UBLife Logo
-

Ч.Цэнгүүн: Би олон улсын түвшинд гарч чадна гэдэгтээ итгэлтэй байна

UBLife
UBLife
Ч.Цэнгүүн: Би олон улсын түвшинд гарч чадна гэдэгтээ итгэлтэй байна

"Авьяаслаг монголчууд" шоуны хагас финалын сүүлийн дугаар ирэх ням гарагт гарна. Ирэх дугаарын оролцогчдоос олны дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа Ч.Цэнгүүнтэй бэлтгэлийнх нь үеэр уулзсан юм. Тэр UB.LIFE-ийн уншигчдад хэтийн зорилго, өмнөх дугаарт үзүүлсэн "Pole Dance"-ийн үзүүлбэрийн тухай олон сонирхолтой яриа дэлгэснийг хүлээн авна уу.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Шоуны хагас финалын үзүүлбэрээ хэр бэлтгэж байна?

-Би сая бэлтгэлээ түр завсарлаад л өөртэй чинь уулзахаар гарч ирлээ. Сүүлийн үед хамгийн чухал зүйл бэлтгэл л болчихоод байна даа. Өмнө нь байнга бэлтгэл хийдэг байсан ч энэ жил “Авьяаслаг монголчууд” шоунд орох гэж бүр шаргуу хийж байгаа. Энэ шоунд орох болсон нь миний амьдралд тохиосон уран бүтээлийн нэг том боломж гэх үү дээ.

-Хагас финалын үзүүлбэрүүд ширүүн өрсөлдөөнтэй болж байна. Бүх оролцогчид дор дороо хүчээ шавхан бэлтгэж байгаатай холбоотой болов уу. Эцсийн шатанд шалгараад байгаа оролцогчид аль хэдийн дараагийн үзүүлбэрээ бэлтгээд эхэлчихсэн болохоор сүүлийн дугааруудад орж байгаа та хэдээс илүү давуу талтай юм байна даа, тийм ээ?

-Нэгээс хоёрдугаар шатанд тэнцсэн оролцогчдын хувьд бэлтгэх хугацаа адилхан оноогдсон. Харин би шилдэг 32 оролцогчоос шалгарч эцсийн 8 оролцогчийн тоонд багтаж чадвал долоо хоногийн дотор нэг шинэ үзүүлбэр бэлтгэх шаардлагатай болно. Тийм болохоор өрсөлдөөн улам л ширүүсэх байх.

-Нэгдүгээр шатны үзүүлбэр тань монголчуудын хувьд урлагийн шинэ төрөл зүйл байлаа. “Pole dance” гэх урлагийн төрөлтэй хамт Цэнгүүн гэдэг шинэ танилаа хүмүүс ихэд сонирхож байгаа. “Авьяаслаг монголчууд” шоунд орсноос хойш ямар өөрчлөлт гарав?

-Одоогоор нэг их сүртэй өөрчлөлт ажиглагдаагүй. Гадуур явж байхад хүмүүс мэр сэр таньдаг болсон байна лээ.

-Нэгдүгээр шатны үзүүлбэр олон охид, бүсгүйчүүдэд их таалагдсан. Тэр үзүүлбэрт жинхэнэ Цэнгүүний зан чанар, биеэ авч яваа байдал хэр их нөлөөлсөн бэ?

-Би анхны үзүүлбэртээ Жэймс Брауны “It’s a man’s man’s man’s world” дуунаас төрсөн мэдрэмжээрээ л цоо шинэ дүр бүтээхээр шийдсэн. Цаг тулчихсан байсан болохоор нэгдүгээр шатны үзүүлбэрийг долоо хоногийн дотор бэлтгэсэн. Уг нь бол би амьдрал дээр тэр дүрээсээ эсрэг зан чанартай хүн шүү дээ. Сээтэгнүүр, хөнгөн дэврүүн гэмээр залуугийн дүр бүтээхийн тулд багагүй жүжиглэлт шаардсан.

-Харин Таны бодит хэв маяг ямар вэ?

-Миний стиль бол илүү романтик, зөөлөн талдаа гэх үү дээ.

-Шоунд орохоос өмнө ямар төсөөлөл байв. Үзэгчид шонтой үзүүлбэрийг яаж хүлээж авах бол гэж эмээж байв уу?

-Хамгийн анх шонтой үзүүлбэрийг хараад хүмүүс намайг тайчигч гэж ойлгох вий гэж бага зэрэг санаа зовж байлаа. Шонг янз янзаар л ашиглаж болно. Зарим нь шонг тойрч, дур булаам байдлаар бүжиглэж байхад зарим нь огт өөр үзүүлбэр үзүүлж болно. Ер нь урлаг их эрх чөлөөтэй шүү дээ. Сонины цаас, шил, лааз гээд ямар ч  материалыг ашиглаж санаагаа илэрхийлэх боломжтой. Харин би энэ удаад шон болон өөрийнхөө биеийг ашиглаж санаагаа илэрхийлсэн юм.

-Тэгвэл дараагийн үзүүлбэрүүд ч шонтой байх уу?

-Дараагийн шатны үзүүлбэрүүдийг нууц хэвээр нь үлдээе. Гэхдээ үзэгчдийн хүлээлтээс тэс өөр зүйл үзүүлэхээр бэлдэж байгаа гэдгээ хэлмээр байна. “Pole Dance” бол миний хувьд ердөө нэг үзүүлбэр байсан. Үзүүлбэрийн төрлөөр ийм шоунд оролцоно гэдэг амар зүйл биш. Бэлтгэл, сургуулилалтад маш их хугацаа шаардагддаг. Гар дээрээ тогтож сурахын тулд дор хаяж нэг жил хэрэгтэй. Тэгэхээр эхний шатандаа хамаг чадвараа гаргачихаар, дараа дараагийн шатуудад ахиад бэлтгэл, сургуулилт хийж сурах шаардлагатай болж байгаа юм. Би үзүүлбэртээ зөвхөн бие махбодийн гэхээс илүү санаа, шийдлийг маш сайн тусгахыг хичээж байна. Дараагийн шатны үзүүлбэр маань зөвхөн надаас шалтгаалахгүй. Тайзны баг, бусад бүжигчид гээд маш олон хүний оролцоо, хүч хөдөлмөр орж байгаа.

