Хайх зүйлээ бичнэ үү

20 мин

Байр суурь | Хүчирхийллийн суурь шалтгаан бол нийгмийн ёс суртахууны уналт


Бид хүчирхийлэл хэмээн дээр дооргүй хашхирч байна.  Хүүхдийн эсрэг олны сэтгэл сэртхийм хүчирхийллийн хэргүүд гарч, хэрэг гарах бүрийд нийтээрээ хэсэг шуугилдаад намждаг, бүгд бие биеэсээ бурууг хайсаар өнгөрөх боловч бодит үр дүн, зорилгын хойноос явдаггүй ийм нэг тойрогт оржээ, бид. Хүүхэд гэлтгүй эрэгтэй, эмэгтэй, хэнд ч тохиолддог, гэр бүлийн орчноос авахуулаад ажлын байранд хүртэл олон төрлөөр үйлдэгддэг хүчирхийллийн суурь шалтгаан болоод нөлөөлөх хүчин зүйлс, сэргийлэх ажлын тухай олон талын байр суурийг тусгахаар дараах мэргэжилтэн, экспертүүдтэй ярилцлаа. 

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвийн захирал Н.Арвинтариа: Хүүхэд нь хүнд зодуулаад ирвэл эр юм байж эргүүлээд зодолдохгүй яасан юм гэдэг эцэг эх бол хүчирхийллийг дэмжигчид

- Бид хүчирхийлэлд өртсөн хүмүүс, хохирогчдын тухай голцуу яриад, үйлдэгч этгээдийн зан үйлд нөлөөлөх, засаж залруулах тухай орхигдуулаад байх шиг. Баривчлагдаж гарч ирээд нөхцөл байдал нь дээрдэх бус улам дорддог тухай ярьсаар л байна. 

- Албан ёсоор бол баривчлах төвүүд дээр зан үйлд нөлөөлөх албадан сургалт зохион байгуулдаг. Улсын хэмжээнд энэ сургалтын үр дүнд хийсэн судалгаа тайлан байгаа эсэхийг мэдэхгүй. Харин хуулинд тусгасан энэ сургалтын хэрэгжилт дээр бид хэд хэдэн газар мониторинг хийсэн л дээ. Үр дүн бол тун хангалтгүй. Шүүхээс хэдэн цагийн сургалтанд суухыг нь тогтоож өгөхөөр баривчлагдсан хүмүүс сууж уураа хянах, зөвшилцлийн аргаар асуудлыг шийдвэрлэх зэрэгт суралцах ёстой сургалт. Гэтэл сургагч багш байхгүй, сургалт явуулах боловсон хүчин байхгүй, сургалтын агуулга хөтөлбөр нь дутуу дулимаг, зарим газраа сургалтын анги танхим ч байхгүй байна. Үүнд улсын төсвөөс мөнгө төсөвлөж өгсөн ч юмгүй. Ингээд шашны байгууллагын пастор, эсвэл нэг намын ажилтан очдог үйл ажиллагаа болж хувирсан байна. Үр дүнгийн судалгаа хийхэд зан  үйлд нь өөрчлөлт орж сайжирсан тохиолдол өдрийн од шиг л байна даа. 

- Хүчирхийллийг ядуурлын үр дүн гэж харж байна. Нийгэм бүхлээрээ ядуурлаас гарахгүй, тэгш бус байдал газар авсан чигтээ байвал энэ асуудал улам л хурцаар яригдана гэж үзэх хүмүүс байна. Гэтэл бид хэзээ ядууралгүй, хүчирхийлэлгүй болж амар сайхандаа жаргах вэ? Хол юм шиг санагдаж байна л даа. Тэгэхээр ер нь өнөөдрийн нөхцөлд хүчирхийллээс хамгаалах ажлын үр дүнг бид яаж хэмжиж явах юм бэ. Нэг ч болов хүүхэд эмэгтэйг хамгаалж байвал сайн гэдгээр дүгнэх үү? Түүний ард байгаа хэдэн мянган хэрэг явдлыг яах вэ? 

