Хайх зүйлээ бичнэ үү

Дэлхийн кино урлагийг хөдөлгөж буй гол хүмүүсийн төлөөлөл, олон улсын А зэрэглэлийн 16 уран бүтээлч Монголд ирэх гэж байгаа. Энэ талаар "Холливуд Монголд" төслийн "Холливуд Монголд" төслийн удирдагч, "Хануй филм" ТББ-ын тэргүүн А.Баярцэцэгтэй ярилцлаа. 


-Таныг бид мисс, модель, жүжигчин гэсэн олон талаар мэдэх болжээ. Харин бидний уулзаж буй энэ цаг мөчид юунд тэмүүлж, юуг төлөөлж буй залуу бүсгүй урд минь сууж байна вэ? 

-Яг одоо таны урд “Холливуд Монголд” фестивалийг найз нөхөд, хамт олны хүчээр зохион байгуулах гэж хичээж байгаа Монгол Улсын залуу иргэн сууж байна. 

 -“Netflix”-ийн “Марко Поло”, Стивен Сегалийн “Attrition” зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлд оролцсоны дараа мэргэжлийн амбиц, басхүү боломжийг олж авсан нь гол нөлөө болов уу? 

-”Марко Поло”-д оролцон тоглож байх үед маш олон боломж, хаалга нээгдсэн. Зөвхөн дотоодын уран бүтээл гэлтгүйгээр Холливудын томоохон хэмжээний уран бүтээлд яаж ажилладаг юм, миний үеийн залуучууд юу бодож, мөрөөдөж байна, мэргэжлийн хүмүүс ямар хандлагатай байдаг, дэлхийд гарах ямар боломж бидэнд юу байна вэ гэхчлэн олон талаас нь бодсон, анзаарсан зүйлс маань гол түлхэц болсон. Тийм ч учраас нэг утаснаас бариад авсан юм чинь боломжит хувилбараар дагаад явахыг хичээж байна. 

-Хэдий хамт кинонд тоглолоо, оролцлоо гээд Холливудын “А” зэрэглэлийн ийм олон уран бүтээлчийг нэг дор, эх орондоо цуглуулах хэмжээнд хүртэл харилцаа, холбоо тогтооно гэдэг амаргүй ажил байх даа. 

-Миний зүгээс тодорхой хэмжээний хөдөлмөр гардаг байсан. Гэхдээ хэн ч ашиг, хонжоо хайж нөхөрлөдөггүй шүү дээ. Кино зураг авалтын явцад бидэнд хүн хоорондын харилцаа, найз нөхдийн дотно уур амьсгал бүрдсэн учраас юм болов уу. Хүн ер нь сэтгэлийн амьтан, жижигхэн юманд баярладаг. Ажлын талаар яриа үүсгэхийн оронд ядарч байхад нь кофе авчраад өгдөг, кино дууслаа ч гэсэн жилийн дараа зул сарын баяраар мэндчилгээ явуулдаг, сэтгэл санаа нь хэцүү байх үед тодорхой хэмжээгээр хань болох гэхчлэн олон л юм байна. Энэ бүхэн их жижигхэн зүйлээс эхэлсэн гэж хэлж болно. 

-”Дэлхийн мисс”-т оролцож байхад, олон улсын кино төслүүд дээр ажиллахад Монголын кино урлаг бүү хэл Монгол орны талаар ойлголт, мэдээлэл багатай хүмүүс олон таарч байсан болов уу. Тэд ер нь Монголын талаар ямар төсөөлөлтэй байна вэ? 

-Миний уулзаж танилцаж байсан гаднын хүмүүс ерөнхийдөө хоёр төрлийн хандлагатай. Эхнийх нь, Монголын тухай, ялангуяа бадарч явсан түүхийн үеэс цухас мэддэг. Гэсэн хэрнээ одоогийн бидний амьдралын талаар юу ч мэдэхгүй. “Экзотик” гэх үгийг олон сонсож байсан бөгөөд хэзээ нэгэн цагт очиж үзэх юмсан гэх хандлагатай хүмүүс. Харин нөгөө хэсэг нь ямар ч мэдээлэлгүй. Газрын зураг дээр хаана байдгийг зааж чадахгүй, хайгаад явчихна. 

