ОХУ-ын уул уурхайн “Мечел” групп Хятадын “Baosteel Resources” компанитай байгуулсан коксжих нүүрс нийлүүлэх гэрээгээ нэг жилээр сунгаснаа зарлалаа. Гэрээ ёсоор энэ сараас эхлэн 2018 оны гуравдугаар сар хүртэл Өмнөд Якутаас 960 мянган тонн коксжих нүүрс нийлүүлэх юм.
Тус группын мэдэгдэлд “Бид өөрийн мэдлийн Посьет боомтоор түүхий эдээ гаргах болно. Үнийг сар бүр харилцан хэлэлцэж, тогтооно. БНХАУ-ын Засгийн газраас уул уурхайн салбартаа хийсэн өөрчлөлтийн дүнд коксжсон нүүрсний хэрэгцээ 2017 онд тогтвортой байна гэж бид үзэж байгаа. Хятад улс нүүрсний импортоо нэмэгдүүлж байгаа нь манай группт бизнесийн шинэ боломж нээн өглөө” гэж дурдсан байна.
Австралид болсон Дебби хар салхины уршгаар тус улсын нүүрсний экспорт эрс багассан энэ үед “Мечел” групп Хятадтай гэрээгээ сунгасан нь том амжилт боллоо. Шинжээчдийн үзэж байгаагаар Австралийн нүүрсний экспорт буурсан нь ОХУ, Монгол, АНУ, Мозамбик улсуудад тун ашигтай байгаа аж.