Ордос гаралтай дуучин Цахар Тугчийн Урнаатай хийсэн энэхүү ярилцлага 2013 оны зургаадугаар сард "Өнөөдөр" сонинд анх нийтлэгдэж байв.
-Сайхан зусаж байна уу, та. Хэдхэн хоногийн өмнө таны “Тэнгэрийн шувуу” тоглолтыг үзээд, уулзах хүсэлт тавьсан минь энэ. Ингэхэд, та Монголд хэзээ хамгийн сүүлд ирсэн билээ?
-Сайн байна уу, Монгол ах дүү нар минь ээ. Та бүгдтэйгээ ая дуугаа хуваалцаж, дуулсандаа би баяртай байна. Ноднин өвөл “Эзэн богдын хоёр загал” киноны нээлтээр би ирсэн. Өмнө нь 2005 онд тоглолтоо хийж, бас 2008 онд киноны ажлаар хоёр сар гаруй хөдөө нутгаар явсан.
-Таныг ирэх тоолонд Монгол Улс маань хэр их өөрчлөгдөж байна вэ. Сайн, муу талыг нь та ажиглаж л явсан байх.
-Гайхалтай их өөрчлөгдсөн байна. Үргэлж л ажилтай, давчуу хугацаатай явдаг болохоор бүхэл бүтэн улсыг дүгнэж хэлж би чадахгүй. Улс гүрэн гэдэг дотроо нэг өөр, гадна харагдах нь нэг өөр. Нисэх онгоцны буудалд буугаад, Монгол нутагтаа ирлээ гэтэл хоолой хорсгосон хар утаа хөшилдсөн байхыг хараад би анх их гайхсан. Монгол нутаг Германыхаас зургаа дахин том гэхээр европчууд гайхдаг. Тийм байтал жижигхэн газраа шаваад, утаа май болоод суугааг тэд гайхдаг. Би ч гэсэн өөрийн биедээ олон асуулт тавьж байна. Ажиглаад л харахаар… энэ ажиглах учир биш, харин зүрх шимшрэм зүйл шүү дээ. Монголчууд босоо бичгээ гээгээд, крилл үсэг хэрэглэх болсон. Миний л бодлоор… энэ зөвхөн миний л бодол шүү. Монгол бичгээ хэвтүүлснээс болоод бидний сүлд ч бас хэвтээ юу даа. Намайг муу үг хэлж байна гэж битгий бодоорой. Үнэн сэтгэлийн найз үнэн үг ярьдаг гэдэг. Тэрнээс биш харийн хүн ирээд, та нар минь болохгүй байна шүү гэж ер хэлэхгүй.
Сая би тоглолтын дараа Тэрэлж очоод ирлээ. Өмнө нь хөдөөгүүр явахдаа ч бас ажиглаж байсан. Талаар ямар олон зам гараа вэ. Монголын тал нутаг уудам ч гэлээ замаар машин явахаас талаар машин явахгүй. Монгол улс бол эрх чөлөөтэй, гаднын нөлөө байхгүй, өөрийн хуулиа тогтоож, хийе гэснээ хийх эрх чөлөөтэй атлаа үүнийг анхаарахгүй байгаа нь зовиуртай санагддаг, надад. Өвөрмонголчууд бидний нутагт нэг монгол хүнд, 13 хятад хүн ногдон, амьдардаг. Бид Дундад улсын нутаг дэвсгэр дээр аж төрж байгаа хэрнээ монгол бичгээ хэрэглэсэн хэвээр, тал нутгаа хайрлаж, хамгаалж, өмөөрсөн хэвээр л байна (уйлав). Би муулъя гэж хэлсэнгүй ээ, энэ үгээ. Өчигдөр бидний үзсэн зовлонг, өнөөдөр монголчууд та нар давтаж болохгүй. Миний үг, бидний зовлон та бүхэнд хонх болж хүрээсэй, санаа сэдэл төрүүлээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Монголчууд та нар ийм эрх чөлөөтэй байж, өөрөө өөрийгөө эвдэж байгааг хараад би мянга уйлаад барахгүй. Уйллаа гээд болчихгүй (уйлав).Харин хүмүүс алт, эрдэнэсийг чинь хэдэн цаасаар арилжаад л авч одно. Тэр цаас бол түлэхэд үнс болно. Тал нутаг минь харин үнс болохгүй.
-Та одоо Европт амьдарч байгаа. Дугуй гэрт өсөж, уудам талдаа малаа хариулж явсан охин гэнэт л баахан дөрвөлжин байшин, түмэн хүний дунд ороход анх хэцүү байсан уу?
