Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Аяллын тэмдэглэл | Адал явдал хайгчид Алтай Таван Богдод – II


Урьд нь уулзаж танилцаж байгаагүй, бүр хэнийх нь ч зүс, хийгээд зан төрхийг гадарлахгүй таван хүнтэй нэг баг болоод, мөн л өмнө нь ганц ч удаа зориглон зорьж байгаагүй алс баруун хязгаарт аялаад ирсэн тухайгаа хуваалцъя.


Аяллын тэмдэглэл | Адал явдал хайгчид Алтай Таван Богдод – I

Ингээд маргааш боллоо. Энэ өдөр бид Малчин оргилд гарна. Энэ оргил руу гарах төлөвлөгөө байхгүй явсан бидэнд маш том сорилт байлаа. Богд ууланд ч  авирч үзээгүй надад юу болох талаар ямар ч ойлголт байсангүй. Өглөө 9 цагт бид кемпээсээ хөдөлсөн нь уул руу явж байгаа хүмүүсийн хувьд ихэд оройтсонд тооцогддог байна. Малчингийн бэл хүртэл кемпээс 8-10 км зайтай. Тийш авирч буй хүмүүс уулын хувцсаар бүрэн тоноглодог бол бидний хэдэн нөхөд жийнс өмсөж, “холгодог” гутал хөлдөө жийчихсэн тул ёстой бор зүрхээрээ, мэдэхгүйн “хүчинд” л зорьж гэдгээ сүүлд мэдэрсэн. Ямар ч бэлтгэлгүй бол тийш зүглэх эрсдэлтэй юм билээ. Яван явсаар бид уулын бэлд ирлээ. 

Бэл нь гэхэд л үнэхээр эгц дээшээ юм. Бурхан минь гэж. Энэ хооронд нэгийнх нь хөл доголж, нөгөөгийнх нь холгожээ. Оргил даанч хол байна даа. Миний ханиад бүр хүндэрч, нус цуваад цээж бөглөрөөд зүрхний цохилт хурдсаад цааш явах шинжгүй. Гурав алхаад л амьсгаадаад цээж таглараад болдоггүй. Нэг нэгээрээ намайг хүлээгээд хамтдаа зүтгээд байлаа. Энэ хол ирчихээд бэлд нь ганцаараа үлдвэл харамсалтай шүү дээ. Цааш алхах тусам тэнхээ барагдаж, юу юугүй л бууж өгмөөр санагдан шантарлаа. Яг л ийм бие, сэтгэлийн зовуур мэдрэх үед хүн ээжийгээ л боддог юм билээ. Ээж надад “Хүн ямар ч үед амьсгалаа л удирдах хэрэгтэй. Хүний амьсгал хамгийн чухал” гэж үргэлж хэлдгийг нь санаад бага багаар амьсгалын дасгал хийтэл 5, 10, 15 алхамыг түүртэлгүй алхаж чадсан гээд бод доо. Өгсөх тусам овоо дээрдлээ. Бидний өмнө мэргэжлийн хөтөчтэй хэдэн залуус оргилыг зорьсон юм. Хоёр нь тэр хэдийг гүйцэж очоод биднийг өгсөх хооронд уулзсан байлаа. Данко ах ууланд янгир ямаа л гэсэн үг. Түүртэхгүй юм. Ийн өгссөөр бид Малчины бага оргилд хүрч, бэлдсэн бага сага зүйлээ идэж саатлаа. Дээшээ дахиад нэлээн мацах бөгөөд хөл гар нь шалбарсан, холгосон, доголсон хүмүүст бүр хэцүү болно, цаашлах уу, болих уу гэдгээ ярилцав. 

ЗурагТайлбар




Оргил өөд хоёр нь явж, дөрөв нь үлдэхээр боллоо. Гэтэл хөл нь доголсон нэг маань “Энэ хүрчихээд орой дээр нь гарахгүй бол би насаараа харамсах байх. Явлаа” гээд хөдөлтөл Данко ах ханиндаа алхахаар болоод явчихав. Ингээд надтай нийлээд гурван эмэгтэй бага оргил дээрээ үлдсэн юм. Богд ууландаа ч гардаггүй би лав энэ хүрч чадсанаа амжилт гэж бодсон.

