Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Ерөнхий сайд ба АВЛИГЫН ШҮҮХ

Авлигын “цэцэрлэг” Засгийн газрын “хөөрхөн” аян, уриа мэтхэнд дийлдэхээргүй талхалсныг эрх баригч МАН-ын дарга өөрөө хүлээн зөвшөөрч, парламентаасаа хүч хүслээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнөөдөр чуулганд хэлсэн илтгэлийг нэг үгээр томъёолох бол тэр нь “Авлигын шүүх”. Засгийн газраас авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьж байна. Өөрөөр хэлбэл, Авлигын шүүх байгуулъя гэж УИХ-д уриалав. Энэ шүүх хожим Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцсэн гавьяа нь болох, шударга ёсны нэр барьсан гай болохын аль нэгэн болон түүхэнд бичигдэж үлдэнэ. Энэхүү хуулийн өөрчлөлт өнөөдөр улс төрд хамгийн том донсолгоо үүсгэх нь тодорхой. “Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх хоёр шүүхийн хонгил барьж байна” гэх шүүмжлэл сонсогдож эхэлсэн. “Авлигын шүүх авлигажихгүй гэх баталгаа чинь хаана байна” гэж Байнгын хороо нь ам асууж байна. Засгийн газарт Авлигын шүүх ямар хэрэгтэйг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл бий. Монголд авлигын голомт эвдрэхгүйгээр үүссэн 30 жил нь өөрөө авлигын үндэслэл, баталгаа нь юм. Авлигын ялын бодлогыг чангалсан эрхзүйн цогц реформ хийгдсэн гэж саяхан хууль тогтоогчид сурталчлаад байгаагүй билүү гэх асуулт ч мөн түүнд тавигдах ёстой. 

Тэгээд яасан бэ, авлига алга болсон уу, авлигачид тэмцэлд ялагдсан уу..? “Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачныг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв гэдэг урамшуулал уу” хэмээн УИХ-аасаа Л.Оюун-Эрдэнэ асуухыг бид сая харлаа. Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан чанаргүй зээлийн зээлдэгчид шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү, зээлээ төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү? Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацсаар байгаа нь иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байж, шударга шүүхээр шийдүүлэх Үндсэн хуулийн зарчим хэрэгжиж байна уу? Ерөнхий сайд асан, УИХ-ын өмнөх болон одоогийн зарим гишүүнд, эрх мэдэлтнүүдэд хамаарах албан тушаалын, авлигын хэрэг ганц нь ч шийдгүй, нүүрсний сонсгол хийх товт өдрөөс хэдхэн хоногийн өмнө ч “Үгүй” л байна. 

Үгүй яах вэ, ганцхан нүүрсний гэрээ, борлуулалтыг ил болгосноор далд эдийн засаг ил болж эхэлж, ДНБ хоёр дахин тэлж, нэг хүнд ногдох хэмжээ нь 5000 ам долларт хүрсэн. Даанч иргэдийн амьдралын чанар өссөнгүй ээ. Эдийн засгийн боломжийг сүүлийн 12 жилд хуримтлагдсан гадаад өрийг төлөхөд зарцуулж бараад ард нь бид 4 тэрбум ам.долларын нөөцтэй үлдэхээр байна. “Авлигатай хийх тэмцэл эрчимжсэнээр эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцэл шүүхийн шатанд хатуу хана мөргөн зогссоор удлаа” гэсэн Ерөнхий сайдын өгүүлбэрт Авлигын шүүх байгуулах тайлбар нь зангилагджээ. 

“Улс төр-бизнесийн бүлэглэлийн хулгайг таслан зогсооно” гэж монголчуудын өмнө жил гаруйн өмнө тун итгэлтэйгээр зарласан хүн бол эрх баригч намын дарга, Ерөнхий сайд тэр өөрөө байсан. Энэ үгээр сэрж, хулгай тонуулыг сөрж уурссан залуус одоогоос нэг жилийн өмнө Сүхбаатарын талбайд цуглахад тэдний өмнө ганцаараа зогссон нь ч тэр. Улс төрийн бүлэглэл хожиж, иргэний нийгэм ялагддаг илэрхий тэгш бус хэмнэлд 30 жил бугласан уур хилэнгийн өмнө “Авлигатай тэмцэх жил-2023” гэж зарласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн итгэл найдварын энэ он аль хэдийн улирч байна. Авлигын индекс буураагүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 2021 онд гаргасан Авлигын эсрэг тунхаглалд “... дотоодын төрийн албан хаагчид болон гадаад улсын төрийн албан хаагчид хээл хахуульд автах, ... мөнгө завших, мөнгө угаах, шударга ёсыг тогтооход саад учруулах тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцох амлалтаа хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомж, дүрэм журамдаа өөрчлөлт оруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нэмэлт арга хэмжээ авахыг Гишүүн улс орнууддаа уриалж байна” гэснээс эш татаж, системийн авлигын олон улс дамнасан сүлжээ, улс төр болон эдийн засгийн бүлэглэлийн өмнө анхан шатны жирийн шүүгчид хүчин мөхөсдөж байхыг тооцож, Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах үндэслэлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбарлалаа. Авлига бол манай улсын хамгийн эрх мэдэлтэй, хамгийн их хөрөнгө чинээтэй, хамгийн овжин зальтай хүмүүсийн тарьж тордсон хогийн ургамал. Авлигын “цэцэрлэг” Засгийн газрын “хөөрхөн” аян, уриа мэтхэнд дийлдэхээргүй талхалсныг эрх баригч МАН-ын дарга өөрөө хүлээн зөвшөөрч, парламентаасаа хүч хүслээ.  

“Авлигын дагнасан шүүх байгуулагдах хүртэл хугацаанд авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, хяналтын шатны шүүх давж заалдах журмаар шийдвэрлэх зохицуулалтыг тусгалаа” гэсэн түүний тайлбараас харахад, өнгөрсөн хугацаанд хуримтлагдсаар, мартагдсаар, “өршөөгдсөөр” замхруулах тавилантай үйлдэгдсэн томоохон гэмт хэргүүдийг онцгой журмаар шийдэхээр болжээ.  Авлигатай хийх тэмцэл шүүхийн шатанд энэ мэт бүдгэрсээр байвал ард иргэдийн хилэн асч, нийгэм өөрөө өөрийгөө засах хувьсгалын сэтгэлзүй бүрдэж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрснийг УИХ-ын индрээс Монгол Улсын Ерөнхий сайд хариуцлагатайгаар мэдэгдэв. 


Хамгийн их уншилттай
1
2024.02.12
Монголын Үлэмж биет сүмог чимээгүйхэн орхилоо
2
2024.01.25
Фото: Сун Хе-гю Инчон стиль
3
2024.01.26
10 мянган төгрөгт багтах Цагаан сарын КҮҮЛ 8 бэлгийн санаа
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2024.02.02
Б.Тэмүүлэн: Харилцагч юу хүсэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох нь бидний гол зор...
3
2023.10.30
Торгоны замын “самурайн илд”
санал болгох
1
2 цагийн өмнө
ХҮҮХДҮҮДИЙН НҮДЭЭР: Жүжигчин Б.Төгөлдөр гэж дуудуулах гоё байсан
2
21 цагийн өмнө
Удахгүй нээлтээ хийх "Dune: Part 2" киноны тухай 9 сонирхолтой баримт
3
Уржигдар
Үзэх юм байна уу? | Зөвхөн хөндүүр зүрхнүүдэд зориулан санал болгох 10 кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.