- Ажилгүйдэл, ядуурал, боловсролын түвшин, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг нь бол нөлөөлөгч хүчин зүйл шүү. Бодит шалтгаан нь бол нэг үгээр ёс суртахууны уналт юм даа. Манай нийгэм хүчирхийллийг дэмжигч нийгэм болж хувираад байна. Алив хэрэг явдал гарсан ч иргэдийн хандлага алаад өг, цаазлаад өг гэж байгаа нь өөрсдөө хүчирхийллийг дэмжих хандлагатайн илрэл шүү дээ. Энэ хандлагыг өөрчлөөгүйгээр бид хэчнээн хүчирхийлэгч муухай гэж яриад ч өөрсдөө ялгаагүй байгаа хэрэг.

 Ажилгүй, ядуу, боловсролгүй, согтуу хүн бүхэн хүчирхийлэл үйлдээд байна уу гэвэл үгүй. Эсрэгээрээ боловсролтой, ажилтай хүмүүс илүү жин дарна шүү. Энэ бол зүгээр л асуудлыг хүчээр шийдвэрлэдэг бидний нийгмийн хандлагын сүүдэр юм.

Есөн настай охины хэргийг хар даа. Бүгд ээжийг буруутгалаа. Гэтэл тэр ээж өөрөө хүчирхийллийн ямар нөхцөлд байсан нь ондоо асуудал байгаад байна. Өөрөө арчаагүйдээ хүчирхийлэлд өртжээ хохь нь гэх хандлага шүү дээ. Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 60 хувь нь хүчирхийллийг өөгшүүлэх, зөвтгөх хандлагатай. Хохирогч нэгнийг өөрөөсөө боллоо гэж үзээд байна. Тэр байтугай хүүхэд нь хүнд зодуулчхаад ирвэл эр юм байж эргүүлээд зодолдохгүй яасан юм гэж хэлдэг ээжүүд байна. Ингэж л хүчирхийллийг өөгшүүлж байна. 

- Нийгмийн энэ хандлагыг өөрчилбөл хүчирхийлэл буурна гэж үү? 

- Тэгэлгүй яах вэ, одоогийн байдлаар бид сэргийлэхээс илүүтэй үйлдэгдсэний дараах процесст маш их хөрөнгө зарцуулж, анхаарлаа тэр зүгт хандуулаад байна. Хэргийг шалгах, шүүхэд аваачих, ял эдлүүлэх, хохирогчид үйлчлэх гээд л энэ бүхэнд төвлөрүүлж буй анхаарал болон зардлыг урьдчилан сэргийлэх ажил буюу хувь хүний хандлагыг өөрчлөх, нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх ажилд зарцуулбал илүү үр дүнтэй. Хүн рүү чиглэсэн ажил бол хүүхэд байхаас нь эхэлнэ шүү дээ. Хүний нийгэмд эв зүйг баримталж амьдрах дадал зуршил, арга ухааныг төлөвшүүлнэ гэдэг бол хамгийн чухал ажил. 

- Бид нар өнөөдөр яагаад ийм ёс суртахуунгүй болчихов оо? 

- Хөгжил гэдгийг эдийн засаг гэж ойлгоод олон жил хүнээ хаяж дээ. Ажил ажил, мөнгө мөнгө гээд үр хүүхдүүдээ ч хаяж. Бас миний хүүхэд л болж байвал бусдын хүүхэд хамаагүй гэж амиа их хичээж. Ерөнхийдөө бол айл гэр, төр засаг аль аль нь хүүхэдтэйгээ, хүнтэйгээ ажиллаагүй явж ирсний гай. Иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг харсан ч гунигтай. Хавдрын үзүүлэлтээр тэргүүлж байна. Баялгийн шударга бус хуваарилалт ч гэсэн үүний нэг шалтгаан. 

