Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Алисагийн тэмдэглэл: Хүү минь цэцэрлэгт орлоо... Бүх зүйл ийм хурдан


Хэдхэн жилийн өмнө би өөрийгөө ээж болох нь битгий хэл гэр бүл зохиогоод явж байна гэж зүүдлээгүй явсан билээ. Гэтэл сүүлийн гурван жил бүх зүйл бужигнан өнгөрч, нэг л мэдэхэд хүү минь цэцэрлэгийн хаалга татан орлоо.

Саяхан л бяцхан байсан хүүхэд. Энгэрт наалдаад босохгүй гэж гүрийдэг, дөнгөж зогсож сураад хэдхэн алхахдаа уначихдаг. Бүүвэйлэгчээ өөрөө хөлөөрөө түлхэж, өөрөө өөрийгөө бүүвэйлээд л, тэврээд авахад хөнгөхөн гэж... Нэг л том нүд өөдөөс ширтэж, хүү минь ойлгохгүй юм чинь гээд дэргэд нь триллер кино үзэж сууж байсан нь саяхан. Чихэр задалж өгөхийг минь хүлээгээд тэвчээртэйгээр зогсоно... Тэгээд бага багаар, өдөр өдрөөр өсөн томорсоор, саяхан нярай байсан нь бодогдоод л. Аавтай нь цуг хуучин зургуудыг нь үзэж хэвтэхэд инээдтэй гэж. Нэг л том хацар. Нүүрний бараг гуравны хоёр нь хацар. Төрөөд удаагүй байхдаа ажилд орж байсан болохоор бяцхан хүүтэйгээ видео колл их хийнэ. Тэр үеийн "Screenshot" их. Аль аль нь ажилдаа дарагдахад эмээ нь л хүүгээ харна. Тэгээд хүүтэйгээ уулзахаар очиход нэг их өр өвдмөөр, шууд л гутлаа өмсөж хамт явах гээд чирчихнэ. Орхиод явчих вий гэх шиг босож суусан ч сандран дагана. Зүгээр л халааснаасаа юм авах гээд үүд рүү алхахад том том нулимс унагаад шууд уйлна. Хүү минь нэг хэсэг "Баяртай" гэх үгийг л сурчихсан байсан гэхэд буруудахгүй. 

Заримдаа аль аль нь үр хүүхдээ мартан байж ажиллахгүй л бол амьдрал болж бүтэхгүй байгаад гутарч, гомдож, төр засгаа хараана. Заримдаа бүр бууж өгөх шахна, тэгснээ нэг шийдэл олно. Хэрэлдэнэ, гомдоно, эвлэрнэ, эдгэнэ. Асуудлуудтай нүүр тулах нь ихэсч, мэдэхгүй олон зүйлтэй учирна. Гэхдээ л энэ хүүхдийн төлөө бол юу ч хийж чадах тийм их эр зориг бий болчхож. Хүүхдийнхээ төлөө амиа зориулж чадах тийм зориг. Гэтэл би чинь шавж хараад л орилоод гүйчихдэг хүн шүү дээ. Цаасанд зүсэгдсэн хуруугаа хараад л ухаан алдчих гээд байдаг охин хүүхдээ төрүүлэх тэр өвдөлтийг давж, тэр өвдөлтийнхөө араас хүүхдийнхээ л төлөө бол дахиад өвдсөн ч тэсэж чадахаар тийм хүчтэй болчих гэж. Бид хүүхдэдээ биш хүүхдүүд бидэнд дэндүү ихийг заах юм. Бяцхан гарыг нь яаж үнсэх, хайрлахыг заах юм. 

Өөрийгөө илүү сайн хүн байлгах хүслийг төрүүлэх юм. Хүүхэд минь ээж ааваараа бахархаасай гэсэндээ хамгийн мундаг нь байж, алдартай болохыг хүснэ. Хүүхэд минь хүсвэл би бүтэн цагаар зүгээр л үлгэр уншдаг хүн болохыг хүснэ. Би өөрийн хүсэл мөрөөдөл болгоноо орхисон ч хамаагүй санагдана. Учир нь миний мөрөөдөж ирсэн бүхэн энэ хүүхдийг гарч ирсэн мөчөөс хойш дэргэд нь өчүүхэн жижиг санагдах болсон. Миний зорилго, миний бахархал, миний мөрөөдөл... Хүү минь хамгийн алдартай, мундаг, ухаантай хүн болохгүй байсан ч би түүгээрээ бахархаж, өргөмжлөл адил өргөж явахыг хүснэ. Авчирч өгсөн цэцгийг нь насаараа хадгалж, тусгай байранд орсон өргөмжлөлийг нь өрөөнийхөө голд байрлуулмаар санагдана. Хүү минь заавал шилдэг нь байх албагүй. Хүү минь хайрлаж мэддэг байхад л хангалттай. Цэцэрлэгийн хашааны завсраар хөөрхөн хошуугаа гаргаж ирээд үнсэж байгаа хүүгээ яг энэ цагаахан чигээр нь байлгахыг л ямар их хүснэ вэ. Би хүүгээ эрхлүүлдэг биш, удахгүй хүү минь намайг эрхлүүлдэг болно гэх бодлоос болоод би уйлахаа шахна. Өдөр өдрөөр үл үзэгдэм байдлаар өссөөр буй хүү минь удахгүй бага ангид орно. Цэцэрлэгийн тэмдэг нь "хурга" гээд гүйж байсан хүү минь хичээлийн том цүнх үүрээд, томоотой суудаг болж, багшдаа хааяа зэмлүүлнэ, хааяа хүүхдүүдтэй муудалцана, хааяа газар унаж хувцас нь шороо болно... Шинэ гутал нь халцарч, муухай бичиж, цамц нь багадаж, хэн нэг охинд чихэр өгч, миний хүсэж байснаас өөр аашилж, хааяа бид муудалцана. 

