Хайх зүйлээ бичнэ үү

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Б.Батцэцэглэнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Дэлхий нийтээр коронавирус гарч, уран бүтээлчид нэг хэсэг тайзнаа гарч чадсангүй. Та энэ хугацаанд хувийн уран бүтээлдээ нэлээд анхаарч байв уу?

-Зөвхөн урлагийнхан, монголчууд гэлтгүй дэлхий дахинаар цар тахлын үед ажил төрөл нь зогсож, амьсгаа авах шиг боллоо. Хүмүүс нэлээдгүй зүйлсийг бодож, тунгааж өнгөрүүлсэн болов уу. Би бас зүгээр суусангүй, үзэмчин ардын “Нуун заяа” дууныхаа шинэ клипийг “өлгийдөж” авлаа.

-Таны нэр содон санагддаг юм. Хэн нэрийг нь өгч байв. Эмээгийн хүүхэд байсан гэсэн. Энэ тухай хуваалцахгүй юу?

-Аав маань надад Цэцэглэн гэж нэр өгнө гэхэд өвөө “Аавынх нь нэрний Батыг оруулна” гээд Батцэцэглэн гэж нэрлэсэн гэдэг. Би эмээ дээрээ өссөн. Аав ээж хоёр хөдөө мал дээр, эмээ хэдэн хүүхэдтэйгээ Сайншанд сумандаа амьдарч, бидний амралт эхлэхээр хөдөө гардаг байсан. Би дөрвөн охинтой айлын бага нь шүү дээ. Өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд зөв хүмүүжилтэй, ажилд сайн, аливаа зүйлд буурь суурьтай байдаг шиг санагддаг. Тийм ч болохоор охиноо миний мэдэрсэн сайхан зүйлийг мэдрээсэй гэсэндээ эмээ өвөөд нь даатгах үе байдаг. Намайг магтаж, сайшааж байгаа үгс зөвхөн минийх биш. Би бол эмээгийнхээ “бүтээл” учраас бусдаас сайхан үг сонсож, урам авч байгаа минь эмээдээ өгч байгаа бэлэг гэж боддог доо. Тууштай, тэвчээртэй байх, хүмүүстэй эвтэй харилцах, ажилдаа чамбай байхыг эмээ минь зааж, сургасан. Доржийн Нансал гэж сайхан буурай байлаа. Манай Улаанбадрахынхан андахгүй дээ. Нансал мээм, мээм эх, мээм ээж гэж нутгийнхан маань авгайлдаг байсан юм.

-Юу таныг дууны урлаг руу хөтөлж, дуучин болох гарааг тавьсан бэ?

- Хамгийн анх “Идэр жинчин” дууг эмээ зааж өгч, намайг урлагийн замруу хөтөлсөн. Манай говийн чимэг болсон тэмээн сүргийн тухай дуу. Дээр үед тэмээндээ ачаалаад л хэдэн зуу, мянган км замыг туулахдаа тэмээгээ магтан дуулдаг байж л дээ. Одоо ч бид нар түүнийг нь үргэлжлүүлэн дуулж байна. Ер нь манайхан сайхан дуулдаг. Аавыг минь Д.Батсайхан гэдэг. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЕБС-ийн дуу хөгжмийн багш, нийгмийн ажилтан. Ээжийг С.Отгонмаам гэдэг. Тэтгэвэртээ гараад мал дээр байгаа. Говийнхон их наргианч, нийтэч хүмүүс. Манайх найр их хийнэ. Найрандаа бэлдэж, дуу их сурдаг байсан нь дуучин болоход нөлөөлсөн байх гэж боддог. Говийн худгууд их хол шүү дээ. Тэмээндээ усаа тэгнэчхээд үргэлж жонжуулна гэж юу байх вэ. Тэмээгээ алхуулж явахдаа талын хэдэн толгодоо хараад дуулахаас өөр яах вэ дээ. Сатаарах зүйлгүй хүмүүс чинь бодолд дарагдах, дуулахыг ёстой үзүүлнэ. Хангайн дуучдын ааш, дуулалт нь говийнхноос өөр. Уул, ус харж өссөн нутагтай нь шууд холбоотой байх. Говийнхон их налгар, тайван хүмүүс байдаг бол уулархаг нутгийн хүмүүс хөдөлгөөнтэй шүү. Дууны аялгуу нь хүртэл их дээгүүр байх жишээний. Харин говийн дуучдын дууны ая талаа дагаад намуухан байдаг. Энэ мэтээр хүний нутаг ус нь дуу хоолойнд нөлөөлдөг юм билээ.

