Хайх зүйлээ бичнэ үү

42 мин

Хөрөг | Маэстро


Гэрийнхнээ сэрээчихэлгүй ор хөнжлөөс сэмээрхэн сугарч, угаалгын өрөөний хаалга хянамгай хаана. Шүд угаах чимээ гэж хүн сэрээх эд биш ч яг энэ үеэр, эсвэл түүнийг хоёр литрийн төмөр бидоноо аваад сүүнд гарах хаалганы дуунаар энэ гэрт шинэ өглөө ирдэг. Дэлгүүрийн гадаа шинэ сүү буухаас урьтан хүүхэд, хөгшид голдуу улс аль хэдийн дараалал үүсгэсэн байх агаад эрт ирэгсдийн дунд өндөр нуруутай, 40 шүргэх насны эр үргэлж зогсож харагдах нь содон. Энэ бол 1980-ад оны дунд буюу Зундуйн Хангалын уран бүтээлийн гурван арваны түүхийн сүүлчийн үе эхэлж байх цаг бөлгөө. Бага, залуу насаа Улаанбаатарын яг төвд өнгөрүүлж, энэ хотынхны сэтгэлгээг залалцаж яваа түүнийг хөгжмийн зохиолч болохоор нь хүндлэн үздэгийнх үү, ерөөс тэр үг дуу цөөтэй болохоор ч юм уу, сүүний найзууд танимхайрч сүйд болох нь барагтай. Гэтэл сүүнд явдаг хүүхэд, хөгшид бол түүний энэ амьдралаас хамгийн их ойлголцохыг хүсдэг хүмүүс билээ. Сүү өгч эхэлмэгц энэ хүртэл хоорондоо тоглоом наадам хийцгээн хөөрхөн байгаагүй юм шиг очерлогсод чихэлдэн түлхэлцэж гарна даа. Өндөр эр харин ч нэг түүртэхгүй саваа сарвайн урагш нэг түрэгдэж, хойш ч нэг түлхүүлсээр шинэхэн сүүтэй гэрээдээ алхана. З.Хангалын өглөө ингэж эхэлнэ. 

Харин түүний амьдралын түүх хэрхэн эхлэв?

“Бидний эцэг С.Зундуй одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хуучин нэршлээрээ Хяраан харуул гэдэг газар мэндэлсэн хүн. Дээд сургуульд элсэх чадвартай сурагчдыг бэлтгэх Рабфак буюу ажилчин залуусын сургуульд 1930 онд явсан анхны 75 монгол хүүхдээс 1934 онд төгсөж чадсан найман сурагчийн нэг юм. Нэг ангид байсан Ю.Цэдэнбалаа “Энэ чинь уг нь Цэдэнпил юм” гээд инээж байсансан. Тэнд аав олон эрдэмд шамдсаны дотор хөгжмийн ноот сурч, труба зэгсэн тоглоод сурчихаж л дээ. Нийтийн бүжигт трубагаа үлээгээд таван цаас олчихдог хүү явснаараа бахархана аа. Аав Украины Донбассын их сургуулийг Уул уурхайн инженер мэргэжлээр 1938 онд дүүргэсэн дээд боловсролтой анхны инженерүүдийн нэг шүү дээ. Рабфакт хамт сурсан, циркийг үндэслэгч Ж.Раднаабазартайгаа ойр байж  урлаг, уран сайхнаа ч мөн амжуулж явжээ. Аав бие даасан тоглолт хийж байсныг нь гэрчлэх афиша хадгалагдсаныг нүдээр үзсэн хүн над хэлсэн шүү хэмээн С.Зундуйн хүү, энэ найрууллын гол дүр З.Хангалын ах З.Байгал гуай (79) өгүүлэв. Эрхүүд малын эмчээр сураад ирсэн ч тухайн үед циркэд хөгжим тоглодог болоод тун удаагүй С.Гончигсумлааг авьяаслаг хөгжимчин гэдгийг аль Эрхүүд байх үеэс мэдэх, энэ залуу малын эмч биш хөгжмийн зохиолч болох ёстой хүн гэдэгт ихэд итгэдэг байв. Түүнийг улс Москва руу хөгжмийн дээд сургуульд явуулах ёстой шүү хэмээн С.Гончигсумлаагаа дагуулан Ю.Цэдэнбалтай уулзаж байсан гэдэг. 

1940 он юмсанж. Эх орондоо ирээд С.Зундуй МАХН-ын Төв хорооны аппаратад орж, Засгийн газрын орчин цагийн бүтэц дэх геологи, уул уурхайн салбарыг хариуцсан яам тамгын үндэс суурийг боловсронгуй, мэргэжлийн болгох чиглэлээр судалгаа, дүгнэлт дээр түлхүү ажиллаж байлаа. Нэг орой ажлаа тараад Зайсангийн гүүрээр өгсөн алхаж явтал сайн танилууд биш ч зүс мэдэх бүсгүйтэй таарав. Төв хорооны дарга нар баярын хүлээн авалтын зоогт эхнэрүүдтэйгээ ирэхэд энэ залуухан бүсгүйг МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Лувсаншаравын гэргий М.Даариймаа болохыг анх мэдсэн билээ. Тэгэхэд дээлнийхээ гадуур гоёлын жижиг булган нөмрөгтэй, суурь тавагт ээлж дараалан ирэх европ зоогоос яг ном ёсоор нь хүртэх бүсгүй Оросоос ирээд удаагүй байсан Зундуйд тун боловсон харагдаж. Харин энэ удаа бүсгүй уйлчихсан, учиргүй айчихсан явах аж. “Лувсаншаравыг сая бариад явлаа. Бас намайг гэрээс хөөлөө” 


Зайсан толгойн чанх өвөр дэх хоёр том дүнзэн байшингийн нэгэнд Д.Лувсаншаравынх амьдардаг байж. Одоо очих газаргүй болж. Даариймаа тулгар биетэй нь илт мэдэгдэхүйц ажээ. Түүнийг С.Зундуй гэртээ аваад харихаас өөр аргагүй. Бүсгүй тэднийд түр амьдрахдаа амаржиж, хүү мэндлэв. Ааваас нь л даанч сураггүй. Д.Лувсаншарав бол 1930 онд Х.Чойбалсаныг барууны үзэлтэн хэмээгдэн улс төрөөс шахагдаж, архи уун өдөр хоног төөрүүлж явахад дотно нөхөрлөсөн, 1931 оны эцсээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдоход нөлөө үзүүлсэн тухайн үеийнхээ нам төрд өөдөлж явсан нэгэн байв. Х.Чойбалсан тэднийхээр нөхрийн ёсоор айлчлан ирдэг шигээ л тэр баривчилгаа болохын яг урд орой ороод ирсэн нь энгийн л нэгэн уулзалтын төрхтэй. Тэр үдэш Лувсаншарав олон монгол сэхээтний амь нас үгүй болсон тухай, одоо ингээд зогсоох ёстой тухай ихэд нухацтай хэлж орхисныг, хариуд нь Х.Чойбалсан тоймтой хариу хэлээгүй ч сонсох ёстой зүйлээ сонсож байгаадаа их л итгэлтэй харагдсаныг Даариймаа ганцхан Зундуйд ярьж өгөв. Бүсгүй энэ түүхийг хожим төрөх үр хүүхдүүдээсээ ч мөн нуугаагүй юм. 

Даариймаа хүүдээ Найгал гэж нэр хайрлалаа. Ээж, хүү хоёрын ирээдүйн талаар удтал бодсон Зундуй хүүг нь өөрөөрөө овоглохоор шийдсэнээ хэлэхэд бүсгүй цааргалсангүй. Д.Лувсаншаравыг 1941 онд 32 настайд нь буудаж хөнөөсөн (50 гаруй жилийн дараа цагаатгах болно) гэх мэдээ ирсэн бөгөөд С.Зундуйг МАХН Увс аймгийн Тариалан суманд томилон ажиллуулжээ. Зундуй, Даариймаа нар ийнхүү хувь тавилан холбож, таван хүү, хоёр охины эцэг эх болсон юм. Зундуйн Найгал тамирчин, Цэцэгээ эдийн засагч, Эрдэнэбилэг Монголын анхны мэргэжлийн төгөлдөр хуурчдын нэг төдийгүй анхны эрэгтэй төгөлдөр хуурч, Байгал барилгын инженер, Хангал Төрийн шагналт хөгжмийн зохиолч, Оюун хийлч, хөгжмийн онолч, “Улаан бүч” хүүхдийн найрал дууны ансамблийг үүсгэн байгуулагч, Зундарь хөгжмийн зохиолч. Хожим том охин Цэцэгээгийн хоёр хүүхэд Зундуйгаар овоглон өвөөгийнхөө голомтод өссөнөөр тэднийхийг есөн хүүхэдтэй гэх нь бий. Энэ гэр бүлээс төрсөн хоёр хөгжмийн зохиолч Хангал (1948-1996), Зундарь (1952-1998) нарын нэрс Монгол Улсын түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэн үлдэж, туурвисан бүтээлүүд нь хөгжмийн ертөнцийг эргүүлсэн шинэ илч гэрлийг түгээн авьяас билэгтнүүдийг араасаа дагуулсан билээ. Монголын ХХ зууны эстрадын шилдэг 25 дуу шалгаруулахад ах дүү хоёрын хөгжмийг нь бичсэн “Аяны шувууд”, “Сэтгэлийн жигүүр” дуунууд зуузай холбон тэргүүлсэн нь Улаанбаатарын үе үеийн залуу нас нэгэн цэгт учрах шиг баяр бахдал байлаа. 