“Монфемнет” үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д. Энхжаргал: Бидний татварын мөнгөөр биднийг хамгаалах ёстой бүхэл бүтэн механизм ажиллуулж буй төртэй хариуцлага тооцох ёстой

- Хүчирхийлэл гарах шалтгаан архи, ажилгүйдэл, ядуурал гэхчлэн олон зүйл нэрлэж байна. Таныхаар хүчирхийллийн суурь шалтгаан юу вэ?

- Үүн дээр бид төөрөлдөөд байна. Ядуурал, ажилгүйдэл, архидалт, боловсролын түвшин гэх мэт нөлөөлж буй хүчин зүйлстэй холбоод байна л даа. Гэтэл  суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Эрх мэдлийн тэнцвэргүй байдал гэж юу юм бэ гэдгийг ярихгүй байна. Өвчнөөр бол зөвхөн шинж тэмдгийг арилгах гээд, өвдөөд байгаа шалтгаанаа мэдэхгүй байна. 

Үндсээр нь арилгая гэвэл хүмүүс хоорондын харилцаанд үүсч буй эрх мэдлийн тэнцвэргүй байдал, зөрчлийг арилгах хэрэгтэй. Энэ бол эхнэр нөхөр, эцэг эх хүүхэд, багш сурагчийн хооронд буюу дотно харилцааны түвшинд ихэвчлэн үүсдэг зүйл. Үүнийг л харилцааны зөв арга барилаар шийдвэрлэхэд бид анхаарах хэрэгтэй байна.

- Хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль эрх зүйн талаасаа манайд нөхцөл байдал хэр байгаа бол?

- Хүчирхийллээс хамгаалах, сэргийлэх ажлыг гурван түвшинд авч үздэг л дээ. Нэгт, гарахаас нь өмнө сэргийлэх буюу хүүхэд байхаас аливаа зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэх ур чадварт сургах угтах стратеги.

Хоёрт, хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлээд, маш шуурхай таслан зогсоох. Энэ бол олон хүний, хүүхдийн амийг аварч болох арга зам шүү. Хуулийн, сэтгэл заслын, нийгмийн халамж хамгааллын олон аргаар илрүүлж болно. Ангийн багш, өрхийн эмч бүгд хүчирхийллийг мэдээллэх үүрэгтэй. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж байхад мэдээллээгүй иргэн, хөрш зэргийг зөрчлийн тухай хуулиар шийтгэл оноохоор заасан байгаа. Гуравт, нэгэнт хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд хохирогчийг хүчирхийлэлд өртөхөөс өмнөх байдалд оруулах урт хугацааны нөхөн сэргээх ажил. 

Манай Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол бүхэлдээ урьдчилан сэргийлэх хууль. Саяын гурван түвшний зохицуулалтыг энэ хуулинд багтаасан. Муу хууль биш л дээ. Гэтэл нэгэнт хүчирхийллийн хэрэг үйлдээд гэрч, хохирогчийг цаашид хамгаалах болоход урьдчилан сэргийлэх зорилготой ганц хуулиар л тэднийг хамгаалах гээд оролдоод байгаа нь оновчгүй байна. Хамгаалах ажилд энэ хууль дангаараа хангалтгүй. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Нийгмийн халамжийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэхчлэн хуулиудыг давхар ашиглаж байж хохирогч бүрэн хамгаална. Энэ асуудлыг яримаар байгаа юм. 

- 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэхдээ ямар ямар дэвшилтэт зүйл заалтууд тусгасан юм бэ? 

- Монгол Улсын түүхэнд анх удаа гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзсэн хууль шүү дээ. Түүнээс өмнө гадаа гудманд явж байгаад зодуулбал гэмт хэрэг, гэртээ зодуулбал гэмт хэрэг биш гэсэн өнцгөөс авч үздэг байлаа. Мэдээж учруулсан хор хохирлоос шалтгаалаад гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг ялгаатай зүйлчилнэ л дээ. 

