Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

Айдастай нөхөрлөхүй


Эрдэмтдийн тодорхойлсноор айдас нь өнчин тархины арын хэсэг дэх цочролын булцуунаас ялгарсан даавар биед тархсанаас үүддэг хариу үйлдэл. Гэвч бодит амьдралд айдастай нүүр тулах нь шинжлэх ухаанч тодорхойлолтоос ч түвэгтэй тайллыг биднээс шаарддаг.


Зам зуур олонтаа дамжин өнгөрсөн Налайх хотыг одоо огт өөр шалтгаанаар зорьж явна. Холдоо усан хөшиг татан сүүмийх энэ хөндийд үнэхээр Налайхаас өөр нэр тачирдах ч юм шиг. Ердөө ганцхан зууны өмнө энэ хөндий Хүрээг зорьсон бадарч, тэнүүлч, наймаачид, цагаачид гээд түмэн зүйлийн улс хонон өнжин туулдаг налгар тал байсан нь маргаангүй. Тийм байсны ул мөр дуут дохио хангинуулан, гэрэл гялбуулан өнгөрөх машин тэрэг, орчин үеийн орон сууц, гэр хорооллын эгээ ижил гудамжаар жигдэрсэн хотын дээгүүр, нүдний үзүүрт торолзоно. Налайхын наад довцог дээр бид Төгөлдөр лүү залгаж, түүний авто засварын газарт уулзахаар тохиров. Утсаар ярьсны дагуу тэр биднийг Налайхын нүүрсний уурхай тийш замчилна.

Нурсан барилга, овоолсон шороо, хог новш, эвдэрч хаягдсан техник хэрэгсэл гээд хотын өмнөд хэсэг бидэнд ямар нэгэн өнгөрсөн цаг хугацааг сануулна. Анх хятадууд нүүрс олборлож эхэлсэн Налайхын уурхайг 1922 онд Ардын Засгийн газар мэдэлдээ авснаар энэ уурхайн бадрангуй түүх эхэлдэг. Гучхан жилийн дараа мянга гаруй ажилчинтай, Монголын анхны гүний уурхай болж, нэгэн зуун дамжин Нийслэл Хүрээг эрчим хүчээр хангажээ. Даанч энэ бадрангуй түүх 1990-ээд оны их ослоор эрчээ алдаж, өдгөө социализмын үеийн түүхийн сурах бичигт хэдхэн мөрөнд багтаж үлдсэн нь харамсалтай. iPhone утаснаасаа фэйсбүүкт нэвтэрч, өөрөг зургаа инстаграм хуудсандаа оруулж, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрохгүйг хичээх хойч үед Монголын хамгийн том уурхайн бадрангуй, бас харуусалт энэ түүх тийм ч сонирхолтой санагддаггүй биз.

Бид явсаар дөрвөн метр хэртэй даланлуулж ухсан шорооны ёроолд ирж зогслоо. Энэ нь Налайхад гар аргаар нүүрс олборлодог 100 орчим ам, тэнд ажилладаг 1000 гаруй хүний багашаархан хэсэг. Далангийн ёроолоор хаа хаашаа метр хэрийн нүхнүүд онгойн харлаж, хаа нэгтээ хонх жингэнэн, газар дээгүүр ямар нэг хүнд металл биетийг хүржигнэтэл чирэх нь дуулдана. Энэ бол Налайхын энгийн амьдралын нэг хэсэг.

Төгөлдөр бидэнд үзүүлэхээр харьцангуй техникжсэн амыг сонгожээ. Бусад нь дор нүүрс гаргаж байгаа болохоор дээр зөвхөн ачигч, либотикчин хоёр сууна. Тэд нүүрсний гарц, ажлын байдал гээд зөвхөн уурхайчдад л хамаатай сэдвээр хэсэг ярилцсанаа удалгүй ажлынх нь талбар хэн нэгний эрх ашгийн төлөө үйлчлэхээр болсон талаар ярилцав. Гар аргаар нүүрс олборлогчдын газар эрх мэдэлтэн, хятадуудын гарт орж буй нь тэдний санааг хамгийн их зовоож байгаа. Хамгийн сүүлийн гэж болохоор энэ хэсэгхэн газрыг “Цагаан шонхор” компанид худалдсанаар уурхайчдад олборлолт хийх газар хомсдож буйг Төгөлдөр хэлэв. Тэрбээр уурхайчдын хэллэгээр “амны эзэн”. Налайхад өссөн Төгөлдөр хэдэн жилийн өмнө төрж, өссөн газартаа өөрийн нэмэр хандив оруулах дэврүүн мөрөөдөлтэй эргэж ирсэн. Даанч энэ байдал тийм ч урт удаан үргэлжилсэнгүй. Чамгүй мөнгө зарж босгосон амных нь газрыг бусдад зарсан нь дан ганц түүний биш, амьдрал нь уурхайгаас шууд хамааралтай 30 мянган хүний эрх ашигт нөлөөлж байгаа аж.