Нэг талаараа тэд газарзүйн хичээлдээ муу байсан, хүндлэлгүй, бүдүүлэг юм шиг боловч нөгөө талаар бидэнд дэлхийн хэмжээнд өөрсдийгөө таниулсан сурталчилгаа, пиар хараахан дутмаг байгаа нь анзаарагдсан. Тэгэхээр аргагүй. Монгол бол ядуу буурай орон биш, хөгжиж буй улс, залуус нь мөрөөдөлтэй, чадалтай, авьяастай, хот нь метрополитан, гайхалтай түүхтэй, экзотик ахуй нь ч байна, орчин үеийн соёл бүрэлдэн тогтсон бид дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадахуйц хүмүүс гэдгийг илэрхийлж, ойлгуулахын тулд залуу хүнийхээ хувьд чадахаараа хичээдэг. 

-Дэлхийн түвшинд гарах гэж бид салбарт бүртээ л тэмүүлж байна. Гэхдээ хаалга үүдийг нь хэрхэн нээх вэ, Монгол гэдэг агуулгаа аль талаар нь таниулах вэ, бидний давуу тал юу байх вэ гэдэг асуулттай үргэлж тулдаг. Кино урлагаар жишээ авахад, олон улсад гарсан ихэнх тохиодолд монгол хүн, түүх, нүүдэлчин агуулга маань гол болсон байх жишээтэй. Энэ магад бидний эхний боломж байж болох уу? 

-Энэ талыг зах зээлээ гарч харвал яалт ч үгүй бидэнд судалгаа хийх хэрэг байна л даа. Гаднынхны томьёолоод байгаа өвөрмөц, содон гэдэг нь үнэхээр бидний давуу тал мөн үү гэвэл мөн. “Netflix”-ийн “Марко Поло” нэг жишээ нь байхад, “Sony Pictures” манай бүргэдчин охины түүхээр кино хийгээд, Монгол контентоор Оскар нэр дэвшихэд маш ойрхон хэмжээнд хүрсэн дээ. 

-Эндээ ч бид мэдэхгүй, анзаарч байгаагүй жишээ шүү дээ… 

-Тийм. Бидэнд сонин биш юм аа гэхэд тэд нарт сонин, огт мэдэхгүй, хараагүй, дуулаагүй ахуй, соёл, түүх, амьдрал байна шүү дээ. Бид хурдан хугацаанд, ухаалгаар дэлхийн хэмжээнд гаръя гэвэл энэ боломж дээрээ тулгуурлаад явсан нь дээр болов уу гэж хувьдаа бодож байна. 

-Та “Холливуд Монголд” төсөл эхлүүлээд явж байна. Бид та нарын араас алхах биш, хэдүүлээ хамтаръя гэсэн тун ажил хэрэгч “санал” юм уу гэж харж байгаа. 

-Хүмүүс манай төслийг Холливудын “А” зэрэглэлийн 16 уран бүтээлч авчраад, долоо хоног пи-ар хийгээд, сургалт зохиогоод л дуусна гэж битгий хараасай гэж хүсч байна. Урт хугацааны нөлөө, үр дүнг нь бид хамгийн түрүүнд бодсон. 

“Аватар” киноны зургийг авсан Хятадын Жанжиажэ ойн хүрээлэнг жилд хэдэн сая хүн үзэж байна вэ. “Кинг Конг”-ийг хийсэн гээд Вьетнамын Конг арлыг үзэх гэж, Хорватын Дубровник руу “Game of Thrones”-ийн фенүүд очиж байна. Гэтэл өнөөдөр Монголд дэлхийн хэмжээний кино студи алга. Гэхдээ бас байх ч албатай биш юм шиг. 