Хэрэгжилтийн хувьд удаашраад сэтгэл дундуур байгаа зүйл гэвэл Эрүүгийн хуулинд Зорчих эрхийг хязгаарлах буюу тодорхой газар нутаг, байршил бүхий газруудад зорчихыг хориглох, уулзахыг хориглох, хохирогчийн байгаа газарт орохыг хориглох, утас, зурвасаар харилцахыг хориглох зэрэг зохицуулалтуудыг тусгасан. Гэхдээ 2016 онд батлагдахдаа 2021 он хүртэл хэрэгжилт нь хойшилсон. Тиймээс өнөөдрийг хүртэл хүчирхийлэл үйлдэгчдэд шууд ял өгөх, баривчлах зохицуулалтаар явж ирлээ. 

Ингэхээр олон айл өрхөд ганц ажил хийж байсан, тэжээж байсан хүнийг нь хориод санхүүгийн хүндрэл үүсэх жишээний. Хэдий хохирсон ч гэсэн ойр дотны хүнээ шууд ялтан болгоод явуулахад сэтгэл санааны хүнд байдалд ордог л доо ихэнх тохиолдолд. Уг нь хүнд хөнгөнөөсөө хамаараад шаталсан хариуцлагын систем байсан бол хохирогчдод ч гэсэн дарамт, чирэгдэл багатай.

Зөрчлийн хуулиар ч мөн аливаа хүчирхийллийн хэлбэрүүдэд баривчлах шийтгэл шууд оноодог болж,  шаталсан хариуцлагын тогтолцоо буюу эхний ээлжинд тусдаа амьдрах, уулзахыг хориглох гэх мэт үйлдлийг алгассан шийдвэр болсон нь тийм ч зөв биш гэж харж байна. Гэхдээ одоогийн байгаа хуулийг бүрэн зохистой хэрэгжүүлж чадвал бас ч гэж хангалттай хамгаалах бололцоотой. Гагцхүү хуулийн хэрэгжилт ямар байна, хууль хэрэгжүүлж буй хүмүүс хангалттай ажлаа хийж байна уу гэдэг асуудал чухал байна. 

- Хангалттай ажиллахгүй байгаа хүмүүс нь хэн бэ?

- 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдах хүртэл энэ асуудал ерөөсөө төрийн үүрэг хариуцлагаас гадуур явж иржээ. ТББ-ууд л янз бүрийн ажил үйлчилгээ туршаад л, хүнд хэрэгтэй хуулийн зүйл заалтуудтай болчихсон гээд нөлөөллийн ажлууд хийж ирсэн. Ингээд хууль шинэгчлэгдсэнээр энэ асуудал 100 хувь төрийн ажил болсон. Доод түвшинд хорооны засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагчаасаа авахуулаад дээрээ их хурлын гишүүд, засгийн газраа хүртэл бүх шатанд хэн ямар үүрэг хариуцлага хүлээх юм гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байгаа. 

Тэгэхээр төр хүнийхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд биднээс татвар авч, тэрхүү татварын мөнгөөр бүхэл бүтэн механизм ажиллаж байна шүү дээ. Хууль шүүх, цагдаа, засаг захиргааны анхан шатны нэгжүүд гэх мэт. Ийм байхад ард иргэд шууд төрөөс хариуцлага нэхэх ёстой. Хэн ямар үүрэгтэй гэдгийг тодорхойлсон л юм бол эргээд хэн ямар хариуцлага хүлээхийг тов тодорхой болгож, аливаа үйл явдалд тухайн хамаатай ажилтан, албан тушаалтныг цохож, нэр зааж хариуцлага тооцох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хариуцлагын сүүдэрт олон хүн нуугдаж үлдээд байна. 

Хэдхэн хоногийн өмнө нас барсан есөн настай охины хэрэг дээр л гэхэд хорооны засаг дарга юу хийж байсан юм бэ, нийгмийн ажилтан юу хийж байсан юм бэ, итгэлийн утас руу залгаж тусламж хүсэхэд нь тэндхийн ажилтнууд юу хийж байсан юм бэ, яагаад нөхцөл байдлын үнэлгээг дутуу хийсэн юм бэ, яагаад цагдаагийн ажилтан аюулын зэргийн үнэлгээг дутуу хийсэн юм бэ? Энэ бүх хүмүүс хуулиар хүлээсэн үүргээ дутуу гүйцэтгэснээс болоод тэр цоорхойгоор хүүхдийн амь алдагдлаа. 

- Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид ажлаа хэр хийж байна? 

- Яг үнэн. Зөвхөн энэ анхан шатны нэгжүүд ч биш, прокурорын байгууллага ч хүчирхийллийн улмаас амь насаа алдсан тохиолдол бүрийг нарийвчлан судалж  тогтолцооны хаана нь алдаа гарсан гэдэгт дүгнэлт гаргана гэж заасан байгаа. Иргэд энэ ажлын үр дүнг прокурорын байгууллагаас шаардах бүрэн эрхтэй. 

УИХ-ын гишүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар ямар үүрэг хүлээлгэсэн нь бас л тов тодорхой байгаа. Тэд хуулиа унших хэрэгтэй байна. Хэрэг зөрчил их гараад байгаа тохиолдолд их хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын тайланг Засгийн газраас шаардаж, хэлэлцэх ёстой. Гэтэл шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн жил болчихоод байхад нэг ч авч хэлэлцээгүй л байна. Энэ мэт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хүмүүс их байгаа учраас бид хариуцлага нэхдэг, тооцдог тогтолцоо руу яаравчлах хэрэгтэй болж байна.

“Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан: Иргэний хяналт, оролцоо сайжрахгүйгээр төгс хууль, мянган цагдаа байгаад дээрдсэн жишээ байхгүй

- Сүүлийн нэг жил цар тахлын нөлөөгөөр хүүхдүүд сургууль завсардаж гэртээ байлаа. Танай төвийн ачаалал хэр нэмэгдэв? Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл ямар үзүүлэлттэй байгаа бол?

- Манай хамгаалах байранд байгаа хүүхдийн тоо Ковидоос шууд хамараалтайгаар гурав дахин нэмэгдсэн. Тэгээд энэ бодит өсөлтийг улсын хэмжээн дэх гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй харьцуулж харахад нэг л итгэл үнэмшил төрөхгүй байна л даа. Сонгууль угтаад гэмт хэрэг буурсан статистик гарсан шүү дээ. Төр засаг муухай харагдаж болохгүй болохоор тодорхой дүн мэдээллийг нуусан болов уу гэж бодож байна.

Бид бол статистиктай статистикгүй өдөр тутамдаа ямар байгааг харж, мэдэрч байна. Хүүхэд хүчирхийлэгчтэй хамт өнгөрөөх цаг нь ихсээд, 24 цаг хамт байгаад ирэхээр яаж ч бодсон энэ тоо буурна гэж байхгүй. Энэ дээр төр засаг ямар ч бодлого барьсангүй, арга хэмжээ авсангүй, нэг сонгууль л хийлээ. Сургууль цэцэрлэгээ хаасан бол эргээд хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөх орчингуудыг нээх ёстой. Гэтэл бид зүгээр л бүх юмаа хаалаа, хүүхэд хүчирхийлэл үйлдэгчтэйгээ үлдлээ. Өөр юм алга. 

- Хүчирхийллийн шалтгаануудыг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, ямар нэг зүйлийг буруутгаж байна л даа. Чиний нүдээр хүчирхийлэл ингэж ихссэний суурь шалтгаан юу вэ?

Тэгш бус боломж. Энэ нь гэхдээ баян ядуугаас болоод байгаа ч юм бас биш. Баян хүн баян л байдаг юм байгаа биз. Хашаандаа 10 тоглоомын талбай баривал барина л биз. Гэтэл тэр хороонд, тухайн нэгж засаг захиргаанд соён гэгээрүүлэх, оюуны хөрөнгө оруулалт хийх, тоглох наадах газрууд байх ёстой. Ерөөсөө баян ядуугаас үл хамаараад олон нийтийн хувьд амьдрах орчны тэгш боломж гэж нэг юм байх ёстой. Тэр нь манайд асар их ялгаатай байна. Баячуудад нь маш их. Ядууд нь огт байхгүй. 

