Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алисагийн тэмдэглэл: Өөрөөсөө бусад бүхнийг хайрладаг хүмүүст ("Өөрийгөө хайрлаач" гэж уриалах нь)


Яг долоо хоногийн өмнө болов уу, нэг найз минь надад хэлсэн юм. "Өөрийгөө хайрлаад өгөөч дээ!" гэж. Ийм үг хэлүүлэх хэмжээнд байгаа гэж өөрийгөө огт боддоггүй, хайраар бялхсан хүн гэж л өөрийгөө боддог байв. Гэтэл энэ бүхэн миний төсөөлж буйгаас өөр болж таарав. Би ээжийгээ, найзуудыгаа, найз залуугаа, муураа хайрлаж байгаагаараа л өөрийгөө хангалттай хайрлаад байна гэж боддог байсан. Тэдний намайг хайрлах нь хүртэл миний өөрийгөө хайрлахаас тэс ондоо нөлөө үзүүлдэг байв. 

Тэгэхээр өөрийгөө хайрлах тухайд та бүхэндээ хэдэн үг хэлэх гэсэн юм.

Юун түрүүнд, "Өөрийгөө хайрлах" гэж яахыг хэлэх вэ?

Хэн таныг үнсдэг шиг өөрийгөө чангаар үнсэж, илэх гэж үү? Байж болно л доо, гэхдээ тийм утгатай биш ээ. Өөрийгөө хайрлана гэдэг өөрийн алдаагаа уучлах, бусдад яаж харагдах биш өөртөө яаж мэдрэгдэхдээ анхаарал хандуулах, өвдөж байгаа хэсгээ хурдхан үзүүлж, эмчилж, өөртөө таатай гэснийг хийх, ирээдүйд эрсдэлд оруулж мэдэх зүйлээс хол байх, хорт зуршлаас хол байх, эрүүл хооллох, үсээ зөөлнөөр самнах, хумсны будгаа хуулж авахгүй байх, дулаан хувцаслах... 

Би үүнээс тодорхой хэсгийг нь биелүүлдэг ч хангалттай сайн хайрлахгүй байгаагаа найзтайгаа ярьж байх үедээ олж мэдсэн юм. Учир нь надад хэд хэдэн асуудал байв. Би эрүүл хооллож чадахгүй байсан юм. Ядаж л хангалттай ус уухгүй байгаа минь одоо бодохоор бухимдмаар. Бас би эрүүл мэндээ бүр тоохоо больчихсон. Өвдсөөр байсан зүйлээ би үл тоосоор одоо л ухаарах жишээний. Хэрэв би жилийн өмнө, ядах нь ээ 3 сарын өмнө ухаарсан бол өдийд зүв зүгээр л байх байсан даа. Тиймээс л би хүн болгонд өөрийгөө хайрлаач хэмээн уриалахыг хүслээ. Харин тэгэхийн тулд яах ёстой вэ?

Өөрийгөө хайрлахын тулд та бүхэнтэй цуг ЭНЭ САРД хиймээр байгаа 7 зүйл

I. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, яг энэ сардаа багтаад шинжилгээ өгөх

Хамгийн чухал нь эрүүл мэнд! Таны энд тэнд өвдөөд байвал, ямар нэгэн асуудал байгааг мэдэрч байвал эргэлзэх зүйлгүй эмчид хандаарай. Зүгээр гэж бодсон ч энэ сард та заавал өөрийгөө хамгаалж, ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй шүү. Маскаа зүүж, гараа тогтмол угаахаа мартаж болохгүй   

II. Өөрөөсөө харамласаар байгаад авч чадаагүй зүйлээ авах

Би хамгийн сүүлд хэзээ утас худалдаж авснаа лав санахгүй байна. Гэтэл интернет орж болохгүй, цэнэг нь хурдан дуусдаг болчихсон утсаа хайрлан гамнасаар л. Гэхдээ би энэ сард өөрийн хамгийн чухал хэрэглээнүүдийн нэг болох утсаа шинэчлэхээр хатуу шийдсэн юм. Өөрөөсөө энэ мэт зүйлийг харамлах хэрэггүй гэж бодох болсон.

