Хайх зүйлээ бичнэ үү

“Дүүриймаа”, “Сэр сэр салхи”, “Хайлуур мөрөн” зэрэг ардын дууг сэргээн дуулж, үзэгч сонсогчдын сэтгэлийг хөглөсөн Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Б.Алтанжаргалтай ярилцлаа. Шинэ цомгоо гаргахаар ид ажиллаж байх үед нь түүнтэй уулзсан юм.

-Одоо гаргах шинэ цомгоороо Та сонсогчдод ямар шинэ зүйлийг хүргэх вэ?

-Манай ардын урлагийн урын сан шавхагдашгүй юм. Бид зах зухаас нь л дуулж байгаа шүү дээ. Ардын урлаг, биет бус өвийг тээгч гэхээр өмнө нь хэдэн зуун жилийн турш дуулж ирсэн дууг коверлон дуулахаас хэтрэхгүй мэт болчихдог талтай. Тэгэхээр уран бүтээлээ шинэлэг байлгах, орчин цагийн үзэгч, сонсогчдодоо өөр өнцгөөс харуулах гэхчлэн ардын дуучдад артист байдал заавал хэрэгтэй болдог. Хүмүүсийн огт сонсоогүй монгол ардын 10 гаруй дууг шинэ урсгалаар дуулж сонордуулах цомог гаргахаар төлөвлөж байна. Сонсогчид маань хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй юм. Цагаан сараас өмнө амжуулах санаатай. Цомгийнхоо дуу бичлэгт орчихсон, ажил 50 гаруй хувьтай явна.

-Манай ардын дууны онцлог шинж юу вэ. Ер нь яг ямар дуу ард түмний дунд хэдэн зуунаар дуулагдаж, өнөөг хүрдэг юм бол?

-Монголчууд хээр тал, мал сүрэг, ан амьтадтайгаа зохицож байгаль дундаа амьдардаг шүү дээ. Энэ ахуйгаас хөг эгшиг ургадаг юм шиг ээ. Өвөг дээдсийн үед зохиогдож, ам дамжин өвлөгдөн дуулж ирсэн дуунууд хэмжээнд баригддаггүй. Тал газарт, уулан дээр, голын эргээр алхангаа байгалийн сайхныг хараад дуулахад тухайн оршин тогтнож байгаа орчны өнгө аясыг илэрхийлж чаддагаараа ардын дуунууд онцгой санагддаг. Аливаа улс үндэстэн өөрсдийн дуу хөгжим, урлагийг мэдээж онцгой гэж үздэг байх. Гэхдээ бидний гаргаж байгаа дуу хоолой, ялангуяа уртын дуунд байгалийн хөг илүү тод томруун илэрхийлэгддэг. Суурин соёл иргэншилд шилжээд монголчууд уртын дуунаас гадна богино дуунуудаа бий болгосон нь бас л байгаль дэлхийтэйгээ ойрхон байдаг. Ардын урлаг маань хүний сэтгэлийн гүнд хүрч, эцэг эх, нутаг усаа бодох, хайртаа санагалзах, гансрах зэргээр агшин зуурт хүний сэтгэлийн нандин чавхдасыг хөдөлгөж, уяруулж чаддагаараа онцгой. Манай үндэсний урлаг хүмүүсийг транст оруулж, нэг сонссон бол дахиад сонсох сэдэл төрүүлж чаддаг.

-Таныг их дотортой дуулдаг гэлцдэг. Б.Алтанжаргалын дуулахыг сонсохоор өмөг түшигтэй, дулаахан нэгэнд тэврүүлж байгаа мэт дотно санагддаг тухай хэлсэн нь ч бий. Та дуулахдаа юуг мэдэрч, хүмүүст хэрхэн хүргэдэг вэ?

