Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Байден: Трамп аа, чи амаа тат!


АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дундах анхны мэтгэлцээн Охайо мужийн Кливленд хотод орон нутгийн цагаар 21.00 цагт эхэлж 100 орчим минут үргэлжиллээ. 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Дэд ерөнхийлөгч асан Жой Байден нар энэхүү мэтгэлцээнээр улсын эдийн засаг, ковид-19 цар тахлын үеийн нийгмийн байдал, эрүүл мэндийн даатгал, арьс өнгөний үзэл, яг одоо нийгэмд үүсээд буй талцал хуваагдал, зөрчил мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт зэргийн талаар мэтгэлцлээ. Мэтгэлцээний төгсгөлд хөндлөнгийн ажиглагчид, мэргэжилтнүүд шууд дүгнэлтээ хийж эхэлсэн. Тэдний үзэж буйгаар ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний ерөнхий уур амьсгал, дүр төрх Доналд Трампаас болж дэг журам, эрхэм чанар нь ихэд уналаа хэмээгээд, олон асуултад хариулах Трампын хариулт Бүгд Найрамдах намынханд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит ажлын төлөвлөгөө байхгүй байгааг илтгэж байна гэцгээж байна.

Трампын ерөнхийлөгчийн алба хаших хугацаанд дэлхий дахинаа цар тахал гарч, АНУ-д 7 сая хүн өвдөж, 200 мянгаас илүү  хүн амиа алдсан нь түүний засаглалын хамгийн эмзэг цэгүүдийн нэг юм. Статистик үзүүлэлтээр энэ нь нэг сая хүн тутамд ногдож буй нас баралтын дэлхийн дунджаас 6 дахин их байгаа юм. Үүнийг Ардчилсан намынхан алдалгүй ашиглаж, түүний засаглал түүхэн дэх хамгийн хайхрамжгүй, ард иргэдийнхээ амь насыг гаргуунд нь гаргасан он жилүүд байсныг шүүмжиллээ. Хариуд нь Трамп “Хэрэв би байгаагүй бол 2 сая хүн нас барах байсан шүү. Харин ч би сайн ажилласан. Намайг хүн бүхэн л ноён Ерөнхийлөгч өө та гайхалтай сайн ажиллаж, мянга мянган хүний амийг аварч байгаа шүү гэж хэлдэг. Тэглээ ч вакцины нээлтийг түргэвчлэх ажлыг би л шавдуулж байгаа” гэв. Байден инээж, үзэгчдэд хандан “Энэ эр вакцины тухай юу ч ярьсан итгэх хэрэггүй шүү” гэж хэлээд түүний засаг захиргаа тахлын үеийн хамгийн энгийн арга хэмжээ болох амны хаалтын асуудалд хүртэл хайнга хандаж, сургуулиудад амны хаалт тараагаагүй, тэгсэн мөртлөө эдийн засаг унаж байна, бизнесүүдийг нээ гэж орилох юм, гэтэл чи ковидоос ард түмнээ авраагүй байж, яаж эдийн засгаа аврах бил ээ дээ хэмээлээ. 

Харин өрсөлдөгч Трампын хариултууд оновчгүй, харилцагч руугаа дайрсан, өөрийгөө хий магтсан шинжтэй байсныг ажиглагчид, хэвлэл мэдээллүүд илэрхийлж байна. 

