Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Арчаагүй хүмүүс ядуу байдаг уу? Эсвэл ядуурал хүнийг гарцгүй байдалд хүргэдэг үү?


Ядуурлын тухай ярихаар хүмүүс ихэнхдээ хамгийн гол шалтгаан болох тогтолцооны бурангуй байдлыг алгасах гээд байдаг. Нийгэмд ядуурал газар авахад нөлөөлөх системтэй үйл ажиллагааг хэлж буй юм. Оронд нь бид тухайн хэн нэгэн хүнийг л буруутгах дуртай. Амьдралаа авч явах чадваргүй, арчаагүй, өнөө маргаашаасаа цааш сэтгэдэггүй, залхуудаа ингэж яваа юм гэдэг. Харин сэтгэл судлалын мэргэжилтнүүд үүнийг өөрөөр тайлбарлаж буй нь: ядуурал хүнийг ирээдүйн тухай бодоход саад хийж, байнгын одоо цагтаа амьдрахаас аргагүй болгодог. 

Богино хугацааны үр дүнг зорилгоо болгосноор хүн урт хугацаанд үр өгөөжөө өгөх холын зорилгоо гээдэг. Үүнийг амьдрал дээр арчаагүй, амжиргаагүй, амьдралаа залгуулах, биеэ авч явах чадваргүй гэхчлэн янз бүрээр хэлэх нь бий. Харин сэтгэл судлалд үүнийг “өөрийгөө удирдах чадвар сул” гэж нэрлэнэ. Өөрийгөө удирдах гэдэг нь шинжлэх ухааны тайлбараар бол хүн тодорхой урт хугацааны зорилгод хүрэхийн тулд сэтгэл хөдлөл, зан төлөв, үйлдлээ удирдан зохицуулах чадамж бөгөөд энэ нь хүний амьтнаас ялгарах гол онцлог шинж юм хэмээжээ. 

Өөрөөр хэлбэл өөрийгөө удирдах чадвар гэдэг нь өнөө маргаашийн тав тух, сэтгэл ханамжаас илүү урт хугацааны үр дүнтэй байдлыг сонгох ухамсарт сэтгэлгээ аж. Тэгэхээр ядуурал хүний энэ чадамжийг үгүй хийдэг байх нь. Өнөөдөр яажшуухан гол зогоохоо мэдэхгүй хүнд маргаашийн тухай бодох нь тансаглал ажээ.

Судлаачид ч үүнийг зөвшөөрч, эдийн засгийн чадамж буурах тусам хүний бодлын бэлчээр багасаж, ядуу хүмүүс зөвхөн одоо цагийн баримжаатай амьдардаг болохыг батлаж байна. Үгээгүй ядуу хүнд идэх хоол, орох орон хэрэгтэй болохоос өөрийн тухай эргэцүүлэл, биеэ удирдах чадвар огт падгүй юм. 

Нөгөөтэйгүүр өнөө маргаашаа давж сэтгэхийн тулд хүнд ирээдүйд итгэх итгэл хэрэгтэй. Тодорхой цаг хугацааны дараа энэ бүхэн ийм болж өөрчлөгдсөн байх болно хэмээн бодит өөрчлөлтөнд найдах найдвар. Ингэж зүтгэж, зорьж иртэл тэрхүү өөрчлөлт, ахиц дэвшил, боломж бололцоо зорьсон газар нь байхгүй байвал яах вэ? Үүнээс болж хүмүүс ирээдүйд итгэх итгэлээ алддаг. Бас үүнээс болж өөрийгөө удирдах чадвараа алддаг. Олдсон дээр нь, байгаа дээр нь... гэдэг сэтгэлгээ давамгайлж ирнэ. Энэ бол өнөөгийн нийгмийн нийтлэг төрх биш гэж үү? Хүмүүсийн ирээдүйд итгэх итгэл хэр зэрэг байна вэ? 10 жилийн дараа, 20 жилийн дараа миний амьдрал ингэж сайжирна гэдэгт итгэж, тэр зүгт найдлага тасралгүй чиглэн явах нийгмийн голдрил байна уу? Хүлээсэн өөрчлөлтөө олж аваагүй, мэдрээгүй сая сая хүмүүс “олдсон дээр нь” гэдэг сэтгэхүйг үнэт зүйлээ болгоход нийгэмд коррупци цэцэглэж, эрх ашиг ёс суртахуунаас илүү хүчтэй болж, тэгш бус байдал газар авах нь ойлгомжтой бус уу. Ядуурал бол системтэй үйл ажиллагаа, тогтолцооны үр дагавар гэдгийг энэ тайлбарлаж байна уу? Ийм нөхцөлд өсч буй хүн тэнд ирээдүй цаг бий бөгөөд өөрчлөлт байх боломжтой гэдгийг гадарлахгүй өсдөг. Тодорхойгүй ирээдүйн төлөө одоо байгаагаа гарздах сонирхол төрдөггүй гэх үү дээ. 

