Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

БЭРХШЭЭЛ ба БОЛОМЖ: Багш нар цахим сургалтыг хэрхэн явуулж байна вэ?


Олон улсад тархаад буй COVID-19 халдварт өвчний улмаас оюутан, сурагчид танхимын орчинд хичээллэх боломжгүй байгаа билээ. ЮНЕСКО-гийн мэдээллээр дэлхийн 124 улсад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон ба уг шийдвэрт нийт 1.2 тэрбум сурагч хамрагдаад байна гэжээ.

Тэгвэл Монгол Улсад 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоож, их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт УОК хуралдаж сургууль, цэцэрлэгийн карантиныг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргаад буй. 

Багш, оюутнууд цахим сургалтын эх сурвалж, хэрэглэгдэхүүн, техникийн ур чадварын хувьд бэлтгэлгүй байсны улмаас зайнаас хичээл явуулахад багагүй бэрхшээл тулгарч байгаа талаар онлайн орчинд хэлэлцүүлэг өрнөж байна. Монголын Оюутны Холбоо цахим сургалттай холбоотойгоор оюутан, залууст тулгамдаж буй асуудлуудыг тусгасан шаардлагыг БСШУСЯ-нд хүргүүлжээ. 

Үүнтэй холбогдуулан бид зарим их, дээд сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзаж цахим сургалтыг хэрхэн явуулж буй талаар ярилцлаа. 

М.Идэрбаатар: Симуляцийн програм ашиглан байгалийн ухааны хичээлийг онлайнаар зааж байна

Бидний уулзсан эхний хүн бол Шинэ Монгол технологийн дээд сургуулийн програм хангамжийн багш М.Идэрбаатар. Шинэ Монгол технологийн дээд сургууль програм хангамж, инженерийн нийт 9 хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд одоогоор олон улсад ашиглагдаж буй нээлттэй эх сурвалж, програм хангамжуудыг цахим сургалтад ашиглаж байгаа аж. 

Энэ талаар М.Идэрбаатар багш "Зайнаас хичээллэх шийдвэр гэнэт гарсан учраас багш, эцэг эх, оюутнууд бүгд л анх удаа ийм нөхцөл байдалтай нүүр тулж байна. Шийдвэр гарсан эхний долоо хоногт багш нар PPT (power point)-оор хичээлээ өгч байсан бол дараа дараагийн долоо хоногуудад энэ хэлбэр учир дутагдалтайг анзаарч онолын хичээлүүдээ аудио, видео хэлбэрт хувиргаж эхэлсэн. Ийм байдлаар найман долоо хоног хичээллэхэд ихэнх хичээл жигдэрч, багш нар ч хэрхэн зайнаас хичээл заах аргаа олоод байна. PPT, аудио, видео, Lightboard гэх мэт хэлбэрээр хичээлийн агуулгаа хүргэж байна" гэлээ. 

ЗурагТайлбар
Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш нар lightboard дээр хичээл зааж байгаа нь. Энгийн самбар дээр зааж буй багшийн бичлэгийг хийхэд
самбарын тодорхой хэсэг биед халхлагддаг бол lightboard энэ сул талыг арилгаж өгснөөрөө онцлог гэлээ. 
Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш нар lightboard дээр хичээл зааж байгаа нь. Энгийн самбар дээр зааж буй багшийн бичлэгийг хийхэд
самбарын тодорхой хэсэг биед халхлагддаг бол lightboard энэ сул талыг арилгаж өгснөөрөө онцлог гэлээ. 
Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш нар lightboard дээр хичээл зааж байгаа нь. Энгийн самбар дээр зааж буй багшийн бичлэгийг хийхэд
самбарын тодорхой хэсэг биед халхлагддаг бол lightboard энэ сул талыг арилгаж өгснөөрөө онцлог гэлээ. 

