Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Алисагийн тэмдэглэл: Хэрхэн "хөгийн амьтан" шиг аашлахгүй байх вэ?


Хүлээн зөвшөөр, бид бүгд л заримдаа ийм аашилдаг. Албаар зөрмөөр, хэн нэгэнд муухай үг хэлмээр, гал гаргасан маргаан өрнүүлмээр ч юм шиг, хэн нэгнийг байдалд хийж, муухай үгээр хэлмээр санагдах, хамраа сөхөх гээд л. Бид байнга биш ч, ингэнэ гэж боддоггүй ч ингэх үе байдаг шүү дээ. Бүр бусдыг дээрэлхэж, дэлгэцийн ардаас доромжилдог байлаа ч үүнийгээ болих боломж бий.

Учир нь бид дараа нь харамсах болохоор, тэгдэггүй байж дээ гэж бодох ч хэдийн үр дагавар гарсан байх учраас. 

Тиймээс хэрхэн хөгийн амьтан шиг, дандаа тийм байдаг хүн шиг аашлахгүй байж, тухайн нөхцөл байдлаас өөрийгөө татаж, өөрийн харанхуй талаа сэрээхгүй байх тухай хэдэн зөвлөгөө өгье. Бас манай "♡ Алисагийн тэмдэглэл (HeavenPage) ♡" группд нэгдэж, сэтгэлээ нээн ярилцаж болно шүү.

1. Өөрт байгаа асуудлыг олж харах

Тэгэхээр бид хэн нэгэнд муухай аашилж, түүнийг гомдоох үг хэлж, үйлдэл гаргаж байгаа нь цаанаа дандаа шалтгаантай гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр хүн таны дургүйг хүргэх зүйл хийсэн үү? Эсвэл ерөөсөө тухайн хүмүүсийн буруу биш байгаад ердөө танд асуудал байна уу? Тэгвэл танд ямар асуудал байгаа вэ? Хүүхэд байхдаа ганцаардаж, бусдад дээрэлхүүлдэг байсан уу? Тэд танд муухай үг хэлж, сэтгэлд тань муухай зүйл үлдээсэн байж болно. Тэр үед таныг гэх хүн, зөөлөн ханддаг хэн нэгэн байгаагүй байх. Эсвэл та өөртөө хэт итгэлтэй болохоор бусдыг доогуур үзээд байна уу? 

Би яагаад ингэж аашлаад байна?

Энэ асуултын хариуг хамгийн түрүүнд олох хэрэгтэй. Тэгвэл та өөрчлөлт хийх боломжтой болно.

2. Мэдрэмжээ гадагшлуулах өөр арга олох 

Та зарим хүнд өөрийн мэдэрч буй мэдрэмжээсээ болоод шууд хариу үйлдэл үзүүлдэг байх. Өөр зүйлд уур хүрсэн байхад хэн нэгэн гараад ирэхэд түүнд уураа гаргаж байж ч мэднэ. Эсвэл та бусдыг үл тоосноор тэднийг шархлуулж байж мэдэх юм. Гэхдээ тэр хүмүүс огт муухай үг, үйлдэл хүртэх ёсгүй хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Та мэдрэмж дотроо байж ядаад байвал тэмдэглэл хөтлөх, спортоор хичээллэх, дуулах, ганцаараа агаар салхинд гарах гэх мэтээр гаргаж сураарай. Дуу бичих, зурах, тэмдэглэл хөтлөх зэргээр уран бүтээлч байдлаар мэдрэмжээ гадагшлуулаад амжилтад хүрсэн хүмүүс ч бий. Уур бухимдлаа тийм мэдрэмж шингээсэн бүтээл болгочихвол ямар вэ? Хүмүүсийг шархлуулах үг хэлж, өөртөө хэцүү болгож байснаас ингэж гаргавал танд үр дүнтэй байх болно.

3. Хүн болгон өөр гэдгийг ойлгох 

Хүн болгон таны хүссэнээр байх албагүй. Бид бүгд өөр орчинд өссөн, өөр амьдрал туулсан учир аливаад хандах, ярих нь өөр. Тэр таны хэзээ ч таалж чадахгүй тийм хүн байсан ч та аливааг тавьж явуулж, тоохгүй байж сурах хэрэгтэй. Юмыг орхиж чаддаггүй, заавал танаар дутах гээд байдаг юм шиг байдлаа болих хэрэгтэй.

4. Сонсож сур

Ихэвчлэн "Би ямар тэнэг зан гаргаа вэ" гэдэг мөчүүд хэн нэгний яриаг бүрэн сонсоогүй, тоогоогүйгээс болсон байдаг. Тиймээс та ярьж байгаа, ярилцаж байгаа хүнийхээ яриаг эхлээд сонсож байгаарай. Тэр хүний хэлэх гээд байгаа зүйлийг ойлгох гэж хичээх нь таныг хэлж болох байсан онцгүй үгнүүдээс аварч мэднэ.