Хотын төв, байшин хорооллуудад хүн амьдарч аж төрөхөд тохь тухтай, үйлчилгээ ихтэй, нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрэхэд, бие биетэйгээ харилцахад дөхөм орчин их байна. Харин гэр хорооллын зах руу огт алга. Наад зах нь тоглоомын талбай, номын сан алга. Олон улсад олон нийтийн төвүүд маш чухалд тооцогддог. Энэ нь тухайн хэсгийг зөв тийш нь чиглүүлж, давхар хяналт мониторинг хийж байдаг ач холбогдолтой. Бидэнд энэ огт алга. Үүний харгайгаар саяхан дөрвөн хүүхэд усанд живж амиа алдлаа. Боломж ийм тэгш бус байгаа нь маш их зүйлийн шалтгаан болж байна. 

Хүүхдүүдийг бид газ үнэрлэж байна, архи ууж байна гэж халаглаж байна. Гэтэл өөрсдийн хэмжээнд номын сан нээгээд үзэхэд хүүхдүүд үнэхээр мундаг сайн ном уншдаг юм байна гэдгийг харлаа. Эхлээд бид хүүхдэд ямар орчин бэлдэж өгчихөөд дараа нь ямар хүмүүжил хүсээд байна вэ? гэдгээ л харах ёстой болж байна.

- Одоо өрнүүлж буй “Хүн бай” нөлөөллийн ажлын холын зорилго юу вэ? 

Сая хэлсэн тэгш бус боломж, дээр нь гэр бүл төлөвлөлт, боловсролгүй байдал, ядуурал, архидалт гээд бүх л буруугаа чихэж буй зүйлсийг ерөөсөө нэг удаа хойш нь тавья. Бүр хаяя. Тэгээд харин өөрсөд рүүгээ нэг харцгаая. Өнөөдөр нөхцөл байдал ийм болтол нь явахдаа нэг ч үйлдэл хийгээгүй, дуу хоолойгоо хүргээгүй, амиа хичээгээд амьдарсан өөр рүүгээ нэг хараач. Энэ бол чиний буруу! Бидний буруу! Тэгэхээр “Хүн бай” акц бол цэвэр иргэний хяналт оролцоог сайжруулах, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой акц.

Иргэний хяналт оролцоо сайжрахгүйгээр төгс хуультай байгаад, мянган цагдаа сэргийлэхтэй байгаад дээрдсэн жишээ байхгүй. 

Амиа алдсан охины хөршүүд юу гэж ярихыг сонссон байх. Шөнөжин зоддог, байнга уйлуулаад л чирээд явж байдаг, гэхдээ миний хамаатан садан биш юм чинь надад ямар хамаа байх вэ гэж. Энэ хувиа хичээсэн үзлийг яах вэ? Тогтолцоо, бодлого, хууль энэ тэр гэхээс түрүүн энэ хяналт оролцооны, хандлагын асуудлыг өөрчилж, ямар ч хүчирхийллийг тэвчдэггүй хүн байя гээд байгаа юм. Хүүхэд зодож болохгүй, амийг нь хөнөөж болохгүй гэдгийг номноос сурдаг зүйл биш шүү дээ. Хүнд төрөх ёстой байгалийн инстинктээрээ үүнийг зогсоох ёстой, тийм биз дээ. Тэгээд хэрэг гарахад бусдыг буруутгана. Өөрөө юу хийсэн юм бэ? Юу ч хийгээгүй л байхгүй юу. Энийг л яриад буй юм. 

- Мэдээллийн хэрэгсэл, хүчирхийллийн эргэн тойронд ажиллаж буй хүмүүс энэ сэдвийг үр дүнтэй бөгөөд тогтмол ярихын тулд яаж ажиллах ёстой вэ? Хүмүүс хэтэрхий сөрөг мэдээллээс зугтаах, эсвэл хэсэг яриад мартах, тэгээд давтамж нь ихсэх тусмаа үл ойшоох хандлагатай болж байна шүү дээ.