-Миний бага нас мал ахуйтай хөдөө нутагт өнгөрсөн л дөө. Над шиг хөдөөгийн хүүхдүүдэд сэтгэлдээ бага нас, нутаг, аав ээжээ санан дурсахад нь миний дуунууд дөхөм болдог юм болов уу. Морио унаад уул хангайгаар шогшуулаад л, гол хөндийгөөр найзуудтайгаа айл хэсэж айраг цагаа ууж дэмбээдээд л, айлын охидыг харж шохоорхох нь хөдөөгийн залуусын л мэдэх зүйл шүү дээ. Төв суурин газар өссөн хүн үүнийг дүрсэлнэ гэдэг юу л бол, тийм ээ? Би голдуу ардын дуу дуулдаг. Ингэхдээ дүрслэлээ л сайн гаргахыг хичээдэг. Нэг мэдэхэд л дуундаа орчихдог. Өөрийн эрхгүй мэлмэрч ч байлаа. Өнгөрсөн намар Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа бид гурав “Мандах нар” нэртэй тоглолтоо хийсэн. Мюзикл хэлбэрээр хийж, өөрсдийгөө сорьж үзлээ л дээ. Дуунуудынхаа домгийг уран сайхны аргаар нэгтгэж, найруулагчаар Ц.Батнайрамдал ах ажилласан. Тоглолт маань хөдөө нутаг, хүрээ, найр наадам гэсэн ерөнхий гурван хэсгээс бүрдсэн. Дуулахын хажуугаар жүжиглэнэ гэдэг чинь хэцүү ажил байна лээ. Үзэгчдэд өөрсдийгөө өөр өнцгөөс харуулсан нь ахицтай байсан болов уу. Ардын урлагийн мюзикл, дуулалт жүжиг олноор тавигдаж байсан ч чөлөөт уран бүтээлчдийн хамтарсан анхны тоглолт болсон. Үзэгчид сайхан хүлээж авсан шүү. Түүхийн явцад ардын дуу ч бас өөрчлөгддөг юм байна л даа. Тоглолтдоо бэлдэж байхдаа цаг үеэсээ хамаарч дууны үг хэллэг өөр өөр байгааг олж мэдсэн. Бид нар 100, 200 жилийн дараа дуулагдах уран бүтээл хийх ёстой юм байна. Тэгж байж л 8 настай балчираас 80 настай буурал хүртэл дуулж, уламжлагдана. Энэ талаар уран бүтээлч болсон цагаасаа л бодож явна даа. Одоо хийж байгаа цомог маань энэ хүсэлтэй минь холбоотой. Би 100 жилийн өмнөх дуунуудыг өвлөн дуулж байгаа шиг одоо цагийн дуунууд ч 100 жилийн дараа ул мөр нь балрахгүй эгшиглэж байгаасай гэсэн туйлын зорилготой.    

-Монголчуудад гэрийн жаврыг дуу хуураар үргээх ёсон байдаг нь ямар учиртай вэ. Дууны агуулгад бас их учир байдаг шиг?

-Урт удаан, аз жаргалтай амьдран суухыг ерөөж бэлгэдсэн найр наадмын дуунууд бий. Тухайн дууг зочид сайхан хүлээж авбал бэлгэдлээ дагаад ерөөл, жаргал болдог байх. Сүүлийн жилүүдэд залуус маань найр наадам хийхдээ хуучныхаа дуу хуурыг их дуулуулдаг болсон нь бидэнд сайхан санагддаг. Үүнээс гадна нутаг нутгийн найрын дэг жаяг өөр байдаг юм. Жишээлбэл, Дундговь аймагт дуу давтагдахгүйгээр 3-7 өдөр найрладаг. Ахмадууд эхлээд үг хэлж, дуулна түүний араас насны дарааллаараа ч юм уу найрын ахлагчийн зөвшөөрлөөр аяны дугараа өргөдөг ёстой. Ер нь найр наадмын энэ мэтчилэн дэг жаягийн цаад учрыг нь ойлгож, мэдэхгүйгээр ёс төдий хүлээж авбал болохгүй. Хэн дуртай нь зохиочихдог зүйл биш болохоор өв соёлоо мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Гүн хүндэтгэлтэйгээр хандах нь зөв. Найранд дуулдаг, дуулдаггүй дуу гэж бий. Энд тэнд дуулаад явж байхад хүмүүс найранд болох болохгүй дууг дуулж байгаа ажиглагддаг. Мэдэхгүй болохоороо тэгж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээгээр түүхээ мэддэг, адаглаад найранд дуулж болох, болохгүй дууг мэддэг баймаар санагддаг. Ерөнхий боловсролын сургуульд энэ талын хичээлийг оруулаад хүүхдүүдэд багахан ч гэсэн мэдлэг олгоосой гэж боддог.

 Намайг амьдралд сургасан хүн бол манай эмээ. Завгүй байхыг л мах ясанд шингэтэл заагаад өгчихсөн шиг байгаа юм.

-Та бага насныхаа талаар, өсөж хүмүүжсэн хөдөө нутгийнхаа дурсамжаас хуваалцаач?

