Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Алисагийн тэмдэглэл: Өөрийнхөөрөө байж, өөртөө дурлах нь "БҮХ ЮМ"


Өөртөө сэтгэл хангалуун бус байдаг, бусдаас өөр байдлаа гэмт хэрэг хийсэн мэт хүндээр хүлээж авдаг хүмүүс их. Гэвч энэ нь буруу биш, харин ч энэ амьдралдаа мэдэрч болох хамгийн сэтгэл хөдлөм онцгой зүйл гэдгийг та бүхэндээ ойлгуулахыг зорилоо. Аутизм, ЛГБТИК+, сэтгэл гутралаа даван туулж буй, хөгжлийн бэрхшээлтэй, бусдын таарч тохирдог системд үл нийцэгч гээд та хэн ч байсан ӨӨРИЙНХӨӨРӨӨ байх нь БЭЛЭГ юм шүү.

1. Яг юу хүсдэг, ямар сонирхолтой, хэн бэ гэдгээ олж мэдэх 

Заримдаа та өөрөөрөө баймаар байвч яг яах тухай ойлгохгүй, юу хийхээ мэдэхгүй байна уу? Өөрийгөө дутуу сонссон тохиолдолд тэгдэг. Харин та бүхнийг маш үнэнчээр, үнэн зөв хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Ямар орчинд тайван байна, юу хийвэл таалагдаж, ямар хувцас өмсөж, юу яривал тухтай байна гээд өөрийгөө анзаарахаас бүх зүйл эхэлнэ.

2. Дотор орших хүүхэд зангаа мартахгүй байх

Жаахан хүүхдийн зан ааш, сэтгэхүй, ертөнц бол энэ ертөнцийн хамгийн гэгээн зүйл байдаг. Тэд бусдын муухай ааш, үгсийг том хүмүүс шиг хүлээн авдаггүй бөгөөд гомдлоо дотроо удаан тээдэггүй. Тэдэнтэй дахин жаахан л ярилцаж, ойлгохыг оролдоход тэд нээгдэж, дахиад л хэн нэгнийг сахиусан тэнгэр мэт харж, боломж олгож чаддаг. Та энэ зан чанараа битгий гээгээрэй. Хөгжилдөж, тоглож, бусадтай амархан найзалж, мөч болгоныг мэдэр. Юмыг байгаагаар нь хүлээн авч, хэтрүүлэн бодохгүй байхад энэ арга туслах болно.

3. Өөрийн бодлыг анзаарч сурах 

Бидний санаа бодол нэг л мэдэхэд уул овоо шиг болж, цээжин дээр дарж эхлэхийг та мэдэрч л байсан биз дээ? "Би өөр" гэх бодлыг нэг л буруу тийш залбал түүнийг зогсооход хэцүү болно. Та харин яг л сэрүүлэг тавьдаг шиг өөрийн бодолдоо анхааруулга тавиарай. Та өөртөө нэг л эргэлзэж, муугаар бодох гээд байвал болиулж, "Эхлэх гэж байна" гэж өөртөө хэлээд өөр зүйлд анхаарлаа хандуулж эхлэх хэрэгтэй. Янз бүрийн бодол орж ирж л байдаг, мартагдаж л байдаг. Тиймээс бүх бодолд гүн ач холбогдол өгөх хэрэггүй. 

4. Өөртөө хатуу хандахаа боль

Та өөрийгөө хэтэрхий хатуу гараар барьж байгаа юм биш биз? Байх ёстой зүйлийг "Болохгүй" гэж хорих шиг аймшигтай зүйл байхгүй. Энэ таны зүрх сэтгэл, оюун бодол, биеийг хүртэл ядрааж мэднэ. Алдаа хийлээ гээд өөрийгөө хэнээс ч илүү шийтгээд байж болохгүй. Бид бүгд алдаа хийдэг, хүн болгонд сул тал байдаг. Өөрийн тань хувцаслалт өөр байлаа гээд та хэзээ ч сонирхохгүй хувцсаа өмсөж насан туршдаа амьдарч болохгүй. Та үргэлж бусдын санаа бодлоор явна гэж үү? Энэ "жинхэнэ" амьдрал биш байх болно. 