-“Pole Art” төрөл илүү сонирхолтой гэж ярьж байсан. Дараагийн шатанд тэр төрлийн үзүүлбэр үзүүлж магадгүй юм байна, тийм үү?

-“Авьяаслаг монголчууд” бол гэр бүлээрээ үздэг шоу. Тийм болохоор оролцогчид маань үзүүлбэрээ сонгохдоо илүү ухаалгаар хандах хэрэгтэй юм болов уу. Улс даяараа, бүх насны хүмүүс үзэж байгаа болохоор нэг талаараа их өндөр хариуцлага хүлээж байгаа гэсэн үг. Энэ бүгдийг бодолцож дараагийн үзүүлбэрээ бэлтгэж байгаа.

-Багаасаа гимнастикаар хичээллэж, циркт жүжигчин байсан юм билээ. Харин одоо юу хийдэг вэ?

-Янз бүрийн зүйл хийх гэж үзэж байна даа. Зураг авах, үзүүлбэр дэглэх гээд их олон юм оролддог. Сүүлийн үед нэг вебсайтын ажил дээр төвлөрөн ажиллаж байна.

-Цаашдаа урлагийн төрлөөр дагнаж явах зорилго бий юү?

-Ер нь хүн бүр явах зүг чигээ тодорхойлчихсон байдаг байх. Түүндээ хүрэхийн тулд боломжоороо тэмүүлдэг. Миний хувьд гоо зүйн салбар болох тайз, дэлгэцийн салбарт сонирхолтой. Гэхдээ яг одоогоор тэр, энэ гээд тодорхой хэлж болохгүй байна. Яагаад гэвэл би одоо хүртэл өөрийгөө тодорхойлох гэж оролдоод л явж байна даа.

-Таны бодлоор нийгмийн амьдралд урлаг яагаад заавал байх хэрэгтэй вэ?

-Урлаг гэдэг ойлголтоо эхлээд бид зөв тодорхойлох хэрэгтэй. Ямар ч нийгэм байгаа газар урлаг оршиж л байдаг. Учир нь урлаг бол маш том шүүмж. Болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжлэх, ямар ч буруу зүйл хийсэн бай эцсийн мөчид бид бүгд хүн шүү гэдгийг ойлгуулж, уярааж чаддаг, оюун санааг залж, чиглүүлдэг маш том зэвсэг юм шүү дээ. Тухайлбал, нийгмийг залж, чиглүүлдэг элитүүд, шийдвэр гаргах түвшнийнхэн театраар олноороо үйлчлүүлдэг. Ингэснээр тэдэнд бодит байдлыг ахин тунгаан бодох боломжийг бий болгож байгаа юм л даа.

-Аливаад шүүмжлэлтэй хандах болон олон нийтэд гоо зүйн таашаал өгөхийн аль нь урлагийн үндсэн үүрэг гэж боддог вэ?

-Мэдээж аль аль нь л чухал. Урлаг хамгийн гол нь үнэн байх хэрэгтэй. Бид “art” гэдэг үгийг орчуулахдаа урлаг гэж орчуулаад, энэ ойлголт дотроо зугаацуулах үүрэг нь ороод явчихдаг. Гэхдээ тусдаа ойлголт шүү дээ. Art-аас хүн аливаа зүйлийг ойлгож, тунгаан бодож, бодол эргэцүүлэлд автдаг бол Entertainment зүйл үзэж харснаар хүний ядаргаа тайлагдаж, сэтгэл зүйн таашаал авдаг. “Авьяаслаг монголчууд” шоу бол entertaining үүргээ маш сайн биелүүлж байгаа.

-Таны харж байгаагаар “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн хамгийн гол зорилго юу вэ?

-Өнгөрсөн дугаарт орсон Шижирбатын үзүүлбэр дэлхийн олон орны үзэгчдэд хүрч, монголчууд ямар их авьяастай ард түмэн гэдгийг баталлаа. Хүмүүс биднийг үзээд “Хөөх, Монголд бас ийм юм хийж чаддаг хүн байдаг юм байна” гэж гайхаж байна. Энэ чинь л “Авьяаслаг монголчууд” шоуны гол зорилго, оролцогчдын бодит “орлого” юм шүү дээ.

-Тэгвэл өөрийнхөө төрлөөр олон улсын тавцанд гарах боломж, зах зээл хэр бий гэж бодож байна?

-Боломж их байгаа. Сүүлийн үед бүр их итгэл найдвар нэмэгдэж байгаа шүү. Өмнө нь ч зах зээл байгааг нь мэдэрч л байсан. Энэ төрлийн үзүүлбэр үзүүлдэг хүн дэлхийд цөөхөн байна. Түүнээс гадна техник технологи хөгжсөн өнөө үед дэлхий хавтгай болчихсон болохоор маш их нөөц, боломж байгаа. Бүх зүйл эрх чөлөөтэй, боломжтой. Хүн шаргуу хөдөлмөрлөсөн, онцгой чадвар эзэмшсэн бол хүссэн хүсээгүй олон улс, дэлхийн анхааралд орох нь тодорхой. Хэтэрхий амбицтай сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ би олон улсын төвшинд гарч чадна гэдэгтээ итгэдэг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
41
44
47
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.