-Манай өвөө эмээ хоёр насаараа мал малласан улс. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат хүмүүс. Сүүлд нэгдэл байгуулагдахад Төв аймгийн Алтанбулаг сум руу шилжиж, нэгдлийн адуу малласан. Биднийг мэдээ орсон цагаас л адуучин айл байсан даа. Тийм болохоор би өөрөө ч адууны зах зухтай. Өвөөг маань Гомбын Батжаргал гэдэг. Монгол Улсын алдарт уяач. 1980-ад оны эхээр улсын наадамд хамгийн анх нэгдлийн адуунаас даага айрагдуулж байсан түүхтэй. Эмээ маань улсын аварга саальчин хүн шүү дээ, базарваань. Аймгийн хоёр удаагийн аварга Д.Тантан гэж хөгшин бий. Манайх хамгийн эрт адуундаа мордож, хамгийн түрүүнд адуугаа авчирч усалж, барьдаг айл байлаа. Бороотой, нартай ямар ч өдөр ялгаагүй. Гүүгээ цаг тутам саана. Тэр дундуур адууны хялгасаа томно, олом, жирэм, дээс гээд бүхнийг хийнэ. Хурдан морь уях цаг болно, бог малаа холбож саана, хонины унгас ноостой ноцолдоно гээд л хөдөөгийэ ажил мундахгүй. Эмээ бид нарт өдөр өдөрт хийх ажлын график гаргаад өгчихнө. Байхгүй нэгнийхээ ажлыг хуваагаад л хийнэ. Манайхан эр, эмгүй бүгд адуу мал саана. Саальчин байсан гэхээр хүмүүс гайхдаг л юм. Би эхээс зургуулаа. Дөрвөн хүү, хоёр охин бий. Дөрвөн хүү бүгд адуу малтай ноцолдож өссөн. Бүгд тус тусдаа уургатай, биенийхээ уургыг авдаггүй. Өвөө “Муу хүн уургаа хугалдаг” гэдэг болохоор сайн хүн болох гэж их хичээнэ ээ.

Манай өвөө, эмээ их ажилч хичээнгүй хүмүүс. Шаардлага ч өндөр. Нутаг усандаа нэр хүндтэй, хүмүүс нь ч андахгүй. Бид нар хичээл амармагц хөдөө яваад л хичээл орохын өмнө наймдугаар сарын 31-нд гэртээ ирдэг байсан. Зуны гурван сар таг завгүй байдаг байлаа. Үүрийн таван жингээр босч, адуундаа явахаас эхлээд л ажил ундарна. Шөнө хамгийн сүүлд унтана. Хүүхэд байхад ядарснаа ч мэддэггүй юм билээ. Тэр их ажлын хажуугаар тоглож наадахаа ч амжуулна. Хурдан, шалмаг ажиллахыг эмээ заагаад өгчихсөн болохоор одоо би ажлаа удаашруулах дургүй. Өөрийн эрхгүй урагшаа зүтгэчихдэг. Хурдтай байх нь амьдралд их зүйл өгдөг. Адаглаад хөдөө гарвал малын зах зухтайгаа юм даа. Намайг амьдралд сургасан хүн бол манай эмээ. Завгүй байхыг л мах ясанд шингэтэл заагаад өгчихсөн шиг байгаа юм. Одоо эмээ минь 80 гаруй настай. Гэртээ зүгээр сууна гэж байхгүй. Юм оёж байгаа харагдана лээ.

-Адуучин айлын хүү хурдан морь их унасан байх даа. Айраг, түрүүнд хэр их давхиж байв?

-Хамгийн анх 6 настайдаа улсын наадамд уралдаж байсан. Түүнээс хойш наймдугаар анги төгстөлөө хурдан морь их унасан. Жижигхэн биетэй хүүхэд байлаа. Зургаан насны морьдыг бүгдийг нь л унаж байлаа, зөндөө айрагдуулсан. Дүү нар хурдан морь унаж эхлэх үед би томдоод айлын морьдыг унадаг болсон доо.

-Хурдан морины хүүхдүүд гийнгоолж морьдоо хурдлуулдаг. Гийнгоог өөрсдөө сурчихдаг юм уу, эсвэл хүмүүс тусгайлан зааж сургадаг юм уу?