“Аавыг Налайхын уурхайн даргаар ажиллаж байх 1952 онд хилс хэргээр баривчилсан юм. Тэр үед ч ээжийг “эсэргүү Лувсаншаравын авгай” гэх шивэр авир яриа хараахан тасраагүй цаг байж. Долоон хүүхэдтэй, хамгийн бага Зундарь нялхаараа учраас ээж ажилгүй. Амьдрах нөхцөл тасарч Улаанбаатар руу нүүн айлын хашаанд буугаад хамаг дээл хувцас, ээмэг бөгжөө зарж хоол хүнсээ залгуулан зургаан сар болж байтал аавын хэргийг хэрэгсэхгүй болгон сулласан гэдэг. Аав удалгүй Д.Майдар сайдын реферэнтээр ажиллаж эхэлсэн”.  

С.Зундуйнх тэр цагтаа Хүүхдийн дэлгүүр байгаад хожим Эрэгтэйчүүдийн барааны болсон дэлгүүртэй байрны гуравдугаар давхрын орон сууцанд төвхнөхөд доод давхарт нь эртний танил Л.Мөрдорж хөгжмийн зохиолчийнх амьдарч байв. Хоёр эр 20 гаруй жилийн өмнөөс төв театрын хүрээлэлд хөгжмөөр танилцсан, болоо ч үгүй Зундуй нь Мөрдорждоо ая дууг тэмдэглэн ноотолж бичих арга ухаанд суралцахынх нь урдхан анхны ноотыг нь зааж явсан түүхтэй хоёр аж. “Өнөөхийндөө л сууж байгаа. Хоол болчихлоо, аавыгаа дууд” гэж ээжийг хэлэхэд нь би Мөрдөрж гуайнхаар ортол аав тэр хоёр нэг мандолинаар ээлжилж тоглоод, үзэлцээд ч байх шиг догь сууж байсныг мартдаггүй юм”.

“Бидний ээж Махбалын Даариймаа “Миний өвөг дээдсүүд Жанжин Чойрынхон л доо” гэнэ. Тэр нь одоогийн нэршлээр Говьсүмбэр аймгийн нутагт байсан Зүүн жанжин Чойрын хийд орчмын газрыг хэлж байсан хэрэг. Ээжийн маань өвөг эцэг тайж угсаатай, хөрөнгө чинээ ихтэй айл байгаад өөрийнхөө үед үгүйрч, хүүхдүүдээ боломжийн амьдралтай ах дүүстээ үрчлүүлж, хамгийн бага Лхам охиноо аваад хүрээ бараадан суурьшсан гэдэг. Тэр Лхам бол бидний эмээ бөгөөд наймдугаар Богдын гутал, хувцаст хатгамал хийдэг уран эмэгтэй явжээ. Ээж бичиг үсэгт эрт тайлагдсан, шанз, мандолин хөгжим сайхан тоглодог, төрх байдлаараа ч Улаанбаатарын ганган бүсгүйчүүдийн нэг байж. Аавын дүү урьд хожид хараагүй гоё бүсгүйтэй Өндөр хоршооны урд таараад, мэлэрч дагасаар, тогтоол ус туулсаар нэг мэдэхэд шар дэлгүүр орчихсон гэдэг. Хэдэн жилийн дараа тэр гоё бүсгүй Зундуй ахынх нь гэргий, өөрийнх нь бэр эгч болсон. Ээж минь гойд амгалан зантай. Биднийг гаднаас найзуудаа дагуулаад ороод ирэхэд ээж зориулж хоол хийж өгөөд бүгдэд хүртээнэ. Хүүхэд гэхгүй танилцаж, нэрийг нь тогтоочихсон байна. Дараа ирэхэд нь “Манай тэр...” гээд л угтан авна. Аав ямар үг хэлэх биш. Долоон хүүхэдтэйгээ гэртээ дуулж, хөгжимдөж, тоглоом наргиан үүсгэнэ. Тухайн үеийн Гадаад явдлын яаманд нэг концерт болоод манай гэр бүлээс Эрдэнэбилэг ах төгөлдөр хуур, би контрбас, Хангал саксофон тоглоход Ю.Цэдэнбал дарга дахиулж билээ. Бид ном уншиж, хөгжим тоглож, спортоор хичээллэж хүүхэд насаа тун зугаатай өнгөрүүлсэн” хэмээн З.Байгаль дурсана. 

З.Хангалын дүү З.Оюун (73) “1959 оны арванхоёрдугаар сарын 31-нд манайх 40 мянгатад ашиглалтад орсон анхны байранд нүүж орлоо. Ах, эгч нарын ангийн найзууд эд хогшлоос зөөлцөөд л, ээж бид хоёр амьд гацуур чимэглэж зогсох дүр зураг нүдэнд хадагджээ. Хятад тогооч ирж хоол, амттан бэлдээд л. Аавын тархинд цус харвачихсан, бие нь барагтайхан байх үе л дээ. Гэхдээ 1960 оныг угтсан тэр шинэ жилийн баярыг мартах аргагүй. Ээж минь амьдралыг тансаг, танхил болгож чаддаг жир бус хүн байсан юм. Биднийг өөрийн гараар оёсон хөөрхөн загвартай хувцсаар ижилсүүлнэ. Нэг өглөө л бүгдэд маань усан цэргийн загвартай цамц, даашинз оёод тавьчихсан сэрээнэ. Манай Байгаль ах спортын гимнастикийн улсын шигшээ багийн тамирчин хүүхэд байлаа. Тэмцээнийг нь үзэхээр явахдаа бүх хүүхдээ дагуулна. Кинонд явсан ч бүгд цуглахыг хүлээж байгаад бөөнөөрөө үзнэ. Ёстой л нөгөө дэгдээхэйгээ дагуулсан дэнжийн цэнхэр тогоруу шиг. Ээж минь хэд хэдэн дууны шүлэг бичсэн. Бага дүү З.Зундарь ээжийн хэд хэдэн шүлэгт ая хийсэн. Түүнээс өмнө ч хөгжмийн зохиолчид шүлгийг нь аваад аялгуу хийсэн нь бий. Эцэг өвгөд, ээж аавынхаа амьдралын түүхэнд тулгуурлан “Тал зоос” баримтат уран сайхны туужаа 1970-аад оны сүүлээр уйгаржин монголоор бичиж, хожим радиогийн сэтгүүлч болсон Б.Төмөрхүүг 15 настай байхад нь эх бичвэрээ дуудаж өгч кирил рүү машинаар цохиулж авснаа хадгалж байгаад 2002 онд насан эцэс болохынхоо өмнөхөн хэвлүүлж билээ. “Миний ээж Лхамыг улс амьтан Богдын бойпорчин гэлцэхийг сонсож өссөн. Тэгээд энэ үгийн учрыг Бямбын Рэнчин гуайтай уулзахдаа асуухад “Мастер л гэж мэд” гэсэн шүү” хэмээн ээж минь дурсдагсан. Ээж их сайхан найзуудтай. Шинээр нүүж ирсэн гэрийн маань дээд талын давхарт ээжийн найз гавьяат жүжигчин, шанзчин С.Базаррагчаа эгчийнх сууна. Ардын жүжигчин, Төрийн шагналт шанзчин Ц.Дашдулам, зохиолч Д.Цэвэгмидийн гэргий Долгорсүрэн нар манайхаар зочилж, ээжтэй хамт шанз тоглоно. Тэд ээжийг минь шанз тоглоход “Яг л хүрээ маягаар өвөрмөц цохидог” гэж магтдагсан. Ээжийн найзууд бие биеийнхээрээ зочлохдоо гарынхаа дарс, варенье, жигнэмэг ч юм уу бэлэг сэлтээ өөрсдөө бэлдэж очдог уламжлалтай байж билээ. Ерөөс манай эцэг эхийн амьдралын хэв маягт европ соёл шингэсэн байлаа” хэмээн хүүрнэв.

***

Түүнийг 14 нас хүрдэг жил аав нь таалал төгсөв. Ээждээ туслахуйц цалин орлогод хүрсэн хүүхдүүд энэ гэрт байсан нь дөнгөж хувийн амьдрал зохиоцгоож, эсвэл их сургуулийн оюутан болцгоосон үе. Аавын эзгүй гэрт ээж нь жаахан орлогоо бүгдэд хүргэхээр хичээж байгааг Хангал харж байлаа. “Би долдугаар ангиа төгсөнө. Үргэлжлүүлж дунд сургуульд сурахгүй” гэх шийдвэрийг 15 настай Хангал өөрөө гаргажээ. Хүүхдүүдийнхээ шийдвэртэй тэрсэлддэггүй ээжид нь хэлэх үг байсангүй. “Миний хүү тэгээд яах билээ” гэхэд “Барилгачдын соёлын ордонд хөгжимчин авах зар наасан байна лээ. Би тэнд очиж ажиллана” гэж хүү яг аав шигээ эрсхэн дуугарав. 

