Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Алисагийн тэмдэглэл: Ирээдүйд харамсахгүйн тулд бусдын төлөө өнөөдрөөс хийж эхлэх 7 зүйл


Гэнэтийн цочирдом мэдээ чихийг минь дэлсэв. Хэн нэгнийг алдсан тухай. Тэр хүнтэй уулзаж, ярилцаж, холбоотой байх боломж надад өчнөөн байсан ч, бүр түүний амьдралд туслах боломж байсан атал би харамсалтай нь ухаараагүй явсаар ийм аймшигт үр дүнд хүргэсэн юм. Зүгээр л би яагаад ганц удаа сэтгэл гарган тэр хүний амьдралын тухай, ямар байдалтай байгааг нь сонсоогүй юм бол оо? Мэдсэн бол ямар нэгэн зүйл хийх байсан ч юм билүү? Магадгүй ийм төгсгөлд хүрэхгүй байсан ч юм билүү? Тансаг, хангалуун амьдралтай байхгүй байлаа ч ядаж л амьд явах байсан ч юм билүү? 

Хүмүүс бид нэгнээ үл тоох, "хамаагүй" нэгэн мэт хандахаа хэзээ болих юм бол оо. Үүнийг би өөр дээрээ л хамгийн ихээр мэдэрч үзлээ. Яаж ч тайтгарах гээд арга олоход хэцүү юм. Иймээс л та бүхэндээ бүх зүйл ОРОЙТОХООС ӨМНӨ хийх зүйлсийг чадлаараа өгүүлье. Маш энгийн болохоор тийм хэцүү байхгүй хэмээн найдаж байна.

Дахин хэзээ ч энэ хорвоо дээр таарахгүй байж мэдэх хүмүүстэй бид зөрж алхсаар явна. Өнөөдөр уулзаад саллаа гэхэд маргааш уулзах эсэх нь тодорхой биш тийм л гэнэтийн явдлаар дүүрэн. Тиймээс чадлаараа, бүр бүх зүрх сэтгэлээрээ, ямар ч ажлаас илүүд үүнийг тооцож яваарай хэмээн хүсье.

1. Таны тийм ойрын хүн биш байж болох ч мэнд мэдэж яваарай

Бид заримдаа энгийн нэг яриа эхлүүлэх тийм хүнд хэцүү юм шиг л дуугүй, чимээгүй байдаг. Юм хэлчихвэл ямар хариу авна гэж боддог юм бүү мэд. Би хүртэл энгийн яриа өрнүүлэх мөчүүдэд дуугүй явж л байсан. Одоо үүндээ харамсаж байна. Зүгээр л нэг танил байсан ч хамаагүй ядаж нэг удаа залгаж ойр зуурын явдал ярилцаж, чат бичиж, таарах үедээ дулаанаар мэндэлж байхыг хүсье. Зүгээр л "Сайн уу" гэх энгийн үг хүний сэтгэлийг ямар их өргөж, ганцаардлаас нь авардгийг бид мэдэхгүй шүү дээ.

2. Ядарсан нэгэнд багахан ч болтугай тус хүргэх 

Ядаж л газар унасан нэгнийг дээш өргөдөг, задгай мөнгө гуйсан ядруухан хүнд 100, 200 төгрөг ч болтугай өгдөг байх сайхан. Заримдаа хүмүүс намайг "Яах гэж өгч байгаа юм, шал дэмий" гэдэг л дээ. Гэвч би Их дэлгүүрийн гадаа явдаг таяг тулсан өвөөд, хороололд суудаг өвөөд мөнгө, талх боов, сүү өгдөг хэвээрээ. Таны өгсөн мөнгөөр уучихна, хүмүүс авчихна гэж бодож байвал ядаж цайны сүү, зөөлөн нарийн боов авч өгч байгаарай. Халуун цай, хоёр хуушууртай аваад өгөхөд яг үнэндээ бидний санхүү тэгтлээ хямрах байдалд байгаа гэж үү? Даарсан, ядарсан, өвдсөн нэгэнд сэтгэлээрээ тусалж байхыг хүсье. Чин сэтгэлээсээ гуйя.

3. Өмгөөлж хамгаалдаг байх 

Хүн болгон нэг хүн рүү дайрах үед та тэр бүхнийг өөр өнцгөөс хардаг үлдсэн нэг хүн нь байгаарай. Ядаж тэр хүний өмнөөс бүхнийг төсөөлж, яаж хүлээж авахыг нь ойлгохыг хичээх хэрэгтэй. Бүх зүйл түүний эсрэг мэт санагдахад өөрчлөгдөх, бүхнийг шинээр эхлэх боломж байсан ч түүнийг олж харахааргүй их дарамтад ордог. Бид бусдыг нэг алдахад нь л түлхэж хаядаг тийм сэтгэлгүй хүмүүс гэж үү?

