Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Б.Дэлгэрбат: КОВИД-ыг оношлох хүчин чадлыг 10-20 дахин нэмэгдүүлэх шаардлагатай


Микробиологич, биотехнологич мэргэжилтэй, эрдмийн ажлаа Швед улсын Уппсалагийн их сургуульд хийсэн, Элэгний тѳвийн эрдэмтэн судлаач, өдгөө Австралийн Аустек эмнэлзүйн лабораторийн мэргэжилтнээр ажиллаж буй биологийн ухааны доктор Болдбаатарын Дэлгэрбаттай онлайнаар ярилцсанаа хүргэж байна. 

-Та яг одоо коронавирүсийг оношлох ажил хийж байна. Таны ажлын байр Монголд биш, Австралид боловч суугаа газрынхаа оношлогооны нөхцөл байдлыг манай улсынхтай харьцуулж үзэх боломж танд илүү гарч байгаа болов уу. 

-Мэдээж тэгэлгүй яахав. Австрали улсад САРС-Ков-2 вирүсийг илрүүлэх молекул биологийн шинжилгээг хийж буй мэргэжилтний хувьд харьцуулбал манай улсад лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодисын хангамж, нөөц маш дутмаг байгаа нь харагдаж байна. Манай улсын хувьд зөвхөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ), Зооноз Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ), бүсийн оношилгооны төвүүд дээр САРС-Ков-2 вирүсийг илрүүлэх БХ-ПГУ-ийн шинжилгээг хийж байна. Тийм учраас дотоодод халдвар тархаад байгаа өнөө үед оношилгоог хангалттай хэмжээнд хийж чадахгүй байна. Австрали улсын хувьд энэ оны гурав, дөрөвдүгээр сард дотооддоо халдвар тархах үед өдөрт хийх шинжилгээний чадамжийг эрс нэмэгдүүлснээр халдварын голомтыг түргэн олж тогтоон, тархалтыг даруй хумин барьж авсан. Ингэхдээ улсын эмнэлгийн лабораториудаас гадна итгэмжлэгдсэн хувийн лабораториудад мөн шинжилгээ хийх үүрэг даалгавар өгснөөр илүү олон хүнийг хамарсан масс оношилгоо хийх боломж бүрдсэн. 8 сая орчим хүн амтай Шинэ Өмнөд Уэльс мужид гэхэд 320-иод лаборатори болон эмнэлгүүд САРС-Ков-2 вирүсийн шинжилгээг авч 24 цагийн дотор шинжилгээний хариуг өвчтөн рүү мессежээр илгээж байна шүү дээ.

-Хүмүүс өвчлөлийн ямар шатанд оношлогоонд хандаж байна вэ. Ер нь хүн хэдийд коронавирусын оношлогоонд хамрагдвал зохилтой вэ?

-Хүмүүс ихэвчлэн өвчний шинж тэмдэг илэрсэн үед хандаж байна. Австралийн Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөгөөгөөр КОВИД-19 өвчний шинж тэмдэг илэрвэл хэдий хөнгөн байсан ч яаралтай шинжилгээ өгч гэртээ өөрийгөө тусгаарлахыг уриалж байна. Манай улсын хувьд САРС-Ков-2 вирүсийн халдварын тархалт нь томуугийн улиралтай давхцаж буй учраас иргэд ханиад, томуугийн шинж тэмдэгийг КОВИД-19 өвчний шинж тэмдэгтэй андууран шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдэж одоогийн нөхцөл байдлыг илүү хүндрүүлэх болов уу гэж бодож байна. Иймд ханиад, томуугийн шинж тэмдэг илэрвэл иргэд маань гэртээ байж мэргэжлийн байгууллагаас утсаар зөвлөгөө авсны дараа шинжилгээ өгөх эсэхээ шийдэх нь зөв болов уу. 

Вакцины эмнэлзүйн туршилтын үр дүнг хэвлэлийн бага хурлаар дамжуулан зарлаж шинжлэх ухааны олон асуултад хариу өгөлгүй орхиж байна гэж олон улсын эрдэмтэд байр сууриа илэрхийлж байна. Жишээлбэл, тухайн вакциныг олон нийтэд хийхэд хэр аюулгүй байх, настай хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүст хийхэд ямар нөлөө үзүүлэх гэх мэтэд хариултгүй байна. Мөн вакцин хийлгэлээ гэхэд хэр удаан хугацаанд хамгаалах, дахин хийлгэх хэрэгтэй эсэх зэрэг олон асуулт хараахан тодорхойгүй байна шүү дээ.

