UBLife Logo
-

Авторын булан: Миний "үндэстэн" чиний асуудал уу?

Авторын булан: Миний "үндэстэн" чиний асуудал уу?

Урадын Э. Булаг

- 2017 оны  хоёрдугаар сарын 03 -

(Oрчуулсан Ч. Мөнхтуул)

Урадын Э.Булаг нь Кембрижийн их сургуулийн археологи-антропологийн тэнхимийн профессор, тус сургуулийн “Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн гишүүн. Урьд нь АНУ-ын Нью-Йорк их сургуулийн Хантер сургуульд аспирантын хүрээлэнгийн туслах профессор, дэд профессор, профессороор ажиллаж байв. Анх Өвөр Монголын Багшийн их сургуулийн гадаад хэлний салбарыг англи хэлний мэргэжлээр төгссөнийхөө дараа Кембрижийн их сургуульд нийгмийн антропологийн магистр, докторын зэрэг хүртжээ. Тэрбээр “Монгол дахь үндэсний үзэл ба эрлийзжил” (1998), “Хятадын хязгаар дахь монголчууд (2002), “Хамтач үндэсний үзэл” (2010) зэрэг бүтээл бичсэн, өнөөгийн монгол судлал, хятад судлалын нэртэй антропологич. 

Ярилцлагыг хөтөлсөн: Гао Чань, Ван Ниншинь

Юуны өмнө өнөөдөр та хоёрыг ирж ярилцлага хийж байгаад маш их баярлаж байна. Та нар Монгол, Хятадын үндэстний асуудлыг хэрхэн ойлгох ёстой талаар асуусан. Би нэлээд тааваараа, эмх цэгцгүй байдлаар л энэ асуултад чинь хариулаад явъя. Болно биз дээ? Миний ярих зүйлд маш олон тохирохгүй зүйл гарах байх. Та нар түүнийг өөрснөө хариуцаад учрыг нь олоорой.

НЭГ

    Өнөөдөр Монголын асуудал зөвхөн нэг Хятадын цөөн тоот үндэстний асуудлаар зогсохгүй гэдгийг маш олон судлаач мэдэрч эхэлсэн. Яагаад гэвэл Монгол “дэлхийн үндэстэн”. Монголыг “дэлхийн” хэмээснийг хэрхэн ойлгох вэ? Энэ магадгүй нэг талдаа тэдний өргөн газар нутагт тархсантай нь холбоотой байх. Монголчууд зөвхөн Хятадаар зогсохгүй өөрийн гэсэн тусгаар улстай шүү. Тэр нь дариу Монгол улс. Мөн Орост ч маш олон монгол байна. Тэнд монгол хүн, түүнтэй холбоотой газар нутаг болох Буриад, Чита, Тува, Алтай, Халимаг зэрэг бий. Хэдийгээр тэдгээр бүс нутгийнхан өөрсдийгөө монгол хэмээн нэрлэхээ байсан ч соёлд нь Монголын маш олон соёлын элемент оршиж байна. Өмнө нь Халимаг монгол, Буриад монгол нь “Бүгд Найрамдах Монгол Улс” гэлцэж байсан ч хожмоо Зөвлөлт “монгол” хэмээх үгийг авч хаяжээ. Цаашлаад бид Афганыг харж болно. Тэнд одоо бараг сая гаруй Хазара хүн байна. Тэд бас л монголчууд. Хэдийгээр монголоор ярихаа байсан ч Ираны нутагт мөн монголчууд бий. Ямар учраас эдгээр бүс нутагт монголчууд байгаа вэ? Энэ бол Монголын эзэнт гүрэнтэй холбоотой зүйл. Чингис хаан болон түүний хөвгүүд, ач нар монгол хүнийг дэлхийн олон газар тараасан. Тухайн үеийн Монголын эзэнт гүрэн бүхэлдээ дөрвөн хант улсад хуваагдаж байлаа. Ил хант улс өнөөдрийн Перс, Иранаар төвлөж байсан бол дараа нь Алтан ордны хант улс Орос, Дундад азиар төвлөж байв. Бас нэг нь болох Цагаадайн хант улс одоогийн Афганистаны хавиар байлаа. Эцэст нь мэдээж хэрэг бидний хамгийн сайн мэдэх Монгол-Юан.

    Монгол-Юань. Өнөөдрийг хүртэл Хятадад энэ нэрийг эш татах бүрийдээ “Yuan Сhao” (Юань) л гэцгээдэг. Гэтэл бид энэ улсыг өөрийн гэсэн нэрийдлээр нь мэдэж, ер нь цээжлэх л хэрэгтэй дээ. Түүнийг “Их Монгол” гэдэг. Ямар учраас ингэж хэлнэ вэ? Яагаад гэвэл 1266 он буюу Юаний төрийн гуравдугаар онд Хубилай хаанаас Японы ванд бичсэн захидлынхаа эхэнд: “Дээд тэнгэрийн заяагаар Их Монгол Улсын хаан Японы ханд захидал илгээх нь” гэжээ. Тийм байтал өнөөдөр маш олон хятад эрдэмтэн Их Монгол улсын үеийн тухай ярих, дурдах бүртээ “Yuan Chao” гээд бүр зуршчихаж. Хятадын нэг үеийн улс төр мэт. Үнэн хэрэгтээ эрдэм шинжилгээний үүднээс харвал байж болшгүй зүйл л дээ. Тухайн үеийн Хятад орныг монголчууд байлдан дагуулсан шүү дээ. Эсрэгээрээ биш шүү.  

    Миний хэлэхийг хүсч байгаа өөр нэг зүйл нь Монголын эзэнт гүрний онцгой байдал түүний бүтээсэн дэлхийн түүхэнд нөлөөлж буй тухай. Ер нь’ Монголын эзэнт гүрэн анх удаа дэлхийн түүхийг бүтээсэн. Энэ үзлийг Японы эрдэмтэн Такаши Окада (Takashi Okada), Масанори Сугияама (Masanori Sugiyama) нар олонтоо нотолсон байдаг. Хятадын эрдэм шинжилгээний хүрээнд ч үүнийг хүлээн зөвшөөрч эхлээд байна. Би ойрмогхон энэ тухай санаагаа бичсэн нь удахгүй “Душу” сэтгүүлд хэвлэгдэнэ. Дэлхийн түүхийг хэрхэн ойлгох вэ? Монголын эзэнт гүрэн анх удаа Ази, Европ тивийг холбох хүртэл хоёр тивийн дунд харилцаа байсангүй. Монголчууд тэдгээрт эх газрын холбоог гаргаж өгснөөр зогсохгүй хоёр эх газарт далайн замын харилцааг ч нэвтрүүлсэн. Мин улсын үед Энэтхэгийн далайгаар хөлөг онгоцоор аялсан гэдгээрээ алдаршсан Жэньхэ угтаа сартуул хүн бөгөөд монголчуудын байлдан дагууллын үеэр ирсэн Арабын хойчис билээ. Мөн Марко Поло эх газраар ирсэн ч далайн замаар нутагтаа буцсан шүү дээ. Тиймээс тухайн үед Монголын эзэнт гүрэн зөвхөн эх газрын эзэнт гүрнээр зогсохгүй далайн эзэнт гүрэн байжээ гэж болно. Тухайн үед дэлхий дээрх хамгийн том далайн хүч Монгол байлаа. Тухайлан хэлвэл, Өмнөд Сүнг цохих, Япон болон Яавын арал руу цөмрөх бүгд л Монгол-Юаний далайн цэргийн л үйл ажиллагаа байсан. Монгол дэлхийг бүтцээр нь өөрчилсөн ч гэж хэлж болохоор.

    Эдгээр зүйлсийг холбож, түүх болгож тэмдэглэсэн нь мөн л монголчуудаас эхэлсэн хэрэг. Тухайн үеийн Ил хант улсын сайд Рашид-Ад-Дин анхны дэлхийн түүх буюу “Судрын чуулган”-ыг бичсэн. “Судрын чуулган” нь Монголын эзэнт гүрний харьяаны дотор байгаа бүхий л угсаатны харилцаа, тэдний туулж ирсэн түүхийг бичжээ. Рашид-Ад-Дин тухайн үеийн Ил хант улсын эзэн хаан Газаны зарлигийг авсан бөгөөд Газан хаан өөрийн биеэр түүний ажилд оролцож, зарим зүйлийг ярьж өгсөн байна. Тиймээс “Судрын чуулган”-ы эхний хэсгийг Газан хааны аман түүх гэж болно. Үүнийг тухайн үеийн монгол хүний бусдыг харах “нүд” хэмээн хэлж болохын зэрэгцээ монгол хүний нүд зөвхөн тал нутгийг хараад тогтохгүй дэлхийг тольдож байсныг мэдэж болно. Монгол хүний дэлхийн нүд өмнө, баруун, зүүн тийш зэрэг харж байв. Бидний өнөөдрийг хүртэл ярьж ирсэн “Тэнгэрийн доорх”-ын тогтолцоо ч энэ хүчээр бүтсэн. Одоогийн Хятадын эрдэмтэд ч хүлээн зөвшөөрч эхлээд байна. Хятадын доторх “Агуу нэгдэл” нь Юань улсаас эхтэй нь лавтай. Төвд хэзээ Хятадын нэг хэсэг болсон нь ч Юань улсаас эхэлсэн нь лавтай гэх биз. Гэтэл сүүлийн үеийн засаг “онилох” чигээ өөрчилсөн мэт. “Эрт үеэс” хэмээн “бурах” боллоо. “Эрт үеэс” гэдэг чинь ямар хугацааг хэлэх юм бэ? Хэн ч үүнийг тодорхой хэлэхгүй байгаа. Гэвч олон хүний хүлээн зөвшөөрч буйгаар Юань улсаас л үндэслэсэн зүйл.

