Хайх зүйлээ бичнэ үү

Олон улсын дүрслэх урлагийн Арт Радар сэтгүүлээс Монголын Павильоны “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” (Lost in Tngri) үзэсгэлэнг биенналийн хүрээнд зохион байгуулагдаж буй 86 павильоноос шилдэг 11-т жагсаасан юм.

Италийн Венец хотод хоёр жил тутам зохион байгуулагддаг ААА зэрэглэлийн Венецийн биеннальд Монголын уран бүтээлчид 2015 оноос эхлэн албан ёсоор оролцож эхэлсэн билээ. Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбооны санаачилгаар, Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан уг төсөл энэ жилийн үзэсгэлэндмөн үргэлжилж байна. 57 дахь удаагийн Венецийн биенналь Италийн Венец хотод 2017 оны тавдугаар 13-наас арваннэгдүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх юм. 



Дэлхийн урлагийн олимп ч гэж нэрлэгддэг Венецийн биеннальд Монголын уран бүтээлчид “Lost in Tngri”  нэртэй үзэсгэлэнгээ толилуулж буй юм. Үзэсгэлэнд  Ш.Чимэддоржийн “Би шувуу” хэмээх буун толгой бүхий 60 дэглийн өрөг, О.Энхтайваны ”Үйлийн үр” видео ажил, Г.Мөнхболорын 2010 оны зуданд нэрвэгдсэн малын гавлын ясыг ашиглан туурвисан ”Идэхийн үйл” өрөг бүтээл, Ж.Болортүвшингийн ”Хүчирхийлэгдсэн нь” видео ажил, Ц.Даваажаргалын ”Дахин оршихуй” нэртэй дуу авианы бүтээлүүд багтжээ.

Бөө мөргөл болон буддизм түүхэнд нь чухал нөлөө үзүүлсээр ирсэн нүүдэлчин үндэстэн өдгөө даяарчлалаас үүдсэн эдийн засаг, санхүүгийн шинэ ойлголтууд, боломжуудын өмнө тулж ирээд байна. Гэвч энэ нь эргээд үндэстний мөн чанар, хэн бэ гэдэг ойлголтыг хөндөж, цаашилбал байгалт орчныг хямраахад хүргэж байгаа билээ. 



Монголд 1990 онд социалист систем нуран унаж, ардчилалд үүдээ нээснээр эдийн засаг ч нээлттэй болсон нь олон хүнд гайхамшигтай боломжуудыг авчирсан нь илэрхий. Уул уурхай, барилга, ноос ноолуурын бизнес олон хүнд хөрөнгө чинээ, нэр алдар бас Монгол оронд дэвшил авчирсан ч тэдгээр нь байгаль орчныг асар ихээр сүйтгэж буй нь эмзэглэмээр. Чухам энэ эмзэглэл уран бүтээлчдийг уг үзэсгэлэнгийн бүтээлүүд рүү хөтөлсөн аж. 



Биенналийн нээлтэнд амжилттай оролцоод ирсэн уран бүтээлч  Г.Мөнхболор, Ц.Даваажаргал нартай ярилцлаа.

-Венецийн Биеннальд оролцоод ирсэнд баяр хүргэе. Наадамд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

Г.Мөнхболор: Маш их туршлагажсан гэж бодож байна.

Ц.Даваажаргал: Венецийн Биенналь бол  сэтгэлгээний  урлагийн хамгийн том цугларалт. Тиймээс оролцоод ирсэндээ тун баяртай байна. Мөн оролцохын хажуугаар эрин цагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэнгүүдийг үзэх боломж олдсонд их олзуурхаж байгаа.

-Наадмын зохион байгуулалт, орчин зэрэг нь хэр байсан бэ. Суралцах зүйл их байв уу?

Ц.Даваажаргал: Зуун жилийн түүхтэй том хэмжээний наадам учир зохион байгуулалтын хувьд маш өндөр түвшинд байсан. Бид нарын хувьд нээлтэндээ оролцоод хэд хоног бусад орны павильоныг сонирхож байгаад л буцаж ирсэн болохоор сүрхий харьцуулалт хийсэнгүй ээ.

-Наадмаас хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн уран бүтээлч бий юу?

Ц.Даваажаргал: Тайванийн уран бүтээлчийн  бүтээл хамгийн их таалагдсан.  Олон жилийн турш нэг ч өдөр таслалгүй хийгдсэн  бүтээлүүд байсан нь уран бүтээлчийнх нь тэвчээр, ур чадварыг их харуулсан юм шиг санагдсан. Мөн энэ жил БНХАУ- ын  павильон дахь үзэсгэлэн их онцлог  сонирхолтой байсан.

Г.Мөнхболор:  Кураторуудын сонгосон уран бүтээлчдийн үзэсгэлэн гэж гардаг юм билээ. Тэнд тавигдсан бүтээлүүд их сэтгэгдэл төрүүлсэн.  300 орчим бүтээл  тавигдсанаас зарим нь бүр нас барсан уран бүтээлчдийн бүтээл байсан. Надад тэндээс хэд хэдэн эмэгтэй уран бүтээлчийн бүтээл их таалагдсан.  Би өөрөө дүрслэх урлагийн талын хүн болохоороо ч тэр үү гаднын орны бүтээлүүдийн гүйцэтгэл, шийдэл, материалын сонголт зэргийг их сонирхсон.

-Венецийн Биенналь наадмаас орчин үеийн урлаг хаашаа чиглэж буйг анзаарав уу. Өмнөх жилүүдээс хувьсаж өөрчлөгдсөн зүйл ажиглагдав уу?

