Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Banana Mall Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№29)


"UB LIFE" сайтын хамт олон долоо хоног болгон өөрсдийн дурласан, дурлаж буй зүйлээ уншигч та бүхэнтэй хуваалцдаг билээ. Харин энэ долоо хоногт бид "Banana Mall"-ийн хамт олныг урьсан юм. Энэ булан цаашид олон байгууллагаар аялах учир хүмүүс шинэ содон юунд дурлаж, юуг сонирхож буй тухай манай нийтлэлээс уншаарай!   


1. Минимализм - Маркетингийн менежер Н.Батбаяр

Сүүлийн үед минимализм, минималист байх талаар сонирхож байгаа. Хэт замбараагүй мэдээлэл, эд зүйлс дунд байснаар бидний тархи, бие үүнээс шалтгаалан маш их ядаргаанд орж байгаа. Минимализм харин бидний тархи болон хүрээлэн буй орчинд ч нѳлѳѳлж чадахаар санагддаг. Энэ амралтын ѳдрѳѳр гэрт байдаг юунд ч юм хадгалдаг эд зүйлсээ бүгдийг нь нүдээ аниад хаяж, нүдэнд ил харагддаг зүйлсийг далд хийлээ. Гэрийн орчин тэр дороо л амар болж эхэлсэн. Кофегоо чанаад "Netflix" дээр "Mad Men" үзээд эмх цэгцтэй гэртээ суух тэр мѳч л дурласан зүйл минь дээ.

2. Агаарт гарах - Санхүүч М.Золбоо

Сүүлийн үед амралтын өдрийг гэр бүлээрээ агаарт гарч, тоглож өнгөрөөхөд илүү анхаарч байна. Хотын чимээнээс хол, нам гүм орчинд хайртай хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөж, цэвэр агаарт хооллож, сэвэлзүүр салхийг биеэрээ мэдрэн алхах сайхан байна даа.

3. Шинэ хоол турших - Борлуулалтын менежер Э.Ариунцас



Манай найз залуу өмнө нь хоол хийж үзээгүй л байлаа. Түүнд хамгийн анх хийж өгсөн хоол стейк байснаас гадна миний ч анх удаа стейк хийсэн тохиолдол байсан юм. Нэг их сүйдтэй амттай болоогүй ч, голоод байхаар муухай биш байсан. Тэгээд найз залуу минь хамтдаа хийдэг нэрийн хоолтой болъё, найзуудыгаа ирэхэд дайлдаг, энд тэнд хоол хийвэл тэр хоолоо хийгээд гайхуулчихдаг байя гэсэн санаа гаргасан. Тэр хоол нь стейк байхаар боллоо. Ингээд 7 хоног бүрийн амралтын аль 1 өдөрт заавал 1 удаа стейк хийх болсон доо. Хамтдаа хүнсээ цуглуулж, яаж гоё хийх вэ гэсэн олон бичлэг үзэж, хамтдаа хийсэн хоолондоо үнэлгээ өгч, яваандаа бид хоёрын хамтдаа бүтээсэн нэг хобби болсон. Аа нээрэн, манай найз залуу махыг надаас илүү гоё шардаг болохоор би салатыг нь хийдэг болсон шүү бүр.   Тийм болохоор өөр хоолыг илүү гоё хийдэг болж, ахлах тогоочийнхоо цолыг эргүүлж авах гээд хичээж л байна. Гэртээ хариад амттай хоол хийж өгөөд, амтархан идэж байгааг нь харах мөчид л сүүлийн үед дурлаж байна даа. Баахан хоол яриад өлсгөчихсөн үү?  

4. Аялал – Нягтлан бодогч Н.Нямжав



Сүүлийн үед цаг агаар дулаараад сэтгэл догдлоод аяллаар явахаар төлөвлөж байна. Хүн шинэ, өөр орчинд орохоороо өөрийгөө ямар их нөөцтэй, бодож байгаагаасаа олон зүйлийг хийж, сэтгэх чадвартайгаа олж мэддэг. Гол нь бодож байгаагаасаа ч илүүг хийж чаддаг гэдгээ мэдрэхэд аялал тусалж, гэртээ буцаж ирэхдээ өөртөө илүү итгэлтэй, эрч хүчтэй болсон мэт мэдрэгддэг. Мөн сэтгэх цар хүрээ нэмэгдэж, илүү нээлттэй болсон юм шиг санагдсан.  Өмнө нь явж байсан аяллаасаа сурсан зүйл, мэдрэмжийг дахин мэдэрч илүү их зүйл сурч мэдэхийг хүсэж байна.

5. The Last Dance - Үүсгэн байгуулагч, CEO Д.Золзаяа


Сүүлийн хэдэн сар спортоор үнэхээр их цангаж байна. Сагсанбѳмбѳгийн үнэнч шүтэн бишрэгчийн хувьд "Netflix"-ийн "The Last Dance" гэх Майкл Жордан болон түүний "Chicago Bulls"-ийн талаарх баримтат киног үнэхээр их шимтэн үзэж байна. Зѳвхѳн хувь тоглогчийн тухай биш баг, арын алба болон бусад маш олон сонирхолтой зүйлийн талаар дэлгэрэнгүй харуулж байгаа нь таалагдаж байгаа. Үлдсэн ангиудыг нь тэсэн ядан хүлээж байна даа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.