Хэний ч хөл хүрээгүй, хүрэхээргүй үргэлжилсэн сүрлэг өндөр, мөнх цаст уулсыг харахад хүн гэгч хажууд нь хумхын тоос адил санагдана. Үнэхээр сүрдмээр. Байгалийн сүр хүчийн хажууд хүний ахуй байдал гээч мөхөс юм. Уулс үүрдийнх, хүн төрөлхтөн зуурдынх юм шиг ээ. Бага оргилоос хилийн нэгдүгээр багана тээр доор харагдана. Нөгөө талд нь Хүйтний оргил болоод хязгаар нь үл харагдах мөнх цаст сарьдагууд. Уулчид эндээ үүрд мөнх үлдэх тохиолдол ч бий гэнэ лээ. Ууланд авирна гэдэг тоглоом биш. Биднийг АТБ-д ирэхэд цаг агаар ивээсэн тулдаа л авирч байгаа юм шүү дээ. Зарим хүмүүс энд зорьж ирээд 7 хоноод ч барааг нь харж чадахгүй буцдаг гэсэн.

Дараагийн оргилд хүрэх замын дунд үлдсэн бид гурав нөгөө хэдээ хүлээж цаг орчим болоход жиндээд суух аргагүй болсон тул буухаар боллоо. Уг нь дээш явсан хэд бид гурвыг яг эндээ хүлээж байхыг анхааруулсан ч үгнээс нь зөрсөн шангаа төд удалгүй хүртсэн дээ. Уул руу гарахдаа авирдаг жимээрээ л буух ёстой ч бид гурав жимээсээ хазайж, сул өнхрөх хад, чулуу руу орчихов. Нэг л алхахад хад, чулуунууд ус шиг урсаж байсан учраас бие биетэйгээ ч ойртож чадахгүй болж, нөгөө хэдээ хүлээхээр шийдээд дор дороо хөдөлгөөнгүй суухаас өөр арга үлдсэнгүй. Энэ үед тэнгэр бүүдийж эхэллээ. Оргил руу гарсан манай багийнхан болон бидний өмнө алхсан баг хамтдаа бууж айсуй. Нэлээд дөхөөд ирэхэд нь бид гурав тэднээс тусламж хүслээ. Данко ах болон нөгөө багийн хөтөч ах хоёр сул асгарах чулуу, хадаар явсаар биднийг авав. Багийнхнаа оргил дээр нь гарч чадсаныг Данко ахаас дуулаад үнэхээр их бахархсан. Уулын жимээс нэлээд хол төөрчээ. Ямар азаар тэдний олж харахааргүй газарт оччихоогүй юм. Арай ядан жимдээ ороод алхаж явтал манан яах ийхийн зуургүй бүчиж, мөндөр орлоо. Гэнэт малгайн дотор хар хорхойнууд гүйлдэх шиг болоход цуг явсан охин бид хоёр зэрэг “Хорхой” гэж орилоод малгайгаа автал Данко ах “Юун хорхой! Аянга бууж байна. Утсаа гялс унтраагаад доошоо сууцгаа” гэж хашхирав. Үслэг хувцас, төмөр эдлэлээ өөрөөсөө холдуулж, доош суун гараа шороонд газардуулах хэрэгтэй юм билээ шүү. 

Оргил руу хүмүүстэй цуг гарсан нохойны үс соронзлогдон бүгд дээшээ боссон гэхээр хүний үс ч ялгаагүй. Ийн бид 5 минут хэртэй доош суугаад аянга цахилгаан намжиж, цаг агаар тогтоход үргэлжлүүлэн доош буулаа. Нөгөө багийн хөтөч ах олон жил Малчин руу гарахдаа аянга цахилгаантай анх удаа таарсан байхад Данко ах хоёр удаа гарахдаа хоёуланд нь ийм явдалтай таарчээ. Сонин юм шүү.