    Cонирхолтой нь Монгол-Юань орчин үеийн Хятадад ийм нэгэн “хувь нэмэр” оруулснаас болж Хятадад “хайрлагдах”-ын гол шалтгаан болсон билээ. Эсрэгээр нь Монгол байхгүй бол өнөөдрийн Хятад ч байхгүй болж таарч байна. Үнэн хэрэгтээ Монголын эзэнт гүрэн байлдан дагуулсан бүхий л улс, бүс нутаг бүртээ гүн нөлөө үлдээжээ. Дундад Азийн олон төрөөс гадна Орос хэмээх үндэстний бүрэлдэл ч Монголын эзэнт гүрний өв шүү дээ. Хэдийгээр “Тоглоомын эзэн”-ий байдалтай байсан ч XVII зуун хүртэлх Оросын эзэн хаадууд тэр чигтээ Монголын алтан ургийн удмын хойчис. Үүнийг өнөөдрийн Английн хатан хаан, эсвэл Японы хэмжээшгүй эрхт эзэн хаантай адилтгаж болно. Бодит хүч нь оросуудын гарт байсан нь мэдээж. Ер нь Евразийн эх газрын маш олон улс өчигдрийг хүртэл ийм маягийн суурь зарчмыг дагаж байв. Маш олон улсын түүхэн судалгаанд өөрсдөө монголд дуртай, дургүйгээ эс хайхарч түүхэндээ Монголын түүхийг нэгэн гол зангилаа судалгаа болгодог. Өмнөх жилүүдэд АНУ-ын түүхч Жэк Уэтэрфорд “Чингис хаан ба орчин үеийн дэлхийн бүрэлдэл” (2004)-дээ Чингис хааны үүсгэн байгуулсан эзэнт гүрэн нь орчин үеийн дэлхийн бүтцийн үндсийг тавьж өгсөн хэмээн үзсэн.

    Одоогийн маш олон хятад эрдэмтэн Монгол-Юанийг “Yuan Chao” хэмээн харж байгаа нь Монголыг дэлхийн эзэнт гүрний төв байсныг мартаж, Хятадын түүхийн нэг хананд тухайлбал, “Qing Chao” (Чин улс) гэдэгтээ адилхан тавьж байгааг харуулж байна. Хятадын эрдэмтэд ерөнхийдөө манж үндэстэн нь Дундад (Zhonghua)-д дурлан биширсээр аажим аажмаар хан хятадын дотор хайлж, өнгөрсөн дэх Умард Вэй улсын Шяо Вэнь Ди хааны адил өөрөө хятаджих байдалд хүрсэн хэмээдэг. Гэвч Америкийн шинэ Чингийн хэсэг түүхчид үүнийг арай тийм биш, энэ нь манж хүн “би хэн бэ” гэсэн асуулттай тулгарч байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв. Тэдэнд өөрсдийн зовнил байсан нь эзэнт гүрний дунд хэрхэн өөрийгөө хамгаалах тухай гэж үзсэн. Хунтайжийн дотор газар (Хятад) руу түрэн орж ирснээс эхлээд Дай Чин гүрний мөхөл хүртэлх хугацаанд манж нар хятад хэл сурч, тэр тусмаа сүүлчийн эзэн хааны үе болоход эх хэлээ мартаж орхисон ч хэзээ ч өөрсдийгөө “би хятад хүн” хэмээн хэлж байгаагүй. Тухайн үед оршиж байсан эзэнт улсын тогтолцоод, манжууд эзэнт гүрний доторх бусад аймаг бүлэгтэй хэрхэн харилцахаа анхаарах шаардлагатай байлаа. Хамгийн түрүүнд манж хүн, монгол хүний харилцааг цэгцлэх хэрэгтэй болов. Алтан улсын үеийн манжийн өвөг дээдэс болох зүрчидүүд монголчуудыг атгаж байсан. Дараа нь монголчууд Сүн улстай хамсаж, Алтан улсыг мөхөөсөн. Монголчууд “хөөгдсөн”-ийхөө дараа Ар Юань хэмээгдэж байх үед зүрчидүүд бас л Монголын харьяат улс байв. Чин улс байгуулагдах үйл явц дунд зүрчидүүд нэрээ манж хэмээн өөрчилсний зэрэгцээ монголчуудад эзэн суух болов.

Манж хүн, монгол хүн хоёрын харилцаа их нарийн. Яагаад гэвэл Монголын дотор маш олон овог аймаг байдаг ч манж нар Хорчин аймгийн язгууртантай их нягт харилцаатай байлаа. Нягт харилцаа гэж ямар түвшинд хүрснийг хэлэх вэ? Цусан төрлийн онолын үүднээс харвал тэд хэдийнэ салшгүй нягт холбоотой болчихсон гэж болно. Манж, Монголын харилцан ураг барилцсанаас болж манж язгууртнууд тэр аяараа цус холилдох болов. Гэвч зөвхөн монгол язгууртнуудтай л цус холилдсоноос бусдаар өөрсдийгөө хамгаалж байв. Хятад хүнтэй хэзээ ч гэрлэж байсангүй. Гэвч өнөөдөр бид бүгд л тэднийг хятаджсан хэмээн ярьж байна. Онолын хувьд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Яагаад бид манж хүн монгол болсон тухай ярихгүй байна вэ? Эсвэл монгол хүн манж болсон тухай? Хэдийгээр бид бодитой “чиний доторх би, миний доторх чи”-гийн харилцаатай гэж хэлэхэд ч, яагаад манж бол манж, монгол бол монгол гээд байдаг юм бэ? Ямар учраас иймэрхүү сэтгэлгээ бий болсон бэ? Энэ бол маш сонирхолтой асуудал.

Манж хүн бас Төвдтэй холбоо харилцаагаа цэгцлэх хэрэгтэй байлаа. Хэрхэн цэгцэлж, хэрхэн харилцах вэ? Энэ бол Төвдтэй шууд харилцах асуудал биш. Харин Төвдийг өөрийн эрхэндээ оруулсны дараа тэдний шашин шүтлэгийг ашиглан монголчуудыг захирах бодол. Монгол хүний эцсийн мөн чанар нь жирийн улсаар тогтохгүй. Урьд нь Манжийг байлдан дагуулсан түүхтэй шүү дээ. Тиймээс ч тэд монголчуудтай ихэд болгоомжлонгуй хандсан. Нөгөө талд нь  Монгол ялагдлаа хүлээн зөвшөөрсөнгүй. Тэдний горьдлого ер тасарсангүй. Хэрэв боломжтойсон бол тэд Манжийг дахин байлдан дагуулж, Хятад орныг төвлөн эзэлж, цааш дэлхийг түрэмгийлэх байв. Тиймээс манжууд нэг талаараа монголчуудыг ашиглан, дотор газрын байлдан дагуулалд туслагч болгохоор шийдсэн. Гэхдээ нөгөө талаар өөртөө дайсан болгохгүйгээр хийх нь ойлгомжтой. Тиймээс ч Монголд маш балмад хандсан. Би өөрөө Ордосынх. Ордос ч цохигдсон. Их хааны захиргаанд байдаг Монголын төв түмэн Цахар ч зохигдсон. Гэвч хамгийн аймаар нь Шинжаан болон Монголын баруун хэсгийн Зүүн гарын эзэнт улсын дайн байлаа. Зүүн гарын эзэнт улс Ойрадуудыг багтаадаг. (Тухайн үеийн монгол гурван хэсэгт хуваагдаж байсны зүүн хэсэг нь өнөөдрийн Хорчингийн нутаг. Чингис хааны дүү Хасарын харьяат нутаг. Дараагийнх нь төв Монгол. Төв Монгол гэж юуг хэлэх вэ? Энэ бол Чингис хааны шууд угсааныхны захирч асан газар нутаг. Эцэст нь, Чингис хааны анд, жанжин, хүргэдийн овог аймгийн болох Ойрадууд баруун хэсэгт сууна. Эдгээрийн засаг захиргааны хуваарь маш тодорхой. Гол зорилго нь Монголын дотор зүй тогтлыг босгож, хэн нь бүх Монголын их хаан болох эрхтэйг шийддэг.)

Тухайн үед Ойрадын дөрвөн аймгийн холбооны нэгдэл задарсан. Задарсан гэх үү, эсвэл нүүдлийн эзэнт гүрний бодлого байсан гэх үү. Тухайлбал, 1628 оны үеэр торгуудын Хоо өрлөг ноён торгууд, дөрвөд, хошууд аймгийн нэгдсэн цэрэг, ардыг дагуулан Ижил мөрний зүг нүүжээ. Тэр нь өнөөдрийн Оросын Халимагийн Бүгд Найрамдах Улс болон түүний хязгаар нутаг. Тэндээ Торгуудын хант улсыг байгуулав. Хошуудын Гүш хан хошууд, дөрвөдийн нэг бүрэлдэхүүн цэргийг удирдан 1641 онд Төвд рүү орж, V Далай ламд эсрэг талаа дарахад тусалж, бүх Төвдийг эзлэн, хан суужээ. Яг энэ үед Зүүн гар бүхэлдээ Шинжаан, Монголын хойд, баруун хэсэгт эзэн сууж, өөрсдийн эзэнт улсаа байгууллаа. Бид Ойрадын задрал төлөвлөгөөт үйлдэл байсныг, дотоод зохицлын шийдвэртэй үр дүн байсныг харж болно. Тиймээс ч XVII зууны үеийн Манжийн мандан бадралын үед Монголын баруун хэсгийн монголчууд цолгорон гарч ирсэн. Манжууд урагш, баруун зүгт өргөжих үед Ойрад монголчууд Хөхнуур, Төвдийн өндөрлөг болон Дундад Азийн нутаг руу өргөжин тэлэх болжээ. Казак, Киргиз цөм тэдний удирдлагад хамаарч байлаа. Өнөөдрийн Уйгур үндэстнийг багтаагаад бүгд Ойрад монголын харьяат болж байлаа. Гэтэл Хятадын уламжлалт түүхэнд үүнийг огт ярьдаггүй. Хятадын эрдэмтэд Монголыг зэрлэг үндэстэн мэтээр дүрслэхийн зэрэгцээ Oросын Цагаан хаантай сүлбэлдэж, эцэстээ манай “Чин гүрэн”-д дарагдлаа хэмээдэг. Түүхийг чухам хэрхэн бичих ёстой юм бэ? Бид үүнийг эргэцүүлж бодох хэрэгтэй. XVIII зууны дунд үед Манж Чин болон Зүүн гар эзэнт гүрний хооронд мөргөлдөөн гарч, 1756-58 оны хооронд том дайн болсон. Эцэст нь Зүүн гар ялагдав. Юу болсон бэ? Сурвалжид тэмдэглэснээр 600 мянган монголыг хүйс тэмтэрсэн. Тухайн үеийн манжууд дэлхийн түүхэнд анх удаа нэгэн овог аймгийг тэр чигээр нь хүйс тэмтэрсэн. Зарим эрдэмтэд үүнийг “геноцид” хэмээн тодорхойлсон. Хятадын түүх Манж Чин Зүүн гарыг ялсны яруу алдрыг магтан дуулдаг. Тэгсэн атал Манж Чингийн хятадад орж хядлага хийсэн “Яан Жөүгийн 10 өдөр”-ийг ихэд шүүмжилдэг. Хоёр нүүр гаргаад байх шиг.

