Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Үзэл бодол | Туйлшралд туйлдсан Монгол

"Хүн бүр гоё хувцаслах, гоё машин барих зэргээр гадаад хэлбэртээ анхаарснаасаа болоод Монголыг, монгол хүнийг юу хосгүй, дахин давтагдашгүй болгосныг мартчихаж"


Би үргэлж монгол дээл өмсдөг. Монголд байдаг гаднынхны хэнээс нь ч илүү өмсдөг байх. Урт бүсээ бэлхүүс хавьдаа шингээж, зөв бүсэлсэндээ, өмдөө монгол гутлынхаа түрийд аятайхан хийж чадсандаа би өөрөөрөө тун бахархдаг гээч. Гудамжаар зөрөх хүмүүс дээл рүү минь гайхсан харц шидэлж, хүүхдүүд хуруугаараа зааж, хоорондоо шивнэлдэх дүр зурагт би нэгэнт дасал болжээ. Машиныхаа хажууд зогсоод ёжтой жуумалзах залуусын харцнаас ч эвгүйрхэхээ больж. Тэдний харц “Хүүе ээ, энэ гадаад залуу юу вэ” гээд байх шиг санагддаг. Гэхдээ дараа нь “Тэр бүс үнэхээр тасархай харагдаж байна шүү” хэмээн бодох нь мэдрэгддэг юм. Намайг өөдөөс нь инээмсэглэх бүрт арван хүний ес нь хариу инээмсэглэдэг.

Тэрхэн зуур миний дээлийн загвар хүмүүст таалагдаж байна гэсэн эерэг бодлоор цээж дүүрээд явчихдаг. Магадгүй тэд намайг шоолсондоо биш Монголд монгол хүн шиг байхаар хичээж буй нэгнийг хараад сайхан санагдсандаа инээдэг биз. Намайг монгол хувцсанд ямар дуртайг минь, монголчууд шиг байх надад ямар сайхан байгааг хараад инээдэг байх. Эсвэл зүгээр л намайг хараад инээдэг байж ч мэднэ. Би монгол хүн биш ч Монголын соёл, уламжлалыг үнэлж хүндэлдгээ, монголчууд хэнийг ч даган дуурайхгүй монголоороо байхдаа л жинхэнэ гоё байдгийг энэхүү нийтлэлээрээ хэлэхийг хүслээ.

Би их сургуулийн багш. Сургууль явах замдаа тамхи зуусан залуус утгыг нь мэдэхгүй элдэв гадаад үг урсган хаа сайгүй зогсоог хардаг. Нэгэнтээ уранхай жийнс, “Happiness is the Wave” гэсэн бичиг бүхий цамц өмссөн сурагч над руу “Wazz up homie” гэж хашхирах нь сонсогдов. Би хариуд нь “What’s up” гэсэн ч тэр дахин дуугарсангүй. Хажууд нь зогссон “Fuck the Police” гэсэн бичигтэй цамц өмссөн өөр нэг хүү над руу хандан “My nigga” гэхэд нь би “Битгий тэг. Наадах чинь зохимжгүй” хэмээн дургүйцлээ илэрхийлэхэд үсээ шараар будсан К-поп стильтэй найзууд нь дуу дуугаа авалцан инээлдсэн юм. Улаанбаатар хотын хаана ч Солонгос, Япон, Хятад, Америкийн соёлын нөлөөнд автсан хүүхдүүдийг харж болно.  Хамгийн харамсалтай нь тэд өөрсдөө ч үүнийгээ мэдэхгүй яваа. Залуус нийгмийн сүлжээ, цахим орчноос сурсан ямар ч утгагүй үгийг өдөр тутамдаа ашиглаж, гадаад соёлоор амьсгалж байна. Энэ бүхэн тэдний “янзын гоё” гэсэн үгийн тодорхойлолт болж, “Boy” гэсэн бичигтэй малгай өмссөнөөр нийгэм дэх байр суурь нь бага ч болов дээшилнэ гэж бодох болжээ. Үүнтэй би л хувьдаа санал нийлэхгүй.  