Ингээд биднийг кемпдээ ирэхэд 17 цаг болсон байв. Хөтөч Төгсөөгийн хэлснээр бид нар их удаан явсан гэсэн. Өглөө эрт гараагүй болоод ямар ч бэлтгэлгүй явсных байх л даа. Энэ зэрэгтэй ирсэн нь их юм. Майхандаа ирж, хөл гараа жаахан амрааж, хоол ундаа хийж идээд хөдлөх гэсээр 19 цаг болов. Би өнөө хоёртойгоо дахиад 17 км замыг туулах хэрэгтэй гэж бодонгуут л дотор харанхуйлна. Гэлээ гээд өөрөө шийдсэн болохоор алхахаас өөр яах ч билээ. Майханд лазантаж байсан бие хаа очиж алхаад эхлэхэд харин ч сэргээд ирсэн. Азны юм. Тун удахгүй нар жаргана. Нартай уралдан хурдхан шиг газар хороохын тулд темпээ алдахгүй алхаад л байв. 

21 цагийн үед харанхуй болсон болов уу. Ямар ч айл, адуу мал байхгүй талаар гурвуулхнаа гар чийдэнгээ бариад алхаад л байлаа. Урьд шөнө орсон борооноос болоод намаг шалбааг нэмэгдсэн нь илт. Эмэгтэйчүүд газарзүйн байршил баримжаалахдаа яагаад эрэгтэйчүүдээс тааруу байдаг юм бол. Хав харанхуйд ганц эрэгтэйгээ дагаад алхаж л явав. Төөрөхгүйхэн шиг алхаад Сүүн гол дээрээ очих нь бид гурвын зорилго боллоо. Хаа очиж хөдөө гадаагаар яваад сурчихсан, газрын баримжаатай эр хүнтэй цуг явсных төөрсөнгүй. Тэр шөнө 23 цагийн үед л сар нэг юм гарсан. Сүүлчийн 4-5 км замыг алхахад үнэхээр тамир барагджээ. Нусаа нийх ч тэнхэл хүрэхгүй гоожингуут нь арчаад л яваад байв. Баруун хөлийн ул холгочихож. Хамт яваа хоёр минь үнэхээр бахархмаар юм, тэд хоёулаа Малчин оргил дээр гарсан шүү дээ. Гэтэл ямар ч түүртсэн зүйлгүй алхахдаа намайг л халамжлаад надаас болж л ойр ойрхон амарч явсан даа. Бид гурав өчигдрийн темпээ алдалгүй алхжээ. Шөнийн 00:00 цагт Сүүн гол руу давахад морьтой явсан хэд маань дөнгөж голын цаана явсан гэсэн. Харанхуйд морьтойгоо удаан явсан бололтой. Хажуугаар нь чоно, ирвэс гээд хээрийн амьтан ихтэйг Данко ахаас сонсоод бид гуравт санаа нь их зовсон гэсэн. Үнэндээ харанхуйд амьтан дайраад ирэхэд амиа хамгаалах зүйл бидэнд юу ч байсангүй. Тэр шөнө бид байшинд тухтай, дулаахан хоноод аажуу уужуухан босон хоол цайгаа идэж, үс гэзгээ угаан хүн төрхөндөө орлоо. Хүмүүс надтай казахаар ярихад нь манай хэд намайг шоолно. Данко ах ч манайхантай адилхан юм, хоёр дахь эхнэрээ болгоно гэж цаашлуулна.  