Бид умардын нүүдэлчин ард муу нэртэйг мэднэ. Түүхчид Монголын эзэнт гүрний цаг үеийн монголчууд хэрхэн хот хэрмийг нурааж, хүн ардыг алж талж байсныг их ярьдаг. Гэвч монголчууд Өмнөд Сүн улсыг эзлэх үедээ алж талсан нь үгүй. Ийм байхад монголчуудыг балмад байдлаар хардаг байдал хэвээрээ л байна. Хүмүүс монголчууд баруун зүгийн аян дайны явцад Дундад Азийн нэгээс хоёр сая хүнийг хөнөөсөн хэмээн ярьдаг. Тэндэхийн том хотууд тухайн үед 100,000 хүрэхгүй хүнтэй байсныг та минь бодох хэрэгтэй. Тухайн үед битгий хэл одоо ч ийм нэг, хоёр сая хүн амтай том хот хэд байх вэ? Энэ ёстой хэтэрсэн дүрслэл. Тухайн үеийн монголчууд дайснаа айлгахын тулд ярьсан сүрдүүлгийг магадгүй өнөөдөр жинхэнэ баримт болгоод байх шиг. Гэсэн ч зөвхөн монгол эрдэмтэд ч биш Америк, Япон, Европын эрдэмтэд монголчууд чухам хот хотоор нь хүн алсан эсэхийг судалж байна. Гэтэл тийм ч их хүн хороосон зүйл oлдоогүй. Ер нь цусгүй дайн гэж бий билүү дээ.

Өнөөдөр Хятадын маш олон эрдэмтэн Монгол-Юаний түүхийг сонирхож эхэллээ. Дөнгөж сая миний эш татсан “Шинэ Чингийн түүх”-ийг яагаад бичих болов? Учир нь, Хятадад өмнөх үеийн “Chao Dai”-гийн төгсгөлд дараагийн “Chao Dai”-гийн үеийн хүн түүхийг бичдэг уламжлалтай. Юаний түүхийг бичих нь Mингийн үүрэг байсан. Гэвч Мингийн түүхчид дур зоргоор хамаагүй бичсэн учраас өнөөдөр дахин бичих ёстой болоод байна. Хятадын эрдэмтэд Mонгол-Юань нь Хятадын нэгэн үеийн гүрэн улс гэдэг. Хэрэв Хятадын аль нэг үеийн гүрэн улсын гол бие монголчууд юм бол монголчууд баталгаатай хятад хүн болж таарна. Гэвч эсрэгээрээ тухайн үеийн монголчууд дэлхийн эзэнт гүрэн байсан. Чи Хятадын Ил хант улс Перс, Ираныг ноёлж байсан хэмээн хэлж чадах уу? Эсвэл хятад хүн Оросыг хэдэн зуун жил байлдан дагуулж, эзлэн суусан гээд хэлчихэж чадах уу? Логикийн хувьд энэ болохоор байна уу?

Энэ үеийн талаар ярихад хүрвэл Хятадын эрдэмтдийн сэтгэлзүйн баланс асуудалтай нүүр тулна. Энэ нь өнөөдрийн Хятадын үндэстний загвартай холбоотой. Өнөөдөр бид үндэстний бүтцийг “Дундадын олон эшт нэг цогцын дэглэм” (zhonghua minzu duoyuan yiti geju) гэдэг. Бид бүгд Дундадын хүн. Дундадын үндэстний нэг хэлтэрхий. Бидний алсын хараа үндэстний бүлгэмдэл (minzu tuanjie) рүү чиглэж байдаг. Гэвч үүний зэрэгцээ түүхэн дэх байлдан дагуулал, байлдан дагууллыг эсэргүүцэх хүчтэй нүүр тулах болж байна. Эдгээр тэмцэл шударга уу, эсвэл шудрага бус уу? Хятадын өнөөгийн үнэ цэнийн тухай ойлголт нь агуу их нэгдлийн тухай үнэ цэнийн ойлголт. Бүгд нэгдэж, хамтдаа байх. Нэгэнтээ нөхцөл байдал ийм тул Монголын байлдан дагуулал шударга дайн. Эсрэгээрээ дотор газрын дайн шударга биш, хагацуулах зүйл. Ингэж үзвэл хэдэн зуунаас нааших Хятадын шүлэг дуулал дахь баатарлаг хүмүүс Юэфэй, Вэнь Тяньшя зэрэг үндэстний баатрууд үндэстнийг хагацуулах үзэлтэн болсон биш үү? Яагаад гэвэл тэд өнөөдрийн бидний үнэ цэнийн ойлголтыг эсэргүүцэж байсан. Энэ хэрцгий байдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

Хятадад одоо хоёр төрлийн “хууль ёсны” үндэсний үзэл байна. Эхнийх нь “Агуу их Дундадын үзэл” бөгөөд бүгд хамтаараа Дундадын хүн хэмээн үзнэ. Нөгөө нь “Их хан үндэстний үзэл”. Хан үндэстэн нэгэн үндэстэн болсны хувьд өөрийн түүхтэй. Хэдэн мянган жилээс нааш хан үндэстэн соёлын ижилсэл дээр нэгдэж, түүндээ ч омог бардам байлаа. Хан үндэстэн өөрийн төвтэй, өөрийн иргэншилтэй. Күнзийн суртлаар гол цөмөө болгосон энэхүү иргэншлийг өнөөдөр маш өндөр түвшинд тавиж байна. Хүмүүс Хятадын иргэншлийг ярих үедээ хангийн иргэншлийг л ярихаас биш Монголын иргэншил, Төвдийн иргэншлийг дурддаггүй биз. Өнөөдөр бид Хятадыг агуу том хэмээн ярьдаг. Хятад бол “Их Улс”, энэхүү их улс соёл болоод иргэншлийн талаасаа, эсвэл газар нутгийн талаасаа их улс гэлцдэг. Соёл иргэншлийн их улс нь мэдээжийн байж болох ч газар нутаг нь хаанаас хүрээд ирэв ээ? Монголчууд тэдэнд өгсөн гээд хэлчихэж болно. Монгол хүн дэлхийн түүхэнд хамгийн том эх газрын эзэнт гүрнийг байгуулж байлаа. Улмаар тэрхүү асар уудам нутаг дэвсгэрээ Хятадад өгөөш болгож өгсний дараа Манж Чин түүнийг бататгаад өгсөн. Хоёр “их” нийлээд бидний өнөөдрийн Хятадыг бүтээх болов. Гэвч хан үндэстэн сэтгэлзүйн хувьд тэнцвэргүй байдалд байна: “бид” ер нь умардын үндэстэнд цохигдож, сөргөлдсөөр ирсэн гэх. Хан үндэстний соёл үнэн хэрэгтээ өргөн үйл явцын хүрээнд нэг төрлийн эсэргүүцэх соёл. Яг л Чан Жяжянь, Юэфэй, Вэнь Тяньшя зэрэг шиг. Тэд Хятадын түүхэн дуунд мөнхөрсөн баатарлаг хүмүүс. Тэд бүгд эсэргүүцэгч байсан. Эсэргүүцэл хойд газрынхан буюу хүннү, зүрчидүүд, монголчууд, манжуудын эсрэг л дээ. Эдгээрийн ихэнх нь өнөөдөр Хятадын цөөн тоот үндэстэн болчихсон. Тэд болон хан үндэстний харилцааны тэнцвэр ямархуу байна вэ? Соёлын агуу байдал, газар нутгийн агуу том хоёр хэрхэн нэгдэх вэ? Өнөөдрийн Хятадын агуу томыг хэрхэн тодорхойлох вэ?

Хан үндэстэн сэтгэлзүйн балансаа алдах үед умардын үндэстний сэтгэл ч  тогтвортой биш. Өнөөдрийн соёлын агуу томын онол илэрхийгээр хан үндэстний соёлыг цөөн тоот үндэстэнд хүчээр тулгахын цагт монголчуудын хэлж чадах нь “Чи нэгэнтээ миний агууг хүлээн зөвшөөрч, би чамд тийм их өвийг өгсөн байхад чи юунд намайгаа устгахыг хүснэм бэ? Бүгд Найрамдах Дундад Улсын хамтран бүтээгчийн хувиар бид орших орон зайтай байж болох уу, үгүй юу?” Монгол-Юань байхгүйгээр, Өвөр Монгол, Төвд, Шинжаан, Юнань Хятадын нэг хэсэг болж чадахгүй. Өнгөрсөн дэх дотор газарт Юнань хамаардаггүй байсан. Дотор газрын олон бүс нутгийн 16-17 муж нийлээд ч өнөөдрийн Хятадын газар нутгийн зууны гучин хувьд ч хүрэхгүй. Тиймээс эдгээр хүчин зүйл, газар нутгийн нэгдлээр бид монгол хүнд орон зай, байрлал өгөх ёстой юу, үгүй юм уу? Харамсалтай нь “үндэстэн” Хятадын нэг “асуудал” болж хувирлаа. Үндэстний асуудлыг шийдвэрлэх ёстой, харин цөөн тоот үндэстэн тэрхүү асуудлыг шийдвэрлэх зорилго болов.