Тэгээд нэг л мэдэхэд хүү минь сургуулиа төгсөж байх болно. Том залуу болчихсон, нүд нь орчлон ертөнцийг зөвхөн өөрийнхөөрөө харж, шинэ бүхэнд тэмүүлж, хийхийг хүсэж буй зүйлдээ сэтгэл шулуудна. Тэгээд анхны шил шар айргийг нь хамт ууна. Сайн охиндоо өгөх анхны цэцгийг нь би худалдаж авч өгнө. Найзуудаараа очих тоглолтынх нь зургуудыг үзэж, дээр нь зүрх дарна. Бас нэг л өдөр бид түүнийгээ явуулах хэрэгтэй болно. Өөрийн зөв гэж бодсон замаа тэр минь дагана. Харин би хүүдээ хангалттай итгэдэг болохоор, ямар ч сонголт хийсэн түүнийг нь дэмжих болно. Алдаа гаргах вий, өөртэй нь үл нийцэх хүмүүстэй нийлж, бас шархлах вий гэж мэдээж санаа зовно. Гэхдээ л хүүдээ итгэнэ. Тэр минь хангалттай ухаантай гэж итгэнэ. Тэгээд холыг зориход нь би өөрт нь зориулан бичсэн номыг энгэрийнх нь халаасанд хийж өгөөд явуулна. Хайрлагдсан хүн юм шүү гэдгээ үргэлж санаж яваасай гэж хүснэ. Нэг л өдөр хүү минь нэг хөөрхөн охинтой амьдралаа холбоно. Би хурим дээр нь уйлна. Хамгийн сайхан хундаганы үгийг хэлнэ. Ингээд л бодохоор хүлээн тэвчих, догдлох зүйл ямар их юм бэ?

Энэ бүхнийг бодонгоо бяцхан хүүгээ өглөө цэцэрлэгт өгсөн бичлэгийг үзлээ. Гэнэн инээмсэглэлтэй, сахилгагүй уруултай, гүн харцтай хөөрхөн нүдтэй хүүгээ орой тэврээд хэвтэхийг л хүсэж байна. Сурсан анхных нь дууг хамтдаа дуулж, хүүхэлдэй үзнэ. Тэгээд л амьдралын бусад асуудал гэрийн хаалганы гадна, харин бид дулаахан гэртээ аз жаргалтай... Ганц бие байхдаа хэзээ ч ухаараагүй зүйлс, хүүгээ төрүүлээд хоёр жил болж байхдаа ч ухаараагүй зүйлс өнөөдөр толгойд эргэлдэнэ. Би үнэхээр ээж болчихсон юм байна шүү дээ гэж. Бас хүү минь ийм хөөрхөн. Бас хүүгийн минь өмнө сайхан ирээдүй буй... Тэр бүхнийх нь эхлэл, уйлалдсан хүүхдүүдээр дүүрэн хөл хөдөлгөөнтэй цэцэрлэг. Яг одоо хүүгийн минь унтлагын цаг болж байгаа. Унтаж чадаж байгаа болов уу? Хоолондоо цадсан болов уу? Бас доголон нулимстай байгаа болов уу? Ээжийгээ... санаж байгаа болов уу?

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
3 өдрийн өмнө
Кү Хара-г нас барсны дараа гэрт нь нэвтэрсэн хулгайчид юу тохиолдов?
3
Уржигдар
Хамгийн сайн эхнэр болж чадах зурхайн 5 орд
холбоотой мэдээ
1
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zulaa 2023.09.01 192.82.64.248

Eej aav bid 3 shine gazar nuuj ochood udaagui. Eej maani ajil hiih bolood nmg tsetserlegt ogoh hetsuu ajild orson gesen. Ogloo hurgej ogood garahad eejeesee holdoj uzeegui bi uilaad ulddeg baisan gesen. Ter uilah chimee ni eejiig odorjingoo dagaj, tsonhoor haran hurdan tarah tsag ni boloosoi gj uilj zogsdog baisan gesen. kk

0 Хариулах