Америкт бизнес эрхлэхийг хүсэж буй хүмүүст өгөх 8 зөвлөгөө
"Эрсдэл байхгүй бол шагнал байхгүй. Эрсдэлгүй бизнес гэж үгүй" хэмээн ярих эрхэм бол Америкт компаниа салбарлаад буй “Сэрүүн групп”-ийн ТУЗ-ийн дарга Э.Булгантамир юм. АНУ-ын Лос Анжелес хотод 2019 онд албан ёсоор охин компани болох “Air Comfort Experts”-ээ нээгээд чамгүй амжилттай ажиллаж буй түүний туршлагаас хуваалцаж байна.
Монголдоо болоод дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж, бизнесээ амжилттай өргөжүүлэхийг хүсэж буй хүн бүрт “тоглоомын дүрэм” хэрэгтэй. Ихэнх хүмүүс амжилттай бизнес эрхлэхийг хүсдэг ч санаагаа цаасан дээр буулгаад орхих, эсвэл шантарч, бүтэлгүйтэх тохиолдол цөөнгүй. Ингээд “Сэрүүн групп”-ийн ТУЗ-ийн дарга Э.Булгантамирын Америкт бизнес эхлүүлэгчдэд өгсөн зөвлөгөөг хүргэе.
Хурдан дасан зохицох
Дасан зохицох чадвар гэдэг нь амжилтад хүрэхийн тулд өөрчлөлтөд бэлэн байхыг хэлнэ. Америкийн зах зээлийг Монгол Улсынхтай харьцуулахад маркетинг, хүний нөөц, өрсөлдөөний зарчим, харилцагчийн зан төлөв гээд ялгаатай зүйл маш олон бий. Гэхдээ энэ бүхэнд түргэн дасан зохицох нь чухал.
Та дасан зохицох чадварт шинэ зүйл туршиж, янз бүрийн нөхцөлд асуудлыг шийдэх байдлаар суралцах боломжтой. Дотоодод болон гадаадад бизнес эхлүүлэхээр зэхэж буй бол орчны өөрчлөлт шинэчлэлтэд бэлэн байгаарай.
Дасан зохицох чадвартай хүмүүс бүтэлгүйтэлд хэзээ ч сэтгэлээр унадаггүй. Харин ч эрсдэл гаргаж хувь хүн болон мэргэжлийн талаас суралцахыг илүүд үздэг.
Тууштай байх
Хүнийг амжилтад хүргэх гурван гол хүчин зүйлийн нэг бол тууштай байдал. Аливаа нэг зүйлийг эхлүүлсэн бол үр дүнг нь үзтэл тууштай үргэлжлүүлэн хийх чадварт суралцсанаар амжилтад хүрч болно.
Хийж байгаа ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүн нь чанартай, үйлчлүүлэгчидтэйгээ зөв харилцаж, шударга гэрээ хийж, үйл ажиллагаагаа үр ашигтай удирдан явуулахаас гадна тэвчээртэй, тууштай байхад салбарын бизнес амжилттай үргэлжилнэ.
Урам авах сэдэлтэй болох
Шинээр бизнес эрхлэгчид урам зориг авах сэдлээ олох хэрэгтэй гэж хэлмээр байна. Танд юу хамгийн их эрч хүчийг өгдөг вэ гэдгийг бодоод үзээрэй. Хүн бүрт эрч хүч авах мэдрэмж өөр боловч бид бүгд урмаар цэнэглэгддэг.
АНУ-ын үндэсний судалгаанаас үзэхэд цалин, ур чадвар болон оюуны чадамжтай харьцуулахад урам зоригийг ирээдүйн амжилтад хүргэхэд чухал нөлөөтэй гэж үзжээ.
Тиймээс та бизнесээ эхлүүлэхэд саад бэрхшээл тулгарсан ч бууж өгөхгүй байх шалтгаан, урам авдаг сэдлээ олоорой.
Давуу талаа зөв тодорхойлох
Өөрийнхөө давуу талаа зөв тодорхойлоогүй бол урагшлах боломжгүй.
Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг өрсөлдөөний ижил тэгш зарчим үйлчилж буй газар өрсөлдөх давуу талаа зөв тодорхойлоод өөрсдийнхөө зүгээс биелүүлэх үүргээ ёс журмаар нь биелүүлээд явахад том тогооноос хоол хүртэж байгаа гэдэг утгаараа урт хугацааны өгөөж өндөр.