5. Айдсаа давах #challenge 

Та өдөр болгон, эсвэл долоо хоног бүр ямар нэгэн айдсаа гээж, нүүр тулахаас санаа зовж байсан асуудлаа шийдэхийг оролдож эхлээрэй. Нэг хүн тантай онц гойд муухай харилцаад байна уу? Нэг өдөр түүнтэй шуудхан ярилцаад үз. Тэр хүн ойлгож хүлээж авбал тэр биз, үгүй бол шууд л хаях хэрэгтэй. Тэр хүн таны өөртөө итгэх итгэлийг ганцаараа үгүй хийж дийлэхгүй гэдгээ мэдэртэл та өөрийгөө хүлээн зөвшөөрч, итгэлтэй, хүч чадалтай явах хэрэгтэй. Та айдас, асуудал болгоныг анхаарч, санаа зовж, тойрч явсаар байвал улам л хаалттай болж, бусад хүний амны бай болох болно. "Харин ч байгаагаараа, өөрийнхөөрөө би ямар сайхан, жаргалтай, эрч хүчтэй байгааг хараач!" гэж мэдрүүлэх ёстой.

6. Өнгөрсөнтэйгөө зууралдах хэрэггүй

Үнэндээ миний дотор хүртэл өнгөрснөөсөө хаяж чадаагүй олон эмдрэмж, айдас байдаг. Энэ болгон намайг улам өөртөө итгэлгүй болгож, мартахгүй байх тусам би тэр айдсуудаа тэжээж байгаагаа олж мэдсэн. Би зурганд бүтэн гарах, орох ч дургүй, олон нийтийн өмнө гарахаас айдаг, хувцас минь онцгүй бол яана гэж санаа зовдог, хэн ч намайг тоохгүй, анхаарахгүй бол яана гэж санаа зовдог байсан. Одоо ч зарим нь цухас байсаар. Гэхдээ би өөртөө таарч тохирсон, таалагдсан загвараа сонгосон. 

Бас бусадтай ярилцахдаа "Миний бодлыг сонсоод дургүй нь хүрэх юм биш байгаа" гэж санаа зовохоо больсон. Бас би шүдний аппарат тавиулаад л өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авч, зурганд инээмсэглэх болсон. Би найзуудынхаа ардуур орж нуугддаг байдлаа ч больсон. Учир нь энэ чинь БИ шүү дээ. Би энэ байдлаа өөрөө хайрлаж, түүнд тохирох сайхан бүхнийг бүтээж чадахгүй юм бол миний өмнөөс хэн ч үүнийг хийж өгөхгүй.

7. Өөр бүхэн л нийгмийг бүтээдгийг санах 

Зөвхөн нэг төрлийн хүмүүс гардаг кино, жүжиг үзэж байсан уу? Бүгд л ижил төрлийн хувцас өмсөж, адил юмаа өдөр бүр ярьж, нөгөө л юмаа хийсээр... Уйдаж үхдэг юм байгаа биз дээ? Тиймээс л кино болгонд өөр өөрийн ертөнцтэй хүмүүсийг найз болсноор гаргаж, бүх төрлийн өөр хүмүүс нэгдсэнээр шинэ санааг бүтээж байгаагаар гардаг. Хүн болгон өөрийн давуу талтай бөгөөд энэ л нэгэн хэвийн байдлыг эвдэж шинийг бүтээх гарц, та түүний нэг хэсэг гэдгээ бахархалтайгаар хүлээн зөвшөөр. Хэрэв танай найзууд, хамт олон нөгөө л юмаа ярьж, хийх гээд байвал танаас л өөрчлөлт эхэлнэ гэх хүч чадлаа мэдрээрэй.

8. Бусад хүмүүстэй нээлттэй байх 

Өөрийгөө бусадтай харьцуулж, доогуур үнэлэх хэрэггүй. Хүн болгонд л "Энэ шиг болохсон" гэх хүсэл байдаг. Гэвч та бол та, тэд бол тэд. Хүн болгонд өөрийн ертөнц, түүнийгээ дагаад ирэх асуудлууд байдаг. Хэн нэгэн шиг болох гэж хичээж, өөрийн төрхийг үгүй хийх нь танд ирээдүйд таарч зохицохгүйн асуудлыг авчрах вий. Та огт тэвчиж чадахгүй тийм орчиндоо өөртөө тухгүй тийм байдлаар бүхэл насаараа байж тэвчинэ гэж үү? Бодох л хэрэгтэй. 