ХОЁР

Хятадын хэсэг эрдэмтэд, өөрийн санаагаа бусдад тулгагчид сүүлийн үед үндэстний асуудлыг “улс төржилтөөс ангид” байх ёстой гэж шаардах боллоо. Шинжаан болон бусад газар аль хэдийнэ хос хэлний боловсролыг олгох ажлыг хэрэгжүүлээд эхэлсэн. Хос хэлний боловсрол хэмээгч нь үнэн хэрэгтээ цөөн тоот үндэстний сурагчийг маш хурдан хятад хэлний боловсролтой болгох зүйл. Хятадын үндэстний бодлого нь хэрэв чиний үндэстний уугуул бичиг үсэг байгаа бол чи өөрийн хэлээрээ боловсрол эзэмшиж болно гэдэг. Тиймээс Өвөр Монгол, Төвд, Шинжаанд хүүхдүүд цэцэрлэгээсээ их сургуулийн боловсрол хүртэл монгол хэл, төвд хэл, уйгар хэлээр суралцаж болдог. Энэ бол хууль ёсны үндэстний боловсрол. Гэвч өнөөгийн эрдэмтэд иймэрхүү үндэстний боловсролын хэлбэр цөөн үндэстний эсэргүүцэл, тэдний бие даасан, тусгаар байх гэсэн сэтгэлийг бүр өдөөгөөд байна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн асуудал ийм байвал цөөн тоот үндэстэн Хятадтай ижилсэхгүй, Хятадыг хайрлахгүй байдалд хүргэх болно гэж харж байна. Хэрвээ хятад хэлээр боловсрол эзэмшихдээ хүрвэл тэдний дараагийн үе Хятадтай ижилсэнэ гээд байх юм. Энэ чинь ямар логик вэ? Ямар байдлаар бодох ёстой вэ? Бас ямар үндэстэй эд вэ?

    Өмнө нь бид анги, төр, үндэстэн эцэстээ бүгд мөхнө гэж ярьдаг байсан. Үндэстний мөхөл хоёр төрлийн хэлбэртэй. Эхнийх нь махан биеийн мөхөл, нөгөөх нь ухамсрын мөхөл. Нэг бүлгийн орших, эс орших бол нэг төрлийн сэтгэлгээний эд зүйл. Чиний ухамсар алга болвол чи ч оршихгүй. Та хоёр (сэтгүүлч) бол хан үндэстний гэр бүлд төрсөн. Хан үндэстний соёлын орчинд өсөн хүмүүжиж, насанд хүрсэн. Та нарт хан үндэстний ухамсар бий. Хэрвээ та хоёр Монголын бүс нутагт насанд хүрч, монгол эцэг эхийн дэргэд өссөн бол  гарцаагүй л монгол хүнтэй адилхан байх болно. Энэ бол ухамсрын асуудал. Хүүхдийн хэлийг өөрчлөхөд л чи алга болно. Хүн судлалын үүднээс үүнийг “уусалт” (acculturation) гэнэ. Хэрэв энэ хувь хүний сонголт бол хамаагүй. Гэвч хэрвээ төрийн бодлогоор чиглүүлвэл асуудал томоор үүсэх болно.

    Өнөөдрийн бидний ярьж байгаа Хятадын гол биеийн үнэ цэнийн ойлголт бол “Гурван харилцааны бодлого”(san jiao)-ийн тухай ойлголт. Тэдгээр нь oйртох, харилцах, холилдох. Утга нь чи өөртөө засах газар нутагтай бол хан үндэстэнтэй харилцахгүй, зожиг зантай болж улсыг хагацуулах болно. Өөрөөр хэлбэл, “чи намайг хайрлахгүй” л гэсэн үг. Би чинь их сайн хүн шүү дээ. Чи яагаад намайг хайрлахгүй байгаа юм бэ? “Гурван харилцаaны бодлого” бол үнэндээ “Чи намайг хайрлаасай гэж би хүсэж байна” л гэсэн үг. Би ийм сайн байхад чи ямар учраас надад хайргүй байна вэ? Энэ нэг төрлийн сэтгэцийн өвчнийг харуулж байгаа биш үү?

    Би барууны үндэстний үзэлд алагчлал байна хэмээн ажигласан. Чамайг харахаас дургуй хүрч байна. Чи надад хэрэггүй. Гэтэл Хятадын үндэстний үзэл эсрэг талаа өөрийгөө хайрлахыг хүсдэг. Хэрвээ нөгөө тал нь хүсэхгүй аваас бие даах гэж байна, эсвэл зугтах нь гэж боддог. Энэ бол “үндэстний асуудал” хэмээгдэгч. Xэрэг дээрээ бид энд байгаа “хэн хэний асуудал”, эсвэл хоёулаа асуудалтай юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Хан үндэстэн судлаач эрдэмтэд цөөн тоот үндэстэнд асуудал байна гэвэл тэр нь үндэстний асуудал байна, тиймээс үндэстний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж боддог. Бид гадна талаас нь, алсаас, зэргэлдээ өнцгөөс үзвэл энэ бол бодит өвчний асуудал байна гэдгийг харж болно. Би чамд дургуй байхад намайг заавал хайрлах ёстой гэж шахах. Би явлаа гэхэд чи болохгүй гэж хориглох. Өнөөдрийн үндэстний хүчирхийлэл ингэж л бий болдог. Цөөн тоот үндэстэн үндсэн хуулийн хүрээнд баталгаатай өөртөө засахыг хүсэж байна. Харин улсыг хагацуулах гэж зориогүй шүү. Зөвхөн өөрсдийн гэсэн орон зайтай байхыг л хүсэж байгаа хэрэг. Зохих хэмжээний зайтай байвал тааламжтай. Тохирсон зай нь салахыг хэлж буй зүйл огтоос биш. Харин ч биднийг илүү сайн харилцаатай болгоно.

    Би өөртөө засахыг тохиромжтой орон зай олохын мөрөөсөл гэж ойлгодог. Гэвч өнөөдөр энэ нь маш том асуудал. Барууныхан Хятадын өөртөө засах тогтолцоог бүрэн дүүрэн ойлгохгүй. Ямар юмны чинь шударга өөртөө засах вэ? Хятадын өөртөө засах ямар шинжийн өөртөө засах вэ? Одоо ч хамтын ойлголт байхгүй л байна. Барууны өөртөө засах болон Хятадын өөртөө засах ойлголт харилцан эсрэг зүйл. Тухайлбал, Палестины өөртөө засах асуудал. Өөртөө засах бол угтаа өөрийн чадвараараа улс байгуулах боломжгүй зүйлийг хэлж байна. Тиймээс шалгаж, туршлага хуримтлуулж байгаад нөхцөл бүрдсэн цагт өөрийнхөө улсыг байгуулахыг дэмжинэ. Палестинд улс байгуулахыг хүлээн зөвшөөрсөн. Зөвхөн нөхцөл нь бүрдээгүй хэмээн барууныхан үзэж байна. Хонконгийн зарим хүмүүс бие даах үйлдэл хийж байна. Хэдийгээр бодитой илрээгүй ч тэдний дотоод онол нь өөртөө засахаас тусгаар болох хандлага руу чиглэж байна. Барууны өөртөө засахын үндэс нь ялгаатай шинжийг хүлээн зөвшөөрдөг. Үүний зэрэгцээ улс төрийн захиргааны баталгааг өөрсдөд нь олгодог. Харин Хятад Хонконгийн өөртөө засах туршлагад яг эсрэгээрээ тэмцэж байна. Хонконгод өөртөө засах 50 жилийн хугацаа олгож, тэр хугацаандаа тэднийг эх улс руугаа ор хэмээн ятгаж байна. Хятадын өөртөө засах онол нэг иймэрхүү. Эхлээд биднийг нэг айл мөн гэдгээ зөвшөөрүүлж, бас орон зайтай байхыг маань хүлээн зөвшөөрөөд 50 жилийн хооронд бидний ялгааг арилгах. Тэр чамд хугацаа өгөх ч аажуухнаар нэг бие бол гэж хүснэ. Нэг улсын хоёрдмол тогтолцооны онол ч адил: Хэдийгээр бидний нөхцөл хүрэхгүй ч аажмаар нэг бие болно. Эдийн засгийн онцгой бүс ч ийм үйл явцын хүрээнд байдаг. Тиймээс Хятад болон барууныхан өөртөө засах тогтолцооны тодорхойлолт дээр чиглэлийн зөрүүтэй. Баруун чамайг улс болгож хувиргах, тусгаар тогтнуулахын төлөө байдаг бол хятад нэг бие болгох тухай байна. Хятадын цөөн тоот үндэстний өөртөө засах зорилго нь юу вэ? Маш олон цөөн тоот үндэстний судлаач үүнийг ойлгохгүй байна. Бидний соёл адилгүй учраас, эсвэл бид өөртөө зассан байдлаараа холын хол явнаа гэж бодож байна. Гэвч миний дөнгөж саяхан ярьсан зүйл Хятадын үнэ цэнийн ойлголт. Энэ нь хандлагын чанартай зүйл. Аажмаар нэгдэх гэдэг бол цаг хугацааны л асуудал. Гэтэл өнөөдрийн Хятадын эрдэмтэд хүлээж чадахгүй бололтой. Тийм биш бол яагаад хамаг хүчээрээ “Гурван харилцаaны бодлого ” руу шахаад байдаг юм бэ?

    Энэ өнцгөөс харвал Хятадад одоо тулгарч буй асуудлууд хаанаас гарч ирж буйг их амархан ойлгоно. Би хэзээ ч Хятадыг муу, санаа муутай гэж хэлж байгаагүй. Харин эсрэгээр тэд маш сайн. Цөөн тоот үндэстнээ халуун хайраар хайрлаж байна л гэж байсан. Гэвч түүний халуун тэврэлт арай л бачимдмаар аж. Хүнийг амьсгалах орон зайг ч олгохгүй бололтой. Тиймээс цөөн тоот үндэстэн өөрийн амьсгалах орон зайг хүсэхэд хүрэж байна.