ЗурагТайлбар




Бид Сүүн голоос хөдөлцгөөлөө. Замаараа нутгийн хүмүүс ч нууцалдаг “Нууц” нуураар очиж, хэдэн зураг татуулсны дараа Монголын Швейцарь гэгдэж буй Сыргалы руу шуудрав. Замд бороо орж, солонго татаад, өвс ногоо халиураад ямар их үзэсгэлэнтэй байгаль дунд жаргаж явав. Би анх удаа солонгыг тийм ойрхоноос харсан. Гүйж очоод үзүүрээс нь атгачихмаар зайд байснаа эргэн санахад сайхан байна. Цэнгэл сумын Сыргалы хүртэл 200-аад км замыг туулж, шөнө очив. Тэндхийн айлуудад монголоор ярьж чадах хүн үгүй тул хэл нэвтрэлцэж чадсангүй. Данко ах хэлмэрчилж, сая нэг хонох гэртэй болж, төвхнөж аваад унтах гэсээр үүрийн 5 цаг боллоо. Өндөрлөг газарт очсоных ч юм уу, бид нар бага унтсан ч маш сэргэг, эрч хүчтэй байх төдийгүй хоол унд ч бага идсэн. Тэгж их алхаж, энерги зарцуулсан хэрнээ өлсөхгүй байсан нь биднийг гайхашруулсан шүү. Харин тэндээс буцаж, нутаг орон өөрчлөгдөн Улаанбаатар хот руу дөхөх тусам нойроо дийлэхгүй лазантаж, байн байн өлсөж, идэж уусаар ирсэн нь газрын байршил бие организмд ямар их нөлөөлдгийг биеэр мэдрэв.

ЗурагТайлбар








Сыргалын байгалийн тогтоц Алтай таван Богд орчмынхоос их өөр. Цаг агаар нь ч дулаан. Ой шугуй үргэлжлэхээс гадна тэнд Бага түргэний хүрхрээ бий. Өндөр нь 15 метр. Хүрхрээ орчмын Сумдайрых, Хөндлөнгийн, Дээд ууланд халиу буга, янгир ямаа, цоохор ирвэс, шилүүс мий, нохой зээх зэрэг хөхтөн идээшин нутагладаг бол алтан гагнуур, алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургадгийг википедиад дурджээ.

Хүрхрээ хүртэлх хөндийгөөр машин явах ямар ч аргагүй тул тийш зорих хүмүүс зөвхөн алхана. Гэрээс хөдөлсөн цагаасаа л харсан уул, ус, газар болгонд зогсож, зургаа авч явсан нь багийн хоёр эрэгтэйн тэвчээрийн чавхдасыг бараг тасалсан байх. Тэнд дулаахан байсан учраас сандаал өмссөн нь бурууджээ. Мөлгөр том хадаар дамжиж, алхахад халтирч уначих гээд  их эвгүй байсан. Их, бага хүрхрээнд очиж сэрүүцэв. Зарим маань сэлэв. Хүмүүс тэнд тамхины иш, ундааны саваа хаяж, малгай, дотоожоо хүртэл мартаж явснаас нэлээд их хогтой болчихож. Бид буцахдаа чадахын хэрээр түүж явсан юм.

ЗурагТайлбар





Сыргалыд хоёр хоноод буцахдаа Хотон, Хурган нуураа үзэж, Сагсай руу сэтгэл дүүрэн, ярих дурсамжтай, адал явдлын эзэд болон эргэсэн юм. Данко ахынд аяллын сүүлчийн шөнөө үдэж, ярилцан суух бидэн одоо сайхан найз нөхөд болсон. Маргааш нь бидний зарим нь хот руу шууд хөдөлж, зарим нь Ховд, Говь-Алтайгаар аяллаа үргэлжлүүлэхээр Баян-Өлгийн товчооноос салцгаасан билээ. Бид зургааг дараагийн аялал дахин нэгтгэх нь гарцаагүй. Харин хаашаа вэ гэдэг нь сонин.  

холбоотой мэдээ
1
2020.09.10
Аяллын тэмдэглэл | Адал явдал хайгчид Алтай Таван Богдод – I
2
2020.09.01
С.Энхбаяр: Гэрийн хорионоос гараад хөдөө явах санаатай
3
2020.08.27
Монгол орноо тойрон аялсан залуусын ДУЛААН дурсамж: 1
санал болгох
1
17 цагийн өмнө
Налайхын замыг таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөжээ
2
19 цагийн өмнө
Майк Тайсон энэ жил анх удаа саналаа өгнө
3
Уржигдар
Ши Жинпинийг шүүмжилсэн Хятадын тэрбумтан авлигын хэргээр 18 жилийн ял сонслоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.