Мэтгэлцээний хамгийн халуухан сэдвүүдийн нэг АНУ дахь арьс өнгөөр хуваагдах явдал, зөрчил мөргөлдөөнд хүргээд буй шалтгааны тухай байлаа. Мэтгэлцээний модератор Крис Уоллос хоёр дэвшигчээс “Энэ улсад системтэй арьс өнгөний үзэл оршин байсаар буй гэдэгтэй та хоёр санал нийлж байна уу? Олон хар арьст залуус амиа алдлаа. Хамгийн сүүлд Бреонна Тэйлорын хэргийг шийдсэн шүүхийн шийдвэрийг иргэд эсэргүүцэж хотуудад жагсаал цуглаан болж байна. Энэ тал дээр таны санал бодол ямар байна вэ” хэмээхэд Байден “ Мэдээж би системтэй арьс өнгөний үзэл бат бөх байсаар буйтай санал нийлж байна. Өнөөгийн Трампын засаг захиргаа нийгмийг улам хагалган бутаргаж, хэт үзэлт цагаан арьстнуудыг өөгшүүлэн дэвэргэж байна” гэтэл Трамп “арьс өнгөний үзэл бол танай намын нэрийн хуудас шүү дээ. Харин ч би бол хар арьстнуудын төлөө түүхэн дэх хамгийн их зүйлийг хийсэн ерөнхийлөгч” гэхэд модератор “Авраам Линкольноос их зүйл хийгээгүй л гэж найдъя” хэмээн хошигнов. Трамп үргэлжлүүлэн “Би та нарын хэдэн арван жил явуулсан арьс өнгөөр ялгаварлах бодлогыг таслан зогсоож байгаа. Би олон хар арьст залуусыг шоронгоос гаргаж, та нарын 1994 онд үйлдсэн харгис ялын бодлогыг суллаж байгаа” гэхэд Байден ”Трамп аа чи өөрөө арьс өнгөөр ялгаварлагч шүү дээ. Флойдыг амиа алдсны дараа хүмүүс Цагаан ордны гадаа тайван жагсаал хийж байхад чи тэдэн рүү нулимс асгаруулагч хэрэглэн дайрах тушаал өгч, гэмгүй хүмүүсийг баривчилж, гэмтээж хохироосон биш гэж үү? Бидэнд яг одоо эв нэгдэл, энх тунх харилцаа хэрэгтэй болохоос чам шиг арьс өнгөөр ялгаварлагч хэрэггүй” гэв. Модератор үргэлжлүүлэн “Ноён Ерөнхийлөгч өө, та арьс өнгөний хэт үзэлтэй, цагаан арьстнууд бүхнээс дээгүүр хэмээдэг хүмүүс болон цэргийн зохион байгуулалттай бүлгэмүүдийн тухай юу гэж боддог вэ? Та яг одоо тэдэнд хандан энэ хүчирхийллийн үзэл санаагаа зогсоо, бидэнд эв нэгдэл хэрэгтэй байна гэж уриалж чадах уу” гэхэд Трамп “Хэн гэнэ ээ? Арьс өнгөний хэт үзэлтнүүд гэж хэн юм? Тийм хүмүүс байдаг юм уу? За юу ч гэж нэрлэдэг бай, та бүхэн үүнийгээ зогсоож байгтун” хэмээн маш эргэлзэнгүй байдалтай хэлсэн нь олон хүмүүсийн уур бухимдлыг төрүүллээ. Ийм ерөнхийлөгчтэй байгаадаа гутарч байна гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр. 

Мэтгэлцээний туршид Трамп Байдены яриаг олонтаа таслаж, дайралт хийсээр байсан ба Жой Байден нэгэнтээ тэсгэл алдарч “Трамп аа чи амаа тат” гэж хэлсэн. Мөн Байден Трампын ярьж буй зүйлсийг маш олон удаа “зүгээр л санаанаасаа зохиосон зүйл, худал хуурмаг’ гэж хэлсэн ба энэ алиалагчийн худлаа ярьж буйг тэвчихэд хэцүү юм гэж Уоллост хандан хэлээд авав.

