Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

АНУ-ын Дээд шүүхийн түүхэн дэх хамгийн маргаантай хэргүүд


Америк оронд хууль дүрэм гээч зүйл зөвхөн цаасан дээр бичсэн тунхаг төдий бус нийгмийн амьдралд хэрхэн хэрэгжиж бас үйлчилж байхыг шийдвэрлэж, зөв голдрилд нь оруулсан хэд хэдэн түүхэн хэрэг бий. АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрлэсэн хамгийн маргаан, зөрчилтэй, тэр хэрээрээ ач холбогдолтой тэдгээр хэргүүдийг танилцуулъя. 

Рой VS Уэйд

Техас мужийн оршин суугч эмэгтэй Норма Маккорви (хуулийн нэр нь Жейн Рой) хориодхон насандаа хоёр хүүхэд төрүүлсний дараа ахин жирэмсэлсэн бөгөөд гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөх боломж бололцоо байхгүй учир үр хөндүүлэхийг хүсчээ. Ядуу зүдүү амьдралтай тэрээр анхны хүүхдүүдээ ч тэжээж хүчрэхгүй учир хоёуланг нь үрчлүүлсэн байв. Гэвч мужийн хуулиар эхийн амь насанд аюул учрах эрсдэлгүй бол үр хөндөхийг хориглоно гэсэн заалттай тул тэрээр 1971 онд АНУ-ын Дээд шүүхэд ханджээ. Ингээд хоёр жил үргэлжилсэн шүүх ажиллагааны дараа 9 шүүгчийн 7 нь эмэгтэйн талд шийдвэр гаргаснаар 1973 оны нэгдүгээр сарын 22-нд АНУ-ын бүх мужид эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээ үр хөндүүлэх эрхтэй болсон байна. Энэ хооронд Норма Маккорви гурав дахь хүүхдээ төрүүлж, мөн л үрчлүүлжээ. Гэлээ ч тэрээр орчин цагийн эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрхээ эдлэх болон эрүүл мэндийн суурь үйлчилгээ саадгүй авах үүд хаалгыг нээж өгсөн юм. 

Гидеон VS Уэйнрайт

1960-аад онд хүний хувийн өмч рүү зөвшөөрөлгүй, хууль бусаар нэвтэрсэн Кларенс Эрл Гидеон хэмээх этгээдийг өнөөгийн шүүх ажиллагааны практикт ихээхэн хувь нэмрээ оруулсан хүн гэж үздэг. Тэрээр өмгөөлөгч хөлслөх чадалгүй тул өөрийгөө өмгөөлүүлэх ямар ч бололцоогүйгээр шүүлгэж, хорих ял сонсчээ. Ингээд хоригдож байхдаа хэргээ шударгаар шүүлгэж чадаагүй үндэслэлээр 1963 онд Дээд шүүхэд хүсэлт гаргаж, түүний хэрэг олон нийтийн анхааралд өртсөн юм. Шүүхээс хэргийг Гидеоны талд шийдвэрлэж, АНУ даяар аливаа гэмт хэрэгт холбогдсон хүн өмгөөлөгч хөлслөх чадамжгүй бол улсаас өмгөөлөгчөөр хангаж, бүх хүнийг өмгөөллийн доор шүүх захирамж гаргав.

Ловинг VS Виржиниа

1958 оны хавар Виржиниа мужийн Каролин тойрогт нэгэн хос гал голомтоо бадраажээ. Нэг гэрт орсноос хэдхэн долоо хоногийн дараа нэгэн шөнө гэрт нь орон нутгийн цагдаа нар дайран орж, тэднийг баривчлав. Учир нь Виржиниагийн хуулиар хар болон цагаан арьстнууд хоорондоо гэрлэхийг хориглодог байсан ба гэрлэсэн хосын эхнэр нь Африк америк гаралтай, нөхөр нь цагаан арьстан байсан юм. Үүнээс нэг жилийн дараа шүүх тэднийг гэм буруутайд тооцож, хоёуланд нь хорих ял оноосон агаад Виржиниа мужийг орхин явж, 25 жил эргэн ирэхгүй байх нөхцлийг зөвшөөрвөл ялыг хүчингүй болгоно гэжээ. 

Хосууд аргагүйн эрхэнд мужийг орхин явсан авч 1967 онд Дээд шүүхэд хандан, арьс өнгөний үзэл хүний гэрлэх, гэр бүл зохиох эрхэд нөлөөлж буйн эсрэг зарга үүсгэж, өнгөт арьстан, цагаан арьстан хоорондоо гэрлэхийг хуулиар зөвшөөрүүлж чадсан юм. Тэдний хэрэг Америкийн түүхэн дэх хамгийн чухал шүүхийн шийдвэрүүдийн нэг байсан бөгөөд ижил хүйстнүүдийн гэрлэлт зэрэг өдгөөгийн хүний эрхийг дээдэлсэн чухал алхам, шийдвэрүүдийн эхлэлийг тавьсан гэж үздэг. 

АНУ VS Ричард Никсон

1972 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Вашингтон хотын Уотергейтийн оффисын барилга дахь АНУ-ын Ардчиллын үндэсний хорооны байранд хэсэг хүмүүс хулгайгаар нэвтэрсэн хэрэг гарч, сэжигтнүүдийг баривчилахад тэдний биеэс олдсон бэлэн мөнгө тухайн үеийн ерөнхийлөгч Ричард Никсоны дахин сонгуулийн хорооноос тараагдсан мөнгө болохыг тогтоов. Ийнхүү Төлөөлөгчдийн танхимаас Никсоны засаг захиргааг байцааж, энэхүү скандал хэргийг шалгах ажилд Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв агентлаг дээр дооргүй оролцож эхлэв. Ажилчин албан хаагчид нь тус хэрэгт Никсон оролцсоныг хүлээгээд байхад ерөнхийлөгч өөрөө хэргээ үл хүлээхээр барахгүй, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг нуун дарагдуулж, үндэсний хэмжээнд эмх замбараагүй байдал, хямрал авч ирлээ. Ингээд АНУ Ерөнхийлөгчийнхөө эсрэг Дээд шүүхэд зарга мэдүүлж, шүүхээс түүнийг гэмт хэргийн мөрдлөгт эрх мэдлээ ашиглан санаатайгаар саад учруулж, конгрессыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж огцруулах шийдвэр гаргаснаар Ричард Никсон суудлаасаа буусан түүхтэй. Энэхүү хэргээс үүдэн АНУ-ын Ерөнхийлөгчийн эрх мэдэл, үйл ажиллагааны хүрээнд хязгаар тогтоосон хэд хэдэн хууль тогтоомж хэрэгжүүлж эхэлсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.