Би ирээдүйгээ бодож уртын дуучин болохоор шийдсэн. Би өөр чиглэлээр дуулсан бол магадгүй 50 хүрээд тайзан дээр дуулахгүй байх. Уртын, ардын дууг дуулахад тайз хэзээ ч дуучныхаа насыг голдоггүй. Жишээлбэл, Норовбанзад гуай, Дорждагва ах, манай бүх сайхан дуучид настай байх тусмаа уртын дууны гүн утгыг ойлгож, хүмүүст илүү хүргэдэг шүү дээ.

-Анхны уран бүтээл нь ямар дуу байв?

-Хамгийн анх Л.Эрдэнэбатын үг, Б.Ганболдын ая “Учирласан дуу”-г дуулж байлаа. Энэ дууг бага байхдаа найран дээр дуулдаг байсан.
“Хуурын уянгаар үдшийг сэрээж
Хүүдээ би үлгэр эхэллээ
Үлгэр сонсож өссөн хүн
Үнэн л амьдрах учиртай юм шүү дээ” гээд их гоё үгтэй дуу. Ийм сайхан ерөөлтэй дуугаар эхлүүлсэн болохоор уран бүтээлүүд минь амжилттай байдаг гэж боддог. Дараа нь Г.Балжиннямын ая, Д.Нямаагийн үг “Тэмээний дэргэд” гэж дууг дахин дуулж, клип хийлгэж байсан. Хүмүүс энэ дууг сайн мэднэ.

-Дуучин болсны хамгийн сайхан дурсамж тань юу вэ?

-Би ер нь шүтлэгтэй хүн. Данзанравжаагийн нутгийн хүн болохоор тэгдэг ч юмуу уул ус, Хар хайрхандаа мөргөж, залбирдаг. Миний анхны гарсан тайз, анхны цомгоо хийх болсон шалтгаан, анхны дүр бүтээсэн зохиомжит нэвтрүүлэг гээд бүгд Равжаа гуайн мэдэлсний ойтой холбоотой байсан. Энэ хүний үлдээсэн зам мөр одоогийн бидэнд ч өгөөж, буянаа өгч байна. Би өөрөө ч өөдрөг үзэлтэй хүн. Эерэг бодол минь эргээд надад дандаа сайн сайхныг авчирдаг. Ер нь хүмүүсийг харахад дуучид зөвхөн дуулаад л явдаг мэт боловч дуулахын тулд яаж хөдөлмөрлөдөг нь үзэгчдийн нүднээс үргэлж далд байдаг. Бэлтгэлийн үеийн хямрал, ядралыг дааж гараад үзэгчдийн алга ташилтыг сонсох нь дуучин бидний жаргал юм даа.

-Та уртын болон ардын дуугаа орчин үеийн хэв маягтай хослуулж, уран бүтээлээ хийдэг. Үзэгч, сонсогчид нь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ардынхаа дуунд маш их дуртай. Өөрийгөө өвлөн тээгч гэж боддог. Намайг их сургуулиа төгсөх үед манай үеийнхэн миний дууг нэг их сонсдоггүй байлаа. Тэгээд үеийнхнээ, дүү нараа уртын болон ардын дууг сонсдог байгаасай гэж бодоод уран бүтээлүүдээ орчин үеийн хэв маягт оруулж эхэлсэн. Ардын дууг сонсдог хэсэг нь л сонсоод байсан учраас залуусыг хөгжмийн ямар хэв маягийг сонирхож, ямар өнгөнд дуртай байгааг нь судалж, харж байгаад уран бүтээл, видео клипдээ шингээдэг. Ингэж ажилласны минь үр дүн одоо л мэдрэгдэж байна. Эхэндээ хүмүүс шууд хүлээж авч чаддаггүй юм билээ. Ойлгохгүй ч юмуу үгүйсгэх маягтай байсан бол одоо хүмүүс амжилт хүсээд урмын үг хэлдэг болсон. Таван жилийн өмнө хийсэн уран бүтээлийг минь одоо сонсож байгаа хүмүүс бий. Уран бүтээл минь хүмүүст хүрч байгаад сэтгэл хангалуун байгаа. Хэсэг хугацаанд ардын, уртын дууг орхигдуулсан байсан. Одооноос арай өөр болж байна л даа. Аль болох ардын, уртын дуугаа дуулах хүсэлтэй, тэмүүлэлтэй болжээ. Уран бүтээлчдийн хөдөлмөрийн шим гарч байгаагийн илрэл болов уу.  