-Хамгийн анх очиход хэл мэдэхгүйн зовлон байсан. Тэнд удаад ирэхээр хүмүүс надаас “Нутгаа, гэрээ санаж байна уу” гэж асуухаар нь би “Үгүй ээ” гэж хэлдэг юм. Тэгэхээр тэр хүмүүс их гайхна. Би монгол тал нутагтаа төрж өссөөн. Монгол соёл, заншил надад ижийн минь сүүгээр, эх хэлээр минь дамжиж ирсэн болохоор, миний цогц бие монгол болохоор би нутгаа санадаггүй. Санана гэдэг чинь алдсан, үгүй болсон юмаа санагалзахын нэр. Гэтэл би Германд амьдарч байгаа ч гэлээ монголоо алдаагүй, энэ бие минь, дотор сүнс минь монгол болохоор надад санах учир байхгүй. Би нүүдэлчний удам. Тийм болохоор нүүдэл хийхээс айхгүй шүү дээ.
-Таныг Герман улсын иргэн болсон хойно, нэгэнт л харьяаллаа сольж байгаа юм чинь Монгол Улсын иргэн яагаад болоогүй юм бэ гэж асуух хүн таарч байв уу?
-Тэгж асуусан хүн байхгүй. Монгол Улсын иргэн болох хэн дургүй юм? Манай өвөрмонголчуудаас Монгол Улсын иргэн болох дургүй хүн байхгүй шүү дээ. Та намайг Монголын иргэн болгож авах уу? (инээв)
-Хэрэв би шийддэг байсан бол дуртайяа таныг иргэнээ болгохсон…
-Тэгвэл намайг иргэнээ болгооч (инээв). Манай өвөрмонголчууд Дундад улсын пасспорттой. Тэгтэл анх Тайвань руу очиж тоглолт хийхээр болоход хэцүү асуудал зөндөө гарсан. Миний менежер надаас гуйгаад, та Германы пасспорт авчих, ийш тийш очиход амар шүү дээ гэж гуйсан юм. Үнэхээр ч Германы пасспорт авсны дараа гадаад оронд очиход амархан байдаг болсоон. Гэхдээ юу гээч, би пасспорт дээр л Германы иргэн болохоос биш Урнаа монгол хэвээрээ. Энэ пасспорт миний хувьд зүгээр л нэг цаас.
-Юу таныг өнөөдрийг хүртэл дуулуулаад байна вэ?
-Би дуулах хувь ерөөлтэй төрсөн юм байлгүй. Монгол соёл урлагаа дуугаараа дэлхийд түгээх ийм ерөөлийг эзэн тэнгэрээс надад өгсөнд би баяртай явдаг. Ажлаа би баяртай хийж байна. Дэлхийн хаана ч очсон би хамгийн түрүүнд монголоороо мэнд мэддэг. Дараа нь тухайн улсын хэлээр мэндчилдэг юм. Миний дуу монгол, бие цогцос минь монгол болохоор тэр.
Язгуур урлагаа дэлхийд таниулж явах шиг сайхан юм өөр хаана байх вэ. Манай язгуур урлаг ингээд зогслоо гэх хил хязгаар байхгүй нь сайхан. Язгуур гэдэг утга гүн үг. Монгол бичигт үг болгон язгууртайг чи мэднэ дээ. Монголын дуу, урлаг яг л тал нутаг шигээ асар уудам, их. Ийм баялаг урлагаа гайхуулаад бид барахгүй шүү.
-Таны “Тэнгэрийн шувуу” тоглолтын танхим дүүрэн хүнтэй байсны дотор ордосчууд бас хүрэлцэн ирсэн байсан. Тэр үед та “Монголчууд бүр олуулаа цуглах өдөр ирэх байх аа, тийм ээ” гэсэн асуулт чинь их олон юм бодогдуулсан. Тэр үед та тайзан дээр юу мэдэрч байсан бол?
-Би Ордос гаралтай монгол хүн. Шүлэг минь, дуулсан минь бүр монгол. Манай хэдэн ордос ах дүү тоглолтод хүрэлцэн ирж, зарим дууг дагаж дуулж, танхимд байсан монголчууд сэтгэл нийлэхийг хараад хэмжээлэшгүй их баяртай байлаа. Миний 2005 онд хийсэн анхны тоглолтын үеэр хүмүүсийн зарим нь намайг хятад гэж хэлээд, үүнийг Э.Цэрэн (“Цэрэн турс” компанийн захирал. Өмнөх болон энэ удаагийн тоглолтыг зохион байгуулсан) маань гомдоод, уйлж байсныг санаж байна. Гэхдээ монголчууд бүгдээрээ тэгж бодоогүй байх аа. Цөөн хэдэн хүнээр бүхэл улсыг төлөөлж болохгүй. Миний хувьд монгол дуугаа монголчуудтайгаа хамт дуулах л хамгийн сайхан жаргал.