-Манай Баянцагаан тийш боржигон гийнгоо давамгайлдаг байсан юм билээ. Өвөө эмээ хоёрын найз Баян-Өнжүүл сумын харьяат Монгол Улсын манлай уяач Чойдог гуайн морийг би олон жил унасан. Тэр хүн уртын дууг их сайхан дуулдаг байлаа. Чойдог гуай анх гийнгоолохыг зааж өгсөн шиг санагддаг юм. Эмээ минь “Ингэж гийнгоолдогсон” гэж аялж өгч, их нямбай заасан даа. Эмээгийн ээж болох эмэг эх маань сайхан дуулдаг хүн байсан гэсэн. Тэгэхээр миний сурсан нь эмэг эхээс л улбаатай гийнгоо болов уу. Хурдан морио унаад гийнгоолохоор айл, саахалтынхан “Цангинатал сайхан гоолдог хүүхдүүд шүү” гэдэг байж билээ.

-Удахгүй сар шинийн баяр болох нь ээ. Хөдөө нутагт л жинхэнэ утгаараа Цагаан сар болдог шиг санагддаг. Цагаан сарын тухай дурсамж тань сонирхолтой байна?

-Тэгэлгүй яахав, хүүхэд байхад Цагаан сарын амралт эхлэнгүүт шууд хөдөө явна. Цагаан сарын бүх зүйл сайхан санагддаг. Тавгийн идээний гурил нухах нь хүртэл жаягтай шүү дээ. Таваас зургаан хүний дамжлагаар бэмбий нухаж, хэвэнд хийдэг. Би бүр дороос нь эхэлсэн байхгүй юу. Жил жилээр ахисаар яг хэв дардаг дээр ирсэн чинь дүү маань аягүй гоё хэвлэдэг болж таараад би бэмбийн дээрээ үлдсэн дээ.
Цагаан сар болохоор эмээ маань арваад ач зээдээ бүгдэд нь дээл оёчихсон, өвөө эмээл зэхчихсэн байдаг байж билээ. Шинийн нэгний өглөө уяа дүүрэн морьдтой, бүгд тус тусынхаа зүгт морьтой явж, мөрөө гаргачихаад өвөөгөө дагаад өвөлжөөнийхөө хойд талын хайрхан дээр гардаг заншилтай байлаа. Уулан дээрээ гарч залбираад идээ цагааныхаа дээжийг өргөнө. Тэр их сайхан заншил санагддаг юм. Одоо ч гэсэн бид нар зундаа нутагтаа очиж, хайрхан дээрээ гардаг уламжлалтай. Цаанаасаа л нэг дуудаад байх шиг санагддаг. Хайрхандаа очоод идээ ундаагаа өргөчихөөр ажил, амьдрал минь ч бүтэмжтэй байдагт би итгэдэг юм. Ингээд бодохоор яалт ч үгүй хүн, байгаль хоорондоо холбоотой шиг байгаа юм шүү.

“Чи дуучин болох ёстой” гэж ээж минь захисан.

-Хотод ихэнх залуу гэр бүлүүд ахмад буурал, аав ээждээ очиж золгодог ч гэртээ тэмдэглэдэггүй. Танай гэр бүлийн хувьд Цагаан сарын баярт хэр их ач холбогдол өгдөг вэ?

-Манайхан бүгд тусдаа гарчихсан. Эмээ тусдаа гарсан айл болгоныг заавал Цагаан сараа хийж, ах дүү, хамаатан саднаа оруул гэдэг. Өрх үүдтэй бол амьтан хүнийг цайлж, идээ будаагаар дайлах ёстойг сургасан. Тийм болохоор манайх Цагаан сараа тэмдэглэж, хамаатан садан, найз нөхдөө оруулдаг уламжлалтай. Тусдаа гарснаасаа хойш 10-аад жил Цагаан сар хийж байна. Дүү нарынх ч бүгд шинэлдэг. Хамгийн эхлээд эмээдээ очиж золгочихоод нэгнийхээрээ ордог ёс байна. Манай найз нөхөд, үе тэнгийнхэн танайх Цагаан сар хийдэг юм уу, бэлэг сэлт бэлддэг юм уу гэж гайхдаг л юм. Жилдээ нэг удаа хамаатнуудаараа зочилж, зассан мах шүүсэнд нь хүрч, идээ ундаа зооглох нь нэгэндээ ерөөл бэлгэдэл хэлж байгаатай л адил санагддаг. Айл гэрийн өнгөтэй өөдтэй явах нь ч нөлөөлдөг байх. Бэрийн чанасан цайны амтаас эхлээд таваг тарианы өнгөнөөс нь хүртэл тухайн айлын жилийн өнгийг шинжчихдэг айхтар гярхай улс шүү дээ, монголчууд. Шинэ оны эхэнд өнгө үзэмжтэй хувцсаа өмсөж, ам дүүрэн бэлгэдэлтэй байх нь тухайн жилийн өнгө нь болдог юм шиг санагддаг.