М.Телүхан, 19, уурхайн ковшчин

Нүхний аман дээрх хонх жингэнэж л байвал уурхайчдын сэтгэл бага ч атугай амардаг

-Гар аргаар олборлож буй уурхайнуудыг улс мэдэлдээ аваад капитал уурхай байгуулсан нь зөв санагддаг. Гэтэл газрыг ингээд хуваагаад өгчихөөр тэр олон мянган хүн хаачих вэ. Энд үүнээс өөр хийх ажил байхгүй шүү дээ гэж Төгөлдөр ярина.

Удалгүй амны амсар дээрх модонд бэхэлсэн хонх жингэнэн дуугарч, ямар нэгэн зүйлийг дохиолов бололтой либотикчин (нүхний амсар дээр моторт эргүүлэг дээр ажилладаг хүнийг уурхайчид ийн нэрлэдэг) хөдөлгүүрийг асаалаа. “Уурхай жинхэнэ эр хүний ажил даа. Энэ нөхцөл биднийг нэгтгэдэг. Хэн ч уурхайн гүнд нэгнийгээ орхихгүй” гэх либотикчин хамгийн хариуцлагатай ажлыг хийнэ. Хонх хэд дуугарч, тэр дохиог зөв сонссон эсэхээс 50–60 метрийн гүнд байгаа нөхдийнх нь амь нас хамаарна. Либотикчин дотор бүх зүйл хэвийн байгааг шалгахаар нүх рүү зүглэж, тоормос татах үүргийг надад даалгав. Тэр зуур “Портер” маркийн ачааны машин амны хажууд ирж зогслоо. Уурхайчдын хэлснээр олборлосон нүүрсийг Улаанбаатар луу зөөж борлуулдаг 50–60 мянган ийм машин бий. Зуны цагт нэг амнаас өдөртөө 5–6 машин, өвөлдөө 20–30 машин нүүрс гарч нийслэлийг зорьдог.

Удалгүй хонх хоёронтаа жингэнэсэн нь ковш нүүрсээр дүүрч, дээш татахад бэлэн болсныг илтгэж буй хэрэг. Арваад минутын дараа амны харанхуй булангаар хүржигнэх дуун сонсдож, хоёр метрийн урттай, хагас метрийн өргөнтэй ковш хэмээх тэвшинд дүүргэсэн шинэхэн нүүрс гарч ирлээ. Түүний араас огцом дээш мацсандаа нэлээд ядарсан байдалтай 20 орчим насны залуу гарч ирэв. Тэр бол энэ удаа миний Налайхыг зорьж ирсэн гол шалтгаан.

Уурхайчид түр амсхийх зуур тамхилна. 50–60 метр уурхайн гүнд агаар бараг л нэвтрэхгүй. Туршлагатай уурхайчдын хувьд агааргүй хэсэгт нэвтэрч буйгаа мэдэрдэг гэж бидэнд хэлсэнЭнэ аманд ажилладаг найман хүний хамгийн залуу нь болох Телеүхан анх уурхайд орохдоо 14 настай байжээ. Ковшинд суугаад газрын гүн рүү орж явахдаа тэр анх удаа айдас гэдгийг бүх биеэрээ мэдэрснээ ярив. Тэр үед уурхай дотор бараг л мөлхөх шахуу явдаг байжээ. “Уурхайн гүнд чи нэг л алдаа гаргавал тэр чиний амь нас, эрүүл мэндээр төлөгдөнө. Бас агаарын байдал, бэхэлгээ бүрэн бүтэх эсэх, ковшний тороосны бүрэн бүтэн байдал, уурхайчдын байршил гээд бүхий л зүйл чиний хяналтад байх хэрэгтэй” гэнэ. Хэдийгээр муу ам гарах нь монголчуудын хувьд цээртэй боловч Телеүханыг нүүрсэнд цохиулах, ковшинд дайруулах, бэхэлгээ нурах, тороосонд орооцолдох гээд олон аюул өглөө бүр угтдагийг тэр хэлсэн. Анх ам руу ороход төрсөн айдас жилийн дараа дарагддаг ч ийм ажлын нөхцөлд айдсаас бүрэн чөлөөлөгдөнө гэдэг бараг л байж болшгүй зүйл гэдгийг уурхайчид хэлдэг.