Г.Мөнхболор:  Видео болоод перформанс арт их харагдсан. Концептууд илүү гүнзгийрсээр байна. Дүрслэх урлагийн тал дээр маш чанартай бүтээлүүд байсан. Урлаг зөвхөн уран зураг, баримлаар хэмжигдэхээ больсон нь илт мэдэгдэж байсан

Ц.Даваажаргал: Кураторуудын сонгосон уран бүтээлчдийн үзэсгэлэн дээр тавигдсан бүтээлүүд илүү өөр хэв маягтай, илүү анхаарал татахуйц байсан. Улс орнуудын павильонуудын хувьд, ерөнхийдөө тус тусын улс орны төр засаг, нийгмийн байдал зэргийг түлхүү тусгасан,  олон нийтийн чиг хандлагатай байсан. Монголын павильоны хувьд тэдгээрээс арай өөр илүү уран бүтээлч, сүнслэг хандлагатай байсан гэж бодож байна.  

-Наадмын бүтээлүүдтэй танилцах үед уран бүтээлийн шинэ санаа, шийдэл  төрсөн үү?

Ц.Даваажаргал: Шууд утгаараа биш ч гэсэн нөлөөлөл бол байсан. Тийм юм хийе, ийм юм хийе гэсэн санаа төрөөгүй  гэсэн бусад уран бүтээлчдийн ажлын гүйцэтгэл, шийдэл зэргийг их анзаарсан. Нэлээн туршлага судалсан.



-Монголын павильоны үзэсгэлэнгийн нэрийг  “Lost in Tngri” хэмээсэн нь ямар учиртай вэ?

Г.Мөнхболор: Хүн чиглэлээ алдахаараа төөрдөг. Хүн жаргалдаа ханаж төөрч ч болно. Тэнгэр гэдэг үгээ хэрхэн ойлгохоос л шалтгаална. Уран бүтээлчийн хувьд бол үргэлж л ямар нэг юм хайж байдаг. Түүнийгээ л төөрсөн гэж хэлж байж болно. Миний хувьд энэ нэр их л ёжтой нэр шиг санагддаг. Цаад утга ихтэй.

Ц.Даваажаргал: Монголчууд тэнгэр гэдэг үгийг маш хүчтэй хүлээж авдаг. Нэг утгаар бол диваажинг тэнгэртэй зүйрлэдэг. Диваажин гэхээр  л хамгийн сайн сайхныг төсөөлдөг мөртлөө шал өөр газар төөрчихсөн яваа хүмүүсийн тухай юм. Аль нь яг диваажин бэ гэдгийг ялгаж салгах сэдлийг өгөх  нь гол зорилго юм. 

-Уран бүтээлчийн хувьд өөрсдийн бүтээлээс хүмүүсийг юу мэдрээсэй гэж хүсдэг вэ?

Г.Мөнхболор: Миний зургийг  фото болгож дараад гар утаснаасаа үзвэл тэр миний зураг байхаа болино. Мөнхболор гэдэг хүний зураг гэж хэчнээн харж байгаа ч уг бүтээл аль хэдийнэ өөр нэг хэрэгслээр дамжин өнгөрч, хэлбэр нь өөрчлөгдөн, хувь хүний хийсэн зураг байхаа больчихож байгаа юм. Тухайн зургийг би тухайн үед нь жижиг овойлт, товойлт, урсалт гээд бүгд нь миний хувьд болчихлоо гэсэн сэтгэл ханамжтайгаар дуусгасан. Тэрийг нь өөр хүн хараад юу мэдрэхийг хэн ч мэдэхгүй. Тухайн орчин тухайн үеэс нь л бүх юм шалтгаална.  Нэг нутгийн айргийг тэнд нь очиж ууж байж  мэднэ шүү дээ. Яг л түүн шиг урлаг өөрөө тэрийг их ойлгуулдаг нь надад их таалагддаг.

Ц.Даваажаргал: Орчин үеийн урлаг нь хандлагын хувьд аягүй өөр болчихсон. Заавал ийм байх ёстой тийм байх ёстой гэж бүтээдэг биш. Миний хувьд илүү процесс туршилтанд дээр тулгуурлаад бүтээлчийн хувьд миний амьдралын замналаар л гарч буй юм. Би амьдарч байна. миний туулж буй амьдралын нэгэн мөчлөг нь миний бүтээл бол гарч байгаа юм.

-Контемпорари буюу нэн орчин үеийн урлагийг Монголын үзэгчид хэрхэн хүлээн авч байна вэ?

Ц.Даваажаргал: Хүмүүс л дүрслэх урлаг гэдэг нь уран зураг, баримал гэсэн төсөөлөл үүсгэчихсэн болохоос яг тийм өөр, ойлгохын аргагүй зүйл бол биш л дээ. Контемпорари урлаг нь бүх  урлаг  нэг болсон гэдгийг  л харуулж байгаа  юм. Чи өөрөө  хэрхэн яаж хүлээж авахаас л бүх юм шалтгаална гэсэн тийм шинэ үзлийг  контемпори урлаг гаргаж ирж буй болов уу.

Г.Мөнхболор: Дүрслэх урлаг нь өөрөө дотроо олон төрөлд хуваагдаж байгаа л даа. Бас нэлээд хэдэн урлагийг ойлгох гэж биш зөвхөн мэдрэх гэж хийдэг. Тэгэхээр ойлгох гэдэг асуудал нь зарим чиг хандлагын хувьд асуулт биш болчихож байгаа юм. Угаас ойлгохын араггүй, зөвхөн мэдрэх л зүйл юм. Яг хүний мөн чанар шиг л гэсэн үг. Хүн хүнээ  ойлгодог ч билүү үгүй ч билүү. Гэхдээ мэдэрдэг тийм үү? Яг  л тийм  гэж бодож байна.

Ярилцсан: А.Отгонжаргал


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
25
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.