- Тийм, бид хүмүүсийг айлгах биш ойлгуулах хэрэгтэй байна. Тогтвортой ярьж, байнгын ажил болгох хэрэгтэй байна л даа. Хүчирхийллийн эсрэг нэг сарын аян гэж юу гэсэн үг вэ? Нэг сар болоод буурдаг хүчирхийлэл гэж юу байх вэ. Хорин жил хүчирхийлэл үйлдсэн хүнд хоёр цаг лекц уншаад өөрчлөгдөх үү. Ийм жүжиг шиг юмаа больмоор байна.

Бид үнэндээ нийгэм ямар мэдээллийг хүлээж авах чадвартай байна түүнийг нь маш болгоомжтойгоор хүргэдэг шүү. Нийгмийн сэтгэл зүй хүлээж авч чадахгүй хэргүүд олон гардаг бөгөөд тэр бүхнийг ил гаргадаггүй. Хүнийг айлгаж сенсаацалснаар тэр сэдвээс улам холдуулж, эргэж харахгүй болгодог болохоос биш бодитоор нөлөөлж чадахгүй л дээ. Тэгэхээр хүчирхийлэл гэдэг том, бүдүүн мод шиг сэдвийг бид задалж ярих ёстой юм байна. Жишээ нь багш хүн хүүхдийг хүчирхийллээс яаж хамгаалж чадах вэ гэдгийг, дараа нь хөрш гэж хэн бэ, яаж бие биенээ хамгаалах вэ, хүчирхийлэл үйлдэгч яагаад ийм болов  гэхчлэн сэдвүүдийг задлан шинжилж ярих ёстой юм байна. Ингэснээр бид мэдээлэл мэдлэгийг тогтвортой, тогтмол хүлээж авч, амьдралд хэрэгжүүлж, баримталж, хүүхдийг хамгаалж, хүчирхийллээс сэргийлж сурахад илүү үр дүнтэй байх гээд байна. 

Сэтгэл зүйч, Хөөрхөн Зүрх ТББ-ын тэргүүн А.Хонгорзул: Хүүхдийг алдаанаасаа суралцах орон зайгаар хангаж байгаарай

-Хүчирхийлэгч гэж хэн болох, хаанаас төрдөг юм бэ?

- Хүчирхийлэгч гэж биднээс ангид нэгэн байдаггүй. Хүн бүр эхээс төрөхдөө яг адилхан төрдөг. Харин гэр бүл, орчны нөлөө хүний ертөнцийг үзэх үзэл, хандлага, зан үйлийг өөр өөрөөр бүрдүүлнэ. Асран хамгаалагчид нь хоорондоо болон хүүхэдтэй яаж харилцаж байна? Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд, хайрлуулж хүндлүүлж өсөж байна уу? Алдаа гаргах бүрийд хүүхдийн оршихуй руу хатуу хахир, бүдүүлэг, хүчирхийлэл агуулсан, доромж үг хэллэгээр дайрч байна уу? Хүүхэд рүү хашхирч, орилж, цаашлаад бие махбодийн хувьд хүчирхийлж байна уу? Энэ бүхнээс л хэн болох нь шалтгаалдаг юм. 

Гэр бүлийн хүчирхийлэл бол гэнэт үйлддэг зүйл огт биш бөгөөд тухайн үйлдэж буй хүн үүнийгээ хэзээ, хаана үйлдэх вэ гэдгээ ч мэдэж байдаг. Гэр бүл дотор би хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй, бусдыг би захирна гэж мэдэрсэн, эрх мэдлээ тогтоох хүсэлтэй хүнээс хүчирхийллийн үйлдэл гардаг. 

-Хохирогчийг буруутгах ёсгүй гэж бид нэлээн хэдэн жил ярьлаа. Энэ яагаад хүмүүсийн ой ухаанд нэг л бууж өгөхгүй байна вэ? Хэргээс хэрэгт, дуулианаас дуулианд гэмт хэрэгтэнг биш хохирсон хүмүүсийг л ийм байдалд ортлоо явсан хохь чинь гээд загнаад байдаг.  