Байлдаантай, газар талбай их хэрэгтэй, маш олон хүний массовкатай дүрсийг манайх шиг орон зай ихтэй газар авах бүрэн боломжтой. Хоёрт, шинжлэх ухааны уран зөгнөлт кино авах боломжтой. “Martian” кино зургийг л гэхэд Монголын говь цөлд авсан бол яг таарна даа. Гол нь Монголыг дэлхийн кино уран бүтээлчид, продакшнууд, тухайн зураг авалтыг хаана авах вэ гэдэг шийдвэр гаргагчид нэн түрүүнд бодохгүй, санаанд нь орж ирэхгүй байна. За нэг хямд газар очоод зураг авъя гэхэд Монгол гэж хэзээ ч хамгийн түрүүнд бодогдохгүй байна. Малайз, Хятад, Тайланд, Унгар гэсэн хямд өртөгтэй улсууд руу явна. Үүнийг өөрчилмөөр байна. 

Монголд зураг авалт хийхэд мэргэжлийн хүмүүс нь байна, заавал техник технологийн хэрэг алга, Хятадаас түрээслээд л авчихна. Бодлогын зохицуулалт хийгээд өгвөл цалин хөлс багатайгаар, ажиллах хүчин нь шаргуу хөдөлмөрлөдөг, нөхцөл байдалдаа тохироод ажилладаг зэрэг давуу тал бидэнд бий. Тэр нь эргээд аялал жуулчлалаа дэмжинэ, Монголыг дэлхийд таниулна. Кино багийг дагаж ирэх хүмүүсийн урсгал, тэр хэмжээний уран бүтээлд ажиллах дотоодын ажиллах хүчин, үйлчлэх сервис, буудал, дэд бүтэц гээд зөвхөн киноны хэдхэн бүлэг хүмүүсээр тогтохгүй олон талд ашиг хүртэх боломж бийг олж хараасай. 

“Холливуд Монголд” төслөөр ирж байгаа зочдоос хүртэх богино хугацааны үр дүн бол дотоодын уран бүтээлчидтэй танилцуулах, туршлага солилцох, дэлхийд гарахад ямар боломж байна вэ гэдэг мотиваци өгөх юм. Харин урт хугацаандаа дараа дараагийн уран бүтээлээ Монголд хийхүйц хэмжээний мотивацийг өгмөөр байна. Боломжтой шүү гэж Монголоо сурталчилмаар байна. Магадгүй хэзээ нэгэн цагт хамтарсан ко-продакшн уран бүтээл хийгээсэй. 

Нэмж хэлэхэд, энэ бол кино фестиваль биш. Шилдэг кино шалгаруулж, өдөр бүр кино гаргаад байхгүй. Харин кино бүтээлтэй холбоотой уран бүтээлчдийн боловсролын фестиваль гэж ойлгож болно. 

-Нэгэнт гаднын том төсөлд оролцсон, Холливудтай холбоотой тогтоосон залуу хүн өөрийн карьераа хөөгөөд явбал илүү дээр ч байсан байж мэднэ. Харин та хамтраад цааш явъя, Монгол уран бүтээлчид нэгдээд алхъя гэж байгаа нь сайхан санагдаж байна. 

-Ганцаараа явбал хурдан явна, хамтдаа явбал хол явна гэдэг үг байдаг шүү дээ. Зөвхөн өөрийгөө бодоод, карьераа хөөгөөд явбал магадгүй АНУ-д кино шалгаруулалтад оролцоод гүйж явах нь илүү дээр л дээ. Гэтэл энд залуустайгаа, ах эгч нартайгаа хамт гоё зүйл хиймээр байна. Маш том зах зээлд гарах гэж ганцаараа үзэх хэцүү, гэтэл бид ийм гоё контент, агуулгын боломж дээр суучихаад тэрийгээ ашиглаж чадахгүй байх юм бол харамсалтай. Харин дотооддоо хамтраад Монголдоо хийсэн киногоо дэлхийн “А” зэрэглэлийн фестивальд явуулаад, амжилт олох нь илүү алсын хараатай ажил болов уу. 

Энэ удаагийн фестивальд “Дижитал контент” гурван зочин, “Монгол фильм дистрибюшн” хоёр зочин авчрах гэхчлэн бид харилцаа, холбоогоо хуваалцаж байгаа. Ирж байгаа 16 уран бүтээлч маань ч хоорондоо бие биенээ төдийлэн сайн мэдэхгүй. Монголд танилцаад, холбогдоод үр дүнд нь сайн уран бүтээлүүд дээр хамтрах боломж нээгдвэл хэчнээн сайхан бэ. 

