“Сөүл хотын Итэвон хороололын нэгэн том ресторан энэтхэг хүнд үйлчлэхээс татгалзсан нь цахим орчинд томоохон шуугиан дэгдээгээд байна” гэж Өмнөд Солонгосын “Dong-A Ilbo” сонин энэ сарын 7-нд мэдээлжээ. Итэвон нь эрт үеэс гадаадын хүмүүс олноор амьдардаг даяарчлагдсан газар байсан бөгөөд сүүлийн хэдэн жил тансаг ресторан, кафе нэмэгдэж, гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татдаг болсон юм. Ийм хорооллын нэгэн алдартай ресторанд гадаадын 4 найзаа дагуулсан 25 настай энэтхэг залуу очжээ. Гэтэл орох үүдний дэргэд зогсож байсан хамгаалагч бичиг баримтаа үзүүлэхийг шаардсан байна. Үнэмлэхээ үзүүлээд ч ресторанд орж чадаагүй энэтхэг эр учрыг асуутал “Энэтхэг болохгүй. Пакистан, казахстан, саудын араб, монгол, египет хүмүүсийг оруулахгүй. Энэ бол манай рестораны дүрэм” гэж тайлбарлажээ. Түрүүлээд орчихсон найз нараа дуудах гэтэл рестораны ажилтан “Нөү индиан” гэж хашгараад саад болж, бага хэмжээний будлиан үүсжээ. Маргааны нэгэн хэсгийг энэтхэг залуугийн найз нар гар утсандаа бичиж, цахим сүлжээнд тавьснаар нэг өдөрт 50 мянга гаруй хүн үзэж, маш олон маргаан дагуулсан юм.
Энэтхэг залуу нутагтаа солонгос хэл заадаг, Өмнөд Солонгост хайртай нэгэн бөгөөд хоёр жилийн өмнө Сөүлд ирж, докторын зэрэг хамгаалахаар бэлтгэж байгаа аж. “Dong-A Ilbo” сонинд ярилцлага өгөхдөө тэр “Би Өмнөд Солонгосыг хоёр дахь эх орноо гэж үздэг байсан болохоор сэтгэл их хямарч байна. Энэ бичлэгийг нэтэд тавьсан шалтгаан минь ийм арьс өнгөөр ялгаваралсан зүйл дахин бүү гараасай гэж бодсон” гэж хэлжээ.Хэрэгт орооцолдсон рестораны эзэн “Манай хамгаалалтын ажилтнууд ямар улсын иргэнээс нь шалтгаалан зарим зочдыг оруулдаггүй байсныг одоо л сонсож байна. Одоо би болсон явдлыг шалгаж байна. Үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье” гэж сэтгүүлчдэд ярьжээ.Өмнөд Солонгосын интернет орчинд энэ талаар “Эзэн нь мэдэж л байх ёстой”, “Тэнэг бүдүүлэг улс шиг байхаа болих хэрэгтэй”, “Дэлхий нийтийн шившиг боллоо”, “Солонгос хүн ч гадаад байдал, нас хүйсээрээ гадуурхагддаг”, “Гадаадад ч гэсэн арьс өнгөөр ялгаварладаг”, “Энэтхэгт ард түмнээ зиндаагаар ялган хуваасан байдаг биз дээ” гэх зэрэг олон сэтгэгдэл гарчээ.