З.Хангал хүү үргэлж хөгжим хангинаж байдаг, бүгд ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглож сурсан гэр бүлд өссөн ч тэр спортод илүү сонирхолтой, теннис сайн тоглодог, бокс гэж хачин сайхан зүйлтэй ч учирчихсан, боксоор явбал ч явчих санаатай ер нь л спортод дурласан хүү байлаа. Олон таван үггүй, таалагдахгүй бол дэлсээд унагачихдаг, гэхдээ шударга зантай түүнийг үеийн хөвгүүдийн зарим нь бахархана, зарим нь хүндэлнэ, зарим нь айна. Бүр түүнийг “атаман” гэж үзнэ. “Гэхдээ Хангал атаман болохын тулд, бусдыг айлгах гэж биш, зүгээр л өөрийнхөөрөө байхыг хүсдэг зоргоороо хүүхэд байсан гэвэл үнэнд илүү нийцнэ. Манай Зундарь ч тийм л хүүхэд байсан, түүнийг атаман, хулиган гэцгээх нь бий ч би дүү нараа мэдэхийн хувьд тэдэнд дээрэнгүй, шударга бус зан чанар байгаагүй. Таалагдаж байгаа, эс таалагдаж байгааг л бусдаас ил шулуун илэрхийлчихдэг эрчүүд явсан” гэж З.Байгаль тайлбарлав. “Хэлснээрээ л хийдэг хойно бөмбөрчин боллоо. Хангал нэг орой ажлаасаа цус болчихсон ирсэн. Хутгалуулчихаж. Азаар гайгүй өнгөрсөн. Барилгачдын соёлын ордонд өмнө нь бөмбөрчнөөр ажиллаж байсан залуу Хангалыг өөрийнх нь хөгжмийн ард суухыг хараад уурандаа тэгсэн хэрэг. Бид цагдаад мэдэгдэх гэтэл Хангал дургүйцээд болиулсан. “Тэр бөмбөртөө дуртай залуу юм билээ. Би түүнийг ойлгож байна, бас өрөвдөж байна” гэж билээ”. Хожим З.Хангал “Би хөгжимчин, эсвэл хөгжмийн зохиолч болно гэж огт бодож байгаагүй. Гэхдээ соёлын ордны хэдэн хөгжимчин, хэдэн багш нар ирээдүйд намайг сонгодог урлагтай холбогдоход нөлөөлсөн” хэмээн өгүүлжээ. 

***

Өглөөний цай бэлтгэн эхнэр, хүүхдээ ажилд нь гаргаад түүний ажил эхэлнэ. Гэрийн доторх эмх цэгц алдагдсан бол юун түрүүнд хогоо шүүрдэж, шалаа угаана. Тавилгад тоос тогтохыг үзэхгүй. Эхлээд нойтон, дараа нь хуурай алчуураар зүлгэнэ. Ноолж л хэвтдэг буйдангийн бүтээлгээ өөгүй болтол тэнийлгэнэ. Ширээ ялимгүй цэгцгүй байвал түүний хувьд ард нь суухаас татгалзах том шалтгаан болдог. За, харин одоо...хөгжмийн зохиолч Зундуйн Хангал яг одоо ажлаа хийж байна. Өрөөнөөс өрөө дамжин холхих, толгойгоо салаавчлан буйдан дээрээ яг сайхан хэвтэх цаг. Нүдээ аньж, нүдээ нээж, адар ширтэж, гараараа эрүүгээ шөргөөж, чимхэлж, эсвэл дагзандаа зөрүүлэн салаавчилсаар нэг л мэдэхэд үдэш хэдийн өнгөрсөн, эхнэр нь оройн тоглолтоо дуусган орж ирнэ. 

“Би Хангалыг хөгжим зохиож байна гэчхээд хэвтэж өнжихийг хараад гайхсан. “Ингэж хөгжим зохиодог юм уу” гэж нэгэнтээ асуухад “Чи минь дээ, хэзээ нэг хөгжмийн зохиолчийн эхнэр болох хүн бэ” гээд нэг их хөхөрсөн сөн. Төгөлдөр хуурынхаа ард суухгүй, бүр ганц ч товшиж үзэхгүй. Энэ нь надад их гайхмаар санагдана. Би залуудаа гэртээ ч өндөр өсгийт өмсдөг байсан юм. Харин түүнийг хөгжмөө бодож эхлэхийг нь хэлүүлэлтгүй мэдрэх болсон тэр цагаас тайлсан. Яг ажиллаж байхтай нь таарвал өлмий дээрээ явна. Бүр юм асуухгүйг хичээнэ. Хөгжмийн зохиолчид бүтээлээ хэрхэн туурвидаг талаар хожим сонирхоход янз бүр байна шүү дээ. Манай Хангалын онцлог гэвэл, тэр эхлээд их удаан боддог байсан. Буйдан дээрээ хэвтээд л байна, хааяахан холхино. Хэдэн өдөр шөнө бодно, төвлөрнө. Их хүнд байх шиг харагдана. Тэгж тэгж шөнөөр сууж бичнэ. Олон шөнө бичнэ. Толгойдоо бодож боловсруулж дуусаад шууд ноотлодог. Ингэхдээ долоовор хуруугаа антен шиг дээш нь сунгачихна. Төгөлдөр хуур дээрээ тоглож үзэхгүй шахам ноотлох явцдаа бүтээлээ улам чамбайруулсаар дуусгадаг. Долоовор хуруугаа гозойлгочхоод л бичээд байна. Харахаар тэр хуруу нь өхөөрдмөөр санагдана. Толгой дотроо хөгжмийн зэмсэг тус бүр яаж эгшиглэхийг нэгбүрчлэн зохиомжлон бодоод, тэгээд бүгдийг зэрэгцүүлэн дуугаргаж найрал болгож сонсоно гэдэг юу болохыг төсөөлөөд үзэхээр өмнөөс нь халширмаар. Ингэж нэг зохиол дуусгахад тэр эмнэлэгт очиж байж эргэж тэнхэрдэг байсан. Хөгжмийн том хэмжээний бүтээл туурвина гэдэг оюун тархины эд эсээ цуцааж, эрч хүчээ тултал шавхдаг ажил юм билээ” хэмээн З.Хангал агсаны гэргий, дэлхийн циркийн урлагийн нэгэн үеийн од, БНМАУ-ын гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэг өгүүлэв.   

-Би чамайг танина.

-Би чамайг танихгүй.

-Би чамайг сургууль дээр олон харсан.

-Би 23-т сурахаа больсон л доо. 

-Мэднэ ээ... 

Тэд хоёул яг 16-тай. Өмнө нь дунд сургуулийн зэргэлдээ ангид суралцаж байсан ч одоо уран нугараач, агаарын гимнастикч болсон охинтой З.Хангал Циркийн (хуучин) хашаан дотор эв хавгүй ч гэлээ яриа өдсөн 1964 оны зун цаг. Долдугаар ангиа төгсөх хавраас Барилгачдын соёлын ордны дагшаа найралд хөгжимчнөөр ажиллаж, гитар, бөмбөр, төгөлдөр хуур тоглох болоод удаагүй үе. Хэн залуухан, хэн сайхан тэр бүхэн бүчин цугладаг Барилгачдын соёлын ордон Улаанбаатарын хамгийн сэтгэл татам газар болжээ. Дурлалт хосуудын болзоо, нийтийн бүжиг, твист, хөнгөн хөгжмийн хамтлаг, ерөөс цоо шинэ 1964 он, залуу нас, хонгорхон инээд яахин үл алдарших. Хангал ч мөн адил. Улаанбаатарын дуу хөгжимд дурлагсад, 40, 50 мянгатад амьдардаг сэхээтэн гэр бүлүүдийн дунд хэдийнээс хүндтэй хүмүүсийн золбоотой хөвгүүн явсан түүнийг Төв шуудангийн өөдөөс харсан “генералуудын” гэгддэг байран дахь гэр, цирк хоёроос хальж хазайх завгүй Ягаанцэцэг охин л танихгүй гэх нь содон.  