Бидэнд олдож байгаа том боломж гэж хараад өөрсдөдөө хөрөнгө оруулаасай л гэж хүсч байна. Гэхдээ хүн боломжийг өөртөө гаргахад тодорхой хэмжээний сэтгэл, хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол өөрөө маш том соёл шүү дээ. 

-Та бидэнд төслийнхөө богино болон урт хугацааны үр дүн, алсын хараагаа хэлсэн. Энэ бол нэг хүн, нэг багаас давсан зорилго байна л даа. Төсөлд чинь хамтраасай гэсэн хүмүүс чинь хамтарч байна уу, дэмжээсэй гэсэн хүмүүс дэмжиж байна уу? 

-Зорилго том байх тусам хүмүүс чадах юм уу, яг ирэх үү гэдэг хандлага гаргах, бүтээлээ гэхэд яг өөрсдийнхөө хүчээр бүтээж чадахгүй дээ гэсэн сөрөг хандлагатай мэр сэр гарч л байна. Гэтэл энэ бүхний ард 50-60 залуус хоёрдугаар сараас хойш өдөр шөнөгүй ажиллаж байна. IX сараас төслийн анхны яриа хэлэлцээр хийгдэж эхэлсэн. 

Яг туслаасай гэсэн хүмүүс тусалж байна аа. Тэр хүмүүсийг туслуулахад маш их хөдөлмөр орсон гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Ариун цагаан хөдөлмөр… (инээв). 

Өнгөрсөн I сард бидэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад төслөө танилцуулах боломж олдсон. Тэр үед ганцхан хуудас цаастай, график дизайнер байгаагүй учраас өөрсдөө “canva” дээр дизайнаа хийгээд өнгөтөөр хэвлээд л орсон. Ноорог цаас, ёстой нэг хоосон мөрөөдөл байхад нь итгээд, “Наадах чинь ёстой гоё төсөл байна, дэмжье, ивээлдээ авъя” гэж хэлсэнд их баярлаж байгаа. Тэр хүний гарын үсэгтэй урилга дипломат шугамаар уран бүтээлчдэд очсон учраас бүхэл бүтэн долоо хоног Монголд ирж саатах шийдвэрт нь их нөлөөлсөн. 

Ийм хэмжээний уран бүтээлчдийн хувьд долоо хоног гэдэг маш их хугацаа, алдагдсан боломж, мөнгө болж болно. Зарим нь ажиллаж байсан төслүүдээ хойшлуулаад, цуцлаад, дундаас нь чөлөө аваад ирж байгаа. Номын зохиолч маань л гэхэд Хятадын Засгийн газрын урилгаар очих байсныхаа дундуур хоёр хоног гаргахаар зохицуулж байгаа гэхчлэн их сэтгэл гаргаж байна. 

Хэдийгээр уран бүтээлчид маань энэ төсөлд оролцлоо, сургалт хийлээ, үзэгдээд өнгөрлөө гэсэн цалин, хөлс биднээс нэхээгүй ч онгоцны тийзнээс эхлээд олон зардал гарч байгаа. Баярламаар нь, Гадаад харилцааны яам, ЗГХЭГ, “Монголын брэндийн зөвлөл” биднийг дэмжсэн. Тийм учраас багийнхан маань урам зориг дүүрэн ажиллаж байна. 

Харин оролцох ёстой хүмүүс оролцоосой гэдгийг тусгайлан хүсмээр байна. Энэ бол дэлхийд гарах, шилдэг уран бүтээлч, мастеруудаас суралцах, тэд нартай танилцах маш ховор боломж. Магад ирээдүйд хамтын ажиллагаа эхлүүлэх хэмжээнд нөлөөлж чадах том төсөл. Энд мэргэжлийнхэн, контент үйлдвэрлэгчид, кино урлагтай холбоотой бүхий л хүмүүс оролцоосой. 

