Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

7 хоногийн спортын тойм: Мессигийн хүндлэл, М.Тайсоны тулаан, Грожаны осол


Авто уралдаан

"Формула1" авто уралдааны Бахрейны гараа амралтын өдрүүдэд явагдаж "Мерседес" багийн нисэгч Льюс Хэмилтон /Их Британи/ түрүүлж "Рэд Булл" багийн нисэгчид болох Макс Ферстаппен /Бельги/, Александр Албон /Тайланд - Их Британи/ удааллаа. Уралдааны дэлгэрэнгүйг эндээс. Энэ гарааны хамгийн онцлог сэдвүүд ХААС /HAAS/ багийн нисэгч Ромэн Грожаны осол, 54-р тойрог хүртэл эхний гуравт явж байсан Серхио Перезийн /Мексик/ машины хөдөлгүүрт асуудал гарч уралдаанаас гарсан явдал байлаа. 

Үйл явдал хэрхэн өрнөв.

Америкийн ХААС багийн франц нисэгч Ромэн Грожан үндсэн уралдааны явцад осолд орсон ба ослын дараах дүр зургийг харахад нүд халитрам болсон байв. Гэхдээ франц нисэгч энэхүү ослоос бага зэргийн түлэгдэлт, хавирга хугарсан гэдгээс өөр ноцтой гэмтэлгүй хоцорсон нь сайн хэрэг. Түүнийг Бразил нисэгч Пьетро Фиттипалди орлон уралдахаар боллоо. Гэхдээ зүгээр нэг азаар үлдсэн үү? Энэ бол “Олон Улсын Автомашины Холбоо” болон “Формула1”-ийн зүгээс олон жилийн туршид сайжруулалт хийж байгаа ажлуудын үр дүн, хүчин чармайлтын нотолгоо юм. Түүнийг аварсан хамгийн том хүчин зүйл бол “HALO” буюу 2018 онд нэвтрүүлсэн нисэгчийн бүхээгийг тойрсон титан бөгж юм. Түүнийг амьд үлдсэнд олон нисэгчид баяртай байгаагаа дамжуулж, хурдан эдгэрэхийг хүссэн ба техникийн сайжруулалт хийж байгаа зохион байгуулагчдад талархал илэрхийллээ. Тэд цаашид аюулгүй тал дээр хийх зүйлүүд байгааг мөн сануулсан юм. “HALO” технологийг нэвтрүүлэх үед зарим нисэгчид машины үзэмжид тохирохгүй зүйл хэмээн шүүмжилж байсныг сануулахад илүүдэхгүй. Гэхдээ харагдах байдлаас илүү эрүүл мэнд чухал шүү. Дэлгэрэнгүйг эндээс.

Бахрейны гараа эхлэхийн өмнө нийлбэр дүнгээр 3-р байранд явж байсан Мексик нисэгч Серхио Перез 54-р тойрогт машины хөдөлгүүрт гал гарсаны улмаас уралдааныг орхиж ямар нэгэн оноогүй үлдлээ. Ингэснээр тэрээр нийт дүнгээр 4-р байр руу ухрав. Нисэгчдийн онооны байдлын дэлгэрэнгүйг эндээс. Зохион бүтээгчдийн цомын өрсөлдөөний дэлгэрэнгүйг эндээс

Хөлбөмбөг 

Амралтын өдрүүдэд Европын хөлбөмбөгийн лигийн тоглолтууд явагдлаа.Бүх тоглолт эхлэхийн өмнө алдарт хөлбөмбөгч Диего Армандо Марадонад хүндэтгэл үзүүлсэн юм.

Английн хөлбөмбөгийн "Пример лиг". 