Америкт бизнес хийхэд маш таатай, аливаа зүйл шийдвэрлэхэд хугацаа нь тун боломжийн. Янз бүрийн хаалт, шахалт дарамт байхгүй. Гол нь мэргэжлийн лицензтэй байх, нөгөө талаар компанийнхаа хууль эрх зүй, санхүүтэй холбоотой ажлуудад өндөр ч гэсэн мөнгийг нь төлөөд явах хэрэгтэй. Эдгээрийг биелүүлэхийн хажуугаар давуу талаа зөв тодорхойлчихвол ажлынхаа талыг хийчихлээ гэж ойлгож болно.
Харилцагчаа сайн мэддэг байх
Ямар ч бизнесийг харилцагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харилцагчаа халамжилж, татаж байж тухайн бизнес ашгаа өгнө.
Америк харилцагчдын тухайд гэвэл 3-5 үнийн санал аваад, үнийн санал болгоныг моделиор нь ялгаад сайн, муу талыг нь задалж бичээд хэд хоног судалгаа хийгээд шийдвэрээ гаргадаг. Мөн урьд нь ажил гүйцэтгүүлсэн 2-3 хүний дугаарыг зарим тохиолдолд авдаг. Өөрөөр хэлбэл маш няхуур нямбай сонголтын дор шийдвэр гаргадаг. Тийм учраас харилцагчийнхаа итгэлийг алдахгүй байх, урт хугацааны сайн түүхтэй компани байхад онцгой анхаарах хэрэгтэй.
Урьдчилсан арга хэмжээг сайн авах
Суурийг нь сайн цутгасан байшинд нурах эрсдэл бага байдагтай адил аливаа бизнесийг эхлүүлэхэд бэлэн байдлаа сайн хангасан байх нь чухал.
Америкийн барилгын салбарт аюулгүй ажиллагааны хууль дүрмийг маш сайн баримталж бусдын болон өөрсдийн эрүүл мэнд, өмч хөрөнгөд эрсдэл учруулахгүй урьдчилсан арга хэмжээнүүдийг өндөр түвшинд авсан байх шаардлагатай.
Ялангуяа Калифорни муж Америкийн хамгийн хатуу хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журамтай газар. Иймээс алхам тутамдаа алдаа гаргахгүйн тулд анхнаасаа хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөх нь чухал.
Өсөлтөд бүү яар
Сэтгэл хөдлөлөөр биш судалгаа суурьтай асуудалд хандаж, одоо боллоо гэсэн цагтаа хөдлөх нь зүйтэй санагддаг.
Ямар бизнес гэдгээсээ хамаараад гарааны хангалттай хөрөнгө, салбарын олон улсын түвшний мэдлэг, ажлын туршлагатай бол сайн. Өсөлтөд яарахгүй байх, өөрөө бизнесээ удирдан явуулах хангалттай цагтай байх, мөн бага зэргийн зориг хэрэгтэй.
Түүнээс биш болчихмоор санагдаад л, бяраа үзмээр санагдсан үедээ олон улсад тэр дундаа Америкт бизнес хийнэ гэдэг нь цацсан будаа мэт л сарниад алга болно.
Харилцагчийнхаа сэтгэл ханамжид анхаарах
Хэрэв та шинээр бизнес эрхлэж байгаа бол амжилттай ажиллахын тулд харилцаандаа үргэлж анхаарал хандуулах нь чухал. Хэрэглэгчдээ “цэцэг” мэт услах шаардлагатай гэсэн үг юм.
Борлуулалт, орлого, ашиг зэрэг нь таны хэрэглэгчидтэйгээ хэрхэн харилцаж байгаагаас шалтгаална.
Өсөлтөө хадгалах тулгуур хүчин зүйл бол харилцагч. Компанийн өсөлт зах зээлээс шууд хамааралтай. Бидний хяналтдаа байлгаж чадахгүй хүчин зүйлс гэж мэдээж байгаа. Өсөлт өндөрт ч бай бага ч бай бид юун түрүүнд харилцагчдынхаа сэтгэл ханамжид анхаарах нь урт хугацаанд өгөөжөө өгөх үнэ цэнтэй зүйл.
Бизнесээ амжилттай эрхлэх зам ээдрээтэй байж болно. Гэвч та тууштай байж, давуу талаа зөв тодорхойлон асуудалд судалгаатай хандан, өөрийн бизнесээ удирдан явуулах хангалттай цагтай байх зэрэг дүрмийг баримталвал зайлшгүй амжилтад хүрэх нь гарцаагүй.
“Олон жилийн өмнөөс эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаараа олон улсын зах зээлд өрсөлдөх юмсан” гэсэн бодол тээсээр явсан “Сэрүүн групп”-ийн ТУЗ-ийн дарга Э.Булгантамир мөрөөдлөө биелүүлж Америкийн зах зээлд бизнесээ амжилттай эрхэлж байна.
Танд ч бас боломж бий. Боломж үргэлж таныг дагаж байдаг.