Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Б.Баярцэнгэл: Нийгмийн харилцааны үед олж авсан шаналал, гуниг аливаа эмгэгийг үүсгэх хүчин зүйл болдог


Сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог, сэтгэл гутралын талаар ярилцлаа.

- Сэтгэл гутралын талаар ерөнхий ойлголтыг манай уншигчдад хэлж өгөөч?

- Хүмүүс сэтгэл гутралыг сэтгэл санааны байдаг л асуудал гэж буруугаар ойлгох нь элбэг. Гэтэл сэтгэл гутрал нь сэтгэл засал болон эмээр эмчлэгддэг бие даасан өвчин юм. Насанд хүрсэн хүн болон хүүхэд ямар ч ялгаа байхгүй сэтгэл гутрал юм уу, аливаа сэтгэлзүйн эмгэгтэй болох магадлалтай. Орчноос, хүнээс, тодорхой бэрхшээл, асуудлаас улбаалж сэтгэлзүйн гутралд орсноор хүнд мэдрэмж төрөх, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, өөрийгөө удирдаж чадахгүй байх зэрэг асуудал танд тулгарч байвал  хүндрэхээс нь өмнө хурдан шийдэхийг эрмэлзэх хэрэгтэй. Сэтгэл гутралын хамгийн том хүчин зүйл бол хүн. Хүн л нэгнээ сэтгэлийн гутралд оруулж хүн л хүнээ эвдэх гээд байдаг. Мөн эсрэгээрээ хүн хүндээ сайн зүйлсийг сургадаг.

-  Сэтгэл гутралд орсон үед сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?

- Сэтгэл хөдлөлийн тодорхой шинжүүд байдаг. Тархины үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдолд орсноор амьдралын буруу хэвшлүүд үүсдэг. Гэнэт хэт их кофе уух, хэт их утсаа оролдох,  идэвхгүй байдалд шилжих, ахуйн шинж чанартай холбоотой буруу зуршлуудтай бий болох, нойргүйдэх, хэт их идэх эсвэл хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Иймд тархийг амраахад чиглэсэн зүйлсийг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Тайван орчин бүрдүүлээд сайн нойр авч, амрах гэх мэт. Дараагийн арга хэмжээ бол ярилцах. Насанд хүрэгчдийн харилцааны хувьд хэнд нууцаа ярих вэ гэдгийг ухамсарладаг, тодорхой мэдрэмжтэй болсон байдаг.  Ойр дотны, итгэлтэй хүмүүстэйгээ ярилцаж дараа нь тухайн найз нөхөд, эцэг эх нь мэргэжлийн хүнд хандахыг зөвлөдөг байх жишээтэй. Харин өсвөр насны хүүхдүүдийн хувьд найз нөхдийн орчинд хэтэрхий их хувийн асуудлаа хуваадаг талтай. Дараа нь нэгнийхээ итгэлийг эвдэх тохиолдол их. Хүүхдүүд санаандгүй байдлаар нэгнийгээ гомдоох тохиолдол гарч болно.

- Өсвөр насанд гаргаж болох хэвийн болон хэвийн биш үйлдлүүд гэж юу вэ?

- Өсвөр насны хүүхэд эцэг эхтэйгээ төдийлөн ярихгүй байх, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх, зөрүүдэллэх зэргийг хэвийн үйлдэл гэж үзэж болно. Харин хүүхдийн илэрхийлэмж бүр сөрөг, түрэмгий болоод ирвэл асуудал даамжирч байгаагийн шинж. Үүнийг эцэг эхчүүд хэвийн үзэгдэл мэтээр хүлээж авч болохгүй. Хашхирах гэх мэт ямар нэг түрэмгий байдлаар өөрийгөө илэрхийлж байна гэдэг бол хэвийн бус үзэгдэл.

- Хүүхдийг эерэг, өөдрөг хандлагатай болгохын тулд ямар суурь хүмүүжлийг олгож, ямар үлгэр дуурайл үзүүлж байвал зохих вэ?

- Хүүхэд эцэг эхээ харж эцэг эх шигээ хүн болдог гэж хэлж болно. Эцэг эх аливаа асуудалд сөрөг хандаж, хуурах үйлдлүүдийг хүүхдэдээ үлгэрлэвэл насан туршид нь тухайн хүүхдийн амьдралын арга хэлбэр болно. Эцэг эхчүүд хүүхдэдээ санаандгүй худлаа ярихыг заагаад өгчихсөн байх нь олон. Цэцэрлэг нь тийм юм авчраарай гэхэд байхгүй байсан, мартчихсан гээд үнэнээ хэлдэг ч юм уу тухайн асуудлыг зөв эерэгээр харахын оронд худлаа хэлэх, аргацаасан үйлдэл гаргавал, хүүхдийн хандлага тэгж л тогтоно. Тэгэхээр хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлье гэвэл нэн түрүүнд худлаа хэлэхгүй байж, аливаа асуудлыг бүтээлчээр шийддэг байх, хамт хийх, хамт ярилцдаг байх хэрэгтэй. Асуудал, бэрхшээлд залхуурч хойш сууж, худлаа үгээр аргацаахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тэр нь тухайн хүний хандлагыг бий болгодог учраас эцэг эхчүүд өөрсдөө зөв байх ёстой.