Хятадын цөөн тоот үндэстэндээ хүч тулгах өвчин нь Хятадын соёлын бүтэц, төрийн бүтэцтэй холбоотой. Хятад төв байна. Төвөөс гадна “5 фү”, эсвэл “9 фү” гэж байна. Төв нь хаан бөгөөд хаан нь цөм болно. Цөмийн орших газар нь эзний ордон хот болно. Хотын хэрмийн гадна талын 500 газар (250 км) дотор нэгдүгээр фү оршино. Ахин 500 газар явахад бас нэг фү байна. Бүх фү өөрийн гэсэн нэрийдэлтэй. “5 фү”-гээс хамгийн хол нь Хуан фү гэнэ. Харин “9 фү”-гийн дотор хамгийн холынхыг нь “Фань фү” гэдэг. Агуулга нь төвөөс улам холдох тусам зэрлэг болно гэсэн үг. Хааны сургаалийг сонсохгүй бол улам л ийм болно гэсэн санаа. Хааны дуу хоолойг сонсож байж л сая боловсорч, иргэнших юм гэнэ. Үүний зэрэгцээ эзэнд үйлчлэх үүрэг гэж бас бий. Хятадын соёлын үнэ цэнэ дуудаж сургах, соён өгүүлрэх (МНТ-нд ч Чингис хаан соён өгүүлэрлээ гэж бий. Энэ бол эзний сургааль сонсож боловсон болох зүйл юм. Орч.), хаан, эсвэл төвийн сэтгэлгээний их талбарын гэрэл зэрэг бөгөөд чамд соёлын сайн мэдээ (Христын шашны түгээхтэй хамаатай үг хэллэг мэт. Орч)-ний сайхныг түгээн сонсгох юм. Энэ бол Хятадын хэвлэмэл иргэншлийн гол хараа, амин сүнс. Соёл (хятад хэлний wenhua-г хэлж байгааг анхаарах хэрэгтэй. Орч) нь “жилт” (хуа) гэсэн үгээр буух бөгөөд “адилгүйг устгах” хэрэгтэй гэсэн утга. Хятадын өнцгөөс харвал энэ нь маш сайн үйлдэл. Нэгэн төрлийн алсын харааны мэдрэмж байна. Би ийм сайн. Би чамд өгье. Чамайг сайн болохыг бас хүсэж байна. Чи хариуд нь хэрэггүй гэвэл чи өөрөө асуудалтай, өвчинтөй хүн болчихдог. Хятадад “харийн хүнийг илбэн тохинуулах” (huairou yuanren) гэж үг бий. Хятад хүн “холын найз ирэхэд сайхан” гэвч зочин явахад чиний сэтгэл хүндхэн. Тийм үү, үгүй юу? Тан улсын яруу найрагч Ли Байгийн шүлэгт найз явах үед сэтгэл их гунигтай хэмээн хоосорсон сэтгэлийг дүрсэлсэн байдаг. Энэ бол “ирж очихын харилцаа”. Чи “ирэх” нь миний үнэ цэнийг тогтоож байна. Бүгд чамайг хүрээлж байна. Чамд “алдар”-ыг авчирч байна. Маш баяртай зүйл. Бүгд чамаас зайлж явбал чи олонд хүндгүйгээ харуулна. Чи үүнээс болж сэтгэлээр унаж магад. Түүнтэй л адил Хятадын соёл алдар хүртэхийг зорьдог. Хятад ямар учраас улам бөмбөрөөд томордог юм бэ? Шалтгаан нь гадаад ертөнц Хятадад ирж, түүний төвийг түших ёстой аж.

Гэвч яг ийм биедээ татсан хүч эргэн тойрны хүнд бол боломж л гэж харагдана. Улс төрийн болон эдийн засгийн боломж. Хятадын эзэнт гүрний өнцгөөс авч харвал чи намайг дагаж үнэн сэтгэлээр над руу хандвал би чамд хэргэм зэрэг өгье. Тэгвэл чи миний гар дор болно. Энэ нь хязгаарын бүхий л эзэн мэдэх эрх мэдлийн нэг хэсгийг төвд өргөн барьж, хариуд нь төвөөс чамд эдийн засгийн нөхвөр олгоно. Тиймээс хязгаарын ноёдууд нийслэлд ирж хаанд толгой мөргөж буцахдаа асар их шагнал авна. Хязгаарынх нь үнэндээ тэнэг биш. Тэд энэ тогтолцоог ашиглан байнга л нийслэлд элчийн бүлгэм томилон явуулж байсан. Та биднийг бууж өгөөд дага гэсэн биш үү? Тэгвэл бид хүнээ томилно. Бүгдийг томилж нийслэлд ирүүлж, тушаал зэргээр шагнуулна. Төв мэдээжийн хэрэг үүнийг тэсэхгүй дариухан зогсооно. Шууд зогсоох аж. Та намайг урьсан биш юм уу? Яагаад намайг хүлээж авахаа больсон бэ? Зовлонтой царай үзүүлж дайн гаргах байдалд хүргэнэ. Ингээд эцэст нь “дотор газрын эзэн” болж дуусна. Энэ бол Дундадын тэнгэрийн доорх тогтолцооны өөрийнх нь татсан хэрэг. Өнөөдөр бид эдгээрийг задлан шинжлэхэд тийм ч олон сэтгэлийн хөдөлгөөн шаардлагагүй байх. Хятад бол ийм л соёлын бүтэцтэй. Тэр гарцаагүй ийм л учрыг хийдэг. Гэвч өөрийнх нь толгой бас хүрэхгүй янзтай.

ГУРАВ

Би үндэстний бүлгэмдлийн асуудлыг дахин нэг удаа яримаар байна. Энэ бол Хятадын хамгийн гол асуудлын нэг л дээ. Өнөөдөр чи Хятадын хаана ч очсон бүгд үндэстний бүлгэмдлийн тухай л ярина. Хятадад “хэн ч хэнээсээ салж чадахгүй” гэдэг нэг үг байдаг. Чи цөөн тоот үндэстний нутагт очиход “Хан үндэстэн цөөн тоот үндэстнээс салж чадахгүй. Цөөн тоот үндэстэн хан үндэстнээс салж чадахгүй. Бүх цөөн тоот үндэстэн хоорондоо ч салж чадахгүй” гэдэг энэ үгийг харж, сонсох болно. Хэлхэлдсэн тойрог аятай. “Хэн нь ч хэнээсээ салж чадахгүй” гэдэг нь төрийн хууль биш. Үндсэн хууль ч биш. Харин нэгэн бодлогын удирдах чиглэлийн үг. Гэвч Хятадын цөөн тоот үндэстэн үндсэн хуулиндаа бүгд өөртөө зассан. Харилцан хоорондоо хязгаарлалттай байна. Тэгвэл чи “хэн нь хэнээсээ ч салж чадахгүй” болон “өөртөө засах”-ын хооронд ямар харилцаа байна гэх вэ? Үндсэн хуулинд яаж тусгасан бэ? Энэ тухай огт байхгүй. Үүнээс гадна хан үндэстэн, цөөн тоот үндэстний хооронд болоод үндэстний эв нэгдлийг хангах явцын дунд эс хайхарч үл болох чухал асуудал гэвэл үндэстний дотоодын эв нэгдэл болно. Хан үндэстний дотоод муж хоорондын нэгдлээр гарч ирсэн шиг цөөн тоот үндэстэн дотроо мөн нэгдэх ёстой биш үү? Хэрэв Хятадын 56 үндэстэн улсын дотоодын үндэстэн гэвэл бүгд “Дундадын үндэстэн бол нэг” гэдгийг бүтээж чадна гэх байх. Хэдий тийм ч “Дундадын үндэстний бүлгэмдэл”-ийг аливаа нэг цөөн тоот үндэстний дотоодын хагарал, эвлэрлээр биелүүлж болохгүй.

Тухайлбал, дөнгөж сая дурдсан Шинжааны сургууль хятад хэлийг их шуурхай чангатгаж байна. Уйгараар заах нь чиний уйгараа гэх ухамсрыг улам хүчтэй болгож байна. Эцэстээ чамд Хятадад ижилсэхгүй, хятад ухамсар байхгүй болно. Тиймээс үндсээр нь таслах хэрэгтэй гэнэ. Нэг хэсэг оюутнууд “хятадаар шалгалт өгдөг”. Дариу цөөн тоот үндэстний хүүхдүүд хятад хэлээр шалгалт өгч их сургуульд орно, нөгөө хэсэг нь “өөрийн хэлээр шалгалт” өгөөд их сургуульд oрдог юм. Хятадын цөөн тоот үндэстний бүс нутагт төрөөс явуулдаг сайн өглөгийн бодлого бий. Тэр дундаа “цөөн тоот үндэстний сурагч хятадаар шалгалт өгөх” үед тэдний шалгалтын дүн муу байлаа ч их сургуульд ороход хөнгөлөлт эдлүүлж, харгалзах бодлого юм. Өнөөдрийн хан үндэстний оюутнууд энэ бодлогод их дургүй. Тэгш биш байна гэж боддог. Бид бүгд адилхан. Адилхан л өрсөлдөх хэрэгтэй. Чи ямар учраас ийм хөнгөлөлт эдэлдэг юм бэ? Гэхдээ тэд хэзээ ч цөөн тоот үндэстний нүдээр үүнийг бодож байгаагүй байх. Түүний үр дүн нь юу вэ? Энэ бодлогын эцсийн үр дүн цөөн тоот үндэстний дотоодод задралыг бий болгож байна. “Өөрийн хэлээр шалгалт өгөгч” нь “хятадаар шалгалт өгч байгаа”-гаа үндэстний тэрслэгч гэж бодоход хүрсэн байна. Хоорондоо гэрлэх нь ч тун бага байгаагаас харж болно.

Хятадын цөөн тоот үндэстний ихэнх нь улс дамнадаг. Тухайлбал, Монгол, Солонгос, Хасаг, Киргиз, Дай, Мяо зэрэг. Зарим үндэстний гол бие нь улсын гадна байна. Нэгэн цөөн тоот үндэстэн нь хэд хэдэн улсад тархсны дараа яанам бэ? Хятадууд энэ талаар ч их зовдог. Эх газар болон Тайваны салан тусгаарлал. Хэн бидний их нэгдлийг хүсэхгүй бол бүгд бидний дайсан гэдэг. Тийм үү, үгүй юу? Энэ бол бидний архаг, ужгирсан шүдний өвчин. Өмнөд, Хойд Солонгосыг яалтай вэ? Бид хараад ямар ч мэдрэмж байхгүй. Бараг л хамгийн сайн нь тэднийг нэгтгэхгүй байх явдал. Монгол болон Өвөр Монголын харилцаа “Нармай монголын үзэл”-ээр бут цохиулчихсон. Хятадад “өөрт хүсэхгүй байгаа зүйлээ хүнд бас битгий хүс” гэдэг үг бий. Гэвч манай эрдэмтэд эдгээрийг бичих үедээ эсрэг талаа даанч нэг бодохгүй бичих юм.

