UBLife Logo
Дэлхий

Азийн дөрвөн улсад илрээд буй коронавирусийн тухай мэдвэл зохих 6 ЗҮЙЛ

Б.Саруул
Б.Саруул
Азийн дөрвөн улсад илрээд буй коронавирусийн тухай мэдвэл зохих 6 ЗҮЙЛ

Коронавирус өнгөрсөн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн бөгөөд одоогоор нас барсан хүний тоо 3, халдвар авсан хүний тоо 200 гараад байна. Вирусийн халдвар БНХАУ-ын Ухань, Бээжин, Шанхай, Шэньжэнь хотоос гадна Япон, Тайланд, Өмнөд Солонгост мөн бүртгэгджээ. 

Амьтны гаралтай уг вирус хүнээс хүнд халдах эрсдэлтэйг БНХАУ-ын мэргэжилтнүүд баталсан ба үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ДЭМБ-ын удирдах зөвлөл маргааш шуурхай хуралдаан хийхээр товлоод байна. Иймд бид коронавирустай холбоотой мэдвэл зохих зүйлсийг хүргэж байна. 

1. Коронавирус гэж юу вэ? 

Коронавирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй, амьтдын дунд элбэг тохиолддог вирусийн томоохон бүлэг юм. SARS-ийн дэгдэлтийн үеэр халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь амиа алдаж байжээ. Харин коронавирус хэр их хөнөөлтэй болох нь одоогоор тодорхойгүй байна.

2. Халдварласан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ? 

Амьсгалын замын гаралтай халдвар учраас нус гоожих, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, халуурах зэрэг энгийн ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэг байна. Мөн өндөр настан, бага насны хүүхэд, дархлаа суларсан хүмүүс уг вирусээр халдварласан тохиолдолд уушгины хатгалгаа, бронхит гэх мэт амьсгалын ноцтой өвчлөлд хүрч байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Коронавирусын бүлэгт багтдаг MERS, SARS зэрэг зарим вирус үхлийн аюултай байдаг. Тухайлбал, 2012 онд Ойрх Дорнодод анх бүртгэгдсэн MERS вирус нь энэ бүлэгт багтах гэнэ. Тухайн үед халдвар авсан 10 хүний 3-4 нь нас барж байжээ. Харин БНХАУ-ын Гуандун мужид анх илэрсэн SARS нь суулгах, ядарч сульдах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрдэг ба хүндэрсэн тохиолдолд  бөөрний дутагдалд оруулах аюултай. Амьд гарах магадлал халдвар авсан хүний наснаас ихээхэн хамаардаг бөгөөд өндөр настнууд амиа алдах магадлал өндөр байжээ. 

3. Коронавирус ямар замаар тархдаг вэ? 

ДЭМБ-аас мэдээлснээр, MERS вирус анх тэмээнээс хүнд халдварласан бол SARS вирус нь суусрын (civet cat) төрлийн хөхтөн амьтнаас анх хүнд халдварлажээ. Иймд коронавирус амьтнаас хүнд, хүнээс хүнд халдварлах эрсдэлтэй гэж эрдэмтэд үзэж байна. Өөрөөр хэлбэл, ханиах, найтаах, гар барих зэргээр дамжин вирус халдварлах боломжтой. Түүнчлэн халдвартай хүн хүрсэн эд зүйлд хүрсний дараа гараа ам, хамар, нүдэндээ хүргэвэл вирус халдварлах эрсдэлтэй гэжээ. Үүнээс гадна, халдвартай хүний нус, шээс, ялгадас зэргээр дамжих магадлалтай. 

4. Коронавирусийн эсрэг эмчилгээ бий юу? 

Вирусийн эсрэг тодорхой эмчилгээ байхгүй тул эмч нар шинж тэмдгийг арилгах, намдаах арга хэмжээ авч байна. Өрөө, тасалгааг сайн чийгшүүлж, халуун усанд орох нь хоолойн өвчин, ханиалгыг намдаахад тустай гэжээ. Түүнчлэн шингэн зүйл сайн уух, сайн унтаж амрахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв өвчний шинж тэмдэг дордвол яаралтай эмнэлэгт хандаарай. 

5. Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ? 

Вирусээс хамгаалах вакцин байхгүй учраас халдвар авсан хүнтэй харьцахгүй байх нь гол урьдчилан сэргийлэлт юм. Мөн гараа ам, хамар, нүдэндээ хүргэхээс зайлсхийж, савантай бүлээн усаар тогтмол угаахыг зөвлөж байна. Өвчний шинж тэмдэг илэрвэл олон нийтийн газраар явахаас зайлсхийж, бусад хүнтэй гар барих, шүргэлцэх, ойртохоос зайлсхийгээрэй. Ханиаж, найтаахдаа ам, хамраа таглахыг сануулжээ. 

6. Коронавирус гэрийн тэжээвэр амьтанд халдах уу? 

Энэ төрлийн вирус муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтдад халдварлах боломжтойг 2011 онд хийсэн судалгаагаар тогтоожээ. Гэхдээ вирусийн төрөл болон халдварласан амьтнаас хамаарч нөлөөлөл нь харилцан адилгүй байдаг гэнэ. Жишээ нь, SARS вирус мууранд халдварлах боломжтой ч ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй, мөн халдвар авсан нохой илүү хүнд өвдөх магадлалтай гэжээ. 

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
11
2
2
1
81
11
6
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.