Хүн л нэгнээ сэтгэлийн гутралд оруулж, эвдэх гээд байдаг. Эсрэгээрээ хүн хүндээ сайн зүйлсийг сургадаг. 

- Монгол хүүхдийн хүмүүжлийн онцлог юу вэ?

- Монголчууд хүүхдүүдээ их зөв хүмүүжүүлж ирсэн. Тухайн хүүхдийг өөрөөр нь өөрчлөх, өөрөөр нь хувь хүнийг бүтээхэд монгол уламжлалт хүмүүжлийн арга чиглэсэн байдаг. Хүүхэд  аливаа зүйлд эерэг, зөв хандлагатай болгохын тулд хэзээ ч хүүхдэдээ хүчирхийллийг үлгэрлэж болохгүй. Монгол хүүхдийн хүмүүжлийн гол онцлог бол хэм хэмжээ ба хариуцлага юм. Монгол хүмүүжлийн арга барил гэхээр зодох цохих санаанд орж ирэх гээд байдаг. Угтаа уламжлалт хүмүүжлийн арга барилд зодох цохих гэсэн ойлголт байдаггүй. Харин монголчууд нийгмийн хэм хэмжээнд захирагдаж эхэлсэн үеэс тэр шинэ зүйлд дасан зохицсоноос үүссэн стрессээ гэр бүлийн орчинд гаргаж байсан юм болов уу гэж би судлаач хүний хувьд үздэг. Зодож цохилоо гээд муудсан юм байхгүй гэсэн хэлэлцүүлгүүд яваад байдаг нь X, Y, Z үе хүртэлх хүүхдүүдийн хүмүүжлийн арга хэлбэрт нэлээдгүй ажиглагддаг байсных. Одоо цаг үе  өөрчлөгдөж байна. Z үеийн хүүхдийг шийтгэлийн сөрөг аргаар хүмүүжүүлж болохгүй.

- Сэтгэлзүйгээ тогтвортой, өөдрөг байлгахын тулд ямар дадлыг хэвшүүлбэл үр дүнтэй байх вэ?

-Сэтгэл хөдлөл байнга тогтвортой, өөдрөг байна гэж байдаггүй.  Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн. Нийгмийн хүрээлэл дэх нөлөөллөөс шалтгаалаад сэтгэл хөдлөл байнга өөрчлөгддөг. Нийгмийн харилцааны хувьд өдөр тутамд аливаа зүйлсээс суралцаж, тодорхой сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг авснаар тухайн хүний зан төлөв, чиг баримжаа тогтдог. Иймд аливаа асуудлыг хүндээр тусган авахгүй байх нь маш чухал. Нийгмийн харилцааны үед олж авсан, шаналал, гуниг аливаа эмгэгийг үүсгэх хүчин зүйл болдог. Олон жилийн өмнө сонссон үгэндээ ч шаналаад, голдоо ортол гомдчихсон, тэр хэмжээгээр өөртөө итгэх итгэл  буурч,  өөрийгөө хаадаг тохиолдлууд бий. Хүмүүстэй харилцахдаа өндөр хүлээлт тавьж болохгүй. Учир нь хүмүүс санаатай, санаандгүйгээр бусдадаа сэтгэлзүйн сөрөг цочрол өгч, сэтгэлийг нь гэмтээдэг.

- Залуу үеийнхэн буюу Z үеийн сэтгэлзүйн онцлог юу вэ?

-  Z үеийн хүүхдийн мэдрэмж харьцангуй өөр өөр байдаг. Маш бүтээлч, илүү дижитал сэтгэлгээтэй ба сэтгэлзүйн асуудал бэрхшээл тохиолдлоо гэхэд маш сайн эрэл хайгуул хийж, түүний талаар судалдаг. Англи хэл дээр мэдээлэл уншиж, өөрийн хэмжээнд судалгаа хийсний дараа сэтгэлзүйчид хандах жишээний. Z үеийнхэнд хандаж хэлэхэд, өөрт өгөгдсөн бүтээлч сэтгэлгээг өөр хэрэгтэй, зөв зүйлд ашиглаарай гэж хэлмээр байна. 