Заримдаа айдас нь аюулгүй ажиллагааны хамгийн том бүрдэл болдгийг вирус судлаач Байгалмаа бидэнд сануулсан. Гоц халдварт өвчний талаар бараг л мэдээлэлгүй би Зоонозын өвчин судлалын нэвтрэх бүсээр гарч “…Зориг шалгасан тахлын энэ өртөөнд, Зорьж ирээд залуу насаа үлдлээ” гэж цохисон том чулууны өмнө зогсохдоо энх цагийн “Халуун бүс”-д нэвтэрснээ сая мэдэж билээ. Олон хүний амь насыг авч оддог тарваган тахал, боом, цусархаг чичрэг гээд байгалийн гаралтай гоц халдварт өвчнүүдийн нян, вирус энэ хуучны орос загварын гурван давхар байшинд судлагдаж, эцсийн хариу нь гардаг. Үхлийн аюул тээсэн нян, вирустэй нүүр тулж, гоц халдвартын голомтод хамгийн түрүүнд очих ёстойгоороо вирус судлаач гэдэг бидний төсөөлснөөс аюултай мэргэжил байлаа.

Б.Байгалмаа, 44, вирус судлаач

Түүний ажилладаг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”-ийг манай орны “Халуун бүс” гэж нэрлэж болно. Харин тэрбээр халуун бүсийн вирусийн ангууч.

Анагаах ухааны их сургуулийн оюутан байхдаа тэрбээр Ц.Чулуунбаатарын “Тарваган тахал” номоос голомтод ажиллах горимын талаар уншчихаад ийм сонин ажил байдаг аа хэмээн гайхширчээ. Зоонозын өвчин судлалын төвд ажилд орсныхоо дараа гоц халдварт өвчний талаарх хоёр ботийг уншчихаад “Яана аа, үхчихгүй байгаа даа” гэж бодсон удаа ч бий. Ямартай ч гурван сарын сургалт, гурван сарын дагалдангийн ажлын дараа тэр мэдрэлийн эмч мэргэжлээ вирус судлаач мэргэжлээр солихоор шулууджээ. “Мэдрэлийн эмчээр ажиллаж байхдаа дандаа хүмүүстэй ажилладаг байсан болохоор био объект, био сорьцтой харьцана гэдэг эхэндээ хэцүү байсан” гэж ярина.

Бүх зүйл айдастай, хүрэхэд хүртэл болгоомж төрмөөр анхны сэтгэгдлээ тэр тахлын хувцсандаа даатган орхиж. Наян жилийн хугацаанд олон удаагийн гоц халдвартын эсрэг тулалдсан энэ байгууллагаас ганц ч ажилчин халдвар аваагүй нь Байгалмаад хамгаалалтын хувцсандаа бүрэн итгэх итгэлийг өгсөн гэж тэр хэлсэн. Айдас дагуулсан, өндөр эрсдэлтэй ажил мэргэжилтэй хүмүүсийн амнаас та ийм л үгийг сонсох болно. Тэдэнд өөрийн сурсан мэдсэн, авьяас чадвар, өмссөн хувцас хэрэгсэлдээ итгэхээс өөр зам бараг л үгүй.