Хятадын цөөн тоот үндэстэн байхын хувьд бид энэ улсaa хүндэтгэн дээдлэх албан үүрэгтэй. Гэвч бид үндсэн хуулинд тусгасан ашиг тусаа эдлэх эрхээ бас тэмцэн олох хэрэгтэй. Тэмцэн олохын нэгэн төрлийн арга зам нь тэд Хятадад хувь нэмэр үзүүлсэн түүхэн гавьяагаа тооцож, өөрийн биеийн үнэ цэнийг өргөхөд байдаг. Гэхдээ чиний өөрийн үндэстний нэг бүлэг нь тусгаар улстай шүү дээ. Тэр гавьяагаа тэдэнд хандаж юу гэж хэлнэ вэ? Монголын түүх бол Монгол, Өвөрмонголын хамтын хөрөнгө. Гэвч бид одоо хоёр улс болчихжээ. Харин улсын түүх бол төрийн эрх мэдэлтэй шууд холбогдсон байдаг. Би (Өвөр Монгол) түүхээ Хятадад өргөн барьж болноо. Монгол улсын нөхдүүд баталгаатай үүнд гомдох байх. Яагаад гэвэл энд тэдний түүх бий шүү дээ! Энэ бол Монголын эзэнт гүрний өвийг хэрхэн хуваалцах тухай асуудлыг гарган ирж байгаа юм. Хятадын өнцгөөс харвал үүнийг үнэхээр хуваалцах хэрэгтэй байгаа мэт. Яагаад гэвэл энэ ганцхан танай монгол хүнтэй хамаатай асуудал биш. Зүүн хойд, Төвд, Шинжаан, Өвөр Монгол зэрэгт наад зах нь өөрийн соёлдоо хан үндэстэн болон зарим монгол соёлоос авсан. Мужийн захиргааны тогтолцоотой ижил маш олон тогтолцоо Монгол-Юаниас ирсэн. “Их татмал гол” (Dayunhe) шиг зүйл Монгол-Юаний үед гарч ирсэн. Монгол-Юаний үед Күнз хамгийн дээд “Их төгсгөлт үлэмж богд ухаанд алдаршсан ван” хэмээх цолыг хүртэж байсан. Бээжин төрийн нийслэл болохын хувьд монголчуудаас л тогтоож ирсэн зүйл. Эдгээр бүгд Монголын эзэнт гүрний өв. Монголын өв баталгаатай Хятадад хэрэгтэй. Энэ бол бидний хэсэг гэх байх. Гэвч дэлхий даяараа хятад хүнд зөвхөн хятад хүний л түүх бий гэж үздэг. Монгол хүнд монгол хүний л түүх бий. Хятадууд Чингис хаан бол Хятадын баатар гэдэг. Барууныхны үзэхээр энэ чинь юу гэсэн үг вэ? (инээлцэв). Монголчуудын үзэхээр бидний баатар хятад хүн болчихлоо. Бид яагаад хятад хүн болчихсон юм бэ гээд Хятадын монголчуудаас асуух нь лавтай.

Өмнөх үеэс уламжлагдаж ирсэн өвийг бид яаж хувааx вэ? Ямар тохиолдолд ганцаараа, ямар тохиолдолд хуваалцах ёстой вэ? Ганцаараа эдэлж чадахгүй, зүй ёсонд ч нийцэхгүй. Тэгвэл Монгол, Хятадын түүхийн маргаан гарах байх. Мөн Хятадын монголчууд өөрийнхөө нэг үндэстний буюу Mонголын хамаатан садныхаа өмнө толгойгоо өндийлгөж чадахгүйд хүрнэ. Xамтаараа хуваалцья гэвэл нэг сайн аргыг хайх л хэрэгтэй.

ДӨРӨВ

Одоо Хятадын үндэстний өөртөө засах яаж явж ирснийг ярья. Зарим хүн үүнийг Хятадын коммунист нам өөрийн утга агуулгагүй зүйлийг гаргаж, Зөвлөлт ахаа дуурайсны үр дүн гэж хэлж байна. Зөвлөлт ах нь зуу илүү үндэстэнг хүлээн зөвшөөрч хуваасан. Үүний зэрэгцээ тэдэнд өөртөө засах бүс нутгийг өгсөн. Эцэстээ агуу Зөвлөлт түүнээсээ болж задарсан. Тиймээс бид Зөвлөлтийн туршлагыг зээлж, өнөөдрийн цөөн тоот үндэстний өөртөө засахыг хурдан устгах хэрэгтэй гэж бодох юм. Үүнийг хэлж буй хүн баталгаатай Хятадын байдлыг мэддэггүй маягтай. Мөн Хятадын коммунист нам, цөөн тоот үндэстний харилцааг ч ойлгодоггүй юм байна. Энэ тухай бид жаахан тайлбарлах ёстой байх л даа.

Бид Хятадын коммунист нам 1921 онд Шанхайд байгуулагдсан нам гэдгийг мэднэ. Тухайн үеийн Коммунист нам хотын дотор үйл ажиллагаатай байсан. 1927 онд Гоминдан-Коммунист намын эвсэл задарч, Гоминданыхан Коммунист намаас өөр лүүгээ элсэж орсон хүмүүсийг хороосон. Коммунист нам энэ үед хотоос зайлж, улаан цэрэг байгуулж, Жинган ууланд гарaв. Дайнд ялагдсаныхаа дараа стратегийн ухралт хийж, Жинь Шяо Жянь болон Даду голыг гаталж, алсын цаст уул, тал нутагт хүрсэн. Миний энд ярьж буй асуудал нь Хятадын Коммунист намын 1933-1935 он хоорондох үхэл амьдралын цаг үе. Гоминданы сая гаруй цэрэг тэднийг алахаар хөөж байлаа. Тэдний явсан зам цөөн тоот үндэстний нутаг байв. Эдгээр цөөн тоот үндэстэн, Гоминданы нам хоорондын харилцаа ч сайнгүй. Яагаад гэвэл Гоминданы нам тэднийг устгах гэсэн бодлоготой шүү дээ. Тэдний хоорондын зөрчил асар том. Тухайн газар тархсан нэг үгэнд “Чулууг дэр болгож болохгүй, хятад хүнийг найзаа болгож болохгүй” гэдэг. Үүнээс чи зөрчлийн цаад гүн чанар нь юу байсныг харж болно. Энэ үед зовж зүдэрсэн Коммунист намын улаан цэрэг ирэв. Бүгд хятад. Тэд яах ёстой вэ? Өмнө талд дайсагнасан цөөн тоот үндэстэн, хойд талаас нь Гоминданыхан хөөж байв. Коммунист нам цөөн тоот үндэстний дэмжлэгийг олохын төлөө хятад хүнийг сайн хятад, муу хятад гэсэн хоёр хэсэгт хуваав. Муу хятад бидний хамтын дайсан. Чи сайн хар. Бидний аль аль нь тэдний танхай байдлыг биеэр тууллаа. Бид хамтрах хэрэгтэй. Тэгээд цусан тангараг тавьж, тахиа хороож, үхэр нядалж, тангараг тавьсан. Ийм замаар Коммунист нам олон цөөн тоот үндэстний ноёдтой тангараг тавьсан болохоор найз олонтой байв. Коммунист намын сайн уламжлал, цөөн тоот үндэстэнд хандсан нөхөрлөлийн бодлого эндээс гарч иржээ. Коммунистын урт аян цөөн тоот үндэстний нутгаар дайран өнгөрсөн билээ.

Тайпин Тиангуо (Taiping Tianguo) улсын Шы Дакай хэрхэн үхсэнийг мэдэх үү? Тэр Хон Шиучюантай муудалцсаны дараа Жинь Шяо Жянь болон Даду голын тэнд хүрч, И нарын гарт хороогдсон. Үүнтэй адил Коммунист нам явсаар мөн тэр И нартай тулгарсан. Энэ үед Лиу Бөчэнь болон И нарын нэг толгойлогч Шяо Едан хоёр цусан холбоо байгуулж, амиа аварч гарлаа. Өөрөөр хэлбэл, хэрэв тэр зай тавиагүй бол Шы Дакайтай адил бүх цэрэг сүйрнэ. Тиймээс чи одоо И үндэстний нутагт хүрч харвал Лиу Бөчэнь, Шяо Едангийн үндэстэн хоорондын бүлгэмдлийг бэлгэдсэн дурсгал бий. Бид энэхүү тангарагийн утгыг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ дотор маш ноцтой амлалт бий. Хэрвээ барууны хүн гэрээ хэлэлцээр ярьдаг бол хятад хүн тангараг л ярина. Цусан тангарагийг бурхан сахиус нотолно. Тангарагийн эцсийн үр дүн нь маш ноцтой. Цусан тангарагийн холбоо Коммунист нам болон цөөн тоот үндэстний харилцааны дархан байдлыг утгажуулж байдаг.

