Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Алисагийн тэмдэглэл: Муу зуршлаа хаяж, мөрөөдөж байсан "би"-гээ олж авах 7 энгийн арга


Муу зуршил, амьдралын буруу хэмнэл, буруу бодол, буруу үйлдэл... Энэ бүхнээр өөрийгөө хучиж, гарах аргагүй болсон, нэгэнт өнгөрсөн гээд сууж байгаа юм биш биз? Энэ бодлоос л таны муу зуршил улам хүчээ авч, жинхэнээсээ холдох аргагүй болдог. Тиймээс зарим муу зуршлуудаа хэрхэн бага багаар хаяж эхэлсэн болон цаашид яаж хаях гэж байгаа туршлагаасаа хуваалцахаар шийдлээ.

1. 21 хоног

Ямар нэгэн муу зуршлаас бүрэн салахад, түүнийг дахин хийхийг хүсэхээ болих хүртэл 21 хоног бол хангалттай хугацаа юм. Нууцгүй хэлэхэд би өмнө нь тамхи гэх зүйлийг татаж явсан удаатай. Биед минь ямар хортой, бас огтхон ч хэрэггүй зүйл болохыг нь ухаарах хүртэл шүү дээ. Тэр л зүйл миний дотор байгаа бүхнийг гаргаж чадна гэх тэнэг бодлоос эхэлсэн хэрэг. Гэтэл яг хэрэггүй зүйл гэдгийг нь ухаарахтай зэрэгцээд миний тамхи татах хүсэл тэр чигтээ унтарч, одоо хажууд 60 хүн зогсоод тамхилж байсан ч би огтхон ч хүсэхгүй болсон. Бүр дургүй хүрдэг болсон гээч. Тиймээс таны толгойд суусан "Үүнгүй л бол байж чадахгүй" гэх бодол худлаа юм шүү. Та хамгийн багадаа яг 21 хоног л тэр болгоныг тэвчээд үз. Таны амьдрал үүн дээр л тогтож байгаа юм шиг хичээл зүтгэл гаргах ёстой шүү. 

2. 21/90

Та 21 хоног арайхийн тэвчсэн үү? Одоо юу ч танд хэцүү санагдахгүй. Тэр зүйлгүй 21 хоносныхоо дараа "21/90"-ийг эхлүүлээрэй. Дахин 90 хоногийн турш шинэ гоё зуршил суулгаж, өнгөрснөө бүр мартах хэрэгтэй. 90 хоног үргэлжлүүлэхэд л таны амьдрал тэр муу зуршилгүйгээр бүрэн үргэлжлэх боломжтой. Их олон хоног шиг санагдаж байгаа ч нэг мэдэхэд сум шиг л нисээд өнгөрнө гэж мэд. Миний хувьд би өөрөө ч мэдэлгүй энэ аргыг, ямар ч зовлонгүй ашигласан хэрэг. Угаас ямар нэгэн зүйлээс амархан уйдаж орхидог над шиг хүмүүс амар ч юм шиг. Юунд ч толгойгоо бүрэн мэдүүлж болохгүй гэдгээ байнга ойлгож байх хэрэгтэй.

3. Таны муу зуршлыг юу өдөөж байгааг олж мэдэх.

Та яг яасан үедээ тамхи шүүрч авах ч юм уу, орой үдшийн цагаар гармаар санагдаж байгаагаа эхлээд бүрэн ойлгох хэрэгтэй. Магадгүй ажлын стресс, мөнгө төгрөгийн асуудал, ганцаардал... Бид өөрсдийн мэдэлгүй муу зуршлаа давтан хийх гээд байдаг талтай учир яг "өдөөлт" явагдаж эхлэх мөчид анзаарч сурах хэрэгтэй. Таныг гижигдээд буй асуудлыг танин мэдэж, түүнтэй тэмцэх, түүнийгээ өөр аргаар шийдэх боломжуудыг олж хараарай.

4. Өөртөө 1 сарын хугацаа өг.

Яаж муу зуршлаасаа салах, түүний тал дээр юу хийж болох, яавал буруудаад, буцаж ороод байгаа зэргээ бодон тунгаах 1 сарын хугацааг өөртөө өгөөрэй. 21/90-ийг эхлүүлэх гэж шууд яарахын оронд эхлээд өөртөө цаг хугацаа өгч, тайвширч, бүх зүйлд оюун дүгнэлт хийх хэрэгтэй. 21 хоногийн турш өөртөө урам өгч, бүхнийг даван гарахад тань энэ цаг хугацаанд тунгаасан бодол, шийдвэр, зорилгууд хамгийн их хүч чадлыг өгнө.

5. Яагаад тэр зуршлыг хаях ёстой вэ гэдгээ тодорхой болгох.

Ойр дотнын хэн нэгэн нь яг тэр зуршлаасаа болж алдаж, асуудалд орж, бие нь муудахад л хүмүүс анхаардаг юм шиг. Гэхдээ үүний оронд та ирээдүйгээ урьдчилан бодох хэрэгтэй. Магадгүй хайртай хүнтэйгээ учирсан бол түүнийхээ төлөө, түүнтэйгээ удаан байхын тулд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлж, урт удаан, хэрүүл тэмцэлгүй амьдрахын төлөө, илүү их аялахыг хүсдэг бол тэр боломжоо өөртөө нээхийн төлөө гээд та өөрийн зорилгыг тодорхой болгоорой. Хайр, итгэл, зорилго байхад ямар ч зүйлийг даван гарах боломжтой гэдгийг та өөрөөрөө нотолж, бусдад үлгэрлэж болно шүү дээ. 