“Брежневийн бэлэг” гэх социализмын үеийн байшин барилгаар хотынхоо өнгө төрхийг бүтээж байсан Улаанбаатарыг одоо хэн ч Азийн цагаан дагина гэхгүй нь ойлгомжтой. Орчин үеийн шилэн барилгыг Европ архетиктурын хийц бүхий гоёмсог хаустай ижилсүүлж, эсгий гэрээр хүрээлүүлсэн энэ хот гаднынхны сониуч занг хөдөлгөдөгт гайхах зүйлгүй. Ялангуяа Солонгос компаниудын оруулж ирж буй шилэн барилгууд Улаанбаатар хотын тод өнгө төрхүүдийн нэг. Хот төлөвлөлт, архетиктурын энэ шинэ хандлага “спайдермэн”-үүдийг бүтээж, шинээр ажлын байр бий болгожээ. Тэд Холливудын супер баатруудын бэлгэдэл “Хүн аалз” киноны гол дүрүүдээс ч илүү эрсдэлтэй нөхцөлд ажлаа явуулдаг. “Ер нь айдасгүй байх нь тийм ч сайн хэрэг биш. Айж буй хүн өөрийгөө хянаж, хийж буй зүйлдээ няхуур ханддаг” гэж цонх угаагч Нямдорж хэлсэн юм. Хэдхэн жилийн өмнө Барууны кинонуудын дэлгэцнээс л хардаг байсан шилэн хананд авирах хүнд хэцүү үзүүлбэр Нямдоржийн хувьд өдөр тутмынх нь ажил болжээ. “Анхны авиралтаа хийгээд буусны дараа энэ ч миний хийх ажил биш байна даа гэж бодож байсан. Уг нь эхлээд туршлагатай хүмүүсийг дагуулж гаргаад, айдас нь дарагдсаны дараа угаалгаж эхэлдэг. Миний биеийн жин бага, хөдөлгөөн гайгүй түргэн болохоор удалгүй сургалтаа дуусгаад ажиллаж эхэлсэн” гэв.


Хамгийн сүүлд тэрбээр Ховд аймгийн Булган суманд гарсан тарваган тахлын голомтод ажиллажээ. Одоо Сүхбаатар аймаг гарсан амьтанд хазуулж цусархаг тууралт үүсч, халуурсан тохиолдлыг судалж байгаа.

Дорнод Монголын тэгш талын өмнөд үзүүрт өссөн Нямдоржийн хувьд өндөр гэдэг тийм ч дотно таатай үзэгдэл биш. Зуугаад метрийн өндөртэй шилэн ханыг бүхэл өдөржин угааж, агаарт эргэлдэнэ гэдэг бүр ч хүнд шалгуур. Энэ үед түүнд татуурганы олс, өндрийг тааруулан түгждэг “IDS” түгжээ, байшингийн дээвэр дээгүүр давж буй олсны хэсгийг жийрэглэсэн зөөлөвч, Францын “PETZL” брэндийн хамгаалалтын хэрэгсэл, аюулгүй ажиллагааны горимоос өөр найдах зүйл байдаггүй.

Биднийг ярилцах зуур түүний утас хоёронтаа дуугарч, сүүлийн дуудлагыг хүлээж авлаа. Утасны цаанаас компанийн ажилтан маргааш Төрийн ордныг угаах ёстойг сануулж байгаа нь чанга яригчнаас сонсдоно. Тиймээс Нямдорж угаах багийн гишүүд, угаах хугацааг тооцоолох ёстой. Монголд нээлтээ хийсэн дэлхийн алдартай сүлжээ зочид буудал “Шангрила” тэдний багийнхны гараар өнгө оржээ. “Цонх угаагчдын нөхөрлөл газарт эхэлж, агаарт бэхэждэг гэлцдэг. Тиймээс бид “амь нэгтэй” гэсэн үгийг ягштал баримталж, олон арван метрийн өндөрт бие биенийхээ амь насыг харгалздаг” гэсэн Нямдоржийн үг эрсдэл өндөртэй ажлын байранд ягштал баримтлах дүрмийн нэг.

М.Нямдорж, 25, цонх угаагч

Зүүн Азийн орнуудад чинээлэг зугаа, Европын орнуудад хүнд спортын төрөлд тооцогддог шилэн хананы авиралт түүний хувьд ердийн нэг ажил нь

Үзэгдэх орчингүй гүн усанд тохиолдож болох эрсдэлүүдээс хажуугийн хүн чинь л чамайг аварна гэсэн усчин-аврагч Энхтөрийн үг үүнийг батална. Хүчилтөрөгчийн баллон гацаж, шавар намагт зууралдаж, живж буй хүнтэй зууралдах тохиолдолд багийн гишүүд нь үргэлж харгалзаж, бие биенээ хянадаг. Биднийг зураг авахаар Хужирбуланд хүрч очиход Нийслэлийн аврах ангийн усчин-аврагчдын нэг бүлэг Гачууртаас Баянзүрхийн гүүр хүртэлх зайд эргүүлд гараад байлаа. 20–40 насны эдгээр залуусын өмнө дан ганц ус биш, байгалийн гамшиг, гал, осол аваар гээд онцгой байдлын бүхий л дуудлага хүлээж буй. Өөр нэг усчин-аврагч “Бид ус, гал гэсэн хоёр их хүчний эсрэг зогсдог” гэсэн нь товчхон бөгөөд оновчтой тодорхойлолт байлаа.