Хүснэгтийг тэргүүлж байсан "Тоттэнхэм" Лондон хотын нөгөө баг "Челси"-гийн талбайд зочлон тоглож хуурай тэнцсэн бол, "Ливерпүүл" хүснэгтийн сүүл хэсэгт байгаа "Брайтон"-ы талбайгаас 1 оноотой харилаа. Одоогоор хүснэгтийг "Тоттэнхэм", "Ливерпүүл" багууд 21 оноотой тэргүүлж байна. Хүснэгтийн байрлалын дэлгэрэнгүйг эндээс

Онцлох тоглолт: “Саутхэмптон 2 - 3 Манчестер Юнайтед”

Саутхэмптоны талбай дээр болсон тоглолтын эхний үед багууд харилцан довтолсон тоглолтыг үзүүлж байсан хэдий ч талбайн эзэд 23’ минут Ян Беднарек, 33’ минут Жэймс Вард-Проузын гоолуудаар тэргүүлж дуусгав. Юнайтедийн хаалгач Де Хэа эхний үед бэртэл авч Хэндэрсоноор солигдсон, гоолын боломжууд ч улаан чөтгөрүүдэд нэлээн хэд гарсан хэдий ч эсрэг багийн хаалгач Маккарти гайхалтай байлаа. Хоёрдугаар үед сэлгээнээс талбайд орж ирсэн Эдинсон Кавани туршлага, ур чадвартай довтлогч ямар байх ёстойг харуулан тоглолтыг жинхэнэ эргүүлсэн гэхэд болно. 60’ минут Бруно Фернандес багийнхаа эхний гоолыг оруулж тооны харьцааг ойртуулсан бол 74, 90+2 минут Кавани гоолдож багтаа 3 оноо авчирлаа. Ингэснээр Манчестер Юнайтед хүснэгтийн эхний арав дотор орж ирсэн юм.

Мэргэн бууч - “Эвертон" багийн довтлогч Доминик Калверт-Льюин 10 гоол

Хаалгаа хуурай манасан тоглолт - "Челси" багийн Менди 5 тоглолт 

Оновчтой дамжуулалт - “Тоттэнхэм Хотспур” багийн Хари Кэйн 9 дамжуулалтаар тэргүүлж байна. 

Испанийн "Ла Лига"

Хүснэгтийг тэргүүлж байсан “Реал Сосьедад” 11-р тойрогт Виллареал багтай 1-1 харьцаатай тэнцсэнээр 24 оноотой болж араас нэхэх Атлетикотой /23 оноо/ ойртож ирэв. Эзэн хааны баг “Реал Мадрид” энэ тойрогт “Депортиво Алавес” багт хожигдсон нь сенсаац боллоо. Хүснэгтийн дэлгэрэнгүйг эндээс. Тоглолтуудын дэлгэрэнгүйг эндээс.

Онцлох тоглолт: “Барселона 4 - 0 Осасуна”

Энэ тоглолт ердийн үед бол байдаг л нэг тоглолт. Том баг жижиг багаа олон тооны зөрүүтэй хожих тэр дундаа "Ла Лигад" элбэг харагдах үзэгдэл. Гэхдээ энэ бол "Барселона" багт тоглож байсан Аргентины алдарт хөлбөмбөгч Марадонад зориулсан хожил байснаараа онцлог юм. 73’ минут Месси "Барселона" багийн төлөө 641, Ла Лигад 448 дахь гоолоо оруулсан хэдий ч Марадонад зориулсан гоол байлаа. Тэрээр тоглолтын явцад Марадонагийн "бурханы гар" нэршилтэй хөдөлгөөнийг хийсэн юм.

Мэргэн бууч - "Реал Сосьедад" багийн довтлогч Микел Оярсабал 7 гоол

Хаалгаа хуурай манасан тоглолт - "Атлетико Мадрид" багийн Ян Облак 5 тоглолт 

Оновчтой дамжуулалт -"Атлетико Мадрид" багийн Анхел Корреа 5 дамжуулалтаар тэргүүлж байна. 