- Хохирогч, даван туулагчийг буруутгах нь маш олон хүчин зүйлсээс хамаардаг л даа. Нэгдүгээрт, тэднийг буруутгах нь хамгийн амархан. Бид зөвхөн нүдэнд ил харагдаж буй өнгөцхөн хэсгийг шүүмжилж, цаадах тогтолцоо, соёл руугаа өнгийдөггүй. Эндээс нийгмээрээ хүчирхийллийг өөгшүүлдэг хандлага улам батжиж байна.

 Тухайлбал “эр хүн нэг алдаа л биз”, “ганц хоёр гар хүрэх байдаг л асуудал”, “хайртай бол хартай”, “эмэгтэй нь өөрөө ажилсаг байсан бол”, “сайн” гэрийн эзэгтэй байсан бол”, “эмэгтэй нь тэвчих ёстой” гэх мэт эцэс төгсгөлгүй хэвшмэл хандлагууд нэгийг буруутгаж нөгөөг нь өмөөрч байдаг.

Гэтэл асуудлын гүн рүү өнгийвөл хүчирхийлэл нь тогтолцооны гажуудал, бидний соёл уламжлал, боловсролын системд шингэсэн байна. Хүчирхийллийн суурь шалтгааныг ул суурьтайгаар ойлгож, шинэчлэх хэрэгтэй тул цаг хугацаа болон бусад нөөц маш их зарцуулагдах нь аргагүй юм. Түргэвчилье гэвэл салбар бүрийн нэгдсэн уялдаа холбоог сайжруулж, бодлогын хэрэгжилтэд нийтээрээ анхаарч, нийгмийн хандлага, ёс суртахууныг түргэн өөрчлөх хэрэгтэй. 

-Хүчирхийлэлд өртөж буй хэн нэг хүнийг би таньдаг байлаа гэж бодъё, туслахын тулд би хамгийн түрүүнд юу хийх вэ? Түүнтэй яаж харилцах, мөн тусламж үйлчилгээтэй хэрхэн зуучлах вэ? 

- Эхлээд маш сайн сонсох хэрэгтэй, мөн зөвлөгөө өгөх бол сайтар бодож байж өгөөрэй. Тусламжийн утсууд болох 107, хүүхэдтэй бол 108, цагдаагийн газрын 102, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн 96490505 зэрэг утсуудыг өгч болно. Мөн ямар ч шийдвэр гаргасан түүнийг дэмжинэ, түүний талд байх болно гэдгээ хэлэх хэрэгтэй. Хохирогч, даван туулагчийг буруутгахгүй байх нь хамгийн том тус юм.

-Хүчирхийлэгчийг төрүүлэхгүйн тулд бид хүүхдээ яаж өсгөх, бас хүчирхийлэлд өртүүлэхгүйн тулд юу заасан байх хэрэгтэй бол?

- Бусдын ялгаатай байдлыг ойлгох, хүндлэх, хувийн орон зайг хүндэлдэг байх тухай хүүхдэд багаас нь зааж, таниулан, ярилцаж байх. Хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй онцлогтой, бидний бие махбодь, оюун санаа бүгд өөр хоорондоо адилгүй гэдгийг тайлбарлаж байх. Бид бие биеэсээ ялгаатай байснаар дээрэлхдэггүй, шоглодоггүй, даапаалдаггүй гэдгийг хүүхдэдээ үлгэрлэх. 

Мөн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хэнээс ч айж эмээлгүй эрүүл аргаар илэрхийлэхэд сургах. Бас тэдэнд алдаа гаргаж болно гэдгийг хэлж, хүүхдийг алдаанаасаа суралцах орон зайгаар хангаж, энэ алдаа бол би биш, би муу хүүхэд биш гэсэн хүнлэг ойлголттой нь үлдээж байгаарай. Энэ бол насан туршийн боловсрол юм шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.