Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

"Нам гүм амьдрал" (A Hidden life) кино шүүмж | Tegshee's Movie Corner


Юнивишнийн Видео сангийн “40k бэлэгтэй кино” цэсэнд байгаа "A Hidden Life" киноны талаарх бичвэрээ хуваалцаж байна.


“Нам гүм амьдрал” (A Hidden Life) бол агуу үйл хэргийнхээ төлөө цуцалтгүй тэмцсээр эзэнт гүрнээ цогцлоогоод ертөнцөөс хальж буй их эзэн хаан, эсвээс хүн төрөлхтний хөгжил дэвшилд бодит ахиц гаргасан суут нээлт хийсэн авьяаслаг зохион бүтээгчийн ялгуун амьдралын тухай кино биш, энэ бол өөрийн итгэл үнэмшлийн төлөө амиа өгч, ардаа ердөө хайртай гэр бүл, мэдлийнхээ хэдхэн гахайг үлдээсэн Австрийн буйд тосгоны жирийн нэгэн тариаланч эрийн тухай кино. Гэхдээ итгэл үнэмшилээ амиасаа дэгүүр тавьсан энэ эр бол зохиомол дүр бус дэлхийн хоёрдугаар дайны үеэр Гитлерт үнэнч байх тангараг өргөх хийгээд дайнд хүний амь хороохоос эрс татгалзсанаар эх орноосоо урвасан хэргээр цэргийн шүүхээс цаазаар авах ял авсан бодит түүхэн хүн Франц Егерштеттер юм.

Киноны эхний хэдэн хормоос киноны ерөнхий уур амьсгал, өрнөл мэдрэгдэж тухайн үзэгч кинотой хэр авцалдаж, холбогдох нь шийдэгдэж эхэлдэг, тиймдээ ч киноны эхлэл ямар ч үзэгчийн хувьд чухал. “A Hidden Life” эхлэхэд ногоон нуга хөндий дунд байрлах буйд тосгон, тосгоны өдөр тутмын тайван, тавиун амьдрал, хүүхдүүдийн байгаль дунд инээлдэн гүйлдэх жаргалтай дүр зураг гээд байгалиас хэдийн алслагдаж өдөр тутмын завгүй хэмнэлд дөрвөн ханан дунд байнга хашигдаж байдаг хотын давчидмал, тасалгааны бидэнд нэг л тийм сайхан тайвшрал мэдрэгдэх шиг болно. Дэлхий дахинаар цар тахалд өртөж гэр гэртээ карантилагдан бүгж байгаа эл цагт танд буйдан дээрээ ялхайж байгаад л дэлхийг аврах боломж байна гэж егөөдөөд байсанчлан нээрээ л буйдан дээрээсээ кино үзэж байгаад өдөр тутмын ахуй дунд тэр бүр сэхээрээд байх боломжгүй чанадын, гүнзгий мэдрэхүйгээ дуудах юм шиг сэрэгдэл төрж мэдэх юм. Яагаад тэр билээ гэж гайхширч амжаагүй байхдаа л нээрээ энэ чинь Терренс Маликийн кино шүү дээ гэдгийг эрхгүй санана. Санахгүй ч байж болно.

Юутай ч Терренс Малик бол өнөө цагийн дэлхийн кино урлагт зөвхөн киноны хэлээр өгүүлж болох, бас зөвхөн өөрийнх нь найруулгын онцлог болсон имперссионист маягийн кинонуудаараа (“Badlands”, “Days of Heaven”) хүний оршихуйн чанад, дотоодыг уйгагүй уудлан бэдрэгч билээ. Үүгээрээ тэр кино урлаг дахь хамгийн үнэнч сүсэгтний нэг. 

27 насандаа анхны кино зохиолоо аялаж байхдаа бичиж киноныхоо хагас хөрөнгийг өөрөө босгож, үлдсэн хагасыг гүйцэтгэх продюсер нь босгосноор 300,000 долларын цомхон төсвөөр “Badlands” нь бүтсэн түүхтэй. Харин “Хурмастын өдрүүд”-ээ (Days of Heaven, 1978) хийсний дараа кино найруулагч байхаас шантарч хорин жил кино салбараас ор сураггүй алга болж нам жим байсны эцэст 1998 онд 55 насандаа дөнгөж гурав дахь кино “The Thin Red Line”-аа хийсэн юм. Терренс Маликийн кино замналын тав дахь бүтээл 2011 онд гаргасан “Амьдралын мод” (The Tree of Life) кино нь тухайн ондоо Берлиний кино наадмын дээд шагнал “Алтан баавгай”, Каннын кино наадмын дээд шагнал “Алтан дал мод”-ыг зэрэг хүртэж эзэндээ ёстой л амжилтын оргилыг авчирч, Терренс Малик хэмээх энэ найруулагчийг олон нийт, үзэгчдэд арай дөнгүүр таниулж өгсөн биз. 