Бид ямар их зардал, хөдөлмөр гаргаж байгаа билээ. Ийм хэмжээний уран бүтээлчидтэй Лос Анжелест очоод танилцах хүртэл хэцүү шүү дээ. Бидэнд олдож байгаа том боломж гэж хараад өөрсдөдөө хөрөнгө оруулаасай л гэж хүсч байна. Гэхдээ хүн боломжийг өөртөө гаргахад тодорхой хэмжээний сэтгэл, хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол өөрөө маш том соёл шүү дээ. 

-Дотоодын кино урлагийн салбарын тухай ер нь ямар бодол, сэтгэгдэлтэй явдаг вэ? 

-Чин шударгаар хэлэхэд Монголын кино зах зээл сайжирч байгаа нь жилээс жилд мэдрэгдэж байна. Зохион байгуулалт, бэлтгэл ажил, ажиллаж байгаа хүмүүсийн уур амьсгалаас анзаарагдаж байгаа. Хэдэн жилийн өмнө кино натурт гарахад ажил цалгардуулдаг гэхчлэн мэргэжлийн бус хандлагууд их яригддаг байсан. Гэтэл энэ жил би гурван кинонд явлаа, (Найруулагч Жамъянсүрэнгийн “Хөхөө”, Сэнгэдоржийн “Би нар”, Алтантуяагийн “Хөх тавилан”) алинд нь ч тийм асуудал байгаагүй, үнэхээр мэргэжлийн түвшинд ажилласан. 

Харин уран бүтээлчийн хувьд кино зохиол гэдэг зүйл дээр ажиллах хэрэгтэй гэж боддог. Кино зохиолчийн анги тусдаа гаргаад, хүмүүсийг зохион байгуулалттайгаар бэлдэх хэрэгтэй байх. 

-Манай кино бүтээгчид хоорондоо нэгдэж чаддаггүй юм уу гэж анзаардаг. Кино бүтээгчид нэг баг болоод, зөвхөн тэр л багаараа кино хийдэг моод дэлгэрсэн байна. Хоорондоо ойлголцоод ажиллах нь сайн байх л даа, гэхдээ хөгжих, хамтрах тал дээр сөргөөр нөлөөлж мэдэхээр юм шиг… 

-Гар нийлээд ажиллаад сурчихсан хүмүүс гэж бий л дээ. Гэхдээ манай дотоодын зах зээл маш жижиг, үнэхээрийн төсөв сайтай, маш мундаг кино хийлээ гэхэд зардлаа олж авна гэдэг том асуудал. Тийм учраас заавал дотоодын зах зээлд өрсөлдөх гэхгүйгээр гаднын зах зээл рүү гарахыг хичээвэл дээр юм шиг санагддаг. Тэр студи, уран бүтээлийн нэгдэл гэдгээ орхиод, чансаатай уран бүтээл гаргахын төлөө бүхий л хүчээ шавхвал… 

Би өөрийн хувьд олон өөр уран бүтээлчидтэй ажиллаж, тэдний ажиллах арга барилаас суралцахыг илүүд үздэг. 

-Кинонд тоглох санал олон ирж байгаа байх. Зөвшөөрсөн санал өгөхдөө юуг нь голлон хардаг вэ. Олон улсын томоохон кинонуудад тоглосны дараа сонголтонд чинь өөрчлөлт гарсан уу? 

-“Дэлхийн мисс”-т оролцоод ирсний дараа, мөн “Марко Поло”-гоос хойш дотоодын киноны санал их ирэх болсон. Зохиолыг л нэгдүгээрт хардаг. Үнэхээр гайхалтай зохиол байвал цалин авахгүйгээр ч тоглож чадна. 

-Үзэгчийн хувиар сүүлд үзсэн хамгийн таалагдсан монгол кино юу байв? 

-“Од ба гэгээ”. Энэ бүтээл хөнгөхөн хэрнээ сэтгэл дотор итгэл, мөрөөдөл, гал асаасан, нэг гоё дурламаар юм шиг, мрөөөдөлдөө хүрмээр юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. 

-Залуу хүний хувьд Монголын өнөөгийн байгаа байдал, хөгжил ямар санагддаг вэ. Чиний хүсдэг, мөрөөдөг Монголоос хэр зөрүүтэй байна вэ? 