Битүүний өдөр би зочдод зориулсан таваг, бурханы тавгаа засаж, эхнэр гал тогоондоо бусад хоол ундаа бэлддэг. Надад лав их сайхан санагддаг юм. Би хувьдаа Цагаан сар, наадамдаа л их ач холбогдол өгдөг дөө. Хүмүүс үндэсний баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг болжээ.

-Энэ жил олон улс даяар тархаад байгаа коронавирусээс сэрэмжилж Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хязгаарлалаа. Үндэсний бөхийн барилдаан ч цуцлагдчихсан. Та ер нь бөх хэр үздэг вэ. Бөхчүүдээс хэн хэнийг дэмждэг вэ?

-Бөхөө үзэлгүй яах вэ. Дуртай шүү. Битүүхэндээ дэмжиж, барилдааныг нь үзэх дуртай бөхчүүд бий. Батсуурь аваргыг олон жил барилдаж, ард түмнээ баясгаасай гэж боддог. Монгол бөхийн ёс жудгийг үнэнхүү авч яваа нь Батсуурь аварга. Бас О.Хангайг их дэмждэг. Жудагтай ч юм шиг байна лээ. Бөх хүнд олны хайр, хүндэтгэлийг зөвөөр хүлээн авах нэг сайхан чанар байдаг бололтой.

-Та СУИС-ийг төгсөөд уран бүтээлээ хийлгүй нэлээд хэдэн жил завсарласан шүү дээ. Урлагийн салбарт эргэн ирэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?

-Ээж намайг урлагийн замд хөтөлсөн юм шүү дээ. Уртын дуучин болгоно гэхэд нь анх уртын дуу заалгуулж, уралдаан тэмцээнд оролцдог байлаа. Ингэж яваад СУИС-д орж байсан. “Чи дуучин болох ёстой” гэж ээж минь захисан. Дуу хуурт их дуртай хүн байсан болохоор зургаан хүүхдийнхээ нэгийг урлагийн хүн болоосой л гэж бодсон байх. Орхигддоггүй, дотроос нэхэгдээд л байдаг зүйл бол уран бүтээл минь. Будаатай шөлийг нь уучихсан хүн чинь тийм уран бүтээлийг тэгээд хийчих юмсан гэж их бодно. Уран бүтээл хийх боломж нь бүрдээгүй ч сэтгэлдээ тээгээд л явсан. Жишээлбэл, оюутан байхын л “Гандан уулын цэцэг” дууг дуулна даа гэж бодож явсаар 10 гаруй жил болсон юм билээ. Тэр хүслээ ноднин биелүүлээд сэтгэл амарч байгаа юм. Өмнө нь яахав тийм уран бүтээлийг тэгж хийх юмсан гэсэн хүсэл их байдаг байсан бол одоо биет бус өвийг өвлүүлэн тээгч гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж явна. Алтанжаргалаараа явбал аав, нутаг хоёрын нэр гарна. Харин монгол ардын урлаг гэвэл үндэстнээрээ яригдана. 50 жил, 100 жил дуулагдахаар уран бүтээл үлдээх нь чухал. Уламжлал, шинэчлэлээ хэрхэн хослуулах нь уран бүтээлч бидний хамгийн том ажил болчихоод байна.

-Урлагт золиос хэрэгтэй гэж ярьдаг. Танд дуучин болохын тулд золиослосон зүйл байдаг уу?