Би “Марко Поло” киноны Унгарт болсон зураг авалтад 2015 онд явж, Хубилай хааны хүүгийн хуримны хэсэгт “Зээргэнтийн шил” уртын дуугаа дуулсан. Тэр үед монголчуудаас гадна олон гадаад хүмүүс дуу сонсоод уйлж байсан юм. Дуу хуурт хил хязгаар байхгүйг ойлгож, их урам зориг авч байлаа. Тэгэхэд л би дуулах ёстойгоо, хүмүүст түгээх хэрэгтэй гэдгээ илүү мэдэрсэн. Бурхан хамгийн хайртай хүнээ дуучин болгодог гэсэн шүү. Тийм болохоор дуучин болсондоо үргэлж баярладаг.

-Ер нь та цаашдаа кинонд тоглох санал ирвэл хүлээж авах уу?

-Кинонд тоглох саналууд ирдэг. Өмнө нь үндэсий телевизийн “Эрт нахиалсан сарнай” олон ангит кинонд эсрэг дүр бүтээсэн. Тухайн дүрийг бүтээхдээ жүжигчид дүрээ өмөөрч бүтээх хэрэгтэй юм билээ. Дүрийнхээ шийдвэр, тэмцлийг харуулахдаа өөр дээрээ бодож, дүрээ бодитоор гаргахыг хичээсэн. Зохиол, дүр нь таалагдвал кинонд тоглоно гэж боддог. Түүхэн кинонд тоглох сонирхол бий.

-Таныг монгол төрхтэй, сайхан эмэгтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Та гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Манай ээж их сайхан эмэгтэй бий. Би ээжийнхээ буян хишгийн гэгддэг уруул дээрх мэнгийг авч төрсөн. Миний охин бас яг ийм мэнгэтэй. Үүнд би баярладаг юм. Аав ээжийнхээ өгсөн эрүүл саруул бие, царай зүсээ тордож явахыг хичээдэг. Байнга гоо сайхны салон орж, үргэлж анхаарч чаддаггүй. Гэхдээ гэрийн нөхцөлд үсэндээ тос түрхээд халуун малгай өмсөх ч юмуу өдөр бүр тоглолтын хүнд будалт хийдэг болохоор хааяа салон орж, нүүрэндээ иллэг хийлгэдэг. Арьсаа орой болгон сайн цэвэрлэдэг дээ. Онцгойлон хэлэх гоо сайхны арчилгааны жор байхгүй.

Арван жилд байхдаа “Саран хөхөө” театрын уртын дуучин Ч.Цэрэндэжид багшийгаа харж эмэгтэй хүний, дуучин хүний үлгэр дуурайл авч байлаа. Одоо ч багшийн маань дүр төрх, үйлдэл нүдэнд харагддаг. Одоо мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллахад үлгэр жишээ авахаар олон сайхан эмэгтэйчүүд байна.  

-Та дуулахаас гадна хувцас оёх авьяастай. “Цэцэглэн” хувцасны салоноо ажиллуулж байгаа юу?

-Хувцасны салоноо үнэхээр ажиллуулж амжихгүй байна. Бэлэн бараа зардаг газар биш учраас захиалга авна, хүнтэйгээ ярилцаж загвараа гаргана гэхчлэнгээр цаг хугацаа их шаардана. Тэгэхээр урлагтаа зарцуулах цагаасаа зориулахаас өөр аргагүйд хүрдэг. Тийм болохоор салоны ажлаа азнаад уран бүтээлдээ анхаарч байгаа. Яваандаа ажиллуулна. Ямар сайндаа манай хүн “Танай компани дампуурчихсан бил үү” гэхээр нь “Эрэлт нь байхад дампуурдаг компани байдаг л юм байна” гэж хошигнож байх вэ дээ. Би ер нь номероо хүлээх зуураа зүү ороох ч юмуу гэртээ зав чөлөө гарвал толгойн гоёл хийж, өдөр тутамдаа өмсөх даашинз, дээлээ оёдог. Хүүхдүүдийнхээ цагаан сараар өмсөх дээлийг ч оёно. Хамгийн гол нь өөрөө хийхээр үнэ цэнтэй санагддаг.