Оркестрыг нь сонирхон орж гарч явдаг хөгжим тоглодог залуусын хамт Хангал ч мөн циркээр очдог байлаа. Нэг удаа гимнастикийн купальниктай галбирлаг охин фойед уран нугаралтын үзүүлбэр бэлтгэж байхтай таарч орхив. “Хангал тэгэхэд хажуугаар зөрөхдөө миний царай руу харахад бид яг харц тулгарчихсан юм гэсэн. Би тэгж сүрхий харц тулгарснаа санадаггүй. “Чи над руу хөөрхөн инэээсэн” гэдэг юм. Би инээсэн нь үнэн байх аа. Хангалын залуу насыг одоо хүнд хэлж өгье гэхэд төсөөлөхийн аргагүй гоё хүү байлаа гэхээс өөр таарах зүйрлэл олдохгүй байна. Их урт хөлтэй, том алаг нүдтэй царайлаг хүү байсан. Бид удалгүй үерхдэг болсон юм”. Хангал хайр дурлалтай учирчээ. Сэтгэлдээ үргэлж эгшигтэй явсан ч энэ удаагийнх шиг эгшиглэсэн билүү? 

-Ягаан аа, би ая зохионо.

-Тийм үү. Хүн ер нь яаж хөгжим зохиодог юм бол гэж би их боддог?

-Хүн дурлахаар сэтгэл нь эгшиглэдэг болохоор тэр шүү дээ. Би чамд...зориулж... удахгүй гоё аялгуу сонсгоно оо.

Ажлынхаа хажуугаар Барилгачдын соёлын ордон, зэргэлдээх Пионерын ордонд байгуулагдсан гитарын дугуйлангуудад багшилж, хөгжимчний цалингаа ээждээ, дугуйлангийн багшийн урамшууллаа өөртөө үлдээдэг том хүн болж эхлэв. Найзуудынхаа хувьд амралтын өдрүүдэд нэгнийдээ, орцондоо дуулж хөгжимддөг, теннис тоглодог байрны анд хэвээр л байв. 

Гитар үүрсэн ганган хархүү хавар, зун, намрын үдшээр 1-р 40 мянгатын 23-р байрны 10 тоотод байх гэрээсээ урагш хэдхэн алхаад л “Ард”-ын үүдэнд хүрнэ. 1965 он бол одоогийн Занабазарын музейн баруун урд байрлаж асан Монголын анхны кинотеатр “Ард”-ыг өнөөгийн буй байршилд нүүлгэн цоо шинэ уран барилгад дахин нээж, гоёмсог усан оргилуурт цэцэрлэгтэйгээр цогц бүтээсэн нь Улаанбаатарт хотын соёл бүрэлдэн бий болох үйл явцыг сануулсан түүхт нэгээхэн тоолол билээ. 40, 50 мянгатын залуус гитартай нь гитараа бариад, гитаргүй нь зүгээр л цуглаж сурсан дотно орчин “Ард” болж байлаа. Киноны сүүлчийн үзвэрүүд тарж, айлууд гэрлээ унтрааж, шугамын автобус зогсон хотын хөдөлгөөн нам гүмсэхэд энд гэрэлтэх дэнлүүдийн чанх дороос гитарын аялгуу, хайрын дуу намуухан цуурайтаж, ойр хавийн сэтгэлийг гэгэлзүүлнэ. Залуу хүмүүс ганц нэгээрээ нэмэгдэж ирсээр “Ард”-ын урд хөөрхөн хөлтэй “концерт” үүсэж орхино. Зарлалгүй, хар аяндаа болдог эл цугларалтад 50 мянгатаас Москвагийн ОУХДС-ийн оюутан Хурлатын Төмөр хэмээх Хангалаас 4 насаар ах залуу нэгдэх болсон бөгөөд голдуу л орос, англи хэлээр дуулна. Х.Төмөрийн хоолойн өнгө, дуулах хэв маяг хөгжмийн шинэ урсгалд зөнгөөрөө тэмүүлж явсан З.Хангалд тун их таалагдаж байлаа. Тэд пянз, “Битлз”, стилиэрээ яах аргагүй нэг тал болсон юм. 

З.Хангал өөрийн зохиосон анхны дуу, 25 жилийн дараа түүнийг Төрийн шагналд дэвшүүлэх бүтээлүүдийн нэг болох “Аяны шувууд”-аа ийм нэгэн үдшээр “Ард”-ын усан оргилуурт талбайн голд гитардан дуулж, “дошны” андууддаа сонсгосон түүхтэй. Урлагийн ажилтнууд 1966 оны арванхоёрдугаар сард шинэ жилээ тэмдэглэхэд З.Хангал төгөлдөр хуур, Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш О.Бэгз хийл тоглож, Х.Төмөр дуулж, Д.Дашдондогийн шүлэг “Аяны шувууд” дуу тайзнаа анх дуурссан нь мөн л энэ дууны цаглабартай холбогдох түүхэн баримт болдог. 

“Шанхайн хөгжмийн сургуулийг төгөлдөр хуурчаар төгссөн Эрдэнэбилэг ахад театраас төгөлдөр хуур гэрт нь тавьж өглөө. Ах сургуулилалтаа хийхдээ нөгөө төгөлдөр хуураа бидэнд ч бас заасан юм. Хангал шууд л таван хуруугаараа тоглоход суралцаж эхэлсэн. Манайх зургаан утастай гитартай болов. Хангал бид хоёр Эрдэнэбилэг ахын Шанхайгаас явуулсан нооттой номоор гитар сурчихсан. Манай гэр бол 1960-аад оны дундуур “Битлз”-ийн пянз эгшиглэсэн анхны монгол айлуудын нэг. “Битлз”-ээс сонсогддог тэр гижиг хүрэм нарийн өнгөнүүдийг Хангал зөвхөн чихээрээ сонсож, гараараа хөгжимдөхгүй, сэтгэлээрээ тоглодог байсан учраас гэрээр хөгжим сурахад зэрэг эхэлсэн намайг хол хаясан. Өглөө гарахад тоглож л байна, өдөр ирэхэд ч тоглож л байна. Хөгжмийн ямар ч албан ёсны боловсролгүй, дөнгөж 17 настай мөртлөө З.Хангал яаж “Аяны шувууд” шиг төгс мэргэжлийн дуу бичсэн юм бэ гэж гайхдаг хүмүүст хажууд нь байсан ахынх нь хувьд өгөх миний хариулт нэг иймэрхүү” гэж З.Байгаль өгүүлж байна. 

Доктор Б.Батжаргал 2012 онд хэвлүүлсэн “Америкт учирсан уран сайхан” номдоо З.Хангалын уран бүтээлийн хөргийг бичээд түүнийг “Монгол ая хөгийн хувьсгалч” хэмээн тодорхойлжээ. “Аяны шувууд” дууны аялгуу нь үндсэн хөгжмийн ми, соль, ля, си, ре гэсэн тавхан эгшигт тулгуурлан бүтсэн учраас монгол болж, монгол хүний чихэнд наалдацтай, сонсголонтой байгаа юм... Бүтцийн хувьд бадаг ба дахилт нь найман айзамт өрнийн сонгодог хөгжмийн онолд суурилсан байна. Аялгууны үндэс нь монгол хэв маягтай, харин бүтцийн загвар өрнийн онолд дулдуйджээ”. Монгол хэл сурч буй гадаад оюутнууд дуугаар дамжуулан монгол үгийн сангаа баяжуулахын тулд дуу сурахдаа заавал “Аяны шувууд” дууг сонгодог, дуулах дуртай байдаг нь ийм учиртай аж. 

Монголын сонгодог хөгжмийн “тулгын гурван чулуу” хэмээгддэг С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын анхаарлыг Хангал тэдэнтэй танил явсан эцгийнхээ нэрээр татна гэдэг түүн шиг өөртөө итгэлтэй, эрс шулуухан омголон залуу хүнд тун ичгэвтэр арга билээ. Тэгэх гэж оролдох талаар бодох ч үгүй. Энэ бол түүний, Улаанбаатар хотын араншин юм. Харин Барилгачдын соёлын ордны хөгжимчин Хангал гээч хүүг С.Гончигсумлаа өөрөө сонирхож уулзахдаа түүнийг Хөгжим бүжгийн дунд сургуульд ассистент багшаар шилжүүлэхээр хөөцөлджээ. Ийнхүү “Ард”-ын талбайгаас гарсан З.Хангал 1966 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд концертмэйстр багшаар ажиллаж эхэлсэн нь академик замналд сонирхон дурлах, хожмын түүхэнд маэстро болж гялалзах эргэлтийн цэг нь болов. 