6. Орчин тойрноо өөрчилж, шинэчлэх.

Ихэнх тохиолдолд таны муу зуршлын шалтгаан эргэн тойронд тань байдаг. Таны урд яг одоо түргэн хоолны захиалгын дугаар, цэс байна уу? Шууд хогийн сав руу хийж, оронд нь өглөө жимс авчирч ширээн дээрээ тавиарай. Таны ажлын бусад бүх хүн л тамхи татаад, тэнд ямар нэг хөгжилтэй яриа өрнөөд байх шиг байна уу? Тийм биш гэж өөртөө итгүүлж, тэдэнтэй хамт буухаасаа өөрийгөө хүчлэн болиул. Бас ажлынхнаасаа хамт гарч тамхилах тухай дахин асуухгүй байхыг хүсээрэй. Хажуудаа байнга том савтай ус тавьдаг болж, урам өгсөн үгтэй хуанли тавьж, дуртай зүйлээрээ өөрийгөө хүрээлүүлэн, хайртай хүмүүсийнхээ зургийг ойр тавь. Орчин тойрон өөрчлөгдөж эхлэхэд та ч дагаад өөрчлөгдөж эхлэх болно.

7. Өөртөө зөөлөн хандаж, тэвчээртэй байгаарай.

Чадахгүй байлаа гээд та шууд өөртөө хатуурхаж болохгүй. Та эхний удаадаа бүтэлгүйтэж болох ч түүнээсээ болоод өөрийгөө үзэн ядаж огт болохгүй шүү. Ганцхан шөнийн дотор цоо шинэ хүн болно гэдэг хэцүү учраас өөрт хэрэгтэй бүхнийг хийж, өөрийгөө хайрлаж, өөртөө зөөлөн ханд. Өөрийгөө шийтгэж байгаа юм гээд бүр хүнд байдалд оруулж, стресс, сэтгэл гутралд автаж болохгүй. Танд зорилго байхад нэг л өдөр та муу зуршлаа хаяж чадна. 

Алиса ямар муу зуршлуудаа хаяж, бас бага багаар гээж байгаа вэ?

Хаясан:

Тамхи ✖

Хэсэгхэн сонирхож, алдаа хийх нь байх л зүйл. Өөрийн биед ашиггүй зүйлээр ирээдүйгээ баллахыг хүсээгүй учир долоо хоногийн дотор л хаясан.

Оройн уулзалт ✖

Орой үдшийн цагаар найзуудтайгаа суух ч сайхан шүү. Гэхдээ бодох нь ээ, би арай л их гарч ордог байж дээ. Мэдээж үүр цайтал явж, бар, цэнгээний газраар хэсдэг байсан гэсэн үг биш л дээ. Зүгээр л хэрэгцээгүй, хийцгүйрсэн уулзалтуудаас холдохыг хичээсэн хэрэг. Заримдаа та сайн танихгүй хүмүүстэй, чухал биш арга хэмжээнд очдог л биз дээ? Тэр болгоноос зайгаа барина л гэсэн үг юм.

Сошиал медиагийн хараат байдал ✖

12 сард би фэйсбүүкээ бүрэн утгаар нь хааж орхисон. Тэндээс зураг хөрөг, хэрэгтэй постоо ч хадгалж авалгүй устгасан. Оронд нь шинэ фэйсбүүктэй болж, өмнө нь 4000 шахуу "найзтай" байсан би одоо 300 хүрэхтэй үгүйтэй л фэйсбүүкийн танилтай болсон юм. Илүү бага цагийг сошиал медиад өнгөрүүлэх болсон доо.

Хаяхаар ажиллаж буй:

Орой үдшийн цагаар хөргөгч ухах ☕

Магадгүй хамгийн хэцүү нь энэ байх...


Хэтрүүлэн бодох ☁

Бага багаар оролдож л байна. Хэтрүүлэн бодож, өөрийгөө шаналгаад эхэлсэн даруй анзаарч, бодлоо хазаарладаг болсон.

Дэмий зүйлд мөнгө үрэх ☘

Угаасаа үрэх мөнгө ч үгүй өдөр хоногууд үргэлж байна. Өмнө нь би ямар ч мөнгөгүй болохын хэцүүг үүн шиг мэдэрч байгаагүй мэт санагдана. Тиймээс илүү тооцоотой байж, дэмий зүйлд мөнгө үрэхгүй байхыг хичээдэг болсон. Цаашид санхүүгийн сахилга баттай болж чадна гэж найдаж байна.

Нийтлэлийн зураг: Mr.Donothing

холбоотой мэдээ
1
2020.04.03
Алисагийн тэмдэглэл: Өөрийнхөөрөө байж, өөртөө дурлах нь "БҮХ ЮМ"
2
2020.03.24
Өөртэйгөө "буу халж", гүнзгий яриа өрнүүлж, түүнээсээ суралцахад туслах 6 арга
3
2020.03.12
Алисагийн булан: Хайртай хүмүүстээ хэт их санаа зовж, шаналахаа багасгах 10 арга
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо суралцах боломжтой СОНИРХОЛТОЙ 10 онлайн сургалт
2
2 цагийн өмнө
Хөл хорионы үеэр онлайнаар авч болох 8 үнэгүй үйлчилгээ
3
2 цагийн өмнө
Хөл хорионы үед эморлоо даван гарахад туслах 8 "хөөрхөн" зөвлөгөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.