-Цэвэр цэмцгэр бус, утаатай, түгжрэлтэй гэхчлэн өдөр тутмын тав тухаа бодвол дутуу дулимаг зүйл их. Гэхдээ энэ бол зохицуулагдах боломжтой, цаг хугацааны явцад болчих зүйл. Монгол ч гэлтгүй дэлхийн аль ч улс оронд авлигатай, улс төр нь хэцүү, нийгэм бухимдалтай гээд ямар нэг байдлаар стресс байдаг шиг манайд ч бий. Хэрэв би өнөөдөр сөрөг байя гэвэл бухимдах шалтгаан мянга бий. Үүнд төвлөрөхгүйгээр харин тэдгээрийг яаж шийдэх вэ гэж зөвлөлдөж, байгаа юмандаа талархаж, аз жаргалтай байна гэдэг бол эргээд бидний хувь хүний аз жаргалыг үүсгэж байгаа зүйл юм уу гэж боддог. Хувь хүн маань дэндүү өөдрөг. Тийм учраас болохгүй зүйл дээр төвлөрч бодоод, стрессдээд байдаггүй. 

-Юунд өөрийгөө бэлтгэж, алсын хараагаа болгож явна вэ? 

-”Холливуд Монгол” төсөл ирээдүйд зорьж чиглэж байгаа зүйлийн маань алсын хараа гэж хэлж болно. Дэлхийн хэмжээний уран бүтээлд ажилламаар байна, бас дотооддоо тэднийг холбох гүүр болмоор байна. Эргээд Монголдоо олон улсын кино зураг авалт хийхэд нөлөөлж чаддаг хүн байвал гоё. Залуу, эрч хүчтэй, мөрөөдөмтгий байгаа учраас тэгж ч чадна гэж бодож байгаа. 

-”Холливуд Монголд” төслөөс танай багийнхан юу хүлээж байна вэ. Ямар үр дүн гарвал “Бидний зорьсон нь энэ л шүү дээ, тэр маань биелэлээ” гэж дотроо бодох бол? 

-Хамгийн түрүүнд 0 баланс барих, өрөнд орохгүй байх (инээв). Хэчнээн гоё юм хийлээ гээд маш их мөнгөний өрөнд орвол асуудалтай шүү дээ. Хоёрт, ирж байгаа зочид маань Монголын талаар маш өндөр сэтгэгдэлтэй буцаасай гэж бодож байна. Биднээс хүлээх хүлээлт бага байгаа байх л даа, тэрэн ч бидэнд ашигтай байх. Хэрэв тэд өндөр сэтгэгдэлтэй буцвал дараа дараачийн фестивалийн зочдыг бэлдэх бүрэн боломж бий. Магадгүй дараа нь Монголд ирээд кино хийх ч юм билүү. 

Энд хамрагдаж байгаа хүмүүс, уран бүтээлчид маань байж болох бүхий л боломжийг атгаад, авч болох мэдээллийг аваад, харилцаа холбоон тогтоон, боломжийг ашиглаасай, үр ашигтай байгаасай гэж хүсч байна. Мөн ийм том арга хэмжээнд бүтээн байгуулахад оролцсон баг хамт олон, гүн туслалцаа үзүүлсэн дэмжигч байгууллагууд маань хамтарсандаа харамсахгүй байвал бидний зорилго биеллээ гэсэн үг

-Таны үгэн дунд “дараагийн фестиваль” гэдэг үг гарав уу даа. Нэг удаа зохиогдоод өнгөрөхгүй байх нь ээ? 

-Хоёр жилд тутамд нэг удаа зохион байгуулах хүсэлтэй байна. Олон улсад фестивалийн тухай мэдээ гаргаагүй, англиар мэдээ оруулаагүй байхад л 10 гаруй зочид ирж байна. Тийм юм чинь жилийн өмнөөс төлөвлөгөө гаргаад ажиллавал ядаж л хөршүүд маань, цаашлаад Зүүн өмнөд Азидаа фестивалиа сурталчилж, олон уран бүтээлчид, жуулчид татах боломжтой гэж бид харж байгаа. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.25 122.201.24.71

Залуусдаа амжилт хүсье. Та нар энэ орны эзэд шүү.

0 Хариулах