5. Бусдаас бодит шүүмжлэл сонсох 

Үнэндээ танд хамгийн сайхан ханддаг, итгэдэг хүн хүртэл энэ байдлыг тань анзаарсан байдаг. Тиймээс тэднээс өөрийн тухай үнэн шүүмжлэлийг сонсох хэрэгтэй.

Би үнэхээр түүнд муухай зан гаргасан уу? Би түргэн ууртай болчихсон уу? Би ямар зангаа засах хэрэгтэй вэ?

Энэ мэт асуултуудад зөв, оновчтой хариулт өгч чадах хүмүүстэй ярилцаарай.  

6. Хохирогчийн дүрд тоглохоо болих

Тэр ингэсэн болохоор л, би тэгээгүй шүү дээ, тэр ингээгүй бол би юу гэж... гэх үгээ болих хэрэгтэй. Өөрийгөө өмөөрөхөө больж, өөртэйгөө хатуу байж сур. Ирээдүйд таны энэ байдлаас хамгийн хайртай хүн тань хүртэл залхаж мэднэ. Эртхэн өөрийгөө өмөөрдөг, байнга биеэ оторлож, бусдад бурууг тохдог зангаа хаяхгүй бол яваандаа бусдад төдийгүй танд ч хэцүү байх болно. Тэр хүн ингэсэн бол би тэгэхгүй байсан гэдэг байдлаа хаях хэрэгтэй шүү. Та нөхцөл байдалд ухаалаг хандаж сурах хэрэгтэй. 

7. Уучлал гуйж сурах 

Та ойлгож, өөрийгөө анзаарч, түүндээ харамсаж байвал энэ үнэхээр сайн. Хүн ямар ч алдаа гаргасан байж болно л доо. Гэхдээ түүнийгээ ухамсарлахгүй байна гэдэг илүү дор. Тиймээс хэт оройтсон гэж бодолгүй уучлал гуйж сураарай. Таны ганц "уучлаарай" гэх үгийг насаараа хүлээж байгаа хүн байх ч юм билүү. "Би тэр үед ийм зан гаргасандаа харамсаж байна, уучлаарай" гэх үг хэдий тэр хүнд хангалтгүй байлаа ч та гол нь дотроо ямар их уужирч, тайтгарна гээч. Та чөлөөлөгдөх болно. Бага ангидаа бусдад дээрэлхүүлдэг байсан миний нэг танил охин насаараа тэр зовлонг тээж, бусдаас айж, өөртөө итгэлгүй өссөн юм. Нэг өдөр түүнийг дээрэлхэж, онцгүй зан гаргадаг байсан хүн өөр дээр нь ирээд "Уучлаарай" гэх үед харин тэр асгартлаа уйлсан гэдэг. Түүний дараа л дотор нь уужирч, гэнэтхэн тэр өнгөрсөн явдал өөрийг нь ямар их шаналгаж байсныг ойлгосон гэдэг юм билээ. Тиймээс хүн рүү муухай харсан байлаа ч та хүлцэл өчиж сураарай. 

8. Хэлэхээсээ өмнө бодох 

Энэ л хамгийн чухал юм шүү. Та яг тэр мөчид харамсахгүй байж мэдэх ч хэдэн цагийн дараа, эсвэл бүр хэлээд л харамсаж мэдэх учир хэрэв хэн нэгэнд онцгүй зүйл хэлэх гэж байгаа бол заавал бодоорой. Бас хэн нэгнээс өшөө авах, хор хүргэх үйлдэл хийх хүсэл төрөөд байвал өөрийгөө дарах хэрэгтэй. Тэглээ гээд ч таны сэтгэл дээрдэхгүй, та зүгээр л бусдын хувьд өөдгүй амьтан гэж дурсагдаад л үлдэнэ. Энэ таныг тодорхойлох үг болох ёстой гэж үү? 

9. Тусламж эрэх 

Та үнэхээр тийм ааш зан гаргамааргүй байвч, хүсээгүй байсан ч өөрийн мэдэлгүй тийм үйлдэл хийгээд байгаа бол, эсвэл толгойд тань янз бүрийн бодол эргэлдээд яахаа мэдэхгүй байвал мэргэжлийн, эсвэл адил үйл явдлыг туулж гарсан хүнтэй холбогдож ярилцаад үзэх хэрэгтэй. Өөрийгөө эсвэл ийм байдалд байгаа бусад хүмүүсийг анзаарч чадсан бол одоо үйлдэл хийж, дараагийн алхамд орох л танд үлдлээ. Сэтгэлээ онгойтол ярилцсанаар та олон асуудлаа давж чадна. Бүү санаа зов, бүх зүйлд цаг хугацаа гэж бий. Та ойлгосон л бол, бас өөрчлөгдөнө гэж бодож л байвал чадна гэсэн үг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
5
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.