Хятадын Коммунист нам, цөөн тоот үндэстэн ийм холбоог байгуулсныхаа дараа өөртөө засахыг байгуулж өгөхийг амалжээ. Сүүлийн үеийн цөөн тоот үндэстний өөртөө засахын эх үндэс Хятадын Коммунист намын дэмжлэгт оршиж байв. Тухайн үед Коммунист нам засаг бариагүй байлаа. Тиймээс цөөн тоот үндэстний өөртөө засах болон тэр үеийн засгийн газар ямар харилцаатай байсан бэ? Энд гурван талын харилцаа гарч ирж байна: Гоминданы намын тогтолцоот төвийн засгийн газар, төр бус нам гэгдэх Хятадын Коммунист нам, цөөн тоот үндэстэн. Гоминданы засгийн газар нөгөө хоёрын хууль ёсны оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ юуг илэрхийлж байна вэ? Хятадын үндэстний өөртөө засах нь соёлын адилгүй байдал дээр үндэслэдэг үү? Тийм. Гэхдээ зөвхөн биш л дээ. Соёлын ялгаа зөрүү бодох ёстой хүчин зүйл. Гэвч цорын ганц хүчин зүйл биш. Миний хувийн бодлоор энэ нь харилцаажилтын өөртөө засалт. Цөөн тоот үндэстэн болон Коммунист нам барилдлагат харилцаатай байсан боловч энэ талын харилцаа намын дорой байх, эсвэл засаг бариагүй цаг үеийн зүйл. Тэдний зорилго Гоминданыг унагаж, шинэ засгийн газар байгуулах билээ. Өвөрмонголын өөртөө засах орон (засгийн газар) нь 1947 оын тавдугаар сарын нэгний өдөр БНХАУ байгуулагдахаас хоёр жилийн өмнө байгуулагдав. Өвөр Монгол болон зүүн хойд орныг эргүүлэн авсны дараа Зөвлөлт, Монголын цэрэг нутагтаа буцаж (1945 онд Зөвлөл, Монголын цэрэг150 түм цэргээр Японыг цохиж, Өвөр Монгол болон зүүн хойт орныг чөлөөлөв), энэ хоосон бүсийг “хэнд өгөх” нь асуудал боллоо. Хоёр нам аль аль нь Зүүн хойдын гурван мужийг гартаа оруулахыг санаархаж байлаа. Тэгээд үүнийхээ төлөө дайн эхлүүлсэн. Тухайн үеийн өөр нэг асуудал нь Өвөрмонголыг яах вэ гэсэн асуулт. Ийм том хоосон орон зайг яах вэ? Ийм чухал үед Хятадын Коммунист нам Өвөр Монголын өөртөө засахыг дэмжиж, удирдаж, Гоминданы намaaс тусгаар байлгаж, Дундад Иргэн Улсын бүрэн эрхийг зөвшөөрүүлж байв. Гол үүрэг нь Өвөр Монголыг (ялангуяа зүүн хэсэг) хамгаалах, Гоминданы цэрэгт өгөхгүй байх явдал байлаа. Тиймээс энэхүү өөртөө засах нь нэгэн харилцаанаас үүдэлтэй зүйл. Гурвын харилцаанаас гарч ирсэн.

Дараагийн асуудал харилцааны зүйлийг хэрхэн өөрчилж, төрийн тогтолцооны зүйл болгож байна вэ? Энэ өөрчлөлт шилжилтийг Хятад сайн хийгээгүй. Хууль дээр ч тодорхой тусгасангүй. Өөртөө засах харилцаа бол сая миний хэлсэн гурвалжин харилцаанаас л гарсан зүйл. Гэвч дайн дууссаны дараа бидний гуравдагч дайсан алга боллоо. Хоёр барилдлагат холбоотон үлдлээ. Энэ хоёр найз яах вэ? Нам болон өөртөө засах хоорондоо ямар харилцаатай вэ? Төр, үндэстний өөртөө засахтай хэрхэн харилцдаг вэ? Төрийн түвшинд найзуудын харилцаа хэрхэн хязгаарлагдах вэ? Яагаад гэвэл өөртөө засах тал чиний тангарагт найз. Би өмнө нь Хятадын уламжлалд “харийн хүнийг илбэн тохинуулах” гэдэг үг байдгийг хэлсэн. Чи манай энд ирэхэд би баяртай байна. Чи миний найз. Би баяртай байна. Гэвч хэрэв чи надтай хязгаарлалтаа тодорхой болгох гэвэл би дариухан зүсээ хувиргана. Хоёр тал сайн харилцаатай ч зөрчил гармагц бэлцрүү үүcнэ. Чи дахин очоод зангилгаа тайлж, нөхөрлөлөө сэргээх гээд үз. Амар биш байх. Хятадын үндэстний харилцаа, үндэстний хайр хорслыг харж болно. Тэр нь зүгээр л нэг энгийн хайр хорсол биш. Энэ бол андгайт нөхөрлөлийн, найзуудын хайр бас хорсол билээ.

Энэ бүхэн цөөн тоот үндэстэн, Коммунист намын онцгой харилцааг илэрхийлнэ. Би энэ шинжийг илүү чухалчилж байна. Бидний нэг хэсэг эрдэмтэд энэ харилцааг Хятадын тогтолцооны хэвээ алдсан маягтай гэж үзэх юм. Хятад бараг тогтмол төрөө алдсан шиг. Тэгвэл тэр хэвийн тогтмол төр гэдэг нь юу вэ? Тэдний нүдэнд үндэстний харилцааны тал дээр Америк тогтмол төр. Зөвлөлт тийм биш. Тэд Хятадын үндэстний тогтолцоо Зөвлөлтөөсс ирсэн, тиймээс л тогтмол биш хэмээн үзэж байгаа. Тухайлбал, өмнөх Зөвлөлттэй адилхан Хятадын бүхий л цөөн тоот үндэстэн нэг хэсэг газар оршиж, захиргааны ялгаа зөрүүтэйгээр өөртөө засах орон, өөртөө засах жөү, өөртөө засах шянь, үндэстний нутаг зэрэг оршин байна. Төвдүүд асар том газар нутагт ганцаараа оршдог. Тэр нь ч хэвийн бус харагдана. Хэвийн бус, аюултай хэмээн бодогдоно. Аюултай байвал түүнийг “аюулгүй болгох” хэрэгтэй. “Аюулгүйжилт” гэгч нь эсрэг талаа надад өгөх сүрдүүлэг хэмээн үзээд, сүрдүүлгийг устгах арга хэмжээ авдаг. Энэ өнцгөөр харвал Хятад ямар нэг том цөөн тоот үндэстний аюулгүйжилтыг Америкийн муслимийг аюулгүй болгож буй байдлаас хуулж байна. Зөвхөн ухагдахууныг өөрчилсөн төдий. Дариу “үндэстний асуудлыг улс төржилтөөс ангижруулах” билээ. Улс төржилтөөс ангид байхын санаа нь юу вэ? Үндэстэн гэсэн ойлголт аюултай болж, тэр “үндэстэн”-ийг “угсаатны бүлэг” болгож хувиргавал санаа амарна. Үндэстэн нь “nationality”-ээс эх авсан нэгэн улс төрийн ойлголт билээ. Бүхий л үндэстэн хамтын газар оронтой, хамтын эдийн засаг, хамтын хэл, хамтын сэтгэлгээтэй байхыг дээрх үг утгажуулж байдаг. Хамтын шинж байх нь гарцаагүй билээ. Улс төрөөс ангид байхыг санаачлагчдын нүдэнд Хятадын үндэстний бүс нутаг нь өөртөө засах бие даасан вант улс шиг л үзэгдэж, ихээр айх аж.

Үнэн хэрэгтээ энэ бол тогооны усанд нуман гэрэл харагдахад могой байна хэмээн хайх шиг их сэжигтэй асуудал. Хятадын олон өөртөө засах газар орон Бээжин, Шанхай мэтийн хот шиг гаднаас хүн ирэхэд татгалзах нь харьцангуй гайгүй. Бээжин хүн, Шанхай хүн гадны хүнийг ялгаварлах нь их энгийн. Цөөн тоот үндэстэнд өөрийн эрхийг хамгаалах эрх байхгүй мэт. Тэд гадны нүүдэл иргэдийн асуудалд хошуу нэмбэл Хятадын эсрэг үзэлтэн болдог. Үндэстэнг хагацуулагч гэдэг малгайг өмсөж, довтолгооны бай болдог.

Сая хэлснээр үндэстний асуудал улс төрөөс ангид байхын нэг чухал агуулга нь “үндэстэн”-ийг “угсаатны бүлэг” болгон хувиргадагт билээ. “Угсаатны бүлэг” ямар ойлголт вэ? Энэ нь англи хэлний “ethnic group”-ийн орчуулга. Соёлын, эсвэл цусан төрөл дээр тогтсон бүлгийг заадаг. Тэдний оршихуй нь “тэр, би”-гийн ялгаан дээр тулгуурладаг. “Би” үгүйгээр “тэр” нэг юм болж чадахгүй. Тухайлбал, Уйгарын “угсаатны бүлэг” бол биеэн дааж оршиж чадахгүй. Яагаад гэвэл түүнд заавал харьцуулах этгээд байх хэрэгтэй. Хятад улс түүнийг харьцуулах этгээд нь зайлшгүй хан үндэстэн байж таарна. Тиймээс зөвхөн “Хан”-ы “тэр” байж байж сая уйгарын угсаатны бүлгийн “би” болж чадна. Энэ утгаараа дөнгөж сая хэлсэн “хэн хэнээсээ салж чадахгүй” (Хан үндэстэн цөөн тоот үндэстнээс салж чадахгүй; Цөөн тоот үндэстэн хан үндэстнээс салж чадахгүй; Бүхий л цөөн тоот үндэстэн хоорондоо салж чадахгүй) хэмээх бодлогын чиглэлээр угсаатны бүлгийн харилцааны үнэ цэнийн ойлголт илэрч, гарч ирж байна. Чамайг шууд хазаарласан учраас чи зугтаж чадахгүй болсон. Яагаад гэвэл чиний оршин буй нь харилцааны дундахь байгуулал. Бие даан “би” гэдэг зүйл байгуулагдахгүй. “Xэн хэнээсээ салж чадахгүй” хэмээх үнэ цэнийн ойлголтын дунд өөртөө засахын үндэс нь аль эрт алга болсон юм.