Тэр жилээс ХБДуС дэргэдээ багш нараас бүрдсэн дагшаа найрал хөгжмийн хамтлаг байгуулж, дөнгөж шинээр орж ирсэн З.Хангалаар багш нарын хамтлагийг удирдуулахаар даалгав. З.Хангал бэргэж түвдсэн ч үгүй, шууд л шинэ ажлын хажуугаарх хүсэл соронзодсон ажилдаа өөриймсгөөр яваад орчихлоо. Эрдмийн хүрээлэн дотроос шид олборло гэсэнтэй адил таатай даалгавар байж. Багш нар ч түүнийг “мэргэжлийн сургуулийн боловсролгүй” гэж хажиглалгүй хамтрахад бэлэн болжээ. Тэгж байтал урьдын танил Х.Төмөр ХБДуС-д 1968 оноос орос багш нарын орчуулагчаар хүрээд ирэх нь тэр. Ингээд З.Хангал “Аяны шувууд”-ынхаа араас зохиосон “Сарнай цэцэг”, “Нарт тэнгэрийн дор”, “Дурлалын хишиг”, “Өвлийн үдэш”, “Шинэ оны уянга”, “Москва минь сайн байна уу” дуунуудаа Х.Төмөрөөр дуулуулж, өөрөө төгөлдөр хуур, ХБДуС-ийн багш нарын дагшаа найрлаас цохивор хөгжмийн багш Ц.Баяндалай бөмбөр, контробассын ассистент багш Сосорбарам басс, О.Бэгз, З.Алимаа нарын зургаан багш хийл, 1964 онд бөмбөр зааж нөхөрлөсөн С.Баатарсүх нь тэдэн дээр нэмэгдэн ирж гитар тоглон Монголын радиод нэг шөнийн дотор л бичүүлж орхив. Эдгээр дуу тэр шөнийн дараахнаас Монгол орон даяар радиогоор түгэж, хот суурингууд, хөдөөгийн уудамд хөнгөн хөгжмийн шинэ урсгалыг танилцуулж үлэмж алдаршсан юм. 

З.Хангалыг эстрад төдийгүй кино урлагийн мэргэжилтнүүд сонирхож эхэлсэн байна. “Нийслэл хүү” киноны гол дүр Батхишигт тоглох хотын залууг хайж байхдаа кино багийнхан хамгийн түрүүнд З.Хангалд санал тавихаар гэрт нь иржээ. Өндөр, гоолиг биетэй, цэвэрхэн төрхтэй, янз донж хийгээд авир байдал, ер хаанаас нь ч харсан яг л нийслэл хүү мөн гэлцээд хаалгыг нь тогшив. Ээж нь үүдээ нээж, зочдыг гэртээ оруулан Хангалын хамт энэ саналыг сонсоод сууж байтал хүү нь шуртхийн босоод, гараад гүйчхэв. “Би хичээлээсээ тараад ирж явтал урдаас Хангай (Хангалын гэрийнх нь нэр) савхин хүрмээ гүйт дундаа өмсчихсөн хажуугаар үг сүггүй зөрлөө. Араас нь хүмүүс хөөж явах юм. Би бүр гайхаад гэртээ ортол ээж “Энэ Хангай хачин хүүхэд юм аа, киноны гол дүрээс зугтчихлаа” гэж инээсээр угтаж билээ” гэж З.Оюун хуучилсан. “Нийслэл хүү” дэлгэцэнд 1968 онд гарсан бөгөөд Хангай “Нөгөөх чинь бүр кинонд тоглохоо шахдаг байна шүү” гээд хөгжилтэй гэгч дурсдаг байжээ.  

З.Хангал 20 нас хүрэх 1968 он түүний амьдрал тод дурсгалаар дүүрэн жил байлаа. Хүү мэндэлж, аав болов. “Миний 18 насны төрсөн өдөр юм. Тэр үед гэр бүлийн баярыг гадуур хооллож тэмдэглэдэггүй байж. Манайхан нэгнийхээ төрсөн өдрөөр бүгд цуглаж баярладаг уламжлалтай. Ах эгч нар цуглачихсан, ээжийнхээ зассан ширээг тойрон хөгжилдөж гарлаа. Хөгжим тавьж бүжиглэлээ. Би тойргийн дунд орчихсон твист бүжиглэхэд “Оюун аа, Оюун аа, твист, твист” гэж тэд намайг дэмжээд л... Ягаанцэцэг том гэдэстэй, өнөө маргаашгүй төрөх дөхчихсөн тул ирээгүй юм. Тэгж байтал гэрийн утас дуугарч, Ягаан өвдөөд амаржихаар эмнэлэг явсныг бидэнд дуулгасан. Бид төрөх эмнэлэг рүү шуугилдан гарцгааж билээ”. 

Хангал, Ягаанцэцэг хоёр хүүгээ Булган гэж нэрлэлээ. Энэ хүү (1968-2004) хожим “Харанга”, “Соёл-Эрдэнэ” хамтлагт тоглож, “Гэгээ”, “Зүүд”, Зэрэглээ”, “Ганцаардал” зэрэг олон дууны хөгжим зохионо. “52 см урт, 4.2 кг жинтэй хүүтэй боллоо” гэж эмч хэлэхэд л би ээж болсон доо. Циркийн жүжигчдэд хүүхэд гаргахгүй гэсэн хатуу нөхцөл тавигддаг юм. Би хүүгээ гэдсэнд долоон сартай болох хүртэл нуусан. Хангал бид хоёр манай аавынд айл боллоо. Манайхан Хангалд жигтэйхэн сайн, Хангал маань ч тун хурдан манай л нэг хүүхэд шиг дасаж орхисон. Өдөр бүр урьдынхаараа сургуулилж, тоглолт болгонд ороод явсан болохоор хүүхэд минь эрүүл саруул бойжиж байгаа, эсэхэд санаа зовж тээсэнсэн. Миний хүү аав ээж хоёртоо эв эрүүл хачин хөөрхөн хүүхэд хүрч ирсэн дээ. Цирк тэр үед намайг маш амжилттай яваа жүжигчний хувьд дахиад ойрхон маамуулчих вий хэмээн ихэд болгоомжилж, уран бүтээлээ улам чамбайруулахад анхаарах үүрэг өгч билээ. Циркээс надад өгсөн энэ үүрэгт Хангал минь ч их үнэнч хандсан. Намайг ажлаа хийх бүх бололцоогоор бүрэн хангасан хүн бол хань минь. 30 жил ханилахад дахиж хүүхэд гаргаж өгсөнгүй ч гэж байсангүй, бид хоёр ер нь урлагаас өөрийг бодолгүй амьдарсан юм шиг”.

З.Хангал мэргэжлийн хөгжмийн зохиолч болохоор 1969 онд 21 настайдаа ЗХУ-ын Алма-Атагийн Хөгжмийн дээд сургуульд элсэв. Энд нэг жил сурах хугацаанд тэр мөн л эгшиглэж байлаа. Хийл төгөлдөр хуурт зориулсан аялгуу, хийл төгөлдөр хуурт зориулсан прелюди прелюди №1, 2, 3, Прелюди №1, 2, “Залуус” хувилбар ая, “Түрүү магнай” прелюди бол нэгдүгээр курсынх нь ажлууд. Гэвч түүний зөн совин Алма-Атагаас явах, өөрийг нь ургуулах өөр орчинд орох төсөөлөл рүү чангааж байлаа. Уралын консерватор! Хангал Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд шилжин суралцахаар хөөцөлдсөн нь яг санаснаар нь бүтэв. Ингээд 1970 оны намар зорьсон сургуульдаа очиж 1975 онд Уралын консерваторыг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсжээ. З.Хангал Зөвлөлт Оросын урлагийн гавьяат зүтгэлтэн профессор Б.Д.Гибалинд шавилан өрнийн сонгодог хөгжмийн зохиомжид суралцаж, оюутан нь багшдаа үүнээс хойш монгол авьяас билгүүдтэй ажиллах хүслийг төрүүлжээ. Гибалин Хангалыг төгсмөгц “Монголоос оюутан байна уу” хэмээн өөрөө сураглаж байж 1975 онд шинэхэн монгол оюутанд багшилсан бөгөөд тэр нь хожмын Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав болохыг одоо бид мэдэх билээ. 

Уралын хөгжмийн дээд сургуульд очсон хоёр дахь жилээсээ З.Хангал оюутан гэхэд аль хэдийн мэргэжлийн хөгжмийн зохиолч шиг ажиллах болов. Үнэндээ зөвхөн суутнууд оюутан ахуйдаа алдарт бүтээлүүдээ бичиж эхэлсэн байдаг нь сонгодог хөгжмийн ертөнцийн бичигдээгүй хууль. Тэр 1972 онд гурван ангит Чавхдаст хөгжмийн дөрвөл №1 бүрэн хэмжээний зохиолоо бичиж дуусгасан даруйд Уралын консерваторын хүрээлэл анх чагналаа. Дэлбэрэх шахсан бачуурал, гэнэтхэн тайвшрал, бясалгал... мэдрэмжийн долгисуудыг З.Хангал хөгжмөөрөө илэрхийлжээ. “Монголчууд хөгжмийн зохиолчтой болжээ” гэж сонгодог хөгжмийн мэргэжилтнүүд дүгнэсэн нь Монгол ерөөс хөгжмийн зохиолчгүй гэсэн үг биш, шинэ хөгжмийн зохиолч төрснийг олзуурхан зарласан нэр төрийн хэрэг байлаа. “Чавхдаст хөгжмийн дөрвөл” бүтээлийг Свердловскийн хөгжимчдийн хөгжимдсөн соронзон бичлэгээс Монголын хөгжмийн мэргэжилтнүүд дам сонсож, тэр онд болсон Монголын хөгжмийн зохиолчдын хоёрдугаар их хурлын үеэр өөрийн тайзнаа дуурьсгасан байна. 