Италийн "СериА"

Цагтаа бага дэлхийн аварга хэмээн нэрлэгдэж явсан Италийн “СериА” -ийн 9-р тойргийн тоглолтууд явагдсан ба “АС Милан” баг 23 оноотой тэргүүлсэн хэвээр. Хүснэгтийн дэлгэрэнгүйг эндээс. Тоглолтуудын дэлгэрэнгүйг эндээс

Онцлох тоглолт: “Наполи 4-0 Рома”

Агуу Марагийн тоглож, жинхэнэ жаргаж явсан баг болон хот бол маргаангүй Наполи баг Неаполь хот. Тэрээр энэ багт 1984 - 1991 оны хооронд тоглохдоо 81 гоол оруулж СериА 2, Копа Итали 1, УЕФА цом 1, Супер Копа Итали 1 түрүүлсэн юм. Энэ тоглолтонд 31’ Инсинэ, 64’ Фабиан Руз, 81’ Мертенс, 86’ Политано нарын гоолоор хуучин баг нь хожиж түүнийг сүүлчийн замд нь үдлээ. 

Мэргэн бууч - "АС Милан" багийн довтлогч Златан Ибрахимович 10 гоол

Хаалгаа хуурай манасан тоглолт - "АС Милан" багийн Джанлуиджи Доннарумма 4 тоглолт 

Оновчтой дамжуулалт -"Ювентус" багийн Федерико Кьеза 4 дамжуулалтаар тэргүүлж байна. 

Германы Бундеслига

Залуу оддыг төрүүлэн гаргадаг Германы “Бундеслига” -ийн 9-р тойргийн тоглолтууд явагдсан ба “Байерн Мюнхен” баг 22 оноотой тэргүүлсэн хэвээр. Хүснэгтийн дэлгэрэнгүйг эндээс. Тоглолтуудын дэлгэрэнгүйг эндээс.

Онцлох тоглолт: “Боруссиа Дортмунд 1 - 2 Кёльн”

Лигийн хүснэгтийн тэргүүн эгнээнд явж байсан Борруси 18 тоглолт дараалан хожил гээчийг мэдрээгүй байсан багт “Сигнал Идуна Парк”-даа хожигдож хүснэгтийн 4-р байр руу унав. Энэ тоглолтонд “Борруси Дортмунд”-аас 74’ минут Торган Хазар гоол оруулсан бол 9’, 60’ минутанд Эльес Схири гоол оруулж багийнхаа 18 тоглолт дараалсан ялалт аваагүй муу амжилтыг зогсоолоо.

Мэргэн бууч -  "Байерн Мюнхен" багийн довтлогч Роберт Левандовский 12 гоол

Хаалгаа хуурай манасан тоглолт - "Боррусиа Дортмунд" багийн Роман Бюрки 3 тоглолт

Оновчтой дамжуулалт - "Байерн Мюнхен" багийн Томас Мюллер 6 дамжуулалтаар тэргүүлж байна. 

Рагби

“Autumn nations cup - Намрын үндэстнүүдийн цом”

1886 онд байгуулагдсан эртний түүхтэй Олон Улсын Рагбийн Холбоо цар тахлын улмаас тэмцээнүүдээ бүс нутгийн хэлбэрээр явуулж байна. Олон баг удаан хугацаагаар аялан тоглолт хийхээс зайлсхийж байгаа тул жил бүрийн 11, 12 -р сард болдог намрын олон улсын цуврал тэмцээнүүдийн оронд “Намрын үндэстнүүдийн цом”-ын тэмцээнийг 2020 онд зохион байгуулж байна. Зургаан үндэстний аварга шалгаруулах /Six nations championship/ тэмцээнд оролцсон багууд дээр нэмэгдэн Гүрж, Фижигийн шигшээ багууд. Анх Япон улс оролцох байсан боловч аяллын хязгаарлалтын улмаас Гүржийн шигшээ баг нэмэгдэв. Зургаан үндэстний тэмцээн бол дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн Англи, Франц, Ирланд, Итали, Шотланд, Уэльсийн рагбийн шигшээ багууд оролцдог холбооны тэмцээн юм. "Autumn nations cup" тэмцээний хэсгийн тоглолтуудын үр дүн дэлгэрэнгүйг эндээс