-Урлаг тэр чигтээ хүнд шүү дээ. Гэрийн бараа харахгүй олон хоногоор явна. Баяр ёслолын үеэр гэрийнхэндээ олдохгүй. Гэртээ ирээд “Сайн байна уу” гэдэг шиг л юм болно шүү дээ. Шинэ уран бүтээл хийлээгэхэд оновчтой, оновчгүй болно гэхчлэн хэцүү зүйлс бий. Хүний сэтгэлийн нандин чавхдаст хүртэл нь уран бүтээл хийхийн тулд хугацаа шаардлагатай. Маш олон жил уйгагүй явсны эцэст таны нэг л уран бүтээл олон нийтэд хүрнэ. Арван уран бүтээл хийхэд бүгд амжилттай хүмүүст хүрэхгүй. Соло нэг л уран бүтээл нь бусдыгаа чирч явдаг шиг байгаа юм. Хэцүү хэцүү. Эхнэр маань араас цэнэглээд л дэмжээд байна. Би сэтгэлээр унамтгай хүн. Нэг л юм буруугаар эргэвэл сэтгэлээр унана. Түүнийгээ эхнэртэйгээ л хуваалцдаг даа. Манай хүн чинь бараг урлаг судлаач болж байх шиг байна шүү. Би эхнэр Н.Тунгалаг, охин А.Сэрчмаагийн хамт амьдардаг. Охины нэрийг лам өгсөн л дөө. Зарим хүн “Чи дуучин Сэрчмаад сайн байсан юм уу” гэж хошигнодог л юм.

-Эхнэртэйгээ танилцахдаа дуучин гэдгээ нуусан юм билээ. Хэр удаж байж “баригдав”?

-Хүмүүсийн хэвшмэл ойлголт байдаг шүү дээ. Урлагийн хүнтэй суувал зовно, урлагийнхан хөнгөмсөг гэх жишээний. Гэхдээ яг ч ингэж бодоод эхнэрээсээ нуусан юм биш л дээ. Анх эхнэртэйгээ дуучин хүний үүднээс танилцаагүй, одоогийн Алтанжаргал шиг биш байлаа шүү дээ. Нэг удаа машинд цуг явж байхдаа сахилгагүйтээд солгой хоолойгоор нэг дуу дагаж дуулсан юм. Тэгсэн манай хүн “Чи дуунд ийм дуртай юм уу” гэж явж байснаа тэвчихээ байгаад “Ер нь дуулаад хэрэггүй юм байна” гэж хүртэл зөвлөсөн. Тэгээд сар гаруйн дараа ангийнх нь залуу намайг дуучин гэдгийг хэлчихэж. Тэр маань мэдээд “бөөн” юм болж билээ.

-Та гарч буй XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилдээ юу хийхээр төлөвлөж байгаа вэ. Олон сайхан уран бүтээлээрээ үзэгч түмэнтэйгээ учран золгоно биз дээ?

-Эхний ээлжинд энэ шинэ цомгоо гаргана. Өмнө нь “Идэр жинчин”, “Дөмөн”, “Төгөлдөр зургаан Маа” гурван цомгоо гаргахдаа цомгийн баяр, нээлт хийж байгаагүй. Энэ удаа цомгийнхоо нээлтийг хийнэ. Мөн саяхан дуулсан “Гоолингоо” дуундаа клип хийлгүүлнэ. Сар шинээс өмнө арай амжихгүй бололтой. Энэ ондоо багтаад уртын дууны цомог юм уу пянз гаргах төлөвлөгөө бий. Би уртын дуучнаар төгссөн ч уртын дуугаа нэг их дуулахгүй яваа. Гэхдээ цомог гаргах бүртээ нэг уртын дуу заавал дуулдаг. Монгол Улсын гавьяат Дэлгэр багштайгаа одоохондоо зөвлөлдөж байна. Манай нутагт Боржигон, Баянбараат гэж Монголын уртын дууны хоёр том төлөөлөл байдаг. Хүүхэд байхад Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Төмөр гэж улсын алдарт дуучин байсан. Энэ хүн Монгол ардын уртын дууг хамгийн анх дэлхийн тайзнаа дуулсан хүн шүү дээ. “Дөмөн”-г дуулсан. “Дөмөн” дуу боржигон, баянбараат гэж хоёр аялгуутай. Энэ дууг дуулдаг хүн цөөхөн байгаа болохоор “Дөмөн” дуулахаас эхлээд ажил ундарна даа.

Ярилцлагынхаа төгсгөлд уншигч олондоо Сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Цагаан сар уламжлалт сайхан баяр боловч энэ жилдээ амь нас, эрүүл мэнддээ анхаарсан нь зөв болов уу. Бэлгэдлээ бодоод айл бүр таваг тариагаа засаад гэр гэртээ сайхан шинэлж, аав ээждээ очиж золгох биз ээ.

Энэхүү ярилцлага ХААН Банкны "Харилцагчийн сонин"-д нийтлэгдсэн болно.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.