Блүүмберг агентлагийн мэдээлснээр өнгөрсөн жил дэлхий нийтийн хэмжээнд 78 сая ширхэг ухаалаг туслах (smart speaker) худалдаалагджээ. Тэдгээрийн дунд хиймэл оюун ухаанд суурилсан Амазоны Alexa, Google-ийн Home, Apple-ийн Siri зэрэг дижитал туслах багагүй хувийг эзэлж байгаа юм.
Машин сургалт буюу хиймэл оюун ухаанд суурилсан эдгээр ухаалаг төхөөрөмжүүд цуглуулсан мэдээлэлд тулгуурлан өөрийгөө хөгжүүлэх чадвартай ч бүрэн автомат болсон гэж үзэх боломжгүй. Тухайлбал, Амазон Alexa дижитал туслахаа илүү ухаалаг болгохын тулд олон тооны бүтэн цагийн ажилтан болон гэрээгээр ажиллагсад хөлсөлж, хэрэглэгчдийг яриаг тогтмол сонсон, задлан шинжилгээ хийдгээ хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, Alexa-г хэрэглэгчийн командад илүү сайн хариулдаг болгох зорилгоор ийнхүү хүмүүсийн яриаг бичиж авдаг хэмээн тайлбарлаж байна.
Ажилчид олж мэдсэн зүйлээ өөр хоорондоо хуваалцаж, стрессээ тайлахыг зөвшөөрдөг боловч цагдаа, бусад хөндлөнгийн этгээдэд мэдэгдэж, хэрэглэгчийн хувийн амьдралд оролцохыг Амазон хориглодог гэнэ.
Блүүмберг агентлаг энэ талаар олон нийтэд мэдээлэхгүй байх тусгай гэрээ байгуулж, Alexa-г сайжруулах төсөл дээр ажиллаж буй Амазоны ажилчидтай холбоо тогтоож зарим зүйлийг тодруулсан байна. Эдгээр хүмүүс Бостон, Коста Рика, Энэтхэг, Румын зэрэг өөр өөр улсаас ажлаа хийдэг юм байна. Тэд өдөрт 9 цаг ажиллаж, нэг хүн ойролцоогоор 1000 орчим аудио бичлэгийг тоймлон сонсдог гэжээ. Румын дахь ажилчдын мэдээлснээр Бухарест хот дахь Амазоны оффис гаднаа компанийн ямар нэг лого, хаяг тавьдаггүй гэсэн байна.
Мөн тэд Alexa-гийн хэрэглэгчдийн бичлэгийг шүүх явцад хүүхэд тусламж хүсэж хашгирах, бэлгийн хүчирхийлэл байж болохуйц гэмт хэргийн шинжтэй зүйл ч сонсдог гэдгээ ярьсан юм. Ажилчид олж мэдсэн зүйлээ өөр хоорондоо хуваалцаж, стрессээ тайлахыг зөвшөөрдөг боловч цагдаа, бусад хөндлөнгийн этгээдэд мэдэгдэж, хэрэглэгчийн хувийн амьдралд оролцохыг Амазон хориглодог гэнэ. Үүнээс гадна бичлэгийг сонсож буй ажилчдад хэзээ ч хэрэглэгчийн бүтэн овог нэр, гэрийн хаягийг мэдэх боломж байдаггүй ба зөвхөн хэрэглэгчийн нэр, төхөөрөмжийн сериал дугаарыг мэдэх боломжтой байдаг гэжээ.
Амазон компанийн зүгээс хэрэглэгчид Alexa-гийн үйлчилгээний нөхцөл, бодлогыг уншиж танилцсан бол тэдгээрт технологийг сайжруулах зорилгоор хэрэглэгчийн мэдээллийг ашиглаж болох талаар дурдсан, мөн хэрэглэгч өөрөө хүсвэл бичлэг хийх тохиргоог идэвхгүй болгох боломжтой байдаг гэх тайлбарыг өгчээ. Гэвч ихэнх хэрэглэгчид үйлчилгээний нөхцөлийг тайлбарласан урт зааварчилгааг бүтэн уншдаггүй бөгөөд тэдний яриаг бичиж буйг ч мэддэггүй аж.
Эх сурвалж: Bloomberg