хүргэх, кампанит ажил өрнүүлэх, улс төрийн үйл явцад амжилттай оролцоход нь дэмжих зорилготой хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан суралцах, туршлагаа солилцсон үр өгөөжтэй арга хэмжээ болсон юм. Энэ үеэр БНСУ-ын Жендэрийн элчин сайд асан Чо Ён Сүк “Улс төрийн үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүд рүү чиглэсэн худал мэдээлэл, сөрөг дайралт цахим болон цахим бус орчинд хүчтэй байдаг. Заримдаа эмэгтэйчүүдийг хэтэрхий эмэгтэйлэг, заримдаа эрэгтэйлэг байна гэж шүүмжлэх жишээтэй. Ердөө л эмэгтэй болохоор нь шүүмжилж дайрдаг. Иймэрхүү хандлага амь бөхтэй оршсоор байгаа учраас улстөрч эмэгтэйүүд ч ялгаагүй хүйсийн ялгаварлал, цаашлаад бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Яг адилхан асуудал үүсэхэд олон нийт эрэгтэй улстөрчдөд өгөөмөр, зөөлөн ханддаг бол эмэгтэй улстөрчдөд хатуурхдаг. Шалтгаан нь улс төр эрт дээр үеэс эрчүүдийн давамгайлалд байсаар ирсэнтэй холбоотой. Олон нийт эмэгтэй улстөрчдийг тэмцэгчийн дүрээр харж дасаагүй учраас өөрөөр хүлээн авдаг. Одоогоор эмэгтэй улстөрчид 20 хүрэхгүй хувийг л эзэлж байна шүү дээ. Энэ харьцаа 50/50 болчихвол хүйсийн тэнцвэртэй улс төрийн соёл нийтэд танил болно. Эмэгтэй улстөрчдөд хатуу ханддаг олон нийтийн хандлагыг өөрчлөх үр дүнтэй арга бол улс төрд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцааг тэнцүүлэх явдал” гэсэн юм.

Тухайлбал, өмнөх парламентын гишүүн М.Билэгтийг сошиал сүлжээнд олон нийт “даапаалах” хандлага их байсныг түүний хэлсэн “Өвөл болохоор хүйтэн болдог”, “Иргэд маань их айдас хүйдэстэй байх болоод байна” зэрэг үгээр мийм хийж, афоризм, эшлэл хийснээс харж болохоос гадна “Шударга ёс” нэртэй ремикс ч гаргасан.


Бохь зажилснаараа “ангар ангар” Амарзаяа, нүдээ аньсан зураг нь нийтэд тарж “гох гох” Оюунхорол гэхчлэн эмэгтэй улс төрчид нэр хоч зүүх нь энүүхэнд. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Шүгэл” аяныг эхлүүлж, мэдээлэл өгснийхөө төлөө УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, мод тарьж, ордонд өглөөний цайгаа ууснаараа М.Оюунчимэг гишүүн сошиалд баалуулж, мийм болж байгааг дурын хайлтаараа л хүмүүс гаргаад ирэх боломжтой.

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагаас гаргасан судалгаанд “Улс төр дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хаана илүү тохиолддог вэ?” гэсэн асуултад интернэт орчинд гэж ихэнх буюу 37% нь хариулсан байна. Намын дотоод албан ёсны үйл ажиллагаан дээр гэсэн хариулт 21 хувиар удаалжээ.

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, улс төр дэх жендэрийн хэвшмэл ойлголтыг халахын тулд хэвлэл мэдээллийн үүрэг хамгийн их нөлөөтэй байгаа юм. ХМЗ-өөс 2021 онд Монгол Улсын хэмжээнд улс төрийн мэдээлэлд судалгаа хийхэд өдөр тутмын сонинуудын, мэдээллийн сайтуудын арван эх сурвалж тутмын нэг нь эмэгтэй байсан нь олон улсын 18 хувиас ч доогуур үзүүлэлт аж. Тодруулбал, Монголын хэвлэл мэдээллээр гарч буй дөрвөн эх сурвалж тутмын нэг нь, улс төрийн мэдээний эх сурвалжийн арван хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байна. Мөн 2021 оны “Хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан”-д дурдсанаар “Фэйсбүүк дэх сонгуультай холбоотой мэдээний агуулгад эрэгтэй нэр дэвшигчдийн тухай мэдээлэл давамгайлж байв. 2020 оны ИТХ-ын сонгуулийн мэдээлэлд жендэрийн тэнцвэр илт алдагдсан байв. Тухайлбал, эмэгтэй нэр дэвшигчид сонгуульд оролцсон бүх нэр дэвшигчдийн 32 хувийг эзэлж байсан хэдий ч, аль нэг эмэгтэй улс төрч, нэр дэвшигчийг дурдсан агуулга сонгуультай холбоотой агуулгын дөнгөж гурван хувийг, харин эрэгтэй нэр дэвшигчдийг дурдсан мэдээлэл 57 хувийг эзэлж байв” гэж онцолсон.

Эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл санааг хэвлэлээр эн тэнцүү мэдээлэх нь улс төр дэх жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэх нэг боломж нь юм. 

Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн зохицуулагч А.Амартүвшин “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалждаа анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эх сурвалжид хүйсийн тэнцвэртэй байдал хамгийн чухал юм. Эмэгтэй эх сурвалжийг хэвлэл мэдээлэл оруулж ирснээр олон нийтийн итгэл үнэмшил дээшилнэ гэж үздэг. Манай хийсэн судалгаагаар улс төрийн мэдээллийн 9 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй эх сурвалж байна гэсэн дүн гарсан. Иймээс ч бид “Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлчдийн нэгдлийг байгуулан ажиллаж байна. 10 эх сурвалжийн 5 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй байх зарчмыг гаргаж ирэх нь бидний зорилго. Бид нар хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусалж ажиллах зорилгоор улс төр, хөдөө аж ахуй, эдийн засаг гэхчлэн эмэгтэйчүүдийн дуу хоолой бага байдаг 6 салбарыг сонгоод эмэгтэй эх сурвалжийн дата сан бий болгосон. Хэвлэлээр ярих эмэгтэйчүүд байхгүй биш тэднийг олж, эрж хайж эх сурвалжаар татаж оруулах нь сэтгүүлчдэд хамгийн чухал байна. Яагаад чухал вэ гэхээр хэвлэлийнхэн эмэгтэйчүүдийг дүрслэхдээ гэрийн эзэгтэйн байдлаар харуулэх нь түгээмэл байдаг. Нийгэмд ажиллаж, амьдарч байгаа, хүн амын 51 хувийг бүрдүүлж буй төлөөллийг эх сурвалжаар оруулж ирэх нь ач холбогдолтой шүү дээ. Энэ төлөөллийг зөвхөн гэрийн эзэгтэйн дүрээр харуулах нь өрөөсгөл юм” гэлээ.

Мөн тэрбээр цааш хэлэхдээ “Эмэгтэй улс төрчийг хэвшмэл байдлаар харагдуулдаг нийтлэг 5 алдааг бид гарын авлагадаа оруулсан. Эдгээр алдаанаас хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид сэргийлэх ёстой. Жишээлбэл, хэвлэл мэдээлэл эмэгтэй улс төрчийн хувийн амьдралын талаарх дуулиан шуугианыг олон нийтэд хамааралтай мэт гаргадаг. Нэг улс төрчийг 4 өөр хүний дөрвөн хүүхэдтэй гэдгийг нягталж шалгахгүйгээр нэвтрүүлгийнхээ промо болгож цацаж байсан. Энэ бол яг үнэндээ тухайн улс төрч эмэгтэйн карьертай хамааралтай биш юм. Дараагийн нэг алдаа нь улс төрч эмэгтэйчүүдэд хоч өгөх байдал түгээмэл бий. Үүнээс зайлсхийх хэрэгтэй. Мөн гэрийн сайн эзэгтэй, сайн эмээ гэсэн дүрээр их харуулдаг. Энэ хэвшмэл ойлголтоос зайлсхийх нь чухал. Сайн эзэгтэй, сайн эмээ байхаараа сайн улс төрч байна гэсэн үг биш шүү дээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийг нөлөө бүхий эрэгтэй улс төрчидтэй холбож тайлбарладаг. Жишээлбэл, Ц.Оюунгэрэлийг Элбэгдоржийн “хүн” гэдэг ч юм уу энэ мэтчилэн эрэгтэй хүний дагуул мэт харуулдаг алдаа бий. Хамгийн сүүлд нь, нас, биеийн галбир, нүүр будалт, хувцаслалт, биеэ авч яваа байдлаар нь эмэгтэй улс төрчийг дүрсэлдэг нь түгээмэл алдаануудын нэг. Энэ хэвшмэл 5 ойлголтоос аль болох татгалзсанаар эмэгтэй улс төрчийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос зайлсхийж чадна” гэсэн юм.

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл сүүлийн үед “мэдрэмжтэй мэдээлэл” виртуал редакцийг хөгжүүлэх, редакцийн менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн хоёр чиглэлд түлхүү ажиллаж байна. Мөн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог илэрхийлсэн гэрэл зургийн дата санг бүрдүүлэх зорилгоор “MPA” гэрэл зургийн студитэй хамтран ажиллаж байгаа аж.

Парламентад эмэгтэй гишүүд олноороо ажиллавал нийгмийн үйлчилгээний чанар сайжирч, түүнийг дагаад авлига буурдгийг олон улс орны туршлага, судалгаануудад онцолсон нь бий. Тиймээс манай улсад эмэгтэй улстөрчдөө дэмжиж, оролцоог нь нэмэгдүүлэх туршлага, парламентад жендэрийн тэгш оролцоог хангах “шодоргос” хэрэгтэй байна.



Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.05.21
Кү Хара-г нас барсны дараа гэрт нь нэвтэрсэн хулгайчид юу тохиолдов?
3
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
2024 оны сонгуулын тухай таны заавал мэдэх ёстой 10 сонирхолтой баримт
2
2024.05.16
Авторын булан: Зүрх зоригтой эмэгтэй нэр дэвшигчдэд зориулав
3
2024.05.15
Том тойрог ба эмэгтэйчүүдэд халтай мөнгөний өрсөлдөөн
санал болгох
1
Өчигдөр
BTS хамтлагийн 11 жилийн ой өнөөдөр тохиож байна
2
3 өдрийн өмнө
ЭЕШ өгөх сурагчдын заавал унших үгс
3
4 өдрийн өмнө
Фото: Артист Shu Lea Cheang-ийн хязгаар давсан бүтээлүүд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.