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров 1996 онд анх цөөн тоогоор хэвлүүлж, 2007 онд хоёр дахиа хэвлүүлсэн “Монгол хөгжмийн арван хоёр хөрөг” номоо XX зууны Монголын мэргэжлийн хөгжмийн тухай өөрийн бодол санаагаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг тухай бүр задлан шинжлэх замаар бичжээ. Тэдгээр 12 хөргийн нэг гол дүр Зундуйн Хангал бөгөөд Н.Жанцанноров гуайн З.Хангалын талаарх судалгаа, дүгнэлтээс энд эш татъя. “Монголын орчин цагийн хөгжим ардынхаа хөгжмийн аялгуунд тулгуурлан аялгуугаа эш татаж авах, эсвэл ардын дууны аялгын хүрээнд шинэ аялгуу зохиох, тэдгээрээр хөгжмийн гол махбод болгож боловсруулахдаа өрнө дахины их, бага (мажор, минор) хөгийн нэлээд энгийн бааз зохируулгад тулгуурлан агуулгаа илэрхийлдэг, энэ энгийн зохиролд өрнө дахины баяжуулгын хэрэгсэл (С.Гончигсумлаа), монгол хөгжмийн сэтгэлгээний онцлогтой (Л.Мөрдорж, Э.Чойдог) өвөрмөц зохиролжуулгын эд эс оруулж байсныг З.Хангал шинэ түвшинд гаргаж ирснээр Монголын орчин цагийн хөгжмийн зохиолын цоо шинэ үе чухам түүний туурвил “Чавхдаст хөгжмийн дөрвөл”-өөр эхэлсэн. Яагаад гэвэл, З.Хангал гармонизац буюу зохиролжуулга, уран илэрхийллийн хэрэглүүрээ орчин үеийн хөгжмийн уран сайхны хамгийн хамгийн сүүлийн арга чадварт тулгуурлаж, өөрийнхөө хурц авьяас, эмх цэгцтэй утга холболтын сэтгэлгээг илэрхийлж чадсанд оршино” гэжээ. 

Оюутан З.Хангалын удаах тэсрэлтийг нэг жилийн дараа хөгжмийн ертөнц угтан авав. 1973 онд бичсэн “Төгөлдөр хуур, найрал хөгжмийн концерт”-ыг Н.Жанцанноров “Монголын хөгжмийн зохиолчдын энэ төрлийн бүтээлүүдийн “алтан хараацай” нь хэмээв. “Төгөлдөр хуурын концерт гэдэг төрөл бол хөгжмийн зохиолчийн чадал эрдмийг дүүрэн шавхах төрөл болоод зогсохгүй, ерөөс чадал эрдэм хүрэлцэхгүй бол төгөлдөр хуурын концерт “концерт” болдоггүй жамтай, хэн хүн зориглодоггүй төрлийн нэг”.

З.Хангалыг 1975 онд эх орондоо ирэхэд түүний өмнө Монголын мэргэжлийн хөгжмийн шинэ үеийг эхлэх агуу их хувь заяа, басхүү асар их бэрхшээл хүлээн тосно. Өрнийн дуурьслыг өөрийн сэтгэлгээний онцлогоор эвдэж, цоо шинэ бүтээлүүдээ хийж эхэллээ. З.Хангал хөгжмийн янз бүрийн зэмсэгт зориулсан долоон концерт туурвиж, ая эгшгийн шинэ дуугаралт, жанрын эрэл хайгуулыг тууштай хийснээрээ өнөө хэр дахин давтагдашгүй үзүүлэлтэд тооцогдсоор байна. Ялангуяа 1970-аад оны дунд үе манай оркестрын чансаа бүрэн хэмжээний найрал хөгжмийн концерт тоглоход хараахан бэлэн бус ч идэвхтэй хөгжиж байсан үе юм.  


Ардын жүжигчин, төгөлдөр хуурч Тувааны Цолмон одоогоос 48 жилийн тэртээх намрыг дурсана. “Би Москвад хөгжмийн академи 1975 онд төгсөж, ХБДуС-д багшаар ороод тун удаагүй байсан үе. Ангид сууж байтал Хангал ороод ирсэн. Бид танилцаагүй ч Хангал хөгжмийн хүрээнд алдартай болчихсон байсан учраас түүнийг “Алив, Цолмоон над нэг юм тоглоод өгөөч” гэхэд нь өөрийн дуртай Дебюссийн зохиолоос тоглож өгсөн юм. Дараагийн удаа бас л орж ирээд тоглож өгөхийг хүснэ. Миний тоглож байгааг хараад зогсчихно, гар руу л хараад байна. Яагаад ингээд байгааг нь би огт ойлгохгүй ч илэрхий уран бүтээлч хандлагад нь цааргалах аргагүй. Тэгтэл тун удалгүй “Төгөлдөр хуур, яруу найрал хөгжмийн уран сэтгэмж”-ээ биччихсэн үзүүлж билээ. Хангал энэ хөгжмийнхөө төгсгөл хэсгийг зохиохдоо Клод Дебюссийн зүүн, баруун гарын хосолдог техникийг ашигласныг үзээд би гайхсан. Миний гарыг хараад байсан нь тийм учиртай байж. Тэр зохиолоо хэсэг тус бүрээр нь салангид харж, бодож бичдэг юм байна даа гэж би тэгэхэд бодож билээ”. 

Дэлхийн сонгодог урлагийн шилдгүүдийг эгшиглүүлдэг Большой театрын тайзнаа 1976 онд З.Хангалын концертыг төгөлдөр хуурч Т.Цолмон тоглосон тухай шүүмжийг тухайн цаг үеийн урлагийн амьдралын нөлөө бүхий хэвлэл “Советская культура” сэтгүүл нийтэлсэн байна. Энэ явдлаас хоёр жилийн дараа З.Хангал Д.Д.Шостаковичийн дурсгалд зориулж “Салхит шувуу” симфони найраглалаа дөнгөж дуусгаад мөн л Цолмонд соло тоглуулахаар өгөв. Цолмон энэ бүтээлийг Большой театрын тайзнаа тоглох завшаан гарч, түүний тоглохыг сонссон Оросын сонгодог урлагийн хүрээлэл монгол хөгжмийн зохиолч, хөгжимчин хоёрт гүн хүндэтгэл үзүүлжээ. “З.Хангал төгөлдөр хуурын хоёрдугаар концертоо надад зориулж бичсэн. Энэ бол 1981 он юм”. Хөгжмийн зохиолч өөрийн хэлэх гэсэн өгүүлбэр бүрийг илчлэн мэдрүүлж тоглохыг Т.Цолмонгоор төгс хийлгэж чаджээ. З.Хангалд чухам яг ийм тоглооч байж гэмээнэ, түүний алдарт төгөлдөр хуурын хоёрдугаар концерт яг цагтаа мэндэлсэн хэрэг байлаа. Тэд Монголын сонгодог хөгжимд нэг нь нөгөөгөө өсгөсөн гайхамшигтай хослолын жишээ болсон юм. “Орчин үеийн хөгжмийн бичвэрийг хайж олсон хүн. Том нүдээрээ хүн рүү тогтож, их хянамгай хардаг. Байр байдал нь ихэмсэг хүн шүү дээ. Хангал өөрийгөө мэддэг, үнэ цэнээ бүр маш сайн мэддэг хүн байсан. Их авьяастай хүн ганцаардмал шинжтэй байдаг. Ганцаардаж байж тэр том зохиолуудаа туурвидаг байх л даа. Хангал үнэхээр сод хөгжмийн зохиолч байж гэж одоо бүр их мэдэрч байна. Түүний зохиолуудын санаа маш тодорхой, асар хүчтэй хэмнэл, булгилсан их эрчимтэй. Бас хүний дотоод сэтгэлийн уянга, гуниг, энэлэн бүгд байдаг. Хангалын мөн чанар миний шавь нараар дамжин дэлхий даяар цацагдсаар байгаасай” 


Н.Жанцанноров “Хангалын хоёрдугаар концерт бол түүний ертөнцийг соёрхох, нягтлан үзэх, дүгнэн цэгнэх бүхэл бүтэн цогц болжээ. Концерт эхлэхдээ Хангалын сэтгэлгээний нэг онцгой хэлбэр болсон эрэгцүүлэл, сэтгэл тогтон барих бясалгал, бодол санаагаа хөдөлгөөн хөгжилтэй олон зүйлд алдруулахгүй хураан барьж цэгнэн үзэх, өнгөрсөн одоо ирээдүйн аль ч талд зогсохгүйгээр зайлан хөндийрч ганцаараа ухан сэтгэх үйлдлээр эхэлдэг. Гол хэсэг рүү ормогц барьж тавихын аргагүй их хүчээр гоцлол нь ч, найрал хөгжим ч шуурч туйлдаа хүрээд дахин доороос эхэлдэг зохиомж болон хувирдаг. Дунд хэсэгт морин хуурын татлагын хэмнэл аялга тэр чигээрээ төгөлдөр хуурт буугаад цааш өргөжин тэлдэг. Морин хуурын энэ татлага нь зохиолын гол “судас” биш, хөгжүүлэх “далим” юм. Морин хуурынхаа энэ татлагыг төгөлдөр хуураар татаж, найрал хөгжмийн сүүлийн үеийн дэлхийн хөгжмийн ололтын хэрэгслээр хучиж баяжуулдаг. Ингэж морин хуурын татлагаар дэвсгэр хийсэн найрал хөгжим, дуурьсал, зохирлын хувьд өрнө дахины хөгжим биш харин монгол хөгжмийн сэтгэлгээний баяжуулалт болсон юм...” хэмээн бичжээ.   