-КОВИД-ыг эмчлэх нэгдмэл жор, арга гэж байна уу? Янз бүрийн эх сурвалжийн мэдээллээс харахад, зарим хүн ханиад эмчилж байгаа шиг ердийн эм хэрэглээд эдгэсэн, гэрийн аргаар хөлсөө гадагшлуулж эдгэсэн, зарим нь эмнэлэгт очиж хүндэрсэн, онцгой эрчимт эмчилгээнд орсон гэх мэтээр ойлгомжгүй, бас янз бүрийн мэдээлэл сонсогдож байна. 

-КОВИД-19 өвчнийг эмчлэх түр удирдамжийг ДЭМБ-аас тавдугаар сард гаргасан байгаа. Улс орон бүр КОВИД-19 өвчний менежмент, эмчилгээг хэрхэн хийх талаарх өөрийн дотоодын хүчин чадал болон нөхцөл байдалд тохирсон удирдамжийг гарган мөрдөж байна. Илрэх шинж тэмдгээс нь хамааран хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд гэж ангилан тухайн өвчний зэрэгт тохирох эмчилгээг хийж байх шиг байна. Би өөрөө эмч хүн биш учраас эмчилгээний талаар нарийн мэдэхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Шинж тэмдэг хөнгөн бол гэрээр эмчилж болно гэж үзэж байгаа ба эдгээр хүмүүст вирүсийн эсрэг эсвэл дархлаа зохицуулах өвөрмөц эмчилгээг хийхгүй, харин халуун бууруулах гэхчлэн шинж тэмдгийн эмчилгээ, зөв хооллох, шингэн юм сайн уухыг зөвлөж, өвчтөнд хүндрэх шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг хянаж байх шиг байна. 

-Урьдчилан сэргийлэх вакцины тухай мэдээллийг хүмүүс маш соргог анхаарч байна л даа. Танд вакцины тухай ямар мэдээлэл байна вэ? Тухайлбал, Австралид хүмүүс вакцин хийлгүүлж эхэлсэн үү, австраличууд үүнд хэрхэн хандаж байгаа бол?

-Миний ажиллаж буй Австралийн хувьд Засгийн газар нь одоогийн байдлаар 5 вакциныг худалдаж авахаар гэрээ хийгээд байна. Эдгээр вакцин аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдвал 2021 оны эхээр вакцинжуулалтыг хийж эхлэхээр төлөвлөөд байгаа. Гэхдээ тухайн вакцины аюулгүй байдал, чанар, үр дүнг Эм, эмийн бүтээгдэхүүний зохицуулалтыг хариуцдаг агентлагаас (Therapeutic Goods Administration) шалгаж батлагаажуулсны дараа хийгдэж эхлэх юм. 2021 онд багтаан хүн амын ихэнх хувийг, эхэн үед бол зорилтот бүлгийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа. Австраличууд дэлхийн бусад хүн амын адил вакцин гарахыг тэсэн ядан хүлээж байна. Эдгээр 5 вакцинаас Англи-Шведийн компани болох АстраЗенека, Оксфордын их сургуультай хамтран хөгжүүлж буй вирүсийн вектор вакцин, Германы BioNTech компани болон АНУ-ын Pfizer компаниудын хамтран бүтээж буй мРНХ-д суурилсан вакцинд илүү их найдлага тавьж Австралийн Эм, эмийн бүтээгдэхүүний зохицуулалтыг хариуцдаг агентлагаас эхний байдлаар зөвшөөрлийг олгоод байна. АстраЗенека, Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцин нь үр дүнтэй, аюулгүй гэдэг нь батлагдвал 2021 онд 30 сая тунг Австралийн СSL биотехнологийн компанид үйлдвэрлэхээр төлөвлөөд байна.

-Та судлаач хүний хувьд вакцинжуулах ажил болон, ер нь энэ вакциныг бүтээж буй улс орнуудын үйл явц, олон улсын эрдэмтдийн байр суурийг илүү анхааралтай ажиглаж байгаа байх. Сүүлийн үеийн мэдээллээс хуваалцахгүй юү?