Аврах албанд 19 жил ажилласан Энхтөрийн хувьд гүний усны хайгуул, живсэн хүмүүсийг аврах ажиллагаанаас гадна улаан галтай тулж явсан удаа ч бий. “2002 онд Партизаны сангийн аж ахуйд галын дуудлагад явж байсан. Биднийг торлогон дотор явж байхад салхи эргээд байдал хүндэрч эхэлсэн. Гэнэт л бөөн гал нөмрөөд ирсэн” гэж тэр ярина. Гэвч ухрах эрх байдаггүй нь тэдний ажлыг улам ч эрсдэлтэй, аюултай болгодог шиг жирийн бидэнд санагдана.

Тэд агаарт дунджаар 10 цагийг өнгөрүүлдэг. 2.5 тоннын даацтай татлагын олсыг гурван жил ашиглах баталгаатай аж.Хамгийн сүүлд гаргасан тооцоо судалгаагаар сүүлийн гурван жилд 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэнээс 88 хүн нас барсан тоо баримт байна. Харин 2018 жилийн эцсийн байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэнээс 30 хүн нас баржээ. 2018 онд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг салбараар нь авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт зонхилон тохиолдсон бол үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж буй хүмүүсийн дийлэнх хувийг 25-34 насны залуучууд эзэлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлаас шалтгаалсан осол, аваарын ийм мэдээ эрсдэлтэй ажил эрхлэгчдийн ар гэрийнхэнд хүндээр тусдаг. Ийм шалтгаанаар Нямдорж өндрийн ажилд орсноо гэрийнхэндээ хэлэлгүй жил гаруй нуужээ. Харин одоо тэд түүний туршлага болоод ажлын нөхцөлд нь найддаг. Гэвч ээж нь 600 километрийн цаанаас өглөө болгон цайныхаа дээжийг өргөдгийг тэр ярианыхаа завсарт дурссан. “Би хоёр хүүхэдтэйгээ нийлээд аавынхаа юмнуудыг бэлдэнэ шүү дээ. Дуудлагаар явахад нь бүх зүйлийг жин тан болгох нь ар гэрийн үүрэг” гэж усчин-аврагч Энхтөрийн гэргий хэллээ. Томоохон хэмжээний гамшгийн үеэр эгч нар нь хөдөөнөөс Энхтөр лүү залгаж, аврах ажиллагаанд явсан эсэхийг нь асуудаг.

Ажил мэргэжлээс хамааралтай аваар ослоос гадна дам байдлаар нөлөөлөх хүчин зүйл ч энгийн хүнийг бодвол тэдэнд илүү тусна. “Автын осол, гал түймэр, халуун усны нүхэнд амь эрсэдсэн хүмүүс, лифтэнд гацсан тохиолдол гээд мэргэжлийн онцлогоос шалтгаалаад янз бүрийн нөхцөлд ажилладаг учраас сэтгэлзүйч хэрэгтэй юм шиг санагддаг” гэж Энхтөр хэлэв. Энэ зуур орчин үед хөдөлмөрийн аюулгүй байдлаас гадна эрсдэлтэй ажил мэргэжлийн хүмүүсийн сэтгэлзүйн байдал тулгамдсан асуудлын нэг болсныг “Psyhology Today” цахим хуудас онцолжээ. Тавцан дээр олон цагаар сууснаас болоод ууц нуруу нь чилдгийг Нямдорж хэлсэн. Бүүр түүрхэн гэрэлтэй уурхайн нүхэнд тамхи татаж суусан Телеүханы багш гэх эрэгтэй “Би хэдийнэ тавь гарсан ч энд ажилласан жилийг тооцдоггүй болохоор тэтгэвэрт гарах боломжгүй. Тиймээс ингээд зүтгэхээс өөр аргагүй” хэмээн санаашрангуй хэлсэн. Тэднийг өндөр эрсдэлтэй ажлын дараа юу хүлээж буй нь бас л эргэлзээтэй.