Монгол Улсын консерваторын цохивор хөгжмийн гавьяат багш, Цохивор хөгжмийн чуулгыг үндэслэн байгуулагч,дэд профессор Б.Зоригт бол 1985 онд Алма-Атагийн хөгжмийн дээд сургууль төгсөж ирсэн цохивор хөгжмөөр мэргэшсэн Монголын анхны дээд мэргэжилтэн. З.Хангал өөрөө бөмбөрчин байсан учраас цохивор хөгжмийн сайхныг нарийн мэдэрдэг байлаа. Б.Зоригтыг төгсөж ирэхэд олзуурхан, цохивор хөгжим онцгой үүрэгтэй оролцдог “Салхит шувуу” симфони найраглалдаа тоглуулав. “1987 онд “Алив бүжиглэцгээе” гэж төгөлдөр хуур, цохилуур хөгжимд зориулсан концертын удиртгалаа над аваад ирдэг юм . “Энэ миний эх, хуулаад ав” гээд л. Хангалын нотны гар бичмэл гэж яг л сийлчихсэн мэт гоё юм байдагсан. 

Миний харсан Хангал бол 40 шүргэх насны өндөр, бага зэрэг бөгтөр нуруутай, өтгөн үстэй эр. Ихэмсэг, бас их ёжтой. Харилцаанд маш мэдрэмжтэй. Таалагдсан хүнтэйгээ их энгийн. Ялануяа хүүхэд, настанд дотно. Эмэгтэйчүүдэд зөөлөн. Энэ хүнийг дэргэдээс нь хараад Монголын хөгжмийг дэлхий дахинд таниулах бүтээл туурвиж байна гэдгийг нь шууд мэдсэн гэвэл худлаа. Хүн ер нь суу билэгтнийг харж байгаагаа мэддэггүй байх. Харин С.Гончигсумлаа гуай “Хангал аа, чи суутан болно” гэж мэдээж хэлээгүй ч сайн мэдэж байж дээ гэж би одоо тэдний нөхөрлөл, хамтралын учрыг боддог юм. Академик театрын удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Намсрайжав тэр хоёр насны зөрүүтэй ч уран бүтээлийн үй зайгүй нөхөрлөлөөрөө Монголын сонгодог хөгжмийн түүхэн цаг үеийн бүтээсэн хүмүүс”. 

Хангалын хувьд Эрдэнэбилэг ахад нь улсаас тавьж өгснөөр өөрийг нь хөгжмийн ард олон цагаар дуртайяа суулгаж чадсан тэр төгөлдөр хуурыг хаанаас нь ч хараад таних нандин эд билээ. Том хөгжмийн зохиолч болсон хойноо Дуурийн театрын нэгээхэн буланд ах шиг нь, анд шиг нь хуучны дулаахан нэгэнтэй яг таарчхав. Тийм ээ, тэр бол Эрдэнэбилэг ахынх нь, Хангалын төгөлдөр хуур байв. “Би энэ хуураа авна”. Ийнхүү Хангал гэртээ түүхт хуураа залжээ. 


Энэ цагт ид туурвиж буй хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр З.Хангал агсантай нүүр тулан уулзаж үзээгүй аж. Гэвч чухам түүнтэй л З.Хангалын талаар ярилцахыг хүссэн юм. “Хангал алхам хийх, өөрчлөх, тэрслэх хувь чанараараа Монголын хөгжмийн зохиолчдоос хамгийн зоригтой нь гэж би үздэг. Дэлхийн хөгжимтэй дэлхийн хэлээр нэвтрэлцэх амбийцаараа үеийнхнээсээ торойн ялгарч чадсан ганц монгол хөгжмийн зохиолч шүү дээ. Аль 70-аад оны үед бичсэн Хангалын хөгжмүүд одоо ч хуучирдаггүй нь түүнийг агуу шинэчлэгч юм байна, яах аргагүй их сэтгэгч гэдэг нь ийм байдаг юм байна гэж ойлгож, хүндэтгэхэд хүргэдэг. Түүнийг дан хөгжмийн бүтээлүүдээ Монголд анх тоглож эхлэхэд “Үгүй энэ чинь буруу өнгө яваад байх шиг, юун хам эгшиг сонсогдоод байна” гэхчлэн шүүмжлэл мэр сэр гарсан байдаг. Тийм биш гэдгийг З.Хангалыг анх сонссоноос хойших цаг хугацаа бүхэн нотолж байна. Тэр манай урлагийг, нийт монголчуудаа сонгодог хөгжмийн боловсролд дагуулж ирсэн юм. Манай үе үеийн хөгжим судлаачид З.Хангалын уран бүтээлийн талаар дуугарах, бусадтай нь жишиж харьцуулан судлах, дүгнэхдээ тун болгоомжтой хандсаар ирсэн нь ажиглагддаг. Үеийнх нь хөгжмийн зохиолч нөхөд хүртэл жийрхдэг байж уу гэмээр сэтгэгдэл надад төрдөг юм. Гэрэл зураг дээрх З.Хангал тогтуун дүр төрх, дөлгөөн харцтай хүн харагддаг ч гэлээ хөгжмийн зохиолчдын дунд яригддаг Хангал бол зоримог, бардам, тэр хэрээр хурц хүн байж. З.Хангалыг дурссан олон хууч яриа хөгжмийн зохиолч ах нараасаа сонсож үлджээ. Түүнийг “Хангай” гэж дууддаг байсан юм билээ. Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Нацагдорж, Х.Билигжаргал Ч.Сангидорж гээд суперүүдтэй үе шүү дээ. Нэг удаа Билэгжаргалтайгаа 13-р хороололд байх гэртээ муудалцаад, сүүлдээ гарч зодолдсон байгаа юм. Нөгөө л хөгжмийнхний дунд ил, далд явдаг би том, чи том гэдэг маргаан дэгдэж л дээ. Нэг харсан эвлэрчихсэн, хоёулаа угаалгын өрөөнд зэрэгцэж зогсоод гар, нүүрээ угааж байсан гэж байгаа. Сангидоржтойгоо бас сав л хийвэл заамдалцаад авдаг байсан гэдэг. Нөгөө Хангай нь эдэндээ архи аваад ир гэвэл хурдан л очихгүй бол айлгадаг. “Би танд их ойлгомжгүй, муухай юм ярьчих шиг боллоо” гээд л дуу цөөтэй, тэгээд том хөгжмийн зохиолч чинь нэг дуугарахаараа эвгүй” гэж Б.Шарав гуай хэлж байсан. Н.Жанцанноров гуай бол З.Хангалын уран бүтээлийн үнэ цэнийн тухайд их ярьж бичсэн хүн шүү дээ. Харин З.Хангал агсаны зан төлвийн талаар ихийг өгүүлж чадах нэгэн дурсамжийг би өөрийн чихээр Жанцанноров гуайн амнаас сонссоноо энд хуваалцъя. 1988 онд дэлгэцэнд гарч тэр даруй олны талархал хүлээсэн “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмөөрөө Жанцанноров 1989 онд Төрийн шагнал хүртжээ. Хөгжмийн зохиолчдын холбооны даргаар ажиллаж байсан үе нь ч байж. Тэгээд дотроо “За одоо ч Хангал нэг давхиж ирнэ дээ” гэсхийн тааварлаж байтал удалгүй бодсоноор нь болж өрөөнд нь яг ороод ирж. Тухайн цаг үеийн эрэмбээр бол З.Хангал гавьяаттай, Төрийн шагналтай сууж байх ёстой хөгжмийн зохиолч байхгүй юү. Жанцанноров гуай шууд өмнөөс нь босоод “Заа, сайн байна уу? Би ч өөрийн чинь авах ёстой шагналыг авчхаад сууж байна даа” гээд үгийн зөрүүгүй шахам хэлтэл Хангайн царай гэрэлтээд л, нүдээрээ инээгээд ирсэн гэдэг. З.Хангал хулчгар, хуурмаг занд дургүй, ил тод, хүн чанарын хувьд ч том хүмүүст дуртай байж дээ гэж энэ дурсамж надад бодогдуулсан” гэв. 