Мөн энэ үеэс эхлээд тэрээр зураглаач Эммануэль Любецкитэй байнга хамтран ажиллах болсон. “Амьдралын мод” кино Любецкигийн байгалийн гэрэл ашиглан тасралтгүй удаан зураг авдаг онцлог төгөлдөржихөд чухал хөшүүрэг болсон нь ажиглагддаг. Төдөлгүй Любецки 2013 онд “Gravity”, 2014 онд “Birdman”, 2015 онд “The Revenant” киноны зураглаачийн ажлаараа Оскарын шилдэг зураглаач шагналыг гурван жил тасралтгүй хүртсэнээрээ домогт амжилтыг тогтоосон. 

“Амьдралын мод”-оосоо хойш найруулагч Терренс Малик 55 нас хүртлээ буюу 25 жилийн кино карьерынхаа турш ердөө гуравхан кино хийж байсан гэхэд итгэмээргүй эрчтэй ажиллаж, киног угсруулан үйлдвэрлэх болж 2012-2017 оны хоорондох 5 жилийн хугацаанд “Knight of Cups”, “Song to Song” зэрэг дөрвөн ч кино хийгээд амжсан юм. Магад эл кинонуудын аль нь ч төдийлөн сайн амжилт ололгүй уран бүтээлчийн эрэл хайгуул, туршилт, алдаа эндэгдлийг гэрчлээд үлдсэн гэвэл ортой биз.

Харин “А Hidden Life” киногоороо Терренс Малик жинхэнэ ёсоор эргэн ирсэн юм. Харин алтан хамтрагч, зураглаач Эммануэль Любецкигүйгээр. Гэхдээ “Амьдралын мод”-оос нь эхлээд энэ хүртэл бүхий л кинонд Любецкийн зураглаачийн багт хамтран ажиллаж байсан Иорг Видмер зураглаачийн үүрэг гүйцэтгэжээ. “A Hidden Life”-ийн үйл явдал дэлхийн хоёрдугаар дайны хар бараан, цөвүүн цагт өрнөж байгаа ч, энэ бол нүдэнд ил харагдах дайны хор уршиг, хэрцгий дүр зургийг гаднаас нь үзүүлэх бус ийм аймшигт цаг үед дэх хувь хүний итгэл үнэмшил, тэрхүү итгэл үнэмшилээ хадгалж үлдэх дотоод сэтгэлийн сүсэг бишрэл, ер хүний ямар ч цаг үед гадна ертөнцөөс үл хамааран оршдог сүнслэг чанарт хамаарах чанадын наманчлал, бэдрэхүйг үзүүлж буй тул зураглаачийн ажил, киноны уур амьсгал эл чанадын агуулгадаа тохирсон нарийн, торгон байхаас өөр аргагүй. Гуйвшгүй итгэл үнэмшлийн бэлгэдэл болсон Франц Егерштеттерийн тариачин эрийн эгэл хормуудаас эхлээд эхнэр, охидуудаа хайрлаж буй жаргалтай хормууд, итгэл бишрэлийнх нь үндэс болсон эргэцүүлэл, эхнэртэйгээ харилцах захидлууд, итгэл үнэмшлийг нь хугалах гэж, түүнийг дайтуулах гэж, хүн алуулах гэж завсаргүй албадан шахах хатуу цаг үе, харгис хүмүүс, шоронгийн тамалгаат амьдрал гээд түүний дэлгэцнээ хөврөх амьдралын хором бүрт ганц ч удаа шөнө болдоггүй, ганц ч удаа гэрэл тасалдаж бөхдөггүй. Киноны зураг авалт өрөөн дотор байсан ч ямагт цонхоор тусах нарны гэрэл зэрэг байгалийн гэрэлд хийгдэж байсныг зураглаач Иорг Видмер дурдсан билээ. Харин сцен хоорондын шилжилт л хүн нүдээ аниад нээх мэт үе үе ердийнхөөс арай удаан харанхуйлна. “A Hidden Life” киноны 3 цагийн туршид төгсгөл хавийн ердөө цор ганц үзэгдэл дээр анх удаа харанхуй татаж нарны гэрэл бус зөвхөн лааны ёлтгор гэрэл л өрөөн доторхыг бүгдхэн гэрэлтүүлдэг. Энэ ямар утга учиртайг үзэгчид өөрсдөө ажиглаж анзаарвал илүү сонин байх.