-Та Ордос нутаг руугаа хамгийн сүүлд хэзээ очив?
-Цагаан сараар ижий, аавтайгаа очиж золгож, хоёр сар хамт байгаад буцсан. Одоо мөн эндээс Ордос нутагтаа очихоор төлөвлөж байна. Зургадугаар сарын сүүлч хүртэл ижий, аав хоёртоо тусалж байгаад Герман руугаа буцна.
-Ордос нутаг тань хэр их өөрчлөгдөж вэ. Намайг саяхан очиход байшин барилгууд яарайгаад, ашигт малтмал арвин байдгийн хувьд нүүдэллэх газаргүй болсон монгол малчин олон болсон гэсэн.
-Ордос нутаг маань их өөрчлөгдөж байна аа. Бид шавар байшинд амьдрах болсон. Гэхдээ энэ шинэ юм биш, хэдэн зууны өмнөөс л ийм болсон хэрэг. Би дуучин хүн учраас урлаг, соёлын хувьд ярина. Газраа эргүүлээд тариа тарьж суудаг тариачин соёл нэг өөр, малаа дагаад, байгалийн ая зөнг харж нүүдэллэдэг нүүдэлчдийн соёл бас өөр. Тэгтэл бид одоо нэг улсын нутаг дэвсгэрт аж төрж байна. Хэдэн зууны өмнөөс л нүүдэлчид малаа даган нүүдэллээд, эргээд ирэхэд тэнд нь тариа тарьчихсан байх болжээ. 1980-аад оны дунд үеэс манай нутагт бэлчээрийг малчдад хуваасан. Дараа нь хуваасан бэлчээрээ хашаагаар хүрээлүүлсэн. Бэлчээр хүрээлүүлнэ гэдэг бол нүүдэлчин улс үндэстний устах анхны шинж тэмдэг. Муу замын үүд нээгдэж байгаагийн илрэл. Ингэснээр хүссэн хүсээгүй эздийнх нь дунд хэрүүл гарна, улмаар монголчууд өөр хоорондоо өстөн болно. Газар хувааснаас болж бод мал үгүй болсоон (уйлав).
Манай нутагт одоо тэмээ, адуу бүр байхгүй. Хонь, үхэр л бий. Өвөрмонголд одоо таван хошуу малтай аймаг гэж алга. Алшаад хэдэн тэмээ бий ч, өөр газар байхгүй. Уг нь монгол айл бүр таван хошуу малтай байдаг байлаа шүү дээ. Нүүдэлчин улс үндэстэнд таван хошуу мал гэдэг бол цаанаас учиртай, сүлд сахиус юм.
-Ийм учраас та “Хүрэн морь” дуугаа бичсэн байх нь ээ?
-Тийм ээ, та нар минь олж үзээрэй. Монгол хүн амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Хориод жилийн өмнө манай нутгийн алдартай дуучид “гандлаа, гандлаа” гээд үгүйрч хоосорсон мэт дуу дуулах болсонд нутгийн хөгшид их тааламжгүй байдаг байв.
Өнөөдөр бидний үзэж, туулж яваа нь хэдий хэцүү ч гэлээ миний дуунаас гомдол сонстдоггүйг чи мэднэ (уйлав). Намайг уйллаа гэж чи бүү эмзэглэ. Сэтгэл хөдөлж байгаа болохоор тэр шүү дээ. Гарах л ёстой нулимс. Миний дууны үг дандаа өөдрөг сайхан байдаг шиг монгол минь ялгаагүй тийм байгаасай гэж би хүсдэг. Миний Монгол амны бэлгээр минь болоосой гэж хүсэж, залбирч явдаг, би. Тэрнээс биш манай нутагт гашуудалтай учрал тоолоод барахгүй бий шүү дээ.
-Хүссэн хүсээгүй дэлхий ертөнц, тэр дундаа нүүдэлчин ёс өөрчлөгдөн хувьсаж байна. Бид их ч юм гээж, их ч юм өөртөө нааж байна. Харин таны хувьд, даяаршлын энэ салхин дунд монголчууд үүнийгээ л битгий алдаасай гэж бодож, харамладаг юм юу вэ?