Л.Энхтөр, 40, усчин аврагч

Усанд ам гарч болохгүй. Даанч манай иргэд үүнийг хүлээж авахдаа муу. Өөрийнх төлөө хэлж байхад л согтуу хөлчүү, ямар ч болгоомжгүйгээр ус руу зүтгэдэг

Ямар ч нөхцөлд аюулгүй ажиллагааны дүрэм л тэдний түших аврал байдгийг ярилцлага өгсөн хүмүүс яриандаа олонтаа дурдсан. “Усны гүнд ажиллахад хэнгэрэг цоорох, гарахдаа зогсолт хийгээгүйгээс уушиг задрах аюултай. Мөн амь тэмцсэн хүмүүс чинь зууралдах, ус руу доош дарах зэргээр эрсдэлтэй үйлдэл гаргадаг. Тэр бүхэнд өөрийн сурч мэдсэн бүхнээ ашиглах хэрэгтэй” гэж усчин-аврагч Энхтөр өгүүлэв. “Гэхдээ хүний амийг аврахын тулд цаг хугацаатай уралддаг бидэнд өөрийн амийг бодох сөхөө байдаггүй. Усны гүнд орсныхоо дараа л дадлага сургуулилалт дээр хийсэн бүхнээ хэрэгжүүлдэг” гэж тэрбээр нэмж хэлсэн.

Гамшгийн дуудлага аваад явахад үнэхээр хэцүү байдаг. Зам түгжрэлтэйн дээр манайхан зам тавьж өгдөггүй. Гэтэл цаана нь хүний амь секундээр хэмжигдэж байдаг.


Вирусийн ангууч Байгалмаагийн хувьд ч тахлын голомтод хамгаалалтын дагуу хувцсаа бүрэн, зөв өмсөж, гурван цаг тутамд амарч, ариутгах нь үхлийн аюултай нянгаас сэргийлэх цолгорсон арга гэдгийг бидэнд сануулж, лаборатори луу нэвтрэхэд бидний хамгаалалтын хувцсыг өөрийн гараар шалгаж байлаа.

25 настай цонх угаагч Нямдоржийн хувьд бие тааруу үед авиралт хийх, хамт ажиллагсдаа хуурах, тоглоом шоглоом хийхийг хатуу хориглоно. Өглөөнөөс орой хүртэлх 10 цагийг агаарт өнгөрүүлэхдээ тэд бие биенийхээ аюулгүй байдлыг хянахаас биш, эрсдэлтэй үйлдэл гаргахыг хатуу хориглоно. “Цонх угаагчдын хувьд 10 м/секундээс дээш салхитай, эсвэл хүчтэй дуу цахилгаантай бороотой үед хийсэх, өндрийн цахилгаан хүчдэлээс болоод шууд авиралт хийх нь хийсэх аюултай учраас бие биенээ хянаж, зогсолт хийдэг” гэж Нямдорж хэлсэн.

Харин залуу уурхайч Телеүхан гэр бүлдээ туслахын тулд ийм ажил хийхээс өөр нөхцөлгүй байснаа хэллээ. Коллежоо сантехникч мэргэжлээр төгссөн ч уурхай хаагдвал өөр ажил олж хийхэд хүндрэлтэй байх болно гэдгийг нуусангүй.

Үхлийн аюултай вирус судлаач, бэхэлгээ муутай уурхайн гүнд ажиллагч, шилэн барилгын хананд авирагч, гал, усны өөдөөс сөрөгч гээд тэд бол манай дэлхийн хамгийн өндөр эрсдэлтэй ажил эрхлэгчдийн нэг.

“Pew Research Center” судалгааны байгууллагаас дэлхийн ард түмнүүдийн айдсын судалгааг энэ онд гаргасан. Ойрхи Дорнод, Баруун Европ, Зүүн Азийн орнуудыг “Исламын улс” бүлэглэл, ОХУ, Венесуэл, Малайз зэрэг орныг эдийн засгийн тогтворгүй байдал, Хятад, Энэтхэг, Африк, Латин Америкийн орнуудыг цаг агаарын өөрчлөлт айлгаж байгааг тэд тогтоожээ. Монгол Улс уг судалгаанд хамрагдаагүй ч хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн ослын хүчин зүйл бидний эмээх сэдвийн нэг болохыг мэдэж болно.

“Гэвч энэ бол бидний л ажил шүү дээ” гэж Нямдоржийн хэлсэн нэг талаар маргахын аргагүй үнэн билээ.

Энэхүү нийтлэл нь 2015 оны наймдугаар сард "Гэрэг" сэтгүүлд нийтлэгдсэн болно.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.