Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Аль нь хамгийн эко вэ? (Цуврал №7)


Нэг л өдөр бүх гялгар уутаа гаргаж хаяад даавуун уутаар солихыг, бас эко болгох нэрийдлээр хуучин зүйлсээ хаяж шинийг худалдаж авахыг байгальд ээлтэй амьдрал гэж бодож болохгүй. Яг одоо өөрт тань байгаа зүйлсийг аль болох удаан ашигласны дараа "тэтгэвэрт гаргах" нь хүрээлэн буй орчиндоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хэрэв та гэртээ байгаа гялгар уутнуудаа хэрхэх тухай, цаашид даавуун уут эсвэл цаасан торны алийг нь хэрэглэх тухай бодож байвал Юнител Группийн “Ногоон байгаасай” хөтөлбөрөөс санаачилсан "Хаягдалгүй Амьдаръя" аяны цуврал нийтлэлийг алгасалгүй уншаарай. Энэ удаа бид уутнуудын тухай ярих болно.   


Холливудын кино үзэж өссөн хүмүүс мэднэ дээ.   Америк кинонд бор цаасан уутанд хүнсээ дүүргэж хийгээд, нэг гартаа тэвэрсээр орж ирдэг ээж, эмэгтэйчүүдийн зураглал түгээмэл гардаг. 60, 70-аад оны бүтээлүүдэд ч, орчин үеийн кинонуудад ч мөнөөх цаасан уутаа хэрэглэсээр байгаа нь анзаарагддаг шүү дээ. 

Түүхээс нь сөхвөл, Фрэнсис Волл нэртэй сургуулийн багш 1852 онд цаасан уут үйлдвэрлэх анхны машиныг зохион бүтээж патентжуулаад хожим Union Paper Bag Company-ийг үүсгэн байгуулжээ. Энэ үеэс эхлэн Америкт цаасан уутны хэрэглээ дэлгэрч эхэлсэн бөгөөд 1970-аад оноос гялгар уут хэрэглээнд нэвтэрчээ.

Сүүлийн жилүүдэд байгаль орчны бохирдол, цаг уурын өөрчлөлт, хог хаягдлыг дахин боловсруулах асуудалд дэлхий нийтээрээ анхаарах болж, хуванцар сав, гялгар уутны хэрэглээнээс татгалзахыг уриалж буй. Монгол Улсын хэмжээнд л гэхэд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгаас 500 тонныг нь гялгар уут дангаараа эзэлж байна. Тиймээс бид нийлэг буюу гялгар уутны хэрэглээндээ анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай юм. Эко амьдралыг эрхэмлэгчид гялгар уутны оронд даавуун тор, цаасан уут хэрэглэхийг уриалдаг. 

Тэгвэл эдгээр бүтээгдэхүүний аль нь хамгийн эко гэж та бодож байна? Шууд дүгнэлт хийхээсээ өмнө асуудлыг арай илүү шинжлэх ухаанчаар харж, дараах тооцооллыг харгалзаж үзээрэй. 

Гялгар уут, даавуун тор, цаасан уут хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлж байгааг тооцохын тулд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл явцаас эхлээд баглах, түгээх, хадгалах, хэрэглэх, хаях, дахин боловсруулах хүртэлх мөчлөгийг бүхэлд нь харгалзаж үзэх хэрэгтэй юм. Хамгийн энгийнээр тухайн бүтээгдэхүүнийг:

  • Үйлдвэрлэхэд хэр их энерги зарцуулдаг? 
  • Хэдэн удаа ашигладаг? 
  • Дахин боловсруулахад хэр их хэцүү? 
  • Байгальд шингэхдээ хэдий хугацааг зарцуулдаг вэ? гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийг шинжилж үзье.