-Сошиалаар дамжуулан монгол ардын дууны түүхийг ярьдаг. Хүмүүст нэлээн хүрдэг юм шиг байна лээ.

-Хүмүүсийн хандалт маш сайн байдаг. Бөөн ажил болж нэг клип гаргаснаас илүү хандалт авах үе бий. Их сонин. Аливаа дууны түүх домгийг яриад дараа нь дуулахаар хүмүүст их хүрдэг юм билээ. Би ч дууныхаа домгийг улам судлах хүсэл тэмүүлэлтэй болсон. Монгол ардын дууны домгийг сошиалаараа коронагаас болж анх ярьж эхэлсэн. Гэрт байх хугацаандаа ном уншаад түүнийгээ сонсогчдодоо хүргэхийг хүссэн юм. Хүмүүст ч таалагдсан.

-Тэр дундаас таны сэтгэлийг хөдөлгөсөн, дуулахад илүү мэдрэмж өгсөн ямар түүх байсан бэ?

-“Хүрэн хаалгатай дэлгүүр” дууг хайртай хүнээ санаад л дуулсан гэж боддог байсан. Гэтэл хөрш айлынхаа залууг цаазын ялнаас аварч байсан түүхтэй дуу юм билээ. Бид нар “Хүзүүн дундуураа дуниаруулаад байдаг Хүүдэгнүүр зангаа дарвал барж ээ” гэж дуулаад байгаа. Түүхэндээ бол “Хүзүүн дундуураа гогцооруулаад байдаг Хүүдэгнүүр зангаа дарвал барж ээ” гэдэг. Гогцооруулаад гэдэг нь дүүжлүүлж, цаазлуулах ялыг л хэлсэн утгатай. Чиний давилуун зан аминд чинь хүрэх нь байна шүү гэж сургаж хэлсэн дуу байгаа юм л даа. Тухайн үеийн монголчуудын айл саахалтынхнаа гэсэн сэтгэл энэ дуун дээр маш тодоор харагддаг. Бодож байснаас минь өөр утгатай байсан нь сайхан санагдсан. Ардын дуу гүнзгий утга агуулгатай. Ер нь монголчууд сэтгэл хөдөлсөн, гунигласан үедээ дуу зохиодог юм шиг санагдсан. Уянгын тэр тусмаа нэгнээ үгүйлэн санасан, гансарсан дуу их. Мөн мэдээж морины, эх нутгийн дуу нэлээд бий. “Үг нь зэмлэж, ая нь аргаддаг” гэдэг үг ч байдаг шүү дээ.  

-Урлагийн хүмүүсийн амжилтын цаана ар гэрийн ажлаа хамтдаа зохицуулдаг хань ижлийн үүрэг их. Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Миний хань Г.Наранбат гэж хүн бий. Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч мэргэжилтэй. Бид хоёр анх СУИС-д танилцаж байлаа. Бид охин, хүүтэй. Миний ажил, амьдралын хамгийн том багана нь хань минь юм.

-Уран бүтээлийнх нь цаашдын төлөвлөгөө юу вэ. Уншигч, сонсогчдодоо сонин сайхнаасаа хуваалцаач?

-Цомгийн ажлаа эхлүүлсэн байгаа, аажимдаа бэлэн болгоно доо. Мөн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж, бэлтгэл ажилдаа шаргуу орсон байгаа. Тов нь гарахаар мэдээлэл хүргэнэ.    

Энэхүү ярилцлага ХААН Банкны Харилцагчийн сонинд нийтлэгдсэн болно.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
19
2
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.11.06 172.69.252.139

Биет бус өвийг үргэлжийн үргэлжид тээгдэх боломж олгож, тээж яваа дүү чамдаа хамгийн сайхан, сайныг хүсэн ерөөе. Ярилцлага нийтлэг үнэхээр сайхан болжээ. Амжилт хүсье

0 Хариулах


Зочин 2020.11.05 172.69.252.139

Mash saikhan yariltslaga boljee.Udahgui boloh togloltond ni amjilt husiye.Tsanginasan hooloitoi tsarailag duudee ger buld ni sain saikhan buhnii deediig husiye.Zulaa egch

0 Хариулах