Ядуурал хүнд хэрхэн нөлөөлдөг тухай

Хүний тархи таатай нөхцөлд байвал ирээдүйн тухай бодож, зорилго тавьж, түүнд хүрэх арга замуудаа нарийвчлан бодож сэтгэж чаддаг байна. Харин таагүй болон дарамттай нөхцөлд үүнээс яг одоо хэрхэн гарах вэ гэдэгт төвлөрч, богино бодлуудаар дүүрдэг байна. Ядуурлаас өөр таагүй, дарамттай нөхцөл юу байх билээ. Өдрийн хоолоо шийдэж чадахгүй үед сар жилийн алс дахь асуудал сар шиг хол байх нь мэдээж. 

2013 онд хийсэн нэгэн судалгаагаар мөнгөний гачигдалд орох нь хүний IQ түвшнийг 13 оноогоор бууруулдаг нь тогтоогджээ. Ингэснээр хүний ул суурьтай бодож тунгаах, зөв дүгнэлт хийх чадвар огцом буурдаг аж. Гэхдээ бусад бүх сэтгэхүйн чадварын адил өөрийгөө удирдах чадвар, төлвийг хүнд зааж, эзэмшүүлж болдог. Ялангуяа хүүхдэд. Эцэг эх нь хүүхдийг аливаа асуудлаа бие даан шийдвэрлэж, гэр бүлийн шийдвэр гаргалтанд оролцох боломжоор хангадаг бол хүүхэд өөрийгөө удирдах чадвар өндөртэй болж төлөвшинө. Гэтэл ядуу байхын хэрээр эцэг эхчүүдийн хүүхдэдээ зарцуулах цаг, боломж, дадал зуршил бага байх хандлагатай. Тиймээс улс орнууд хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдээр дамжуулан энэ төрлийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулж, амжиргаа тааруу өрхийн хүүхдүүдэд чиглэсэн боловсролын хөтөлбөр боловсруулдаг. Мэдээж ядуу өрхийн эцэг эх бүхэн ийм байх албагүй. Гагцхүү ийм байх магадлал, боломж өндөр гэсэн үг юм.

Ядуурал зөвхөн гачигдал биш эргэн тойрны үлгэр дуурайл ч бас мөн

Хүн өөрийн чадвар чансаандаа итгэж байж амжилтанд хүрдэг. Харин өөрийн чадвартаа итгэнэ гэдэг нь хэн бүхэнд байдаг зүйл биш аж. Үүнийг өөрийн хүрээлэл болон эргэн тойрны хүмүүс амжилтанд хүрч буйг харснаар олж авдаг гэнэ. Нэг үгээр хэлбэл “Аан би ч бас чадах юм байна” гэсэн бодлоос үүдэлтэй аж. Гэтэл ядуу хүний хүрээлэл бас л өөртэй нь ижил түвшний амжиргаатай, дээш гарах бололцоогүй, өөрөөр хэлбэл харж дуурайх зүйлгүй байх нь элбэг. Орлого багатай айлд төрсөн хүүхэд нийгмийн дээд давхарга руу мацаж хүрэх боломж 1/10 хувиас ч бага. Мөн орлого багатай айлын авьяас билигтэй хүүхэд дээд боловсрол эзэмших боломж баян айлын дундаж сурлагатай хүүхдийнхээс хамаагүй бага байна. Тэгэхээр ядуурал дунд торниж буй хүүхдийн бусдаас үлгэр жишээ авч, түүгээрээ дамжуулан өөртөө итгэлтэй болж, амжилтад тэмүүлэх нь ховор гэсэн дүгнэлтэд хүрч болохоор. 