Улаанбаатар маш олон зүйлийн нийлэмж болсон газар. Гагц хот төлөвлөлтөөс гадна хэн нэгний хүсэл сонирхолд тааруулан барьсан элдэв барилга, энд тэнд таарах караоке, тодорхой утга агуулгагүй үг хаягаар дүүрэн том хот. Тэр бүхэн хэн нэгний интернэт, эсвэл зурагтаас хараад гоё гэж бодсных нь биелэл байх нь цөөнгүй. Ерөөсөө л Монголд гаднын эд зүйлсийг хэрэглэж, шүтэж, түүнийгээ үнэхээр “тасархай” хэмээн хүлээж авах трэнд дэлгэрсэн гэлтэй. Улаанбаатарчууд хэрэглээний асуудалтай хэдийн нүүр тулгарч. Хүн бүр гоё хувцаслах, гоё машин барих зэргээр гадаад хэлбэртээ анхаарснаасаа болоод Монголыг, монгол хүнийг юу хосгүй, дахин давтагдашгүй болгосныг мартчихаж. 

Найз маань нэг удаа Монголын түүхийн музейн талаар яриа хийсэн юм.  Ярианыхаа төгсгөлд сурагчдаас Монголын түүхийн музей үзсэн хүн байна уу гэж асуув. Хэн ч гараа өргөсөнгүй. Малгайныхаа саравчийг хойш харуулсан, шалхгар өмдтэй загварлаг хөвгүүд, чихэвч зүүсэн, өнгө өнгийн үстэй тэр олон залуугийн аль нь ч Монголын хосгүй үнэт өвийг хадгалдаг тэр газарт очоогүй байх нь. 

Одоо би таниас нэг энгийн асуулт асуумаар байна. "Монголыг юу агуу, алдартай болгодог вэ?" Ихэнх хүн Чингис хаан гэж хариулах байх л даа. Тэгвэл Чингис хаан яагаад тийм агуу амжилт гаргасан бэ? Хариулт нь тун энгийн. Тэр жинхэнэ монгол хүн байсан. Өнөөдөр улаанбаатарчуудын дунд мартагдаж, алга болж буй зүйл түүнд байсан. Тэр үеийн монголчууд “Бид энэ дэлхийн хамгийн шилдэг, хамгийн гайхалтай хүмүүс. Хэрвээ та нарт илүү сайхан зүйл байвал хуваалцаж болох л юм. Гэхдээ бид гайхалтай ард түмэн болохоор дэлхийг эзлэх болно” гэсэн итгэл дүүрэн байсан болохоор дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эзэнт гүрнийг бүтээж чадсан шүү дээ. Монголчууд энэ тухай эргэцүүлэн бодох цаг нь нэгэнт ирсэн. Яг одоо нум сумаа агсаад, Хятадыг дайлаар морд гэсэн үг биш л дээ. Харин өөрийнхөө замыг олж, хэн бэ гэдгээ эргэцүүлэн бодоосой гэж хүсэж байна. 

Монголчууд эдийн засгаа хөл дээр нь босгохоор Дэлхийн валютын сангаас мөнгө зээлж, уул уурхайн компаниудын уналтыг даган бүдэрч, Америк, Солонгосын поп дуугаар тасархай гэсэн үнэлэмж тогтоож болохгүй. Би даяаршлыг, хэрэгтэй санал санаачилгыг хүмүүс, улс үндэстэн зуураа түгээхийг эсэргүүцээгүй. Харин монголчууд хаа нэгтээ гарч ирсэн шинэ зүйлийг гоё сайхнаар шүтэж, өмнөө таарсан бүхнийг өөртөө уусгахын эсрэг байна. Үүнийгээ яг одоо зогсоох хэрэгтэй. Монгол монголоороо л гоё сайхан, гайхалтай, бас “тасархай” орон байж чадна. Та компьютерийн дэлгэцээ ширтэхийн оронд толинд өөрийгөө хараад, хэн болохоо асуугаад үз.

Мэдээлэл технологи, соёлын хөгжилтэй хөл нийлүүлэхээр ухаан жолоогүй давхихаа хэсэгхэн ч гэсэн азнаад хаашаа явж буйгаа, хаанаас ирээд өдийг хүрснээ, өнгөрсөн түүхээ эргэн хараасай гэж хүсмээр байна. Энэ зуур би монгол дээлээ өмсөөд морин дэл дээр давхин, Монгол орны үзэсгэлэнг бахдан биширсээр л байх болно. Учир нь, Монгол байгаагаараа л гайхалтай орон шүү дээ.

Нийтлэлийг: АНУ-ын иргэн Райан Кертанис

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.