Модератор эдийн засгаа хэрхэн сэргээх тухай, ямар бодлого баримтлах талаах асуухад талууд мөн л санал нийлсэнгүй. Байдены хэлж буйгаар Ардчилсан нам Трампад маш сэргэг эдийн засаг хүлээлгэж өгсөн атал Трамп Хятадтай худалдааны дайн хийж орвонгоор нь эргүүлж орхилоо гэсэн бол Трамп эсрэгнэр нь ерөнхийлөгчийн суудалд суухад улсын эдийн засаг уналтанд орсон байсан ба тэрээр хэдэн зуун мянган ажлын байр гаргаж эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүд авсан гэлээ. Мөн тэд эрүүл мэндийн хүртээмжтэй бодлого баримтлах Обамагийн санаачлагын тухай мэтгэлцэхэд Байден эрүүл мэндийн даатгалд хамрагдахад заасан босго орлогын хэмжээг багасгаж ядуу хүмүүст ээлтэй эрүүл мэндийн систем бий болгохоор ажиллана гэсэн бол Трамп тэднийг бүх юмыг үнэгүй болгож социалист бодлого баримтлах гэж байна хэмээн буруушаав.

Мэтгэлцээний төгсгөлд Уоллос оролцогчдоос уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах бодлогынх нь тухай асуухад урд нь удаа дараа уур амьсгалын өөрчлөлт бодитой гэдэгт би итгэдэггүй хэмээн хэлж байсан Трамп “Бид энэ асуудлаар гайхалтай сайн ажиллаж байгаа. Бид мод тарьж, нэг тэрбум мод тарих төсөл хэрэгжүүлж байгаа. Одоо цаашид анхаарах гол зүйл гэвэл Калифорнийн ойн түймрийг багасгах, ойн менежмент хийх явдал’ хэмээтэл модератор “Эрхэм ерөнхийлөгч өө, та миний асуултыг ойлгосон уу? Дэлхийн дулаарлын тухай та хэр мэдэх вэ? Шинжлэх ухааны талаас танд ямар нэг ойлголт байна уу? Хүний үйл ажиллагаанаас үүдэн хүлэмжийн хий ихээр ялгарч буй тухай би яриад байна л даа” гэхэд Трамп түрүүний ойн түймрийн тухай үргэлжлүүлэн ярьсаар байв. Харин Жой Байдены мөрийн хөтөлбөрт зарим дэлгэрэнгүй судалгаа тооцоололд тулгуурласан амлалтууд буйгаас дурдвал 2050 он гэхэд хүлэмжийн хийн дулаан ялгаралтыг бүрэн зогсоож, ногоон эдийн засгийг дэмжихэд хөрөнгө төсөвлөж, цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдэд 1,7 тэрбум доллар зарцуулан, хүрээлэн буй орчны шударга ёсыг тогтооход чиглэж ажиллана хэмээжээ. 

Ингээд оролцогчдоос ард түмэн яагаад тэднийг сонгох шалтгааныг асуухад Байден “Одоогийн ерөнхийлөгч харсаар байж 200 мянган иргэнээ үхүүлсэн, тэр бас арьс өнгөний үзлийг дэврээж, ард түмнээ талцуулагч, тэр хэрэгтэй цагт нь ард түмнээ хаясан, тэр чухал цаг мөчүүдэд гольф тоглож явсан, түүнийг би ‘Путины гөлөг’ гэж хэлэхээс ч эмээхгүй байна. Өнөөдөр түүн шиг саятан тэрбумтнууд улам баяжиж, энгийн иргэдийн амьдрал улам хэцүү болж байна. Цаашид бид энэ чигээр явбал нөхцөл байдал улам хүндрэх болно. Харин энэ бүхнийг зогсоох хүч сонгогч таны гарт байна. Очоод саналаа өг. Таны санал энэ бүхнийг таслан зогсоох цорын ганц хүч” гэсэн бол Трамп ”Би бол маш гайхалтай сайн хүн. Хүмүүс намайг ямар гайхалтай хүн болохыг байнга ярьсаар байдаг. Надаас илүүг хийх, надаас илүүг бүтээх хүн гэж байхгүй шүү. Мэдээллийн хэрэгслүүд намайг гүтгэж, харлуулсаар, тэднийг магтаж сайшаасаар байдаг нь харамсалтай. Гэвч би их зүйл хийсэн нь үнэн” гэж хэллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
1