Бас бусдын хэлсэн үг болгонд эмзэглэж, өөрийгөө өөрчилж, тэдний үгээр байна гэвэл та өдөр болгон л өөрийгөө өөрчлөх болно гэсэн үг. Энэ хорвоод өөрийн сэвийг анзаарахгүй, бусдыг гоочилж явдаг хүн олон учраас тэр болгонд тааруулна гэвэл та эрч хүч, амар амгалангаа л золиосонд гаргаж, байгаа зүйлээ гээж байна гэсэн үг.

9. Өөрийн хүрээллийг таатай хүмүүсээр дүүргэ 

Та ижил сонирхолтой, таныг ойлгодог тийм хүмүүсээр хүрээллээ бүрдүүлээрэй. Адилхан дуу хөгжимд дуртай, ижил кино үздэг гэх энгийн зүйлээс авахуулаад сайхан ярилцаж болдог, таныг ямар ч байсан хүлээж авдаг тийм хүмүүстэй ойр байгаарай. Тэгвэл өөр ямар ч хүн таныг өвтгөж, үгүйсгэж дийлэхгүй. Учир нь танд багана шиг тийм бат бөх дэмжигч, ойлгон хүлээн авагч байгаа шүү дээ. Хэцүү хүмүүстэй байж, гомдож, уурласан надад ээж минь надад нэг удаа "Чи ямар энэ хүмүүстэй үүрд амьдрах биш" гэж хэлж билээ. Үнэхээр тус болсон шүү. Бүх хэцүү зүйл үүрд үргэлжлэхгүй, та өөрийн байр суурийг, орчныг олно гэдэгтээ итгээрэй.

10. Өөрөө өөртөө хамгийн сайн найз нь болоорой

Та найзыгаа эсвэл таны найз байнга л таныг шүүмжлээд байвал яах вэ? Та өөрийнхөөрөө байж чадахгүй бол яг л өөртөө тэгж хандаж байна гэсэн үг. Өөрийгөө тааруулах гэж оролдох хэрэггүй. Харин хүссэнээ л хий. 7 тэрбум хүн дундаас, хотын 3 сая хүн дундаас өөрийн байгаагаараа л онцгойрч чадна гэдгээ мэдэр. Өөртөө сайхан үг хэлж, бүхнийг тавьж явуулж сурах хэрэгтэй. Рок сонсдог мөртлөө та энгийн л хувцасладаг уу? Хэнд хамаатай юм. Та заавал хүсээгүй шивээсээ хийлгэж, хүсээгүй хувцсаа өмсөх шаардлагагүй гэж найздаа зөвлөх байсан шигээ өөртөө ч тэгж зөвлөх хэрэгтэй. 

11. Өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг байх 

Өөртөө итгэлтэй, өвөрмөц байх нь хориотой байсан цаг үед ч үзэл бодлоо тууштай дагасан, өвөрмөц байдлаа зэвсэг болгосон тийм хүмүүсийн түүхийг уншиж байсан уу? Тэдэнтэй танилцаж, урам зориг авах хэрэгтэй бол тэг. Бас таныг дэмжиж ойлгох тийм газрыг зорьдог бол. Тэгээд бас хэн нэгэн үнэхээр буруу хандаж, таны өөрийнхөөрөө байхыг хорих гэвэл хэлэх гэсэн үгээ хэлдэг бай. Багш чинь үзэл бодлыг чинь үгүйсгээд байсан ч тэр хамаагүй. 

Би хүртэл нэг багштайгаа зөрчилдөж байсан удаатай. Гэвч тэр асуудал ард хоцорч, тэр хүн өөрийнхөөрөө, харин би өөрийнхөөрөө явсан. Бидэнд дахиж тэр тухай муудалцах шаардлага байхгүй бөгөөд би одоо ч өөрийн үзэл бодолдоо үнэнч хэвээр. Хүн болгон таныг дэмжиж, таны талд орохгүй гэдгийг ухаарч, өөрийнхөө төлөө зогсдог, тэмцдэг байгаарай. Хүн болгон хэцүү, муухай гэсэн үг биш хэдий ч та үргэлж хэн нэгэн өөр хүнтэй таарах л болно. Тиймээс тэр болгонд эмзэглэж, нурахгүйн тулд өөрийгөө хайрлаж, өөртөө үнэнч байгаарай!

Illustrations: © 3daysmarch.net 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.