- Нийгэмд сэтгэлзүйн ямар асуудал зонхилж байна вэ?

- Сүүлийн зургаан сард амаржаад удаагүй эмэгтэйчүүд, залуучууд онлайнаар сэтгэлзүйн зөвлөгөө авах нь нэмэгдэж байна. Монголчууд сэтгэлзүйн асуудлаа эмгэг түвшинд хүртэл хүндрүүлчихдэг талтай. Сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай бол найз нөхөд, гэр бүл гэх мэт дотны хүмүүсийнхээ зөвлөгөөнд хэт их найдах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Энэ ихэвчлэн асуудлыг хүндрүүлэх сөрөг талтай. Тиймээс мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Найз нөхдөдөө асуудлаа ярилаа гэхэд итгэлтэй хүнд ярихгүй бол дараа нь хэлсэн нууцаасаа болоод бүр илүү их сэтгэлзүйн дарамттай нүүр тулах эрсдэлтэй. Дотны хүн нь итгэл эвдээд, нөхөрлөлөө таслах хэмжээнд хүрсэн тохиолдол цөөнгүй бий. 

Нийгмийн хүрээлэл дэх нөлөөллөөс шалтгаалаад сэтгэл хөдлөл мөнхийн өөрчлөгддөг.

-  Сэтгэл гутралын үед гэр бүл, найз нөхдийн зүгээс хэрхэн тусалж болох вэ?

- Эмийн эмчилгээ шаардлагатай сэтгэлзүйн эмгэгүүд элбэг тул тодорхой хэмжээний хөрөнгө, санхүү зарцуулаад мэргэжлийн байгууллагад хандах нь чухал. Хөрөнгө, санхүү зарж чадахгүй бол улсын, эрүүл мэндийн төвүүд сэтгэлзүйчтэй байдаг. Эцэг эхчүүд хувь хүний асуудлыг дүгнэж цэгнэж, шүүхгүй байх хэрэгтэй. Тухайн хүнд ямар хэцүү байгааг хөндлөнгийн хүн ойлгодоггүй. Энэ хүн сэтгэлзүйн асуудалтай байна, мэргэжлийн хүний тусламж шаардлагатай байгаа юм байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй. 

- Юманд сатаарч, өөрийгөө завгүй байлгаснаар сэтгэл гутралаас ангижрах боломжтой байдаг уу?

- Сэтгэл гутрал хүчээр шийдэх сэтгэцийн эмгэг биш юм. Тухайн хүн ямар шалтгааны улмаас сэтгэл гутралд орсон, ямар нөхцөлд, хэр удсан бэ гэдгээс хамаараад харилцан адилгүй тул мэргэжлийн хүний тусламжтайгаар л шийдэлд хүрнэ. Ер нь эрүүл амьдралын хэвшлийг өөртөө суулгах нь  сэтгэл гутралтайгаа тэмцэхэд тус болдог. 

- Өсвөр насныхны дийлэнх нь эцэг эх гэхээсээ илүү найзтайгаа сэтгэлээ уудалж ярилцах хандлагатай байдаг. Сэтгэлээ төдийлөн хүнд нээдэггүй хүүхэд ч бий. Ийм үед өсвөр насны хүүхэдтэй яаж ойлголцох вэ?

- Z үеийн хүүхдүүдтэйгээ харьцахдаа бие хүн талаас нь ярилцаж чаддаггүй нь ээж, аавуудын түгээмэл гаргадаг алдаа юм. Ярилцана гэдэг зөвхөн ээж, аав ярина гэсэн үг биш. Хүүхдэдээ ярих боломжийг олгохгүй байна гэдэг буруу. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд эцэг эхээ нээлттэй ярилцдаггүй, намайг сонсдоггүй гэж их сэтгэлзүйчид хандаж байна. Z үеийнхэн бол дижитал эриний хүүхдүүд. Иймд онлайн чат, мэдээлэл, харилцааны хэрэгслүүдээр дамжуулан хүүхдүүдтэйгээ харилцаа тогтоож болно. Ингэхдээ амьд харилцааг орхигдуулж болохгүй ба дижитал орчинд хэт их хяналт тавьж болохгүй. Мэдээж хэрэггүй зүйлд цагаа зарцуулахаас сэргийлж зөвлөж болох ч шалтгаан, нөхцөлийг нь хэлж ойлгуулахгүйгээр хориглох нь үр дүнгүй юм. 

- Ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа.

Ярилцсан Д.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хэнни 2020.09.15 172.69.45.135

Баярлалаа

0 Хариулах