З.Хангалтай уран бүтээлээр ч, хувь хүмүүсийнхээ хувьд ч нөхөрлөж явсан Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн амьд ахуйдаа “Хангал бол хангал амьдарсан хүн” хэмээсэн билээ. “Бид хоёр дэлхийн сүйрлийн тухай дуурь хийе гэж ярилцаад, би цомнолоо биччихсэн, миний нөхөр дуурийн хөгжмөө хараахан дуусгаж амжилгүй хорвоог орхисон доо. Хангал маань бурууд тэсгэлгүй, зөвд инээдэг, үнсэж ч чаддаг, зодож ч чаддаг, уураа ч, хайраа ч илэрхийлж чаддаг сайхан эр, ихэмсэг авьяасын бөөм явлаа”. 

Өвөр Монголын алдарт морин хуурч Чи Булаг 1988 онд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, “Түмэн агтны төвөргөөн” тоглолтоо хийсэн нь энэ хүртэл төгөлдөр хуур, хийл, үлээвэр, цохиворт зориулсан дан болон найрал хөгжмийн бүтээлүүдээ туурвиж байсан З.Хангалыг үндэсний хөгжимд “уруу” татаж орхив. 1989 оны нэгэн үдэш Хангал тухайн үед хөгжим бүжигт багшилж байсан гавьяат Ц.Батчулууных руу залгаад “Чи ирээд нэг юм үзээд орхиоч” гэхэд тэр морин хуурын концерт бичсэн байлаа. Энэ тухай хөгжим судлаач С.Энхбулаг МҮОНТВ-ийн “Эгшиг бүхэн учиртай” нэвтрүүлэгт ярьжээ. З.Хангал морин хуурын концертоороо “Алтан намар-1990” наадмын тэргүүн байрыг эзэлсэн түүхтэй. 

Энэ цагийн шилдэг морин хуурч Д.Шинэцог-Гени “З.Хангалын морин хуурын концертыг тоглож байхад тэрээр Чингис хааны тухай ирээдүйд зориулан хүүрнэхийг хүсэж энэ зохиолоо бичсэн мэт мэдрэмж надад төрдөг. Утаа май, үхдэлүүд, жаданд сүлбүүлсэн морьд... Тулаан болоод энд өнгөрчээ. Морин хуурын соль минорт хааны бодол хөвөрч, хэсэгхэн нам гүмийн араас дахиад л аян нүүдэл, шинэ дайны өрнөл, цохиврын бүх зэмсэг дуугарна. Төгөлдөр хуур, утсан хөгжим энэ дайныг мэтгэлцэнэ. Төгсгөлд эхний хэсэг давтагдаж, түгшүүрийн чимээ Чингисийн байлдан дагууллаас зөвхөн монгол хүний ойлгох ариун үнэнд уусна” хэмээлээ. 


***

 “Манай Хангал сонин хүн шүү. Жигтэйхэн гэрсэг, хоолонд хэнийг ч гар хүргэхгүй өөрөө л хийнэ. Сайхан ч хоолтой. Надаар зөвхөн бууз, хуушуур л хийлгэнэ. “Ягаан минь, залуу байхад юу бодсоноо л хийдэг байж, одоо бол бүтээл хийнэ шүү” гэдэгсэн. Надаас хүртэл уран бүтээл л шаардана. Миний олон сайхан үзүүлбэрт Хангал минь хөгжим бичиж өгч дээ. “Хатанбаатар “ киноны хөгжмийг биччихээд сөхөрчих нь үү гэмээр их ядарсан байж билээ. Ширүүн ч юм шиг хэрнээ хүүхэд, нохойнд жигтэйхэн их хайртай. Тэр том хөгжмийн зохиолууд, кино, жүжгийн хөгжмүүдийн хажуугаар хүүхдийн дуунууд, “Эхийн сэтгэл” хүүхдэд зориулсан балет, “Хүүхдийн ертөнц” гэсэн концертын эмхэтгэл гаргаж хүртэл амждаг. 

Хангал минь үеийнхнээсээ илүү өөрөөсөө ахмад улстай их дотносдог. Гончигсумлаа, Мөрдорж, Дамдинсүрэн, Хаянхярваа, Бирваа гээд л эдэнтэйгээ их үерхэнэ. Нөгөөдүүл нь ч манайхаар айлчилна. Нэг баярын өдөр л юмсан. Мөрдорж гуай өглөө 9 цагт ороод ирлээ. Хангалтай зэрэгцээд суулаа. “Хөгжмөө бичээд, сүүтэй цай л сайн уу. Архи дарсаар яадаг юм. Би ч яах вэ, бас цай ууна, ууна” гээд л манай хүнтэй яриад байх мөртлөө намайг дагуулаад л хараад байна. Хангал бид хоёр инээлдээд, нэг шил архи гаргаад задалж билээ... Хангал яагаад ч юм, Жанцанноров, Шарав хоёртоо нүүрэн дээр нь хатуу, зэвүүн үг чулуудна. Тэгсэн мөртлөө их итгэнэ, дандаа магтана. “Энэ хоёроос их юм гарна” гээд л.


Миний ажил аялан тоглолтоор хөдөө, гадаа олон хоног сараар явна. Намайг эзгүйд Хангал маань уучихсан байх тохиолдол цөөнгүй. Гэртээ байвал барагтай амсахгүй ээ. Сүүлд нойр булчирхай нь өвддөг болсон. Эмнэлэгт хэвтэх үнэн дургүй. “Намайг битгий эмнэлэгт хэвтүүл л дээ” гээд л гуйна. Бид хоёр 1995 онд манай цирктэй Өмнөд Африкаар аялан тоглоод ирэхэд огт амсахгүй тохироотой гэртээ хөгжмөө бичээд үлдсэн юм. Намайг Москвад тоглож байх хойгуур тэр минь их муудаад... бид уулзаж амжаагүй, таалал төгссөн хойно нь би Улаанбаатарт ирсэн. Хүн чинь зөн совингоороо мэдэрдэг юм билээ. Яг нас барахынхаа урд шөнө тэр миний зүүдэнд яг танилцаж байх 16 насны төрхтэй хүүхдээрээ орж ирсэн. Тэгээд инээмсэглээд л ....

Ажигч хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө өнгө ялгахгүй ээ, бүгдийг бор өнгөтэй гэж ярина. Ногоон дэр заагаад, хөх цамцаа өмсчихөөд бор л гэнэ... Бурханы оронд эрт одсон Хангал, Булган хоёртоо ноотны дэвтрийг нь шугамдаж өгөөд хажууд нь байгаад л баймаар тэгж их үгүйлэн санах юм аа. Хөгжим, дурсамжаар ханилж явна даа”. 

Орчлонгоос нүд баясган үзэгдэх олон өнгийг оноож чаддаггүй байтлаа үгээр эвлүүлэхэд ч тоймлогдож өгдөггүй энэ зүрхний түг түмэн нарийн өнгийг утас утсаар нь имрэн хөгжмөөр дуурьсгасан Зундуйн Хангал бидний дунд амьдарч байлаа. Тэрбээр 48 насалсан. Түүний концертууд авьяас билэгтнүүдийн ураар эгшиглэсээр, бид түүнд алга ташсаар байгаа ч эзэн нь сонсоогүй 27 жил өнгөрч байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.05.21
Кү Хара-г нас барсны дараа гэрт нь нэвтэрсэн хулгайчид юу тохиолдов?
3
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
холбоотой мэдээ
1
2024.05.16
Авторын булан: Зүрх зоригтой эмэгтэй нэр дэвшигчдэд зориулав
2
2024.04.29
Б.Гантуяа: Нэн орчин үеийн урлагийг таниулахад бидэнд газрын зураг биш, луужин л хэрэг ...
3
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
санал болгох
1
2024.06.13
BTS хамтлагийн 11 жилийн ой өнөөдөр тохиож байна
2
2024.06.12
ЭЕШ өгөх сурагчдын заавал унших үгс
3
2024.06.11
Фото: Артист Shu Lea Cheang-ийн хязгаар давсан бүтээлүүд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2023.06.25 202.9.46.209

Tanai site-g neg heseg sonirhohoo bolison. Ergen irj unshih shaltgaan ni Enhtsetseg setguulch bolj bn da. Bayarlalaa

0 Хариулах


Ganbold Shagdar 2023.06.25 103.229.122.69

Амтархан уншлаа. Баярлалаа.

0 Хариулах


Зочин 2023.06.23 66.181.179.81

Баярлалаа сайхан бичжээ...

0 Хариулах


Энхбулаг 2023.06.22 150.129.141.156

Сайхан бичжээ. Нийгэм цаг үетэй нь холбоод, олон сонин түүхүүдийг ончийг нь олж шигтгэсэн нь уншихад төвөггүй тааламжтай байлаа. баярлалаа. Б.Энхцэцэг сэтгүүлчид амжилт хүсье.

1 Хариулах


Зочин 2023.06.22 192.82.65.183

Энхцэцэг сэтгүүлчид баяр хүргэе. Лав хоёрдахь удаад...

0 Хариулах


Дөлмандах 2023.06.20 192.82.88.172

Энэ эрхэм хүний амьдрал уран бүтээлээр кино хийхсэн

0 Хариулах


Зочин 2023.06.20 202.126.88.137

Агуу агуу

0 Хариулах