Харин оюутнуудтай холбоо тогтоох, харилцах, мэдээллээ хуваалцахад Google-ийн G Suite, тэр дундаа Google Classroom програмыг түлхүү ашиглаж байгаа гэнэ. Cургалтын зорилгоор ашиглаж буй тохиолдолд 1000 хүртэлх хэрэглэгч G Suite програмыг дундаа үнэгүй ашиглах боломжтой байдаг. Харин Google Classroom бол танхимын сургалтыг онлайнаар явуулахад тулгардаг бүхий л асуудлыг цогцоор нь шийдсэн програм. Гэрийн даалгавар өгөх, шалгалт авах функц хүртэл байдаг учраас Google Classroom програмаар ЕБС, их, дээд сургуулийн хичээлийг явуулахад тохиромжтой гэж бидний уулзсан багш нар хэлж байлаа. 

"Өдөр тутам ашигладаг фэйсбүүкээр үүнийг орлуулж болно л доо. Гэхдээ фэйсбүүкт оюутнуудын овог, нэрээс эхлээд бүх зүйл албан ёсны биш, хичээлд назгай оролцох хандлага ажиглагдаж байна" гэж М.Идэрбаатар багш Google Classroom програмыг түлхүү ашиглах болсон шалтгаанаа тайлбарласан юм. 

Үүнээс гадна нийгмийн болон байгалийн ухааны хичээлийг зайнаас заахад харилцан адилгүй болохыг тэрбээр онцоллоо. Тухайлбал, Шинэ Монгол технологийн дээд сургууль лабораторийн хичээл түлхүү ордог инженерийн сургууль тул байгалийн ухааны хичээлүүдийг заахад бэрхшээл учирч байгаа аж. Тэрбээр "Химийн, цахилгааны, нано, хүрээлэн буй орчны, барилгын инженер гэх мэт лабораторийн орчинд ордог хичээлийг онлайнаар орох төвөгтэй л дээ. Энэ бэрхшээлийг бид симуляцийн програмаар шийдвэрлэхийг зорьж байна. Үүнийг виртуал лаборатори гэж ойлгож болно" гэв. 

Б.Түвшинтөр: Интернэтийн өртөг, оюутнуудын боломжийг харгалзан үзэж зарим тохиолдолд фэйсбүүк лайваар хичээлээ зааж байна

Тэгвэл цахим сургалтын хэрэгжилтийн талаар Хүмүүнлэгийн Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, багш Б.Түвшинтөр "ХУИС сүүлийн хоёр жилд Moodle, Google Classroom гэх мэт онлайн сургалтын хэд хэдэн платформыг туршилтаар ашиглаж ирсэн л дээ. Хэрэглээний явцад Google Classroom илүү хялбар, тохиромжтой байсан учраас одоо уг програмд тулгуурлан сургалтаа явуулж байна. Тэгэхээр Google-ийн G Suite багцад байгаа Classroom, Duo, Meet, Calendar гээд бүх аппликэйшнийг ашиглаж байгаа гэсэн үг. Оюутнууд нэгдүгээр курсээсээ Classroom хэрэглэж эхэлсэн тул энэ удаагийн зайн сургалтын үеэр технологийн ур чадварын хувьд саад харьцангуй бага байна. Гэхдээ интернэт, төхөөрөмжийн хүртээмжээс үүдсэн хүндрэлүүд гарч байна. Тухайлбал, хөдөө орон нутагт байгаа оюутнууд Classroom програмаар хичээлээ үзэхийн тулд дата худалдаж авах зайлшгүй шаардлагатай. Үүрэн телефоны операторуудын санал болгодог сошиал дата багцаас өөр учраас үнийн хувьд өндөр тусдаг. Иймэрхүү хүндрэл гарч байгаа болохоор зарим тохиолдолд бид фэйсбүүкээр лайв хийж, хичээлээ зааж байна. Энэ нь өртөгийн хувьд боломжийн, оюутнуудын оролцоо, хүртээмжийн хувьд ч арай илүү юм" гэж ярилаа. 

Б.Отгонтөгс: МУИС-ийн багш нар SISI, Майкрософтын Teams програм, фэйсбүүк гурвыг хослуулан хичээлээ зааж байна

Бидний ярилцсан дараагийн багш МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс байв. Тэрбээр цахим сургалтаа хэрхэн явуулж буй талаар "Би магистрын 5, бакалаврын 130 оюутанд хичээл заадаг бөгөөд одоогоор гурван төрлийн платформ ашиглаж цахимаар хичээлээ явуулж байна. 