-Өөрийгөө л битгий алд. Өөрийгөө алдчихвал юм бүхнээ, монголоо алдана. Учир чи бол Монголын өнө эртний түүхийн нэг хэсэг. Монгол эхийн сүүгээр амлуулж, монгол газар өссөн болохоор чи амьд байж, чи өөрийгөө алдахгүй байж гэмээнэ Монгол амьд, сэрүүн байна.
Би дууны шүлгээ, тоглолтын хөтөлбөрөө ч босоо монголоор бичдэгийг миний хөгжимчид мэднэ. Тэд сая надтай хамт энд ирээд буцсан. Тэгтэл энд ирсэн оройноо тэд надаас асууж байна, “Урнаа, бид яг Монголд ирсэн үү” гэж. Би гайхаад, “Тэгэлгүй дээ, бид Монгол Улсын нийслэл Улаанбаатарт байна” гэлээ. Тэгсэн чинь, “Сая замдаа харахад бичиг үсэг нь чиний бичдэгээс өөр байна. Гадаад үгтэй хаяг олон байна. Тэгээд л би гайхсан хэрэг” гэсэн. Би бүрэн эрх чөлөөт, тусгаар Монголдоо ирсэн атлаа гаднын хүний тэр асуултад хариулах их эвгүй байсан.
-Таны хувьд сургуулиас биш, амьдралаас олж мэдсэн хамгийн том сургамж, мэдлэг юу вэ?
-Эх байгалиа эрхэмлэх ухаан. Гагц хүн гэлтгүй, ертөнц дээр байгаа амьд бодис бүхэн эх байгалиас тэжээгдэн, тэтгэгдэж, холбоотой амьдардаг. Байгаль дэлхийг багахан чагнах юм бол үгүй мөн их юмыг мэдэж, мэдэрнэ дээ. Байгалиасаа холдсон болохоор хүмүүс биднээс их сонин хачин юм дуулдах болж. Ганцаардал гэх үг олон сонстох болов. Би үүнийг гайхдаг. Оюун ухаан хоосдож, цээж сэтгэл явцуурж буйн илрэл байх. Хөдөө хоёулхнаа амьдардаг миний ээж, аав хоёр ганцаардал гэх үгийг насаараа хэлж үзээгүй. Тэд намайгаа санаж болно, энэ бол хайр. Ганцаардал биш.
-Та өөр уран бүтээлчдээс хэнийг сонсож, биширдэг вэ?
-Хэмжээлэшгүй олон байна аа. Би дуучин болохоор дуу хоолойг их ажигладаг. Учир нь хүнээс гарч буй дуу хоолой бол сүнстэй, амьтай, сүлдтэй эд. Тийм болохоор би дуучин болсон тавилангаа аз жаргал гэж боддог юм. Ажаад байхад хоолойгоо нээж, хүмүүнийг дан ганц хоолойгоороо уярааж, ухааруулсан дуучин ховор байдаг. Би хоёр дуучныг хүндлэн, биширдэг ч тэд маань одоо нэгэнт бурхан болсон. Нэг нь Мария Каллас гэж Грекийн дуурийн дуучин. Хоолойгоо уран сайхнаар ашиглаж, хүмүүний сэтгэлийг баясуулж чаддаг. Нөгөө нь Пакистаны Нусрат Фатех Али Хан. Тэр тайзан дээрээ амьсгал хураасан байдаг юм.
-Та нас өндөр болбол хаана амьдарч, юу хийнэ гэж боддог вэ?
-Одоо хэлж мэдэхгүй юм даа. Хүн нас өндөр болохоороо нутгаа санадаг л гэдэг. Одоохондоо хаана ч очсон сүүтэй цайгаа чанаад уухад нутагтаа байгаагаас ялгаагүй л санагддаг. Гэхдээ нутагтаа, Монголдоо хэрэгтэй болбол би туслахад хэзээд бэлэн. Би яваад л очно.
Эхлэлээс өдийг хүртэл нэг хэвийн амьдрал дундаа бид хэчнээн хором, мөчийг туучин өнгөрдгийг хэн мэдлээ. Гэвч энэ зуур нэг агшин, энгийн харилцан яриа, санамсаргүй учралуудаас торж үлдсэн хэдхэн мөр бүх л бүтэн амьдралын үнэ цэнэтэй дүйх хэмжээнд хүрч өндөлздөг нь гайхмаар. Инээмсэглэн хэлсэн асуултын хариуг хэн өгөх вэ? Энэ хүний ярианаас бид юуг ухаарч болох вэ?