Гэвч угсаатны бүлэг нь зөвхөн ардын дунд эрдэм шинжилгээний нэр томьёо л доо. Харин үндэстэн болон өөртөө засах нь төрийн үндсэн хуулийн ойлголт. Тухайн ардын дундахь эрдэм шинжилгээний үг хэл төрийн үндсэн хуулийн нэр томьёоноос илүү хүчтэй болсон үед төр их хуулиа өөрчлөх аж. Үндэстний улс төржилтөөс ангид байх асуудал улс төрийн тогтолцоог шинэтгэж байгаа биш үү? Улс төрийн шинэтгэл тийм ч амар юм биш. Гэвч үндэстний улс төржилтөөс ангид байх болоод “хоёрдугаар үеийн үндэстний бодлогын” дэлгэрэлтийн уриа нь үндэстний асуудал бол улс төрийн шинэтгэлийн шатлан гарах газар болсон биш үү? Яагаад гэвэл үндэстний асуудалд онцгой шинж болон тохиолдлын гаднах шинж байдаг.

Бидний мэдэх нээлттэй шинэтгэл хэрхэн явагдсан бэ? Гарц нь хаана байна вэ? Үнэн хэрэгтээ гарц нь онцгой захиргааны бүс юм уу, эдийн засгийн онцгой бүст байдаг. Нэг газрыг хүрээлж аваад нээлттэй шинэтгэл хийж, амжилт олсныхоо дараа бүх улс даяарт түгээсэн. Энэ онцгой бүс нэг төрлийн тохиолдлын гадна бүс (zone of exception) мөн. Энэ бүс нутагт онцгой хууль байна. Бид Хятад бол улсын хэргийг ярилцах дургүй, ер нь хэрэггүй хэмээдэг уламжлалтай улс. Маш олон хориотой бүстэй. Гэвч үндэстний асуудал халуун сэдэв болж хувирсан. Түүнчлэн Хятадын төртэй хамт яригдах боллоо. Сонирхолтой байгаа биз дээ? Өмнө нь хэн ч үндэстний асуудлыг ярихыг үл зөвшөөрч байсан. Ашиггүй сэдэв. Ярилаа ч үр дүнгүй. Гэвч ойрын жилүүдэд яагаад ийм их хүчтэйгээр үндэстний асуудлыг хэлэлцэх болов? Яагаад гэвэл Хятадын улс төрийн бүтэцтэй хамт ярих үед үндэстний асуудал дахин хязгаарын асуудал биш болов. Тэр аль хэдийн цөм сэдэв боллоо. Үндэстний асуудал зөвхөн цөөн тоот үндэстний асуудал, намын бодлого, түүнийг яах вэ гэсэн хэрэг биш. Харин Хятад улсын улс төр, эдийн засгийн ашиг тусыг хамтад нь авч үзэх тухай хэрэг. Мөн улсын хувь тавиланг хамт тусгасан асуудал болжээ. Хятадын эдийн засгийг яаж өөрчлөх вэ? Анхандаа эдийн засгийн төв нь далайн эргийн бүс байсан бол oдоо дотор юм уу, хязгаар руу шилжжээ. Хятадын эх баялаг хаана байна вэ? Бүгд хязгаарын бүс нутагт байна. Эдгээр баялаг болон эх сурвалж байхгүй бол Шанхай хэдэн өдөр тэсэж чадах вэ? Тиймээс үндэстний асуудал дахин цөөн тоот үндэстнийг асрах тухай асуудал биш, Хятадын хувь тавилантай хамаатай асуудал болсон.

Үнэн хэрэгтээ түүхийн өнцгөөс харвал үндэстний өөртөө засах тогтолцоо нь аль эрт өөрчлөгдсөн. Зөвхөн бидний хэсэг эрдэмтэд л энэ байдлыг тодорхой үл ойлгоно. Хятадын өөртөө засах аль эрт 50-иад оны үед “үндэстний бүс нутгийн өөртөө засах” гэдэг нь тодорхойлогдсон. Жишээлж тайлбарлавал, тухайн газрын цөөн тоот үндэстэн, хан үндэстэн нь хамтарч өөртөө зассан, xарин цөөн тоoт үндэстэн бие дааж өөртөө зассан юм биш. Зарим эрдэмтэд одоо Хятадын үндэстний өөртөө засах нь цөөн тоот үндэстний тусгаар болох дулаан хөнжил гэж бодоод байдаг. Тэд цаасан дээр цэрэг хөдөлгөж байх шиг юм хэлээд байна. Харин үндэстний асуудалд хийсэн түүхийн болон өнөөгийн бодит судалгаа байхгүй.

ТАВ

Би яриагаа эхлэхдээ монгол бол “дэлхийн шинжтэй” гэж ярьсныг санаж байгаа байх. Монголын эзэнт гүрний дэлхийн шинжийг хүлээн зөвшөөрөхгүй хүн байхгүй. Монгол хүний үүднээс түүхээ эргэн бодоход сэтгэл минь уярч, шүүрс алдах юм асар их байна л даа. Зарим үед Лүшингийн зохиолд гардаг  A-Q шиг санаагаа хуурмаар санагдах. Яагаад гэвэл түүхийн болон өнөөгийн бодитой байдлын зөрүү тэнгэр газар шиг их боллоо. Гадны хүн бол арай сэтгэл хүрэхгүй байхаа. Би ойрын үед Монголын дэлхийн шинжтэй асуудлыг анхаарч байна.

Хоёр дахь хар тамхины дайны дунд 1859-1860 онд Чингийн цэрэг болон Англи, Францын хамтарсан цэрэгтэй Тяньжины Дагу боомтoд мөргөлдсөн. Тухайн үед Чингийн цэргийн захирагч Сэнгэринчэн байлаа. Тэр бол чинван зэрэгтэй монгол хүн байсан. Та нар магадгүй “Юань Минь Юанийг галдсан нь” киног санаж байгаа байх. Уг кинонд нэг тэнэгдүү Монголын ван нэг англи хүнийг гол руу хаядаг. Тэр бол Сэнгэринчэнгийн “улсын иргэд”-ийн дунд гарсан дүр байдлыг харуулж байна.

Тухайн үе бол Чингийн дотоодын самуун, гадаадын аюулд тулгарсан хэцүү үе. Чингийн найман хошууны цэрэг аль хэдийн бүтэхгүй болсон байв. Тиймээс монгол нутгийн цэргийг түшихээс аргагүй болсон. Сэнгэринчэн аюултай цагт үүрэг авч, 1853 онд цэрэг удирдан Тайпин Тиангуо (Taiping Tianguo) улсын умар тийш дайлсан цэргийг бут цохиж, Чин улсыг аварч, их гавьяа байгуулав. Бүхий л Чин улсын  төрийн хувь тавилан түүний гарт оржээ.

Тэр гурван талтай дайтан Англи, Францын холбоот цэрэгтэй, Ниангийн урвагч цэрэгтэй, Энхтайвны улстай бүгдтэй нь монгол хүн л байлдаж байлаа. 1859 онд Монголын цэрэг Дагу боомтод Англи, Францын холбоот цэргийг цохив. Тэдний 400 гаруй хүн үхэв. Дараа жил нь Англи, Франц 20,000 цэргийг Даду боомт руу томилж, цохиулав. Энэ удаа Сэнгэринчэн ялагдсан юм. Англи, Францын холбоот цэрэг хааны цэцэрлэг ордон Юань Минь Юанийг шатаахын зэрэгцээ Бээжинг ч эзлэв. Шянфөн хаан Чэньдэ руу зугтаж, тэндээ үхсэн. Дараа нь Нианы бослого гарах үед Чин Сэнгэринчэнг дахин ашиглаж, Монголын цэргийг удирдуулж бослогыг даруулсан. 1865 онд Шантдунгийн Цао Жө буюу одоогийн Хэзэ гэдэг газар дайтаж байгаад Сэнгэринчэн нас баржээ. Үүнээс хойш Чингийн цэргийн удирдлага хятад хүний гарт орсон.

Би Чин гүрэн, эсвэл Дундад улсын сүүлийн үеийн өөрчлөлт шилжилт хийгээд барууны дэлхийтэй холбогдох цаг мөчид монгол хүн хамгийн түрүүнд явж байлаа гэж өгүүлэхийг хүссэн. Тэр цаг үе нь үнэндээ хамгийн хүнд үе байсан юм шүү дээ. Монголчуудын оролцоо Чин гүрний түүхэнд хамгийн анхны болоод хамгийн эцсийн зүйл байсан. Монголын цэргийг мөхсөний дагаад монголчууд Чин гүрэнд байр сууриа алдсан. Харин хятад хүний нөлөө улам ихсэв. Монголчууд хойш ухрав. Энэ үед бүхий л Дундад улс, эсвэл Чин гүрний үндэстний бүтэц өөрчлөгдөж эхэллээ. Төрийн эрх Манж, Монголоос хятад хүний гарт очив. Яг эндээс монголчууд цохигдох гол бай нь ч болов. Шинэ засгийн бодлого эхэлж монголын бүс нутагт томоохон “иргэдийг суурьшуулах, зах хязгаарыг бэхжүүлэх” гэсэн бодлогыг эхлүүлэв. Энэ нь монгол хүний зүг чигийн хандлагыг өөрчлөв. Дариу “дотор газар орж эзэн суух”-аас “төвөөс зугтах” гэсэн байдлaaр өөрчлөгдөв. Би үүнийг “Монголын зугталт” гэж томьёолно. Энэ нь “хөдөлгөөний зугталт” мөн мөртлөө сэтгэл санааны зугталт” гэж хэлж болно.

Өнөөдрийн байдлаар монголчуудын амин түшлэг болсон тал нутаг цөлжин сүйрсээр байна. Нүүрсний уурхай нь бэлчээр нутгийг талхалж, монголчууд цөмөөрөө хот руу орж байна. Тэд амьдрах орон зайгүй учраас өнөөдөр “сэтгэл санааны зугталтаа” улам хурдасгах болов уу? “Дэлхийг байлдан дагуулагч” байсан монголчууд өнөөдөр “уугуул оршин суугчид” болж хувираад архи дарс, дуу бүжигтээ хөлчүүрсөн нь учир тэдэнд чухам хэдий зугтах мөрөөдөл, тэмүүлэл үлдсэн болдоо. Магадгүй энэ нэгэнтээ “чиний асуудал” биш болсон, гэвч тэр бол “миний үндэстэн” хэвээрээ шүү дээ.

ӨГҮҮЛЛИЙГ ХЯТАД ХЭЛЭЭР УНШИХЫН ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.