Нэгд, МУИС-ийн бие даан хөгжүүлдэг SISI системийг ашиглаж байна. Энэ нь багш нар, оюутнууд, захиргааны ажилчид, номын сан, санхүү гээд бүгд холбогдсон байдаг том систем юм. Юун түрүүнд, Power Point-оор хийсэн лекцдээ аудио тайлбар оруулаад SISI-ээр оюутнууд руугаа илгээж болдог. Цахим хичээл явуулах шийдвэр гарсны дараа МУИС-ийн IT-ийн багш нар хэрхэн аудио лекц бэлдэж,  SISI-д байршуулах талаар YouTube хичээл бэлдэж бүх багш нар луу илгээсэн юм. Мэдээж МУИС-ийн 700 багш аудио хэлбэрээр бүх хичээлээ явуулахад файлын хэмжээ үлэмж нэмэгдэж, SISI систем унах магадлалтай учраас нэмж зай гаргах, мөн багш нарыг нэг слайдаа 2 минутаас илүү тайлбарлахгүй байх зааварчилгааг өгсөн. Үүнээс гадна ном, сурах бичгийг скайнердаж SISI-д байршуулж байна. 

Хоёрт, Майкрософтын Teams програмыг ашиглаж байна. Цахимаар хичээл явуулах хугацаа гуравдугаар сарын 30-н болж сунгагдахад дан ганц аудио хичээл явуулах нь хангалтгүй гэж үзээд видео хичээл орох зорилгоор уг програмыг ашиглаж эхэлсэн л дээ. Лекц ордог хуваарьт цагтаа Teams програмыг ашиглаж лайваар лекцээ уншдаг. Teams ашиглахад өөрийнхөө компьютерийн дэлгэцийг оюутнууд руугаа шилжүүлэх буюу харуулах боломжтой, оюутнууд надтай харилцан ярилцах, өөрийнхөө хоолойгоор асуулт асуух боломжтой тул лекц илүү амьд явагддаг. 

Гуравдугаарт, фэйсбүүк ашиглаж байна. Хөдөө орон нутагт байгаа оюутнууд интернэт, төхөөрөмжийн асуудлаас болоод SISI рүү нэвтрэх боломж хомс байгаа талаар МУИС-ийн багш нарын фэйсбүүк групптээ зөвлөлдсөн юм. Эндээс бид фэйсбүүк групп ашиглах нь тохиромжтой гэсэн шийдэлд хүрсэн. Үүрэн телефоны операторууд сошиал багц хэрэглэх интернэтийг харьцангуй хямд үнээр санал болгодог учраас орон нутагт байгаа оюутнууд хичээлээ үзэх боломжтой болж байгаа юм. Жишээ нь, би SISI-д оруулсан бүх материалаа оюутнуудын фэйсбүүк группт давхар тавьж байгаа. Харин семинарын хичээлээ фэйсбүүк групп дээр лайваар явуулж, оюутнууд асуух зүйлээ сэтгэгдэл бичиж илэрхийлдэг юм. 

Эдгээрээс SISI-д оруулсан мэдээлэлд үндэслэж албан үнэлгээ хийж буй. Тодруулбал, тухайн багш долоо хоног бүр ням гарагаас өмнө оюутнуудын ирцийг бүртгэж, аудио лекцээ оруулж, гэрийн даалгавар өгсөн байх ёстой. Хэрэв эдгээрийг гүйцэтгээгүй бол IT-ийнхан хянаж, тэнхимийн эрхлэгч рүү нь захиа явуулах замаар багш нарын ажилд хяналт тавьж байна. 

МУИС дөрөвдүгээр сар гарангуут цахимаар хичээлээ явуулахад ямар бэрхшээл тулгарч буйг, одоогийн хичээл хэр үр дүнтэй байгааг тодруулж, оюутнуудаасаа санал асуулга авах болов уу" гэж ярилаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
10 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Өчигдөр
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.