Онцлох: Тус тэмцээний Франц - Италийн тоглолтын үеэр Найжел Оуэнс олон улсын "100" дахь тоглолтоо шүүж түүхэн дэх анхны шүүгч боллоо. Дэлгэрэнгүйг эндээс

Мөн тоглолтын өмнө 11 сарын 24-нд таалал төгссөн Францын шигшээ багийн тоглогч Кристоф Доминичийг хүндэтгэв. Жижиг биетэй ч Францын рагбид үзүүлэх нөлөө асар их байсан гайхалтай авьяслаг тоглогчид дэлхийн өнцөг бүрт шүтэн бишрэгчид нь хүндэтгэл үзүүлсэн өдөр байлаа.

"Tri nations 2020" 

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн хамгийн өндөр чансаатай 4 улсын оролцдог рагбийн аварга шалгаруулах холбооны тэмцээн энэ жил цар тахлын улмаас хуучин форматаар явагдаж байна. 1996 - 2012 оны хооронд “Гурван үндэстний тэмцээн” /Tri Nations/ Өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд гэсэн 3 улсын хооронд болдог байв. 2012 оноос эхлэн Аргентин улс нэмэгдэн нэр болон загвар өөрчлөгдсөн ба “Ковид19” -ийн улмаас Өмнөд Африк оролцох боломжгүй болсон тул хуучин нэр загвараар явагдаж байна. Энэ тэмцээнд Шинэ Зеланд хамгийн их түрүүлсэн юм. Тэмцээний тоглолтын дүн дэлгэрэнгүйг эндээс

Бокс

Хуучны сайхан цаг гэдэг шиг дурсамж дагуулсан  агуу тамирчид тулсан сайхан үдэш амралтын өдрүүдэд тохиов. 80-д оны сүүлч 90-д он, 2000 оны эхэн үед мэргэжлийн боксын ертөнцөд жинхэнэ дуулиан шуугианыг дэгдээж байсан төмөр хочит Майк Тайсон, супермэн хочит Рой Жонс Жуниор нарын тулаан ням гарагт боллоо. Тайсон энэ жил 54 настай бол Жонс 51 настай хэдий ч насандаа баймгүй хөнгөн шингэн бэлтгэлтэй байгаагаа бидэнд харуулж бүтэн найман үе тоглосны эцэст /76-76, 79-73, 76-80/ тэнцээгээр өндөрлөлөө. Рой Жонес алдарт сагсан бөмбөгч Коби Брайнтыг хүндэтгэн түүний дугаар бүхий бээлий өмссөн нь чимэг байв. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс

Mайк Тайсон - Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга цолыг хамгийн залуудаа /20 нас 4 сар/ хүртсэн бол WBA, WBC, IBF холбооны бүсийг эзэмшсэн анхны хүнд жингийн аварга, цолоо хамгийн олон удаа хамгаалсан тамирчин билээ. Тэрээр түүхэнд олсон ашгаараа дээгүүрт орох тамирчин хэдий ч 2003 онд дампуурлаа зарласан. 

Рой Жонс Жуниор - 1988 оны Сөүлийн олимпод маргаантай шүүлтийн улмаас мөнгөн медаль хүртсэн нь мэргэжлийн боксд орох шалтгаан болсон. Энэхүү шийдвэр нь ч алдаагүйг WBA, WBC, IBF холбооны хөнгөн жингийн аварга, 2003 онд WBA холбооны хүнд жингийн аварга болсон анхны хөнгөн жингийн боксчин болж түүхэнд нэрээ үлдээсэн амжилт нотолж байна. Мөн аврага цолоо хамгийн удаан хамгаалсан хөнгөн жингийн аврага. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
10 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
11 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0