Цаасан уут: 

  1. Цаасан уут үйлдвэрлэх гол түүхий эд нь мод гэдгийг мартаж болохгүй. Тиймээс цаас үйлдвэрлэхийн тулд огтолсон модыг шинээр мод тарьж сэргээхгүй бол тэр хэрээрээ байгальд орчинд хохирол учруулна. 
  2. Үнэндээ, цаасан уут үйлдвэрлэхэд гялгар уут үйлдвэрлэхээс дөрөв дахин их энерги, 50 дахин их ус зарцуулдаг байна.  
  3. Цаасан уут овор хэмжээний хувьд гялгар уутнаас их тул үйлдвэрээс тээвэрлэгдэж хэрэглэгчийн гарт очих хүртлээ зардал ихтэй, байгаль орчинд хортой байж мэднэ. Жишээ нь, 1000 ширхэг цаасан уутыг тээвэрлэхэд зарцуулах шатахуун 1000 ширхэг гялгар уутыг тээвэрлэхээс илүү байх магадлалтай гэсэн үг.
  4. Цаасан уутыг дунджаар 3 удаа хэрэглэдэг.
  5. Байгальд шингэхдээ 2-6 долоо хоногийг зарцуулдаг. 
  6. Дахин боловсруулахад хамгийн амархан хаягдлуудын нэг. Хуванцартай харьцуулахад 91 дахин бага энерги зарцуулдаг аж. 

Гялгар уут: 

  1. Гялгар уутны үндсэн түүхий эд болох хуванцар нь химийн урвалаар нэгдсэн газрын тос болон газын молекулууд юм. Тиймээс гялгар уутыг үйлдвэрлэхэд харьцангуй бага энерги зарцуулж болох ч үйлдвэрлэх явцад ялгарч буй нүүрстөрөгчийн хий, бусад хортой бодис нь цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс хэд дахин илүү юм. 
  2. Хэрэв гялгар уутанд тохирсон даацын ачаа хийж, гамтай хэрэглэвэл 2500 удаа ашиглах боломжтой гэнэ. Харамсалтай нь, орчин цагт хүмүүс нэг ширхэг гялгар уутыг ердөө л 12 минут ашиглаж байгаа аж. 
  3. Байгальд шингэхдээ 400-1000 жилийг зарцуулдаг бөгөөд энэ хугацаандаа хүрээлэн буй орчин, хүн, амьтанд асар их хор учруулдаг.  
  4. Хуванцар материалыг дотор нь 7 ангилдаг бөгөөд тус бүрийг нь өөр өөр технологиор дахин боловсруулна. Зөөлөн хуванцрыг гар оврын машинаар бяцалж нунтаглаад, бүтээгдэхүүн болгох боломжтой байхад, заримыг нь маш өндөр температурт хайлуулах замаар дахин боловсруулдаг байна. 

Даавуун тор:

  1. Даавуун тор бидний гар дээр ирэхийн тулд маш их энерги, нөөц баялгийг зарцуулдаг. Жишээ нь, хөвөн тариалахад газар, ус, бордоо шаардлагатай болно. Үүнээс гадна 1 кг даавуун материал гаргаж авахад 10,000 литр ус зарцуулдаг байна.
  2. Даавуун торыг дунджаар 131 удаа (зарим эх сурвалжуудад 7100 удаа) ашиглах боломжтой гэжээ.  
  3. Мэдээж, даавууг дахин боловсруулах бүрэн боломжтой. 
  4. Хөвөн даавуу нь байгальд шингэхдээ 1-5 сарыг зарцуулдаг.

Эцэст нь хэлэхэд, та нэг уутыг хэдэн удаа хэрэглэж байна вэ гэдгээс дээрх бүх үр дүн шалтгаална. 

  • Хэрэв та гялгар уутыг ганцхан удаа ашиглаад хаявал 400-1000 жил байгальд үлдэж, ялгарсан хорт хий нь хөрс, ус, агаарыг бохирдуулна. 
  • Хэрэв та гялгар уутны хэрэглээгээ даавуун уутаар соливол 22,000 гялгар уут байгаль орчныг бохирдуулахаас сэргийлж чадна.

Хамгийн гол нь бид НЭГ Л УДАА хэрэглээд хаяна гэсэн сэтгэлгээгээ өөрчилж, аль болох чанартай уутыг сонгож, олон удаа ашиглахыг хичээх хэрэгтэй. Харин муудаж, урагдсан бол ангилж ялгаад, дахин боловсруулах үйлдвэр лүү илгээхэд санаа тавиарай. 

Ангилж ялгасан болон ялгаагүй хогонд юу тохиолддог тухай дараах TEDx-ийг бичлэгийг үзээрэй. Хүүхдүүдэд үзүүлэхэд бүр ч тохиромжтой шүү.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.18 202.131.225.178

Баярлалаа

0 Хариулах