Франц Егерштеттер итгэл үнэмшлийнхээ төлөө дотооддоо хатуу тэмцэл өрнүүлдэг ч, тэрхүү итгэл үнэмшлийг нь сорьж, нугалах гэсэн цаг үе, дайн, цэргийн шүүх, өөрийг нь эрүүдэн тамлах цагдаа, цаашлаад Гитлерыг хэзээ ч шүүж чичлээгүй, харааж зүхээгүй гэдгийг зориуд хэлмээр байна. Кинонд ганц удаа л шоронд зовж байхдаа Франц “Бусдыг өршөөлгүйгээр шүүсэн тэднийг буруутгана” гэж өөртөө хэлдэг. “Өршөөлгүйгээр шүүх.” Бас “Би өөрийнхөө сул талыг харж байна. Тэгэхээр бусдын сул талыг ойлгож чадна” гэх эргэцүүллийг дотроо хийнгээ шоронгийн гадна зогсоогоороо хоол идэж яваад хоолоо ховдоглон үмхлэх өөр нэг хоригдлын таваг руу талх сэмээрхэн хийчихдэг. Киноны энэ мэт хором тийм ялгуун, сэтгэл хөдлөм биш атал яагаад ч юм нулимс шалтгаангүй урсаад байсан.

Франц алдах юу ч үгүйдээ мугуйдлан амиа золих мулгуу нэгэн яавч биш, итгэл үнэмшлээсээ ухраад эхний ээлжинд Гитлерт үнэнч гэсэн тангараг өргөчихөд л гэрт нь хүлээж буй хайртай гэргий, гурван хөөрхөн охин, бас ээж дээрээ эсэн мэнд очих магадлалтай. Бас түүнийг хүнд бэрх цагт амиа хоохойлж эх орон, гэр бүлээ хаясан гэж буруутгах бүхнийг эерүүлэх боломж. Гэвч…

“Хүн нэг бол биеэ аварна, үгүй бол ертөнцийг илүү ариун гэгээн газар болгоно” гэх Андрей Тарковскийн үг киноны төгсгөлд эрхгүй санаанд орсон.

Франц Егерштеттер ертөнцийг илүү ариун гэгээн газар болгосон эсэхийг мэдэхгүй. Найруулагч Терренс Малик ч үзэгчдийг ямарваа нэг итгэл үнэмшилд огт хүчлээгүй нь мэдрэгдэнэ. Угаас эл кино хүний итгэл үнэмшил хэчнээн хүчтэй тухай сүржин номлол бус чанадын наманчлал, эсвээс зүгээр л нэг хүцлэнгүй, даруу асуулт. 

Киноны эхэнд сүмийн санваартан дайны хэцүү цагт үнэн гэдэг чухал биш, сүмийн хонхыг ч сум болгохоор хайлуулж байна гэдэг. Харин киноны төгсгөлд Францын цаазын ялын дараа төрөлх тосгоных нь сүмийн хонх хэдэнтээ хангинан дуурсдаг. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан “A Hidden Life” бол агуу нэгний тухай кино биш харин “дайны цагт бууны сум биш сүмийн хонх байж чадсан” эгэл нэгний эгэлгүй түүх билээ. Киноны төгсгөлд Жорж Элиотын доорх үг дэлгэцнээ тодордог.

“Ертөнцийн дэвжин дээшилж буй сайн сайхан бүхэн түүхэн үйл хэрэгтэй шууд хамааралгүй байх нь бий, нам гүмхэн амьдралаар чин үнэнч амьдарч мартагдаж хаягдсан булшин дор нойрсож буй тэдгээр хүмүүст та болоод би муу муухайд бүрэн идэгдэж ялзраагүйгээрээ хугасхан ч атугай өртэй билээ.


холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Монгол жүжигчдийн тоглосон Waiting for the barbarians киноны тухай 5 баримт
2
3 өдрийн өмнө
Кэтрин Лэнгфордын тоглосон шинэ цувралын трейлер цацагдлаа
3
2020.06.22
Зөвхөн күүл охид залуусын сонирхох тэмцлийн тухай хамгийн "амбицтай" 10 кино
санал болгох
1
1 цагийн өмнө
Халдвараас сэргийлэхийн тулд 4000 долларын үнэтэй алтан маск хийлгэжээ
2
3 өдрийн өмнө
Маргааш бүтэн өдрийг "өнгө нэмж" өнгөрүүлээрэй
3
3 өдрийн өмнө
Эрүүл бус хосын харилцааны 10 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.