Ажил хийж ядуурлаас гарна гэдэг бол маш өндөр даваа. Боломжгүй гэж хэлээгүй шүү. Энэ давааг давсан хүмүүс олон бий. Гэвч судалгаагаар ядуу зүдүү байдлаасаа ангижрах гэж байдгаараа хичээх нь зүдгүүртэй бөгөөд энэ нь эргээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэнэ. Ядуу гэр бүлээс их сургуульд суралцсан хүүхдүүд зүрх судасны өвчлөлд өртөх нь бусдаас 20% орчим илүү байдаг аж. Мөн 2015 оны нэгэн судалгаагаар ядуу гэр бүлээс гаралтай боловч өөрийгөө удирдах чадвар сайтай, сэтгэл зүйн зөв хандлагатай хүмүүст хөгшрөлт хурдацтай явагдаж, өөрийгөө удирдах чадвар тааруу хүмүүсээс молекулын түвшинд илүү хурдан хөгширдөг гэсэн дүгнэлт хийсэн байна. Ёроолоос дээш мацаж оройд хүрнэ гэдэг нь тоймгүй олон саад бэрхшээлийг туулна гэсэн үг ба энэ нь хүний бие махбодод хүртэл ийн нөлөөлдөг байна. 

Үүний тухай дахин эргэцүүлэхүйд

Ядуурал гээч зүйл хүнд ямар нөлөө үзүүлдэг, эндээс гарахад яагаад хэцүү болохыг шинжлэх ухаан ийн тайлбарлаж байна. Ийм нөхцөлд хүмүүсийн хийж буй сонголт, гаргаж буй шийдвэрүүд нь амьдарч буй нөхцөл байдлын үр дагавар байх агаад тухайн хүний арчаагүй, тэнэг, залхуугийн тухай асуудал биш юм. Системтэй ядуурал, системтэй ялгаварлан гадуурхалт, системтэй арьс өнгөний үзэл гэхчлэн өдгөө нийгмийн буглаа болсон олон асуудлууд яригдах болжээ. Үүний цаана хүн өөрөө хичээхэд л болчих юм шиг хөнгөхөн ойлголт оршдгийг үүгээр няцаан тайлбарлахыг хичээлээ. 

Түүнчлэн өөрийгөө удирдах чадвар гэдгийг бид дахин тодорхойлох хэрэгтэй мэт. Урт хугацааны зорилго төлөвлөгөөгүй хүн бүрийг ийн дүгнээд байвал өрөөсгөл. Тэгээд ч тэрхүү алсын төлөвлөгөө бол зөвхөн хангалуун амьдралтай, өнөөдөртөө санаа зовних зүйлгүй хүмүүсийн хувьд л боломжит зүйл учраас үүнийг анхнаасаа хүнд байх ёстой зүйл мэт үзэж болохгүй билээ.

эх сурвалж: theconversatio

холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Налайхын замыг таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөжээ
2
19 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар нэмэгджээ
3
Уржигдар
Ц.Өнөрбаян: Асуулт тавьж, бүтээлчээр мэтгэлцдэг суралцагч бол багш хүний олз
санал болгох
1
19 цагийн өмнө
Налайхын замыг таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөжээ
2
21 цагийн өмнө
Майк Тайсон энэ жил анх удаа саналаа өгнө
3
Уржигдар
Ши Жинпинийг шүүмжилсэн Хятадын тэрбумтан авлигын хэргээр 18 жилийн ял сонслоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.08.13 162.158.6.199

жижиг нийтлэл ч гэлээ их зүйлийг ойлгож авахаар сайхан чанартай нийтлэл байна амжилт.

0 Хариулах


Зочин 2020.08.12 172.69.45.137

Их зөв өнцгөөс бичжээ. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх нь дээр бололтой

0 Хариулах


Зочин 2020.08.12 172.69.252.139

Сайхан нийтлэл байна

0 Хариулах