III. Зөв хооллох

Өглөөний цайгаа заавал ууж, ус сайн ууж, хамгийн гол нь хуурч хайрсан хоол, амттанаа багасгахаар шийдлээ. Мөн гадуур хооллохоо болино. Мөнгөнд ч хэмнэлттэй учраас гэртээ хүнсний материал авч очингоо шинэ шинэ хоол туршиж эхлэхээр шийдсэн.

IV. Ямар нэг хорт зуршилтайгаа тэмцэж эхлэх (Бага багаар ч хамаагүй)

Миний тэмцэхийг хүсэж буй хорт зуршил бол... орой юм идэх. Биед минь муу, жин нэмэгдэнэ гэдгийг мэддэг ч орой би тэсгэл алдах гээд байдаг талтай. Тиймээс л шингэхгүй хэдий ч хоол идээд, оройжин таагүй мэдрэмж авдаг. Иймээс би өглөө өдөр сайн хооллож, оройн цагаар юм идэхгүй байхыг хатуу шийдэхээр боллоо. 

V. Өөрийнхөө дургүй ямар нэгэн зүйлийг засахыг оролдох

Миний өөрөөсөө таалдаггүй нэг зүйл нь шүд байсан. Аппарат зүүхийг дандаа боддог ч нэг л цааргалаад, зүүдэггүй байв. Харин би 12 сард аппаратаа зүүж чадсан юм! Одоо чангалуулах цагаа хүлээн сууна. Нэг л эхэлбэл зогсох зам үгүй тул шийдээд дайрах л хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан.

VI. Өөртөө бэлэг өгөх

Би өөртөө бэлэг гээд ямар нэгэн зүйл авъя гэж шийдсэн юм. Магадгүй арьсанд тэжээл өгөх тос эсвэл биеийн тос ч юм уу. Ганц удаа массажинд орох эрх өөртөө бэлэглэсэн ч юм. Өөрөөсөө огтхон ч харамлаж болохгүй шүү. Танд хэрэгтэй л бол хийх хэрэгтэй.

VII. Сайн унтаж амрах

Миний цагийн хуваарь арай л хэтрээд байгаа. Дандаа л шөнийн 1 эсвэл 2 цаг хүргэнэ. Ядаж шөнө дунд, яг 12 цаг гэхэд унтчихсан байгаад сурчихвал бие минь хангалттай амарч, эрч хүч авч чадна гэж найдаж байна. Та бүхэн ч бас унтаж амрах цагаа зөв зохицуулаарай.

VIII. Өөрийгөө уучилж, боломж өгөх

Бүх зүйлийн үндэс болсон "insecure" буюу өөртөө итгэдэггүй, эргэлздэг байдлыг алга болгохын тулд бага багаар хийж эхлэх зүйлсийн гараа нь өөрийгөө уучлахаас эхэлнэ. Тэр үед тэнэг байснаа, алдаа гаргаснаа, одоо байгаа байдалдаа хүрсэн бүхнийхээ төлөө өөрийгөө үзэн яддаг, дургүйцдэг байснаа бага багаар болих алхам. Өөрчлөгдөж чадна гэдэгтээ итгэж, "Яагаад тэгсэн" гэдгээ гээн, "Яавал одоо" гэдэг дээр анхаараарай.

Энэ мэтээр өөртөө бага багаар халамж үзүүлж, өөрийгөө хайрлаж эхлээрэй. Үргэлж өөрийгөө дутуу үнэлж, өөрийн зургийг харахаас ч дургүй хүрч, ямагт сэтгэл дундуур явсан би энэ байдалтайгаа бүр эвлэрэх шатандаа орчихсон байгаагаа хожуу ч гэсэн мэдэж авч байгаа минь сайхан санагдаж байна. Та бүхнийг ч бас аль болох хурдан өөрийгөө хайрлаж, уучилж, анхаарч эхлээсэй гэж хүсье.

Pictures: Ssense

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.