4. Гэр бүл, хамаатнуудтайгаа холбоотой байх 

Яс, цусаар холбоотой хамаатнуудаасаа бид хэдий хол явж чадах билээ. Юу ч болсон, яалаа ч гэсэн бид холбоотой улс учраас учиргүй ойр дотно биш юм гэхэд сураг чимээтэй, мэнд устай явах хэрэгтэй. Хэрэв хэцүү амьдарч байгаа, хэцүү зүйл тохиолдсон хүн байвал, түүнийг олж дуулбал заавал ямар нэгэн байдлаар нөлөөлж, тус болохыг хичээгээрэй. Бусдадаа хэлж, ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг уриалах хүн нь байгаарай.

5. Уучилж сураарай

Таны найз, хамаатан, танил, хэн ч бай таныг гомдоож байсан бол, бас түүндээ гэмшиж байгааг нь мэдэрдэг бол уучлахыг хичээгээрэй. Тэр хүнд өөрийг нь уучилсан гэдгийг мэдрүүлэх шиг сэтгэлийн тайтгарал үгүй. Та дотроо тэр их хорсол, гомдлыг тээгээд л байвал өөрөө бас хамт зовох учраас бусдыг уучилж сурна гэдэг хэн хэнийхээ төлөө хийх хамгийн сайхан зүйл.

6. Сэтгэлийн үгээ харамгүй хэлээрэй

Үүнд би нэгэн аргыг ашиглаж байгаа нь гараар бичсэн захиа юм. Үүнийг би жилийн өмнөөс эхлүүлсэн бөгөөд намайг магадгүй өнгөрсөн хойно (муу ёрлож байгаагаа мэднэ л дээ, гэхдээ...) тэр хүмүүс өөрт нь бичсэн захиаг уншаад миний нэгэн хэсэг тэдэнтэй хамт гэдгийг, тэд миний амьдралын нэг хэсэг болж, одоог минь бүтээлцэж, ямар сайхан зүйлсийг авчирсныг ойлгоно. Гэхдээ ингээд л ирээдүйд бүхнийг орхиж бас болохгүй. Та яг байгаа хугацаанд нь, дэргэд байхад, дэргэд байх боломжгүй байлаа ч утсаар, захидлаар сэтгэлийн үгээ заавал хэлж, тэр хүмүүст сайхан үгс дуулгаарай. Яг тэр үгээр дутаж явж мэднэ шүү. Магадгүй та түүнийг болзошгүй аюул ослоос хол байлгах ч юм билүү...

7. Уулзах, тэврэх

Хүмүүст хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлдэг зүйл бол тэр хүнтэй уулзахыг хүсэж буйгаа мэдрүүлэх юм. Өөртэй нь уулзахыг хүсэж байгаа нь, тэр хүнийг дурсаж байгаа нь л хангалттай их аз жаргалыг тэр хүнд бэлэглэх болно. Боломж байгаа дээрээ цаг гаргаад уулз! Яг одоо зурвас илгээж, хамт цай ууж амттан идэхийг хүс. Эсвэл хамаатнуудтайгаа ярилцаж, видео дуудлага ч болтугай хий. Нэг нэгнээ хараад, инээд шуугиан болон ярих, нэгэн бүлэг хүмүүсийн нэг гэдгээ мэдрэх танд сайхан байх болно. Энэ бол таны амьдралыг бүтээлцэж, нөлөөлж буй хүмүүс шүү дээ. Та яаж ч зугтсан энэ холбоо хэзээ ч тасрахгүй. Найз нөхөд гэдэг яс цусаар холбоогүй ч сэтгэлээр холбогдсон хүмүүс байдаг. Энэ мэт холбоо тогтоож чадсан хүн бүхэндээ чадахаараа "хайртай" бас "баярлалаа" гэдгээ мэдрүүлж байгаарай. Танихгүй нэгэн таарсан ч сэтгэлд нь хар толбо үлдээхээс сэрэмжилж байгаарай. Зүгээр л нэг хүн намайг мөрлөөд гарснаас болж тогтож ядаж байсан тэвчээр минь нуран унаж, уйлж байснаа би санадаг юм. Иймээс хүн бүхэнд хамаг чадлаараа тус болж, чадахгүй юм гэхэд гай болохгүй яваарай.

Illustration: snnn

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
9
0
4
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

uneg 2020.02.23 77.179.6.195

yag Ankhzaya gedeg hun medregdej bn shuu, nileen hden jil fb deer naizuud bjule. Niitleliig ni unshhaar ih dotno sanagddag shuuu, sain baigaag ni medeh saihan baina! Tsaashdaa ene ercheeree amidartsgaay!

0 Хариулах