-Коронавирүсийн эсрэг вакцин гаргаж авахаар маш олон судалгаа дэлхий дахинд хийгдэж байна. ДЭМБ-аас мэдээлж буйгаар 48 вакцин эмнэлзүйн туршилт судалгаанд, 164 вакцин эмнэлзүйн туршилт судалгааны өмнөх шатанд явж байна. Эдгээрээс 11 вакцин III шатны судалгааг давж гарахад ойртоод байгаа бөгөөд 2021 он гэхэд КОВИД-19 өвчний эсрэг аюулгүй, үр дүнтэй вакцин гарч ирнэ гэж судлаачид найдаж байна. Одоогоор САРС-Ков-2 вирүсийн эсрэг 4 вакцины судалгааны үр дүн танилцуулагдаад байна. Дээр дурдсан Германы BioNTech компани болон АНУ-ын Pfizer компаниудын хамтран бүтээж буй мРНХ вакцин нь 95% хүртэл үр дүнтэй нь батлагдсан бөгөөд арванхоёрдугаар сарын 2-нд Англи улс хамгийн түрүүнд тус вакциныг өөрийн улсдаа хэрэглэхээр баталгаажуулж, вакцинжуулалтыг зорилтот бүлэгт хийж эхэлсэн анхны улс боллоо. Энэ вакцин нь мРНХ-д суурилсан шинэ технологийн вакцин юм. Вакцин гаргаж авахад олон жилийн судалгаа шинжилгээ шаарддаг байсан бол дэлхий даяар үүсээд буй цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан нэг жилийн хугацаанд вакциныг бүтээж буй нь сайн хэрэг юм. Нөгөөтэйгүүр, эдгээр вакцины эмнэлзүйн туршилтын үр дүнг хэвлэлийн бага хурлаар дамжуулан зарлаж шинжлэх ухааны олон асуултад хариу өгөлгүй орхиж байна гэж олон улсын эрдэмтэд байр сууриа илэрхийлж байна. Жишээлбэл, тухайн вакциныг олон нийтэд хийхэд хэр аюулгүй байх, настай хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүст хийхэд ямар нөлөө үзүүлэх гэх мэтэд хариултгүй байна. Мөн вакцин хийлгэлээ гэхэд хэр удаан хугацаанд хамгаалах, дахин хийлгэх хэрэгтэй эсэх зэрэг олон асуулт хараахан тодорхойгүй байна шүү дээ. 

"Сүргийн дархлаа" бол шинжлэх ухааны үүднээс үзвэл эрсдэл ихтэй, мөн ёс зүйн хувьд ч буруу арга.

-“Сүргийн дархлаа” гэж юуг ойлгох вэ? Энэ нь хэдийд, хэрхэн тогтдог зүйл юм бэ?

-Сүргийн дархлаа гэдэг нь тухайн халдварт өвчний эсрэг хүн амын дийлэнх хувьд (cүрэгт) тогтсон дархлаа юм. Уг дархлаа нь хоёр янзаар тогтож болно. Тухайн халдварт өвчний эсрэг вакцинжуулалтыг хүн амын ихэнхидхийснээр сүргийн дархлаа тогтох, эсвэл байгалийн жамаар халдварт өртөж эсрэг бие үүссэнээр тогтоно гэж үздэг. Вакцинжуулалтыг хүн амын дийлэнх хувьд хийснээр сүргийн дархлаа тогтож нийт хүн амд халдвар тархахаас сэргийлэх бөгөөд вакцинжуулалтад хамрагдаж чадахгүй эмзэг бүлэгт вакцин хийх шаардлагагүй, тухайн эмзэг бүлгийг халдвараас сэргийлж байгаа хэрэг. Нийт хүн амын хэдэн хувийг вакцинжуулалтад хамруулж байж сүргийн дархлаа тогтох нь тухайн халдварт өвчнөөс шалтгаалан өөр өөр байна. Жишээ нь, улаан бурханы эсрэг вакциныг хүн амын 95 хувьд хийснээр үлдсэн 5 хувь нь халдвар тусахгүй хамгаалагдана гэж үзэж буй. Вакцин хийлгэсэн 95 хувьд халдвар тархахгүй учраас вакцин хийлгээгүй үлдсэн хувь нь аюулгүй гэж үзэж байгаа юм. Полиогийн хувьд хүн амын 80 хувийг вакцинжуулалтад хамруулж байж сүргийн дархлаа тогтоно гэж үздэг. 

КОВИД-19 халдварын хувьд дархлаа хэрхэн тогтож буй, хэр удаан хугацаанд дархлаа тогтож байгаа, мөн янз бүрийн насны бүлэгт хэрхэн нөлөөлөх зэрэг олон асуулт тодорхойгүй байна. Зарим хүмүүс хоёр дахь удаагаа халдвар авсан гэсэн мэдээлэл хүртэл бий шүү дээ. Иймд хүн амын хэдэн хувийг вакцинжуулснаар сүргийн дархлаа тогтох нь тодорхойгүй байна гэсэг үг юм. Гэхдээ АНУ-ын эрдэмтдийн үзэж буйгаар, хүн амын 70 хувьд дархлаа тогтвол үлдсэн хувийг хамгаалж чадна гэж үзэж байна. Зарим улс орнууд хөл хорио тогтоохгүй, зай барихгүй, маск зүүхгүй ч гэдэг юм уу, хүн амын тодорхой хувийг халдварт өртүүлснээр сүргийн дархлааг байгалийн жамаар тогтоох бодлого барьж байна. Үүнийг шинжлэх ухааны үүднээс харах юм бол эрсдэл ихтэй, мөн хүмүүнлэг ёс зүйн хувьд ч буруу гэж үзэж байна. Хүн амд ингэж халдвар тараах нь ямар ч халдвар авах шаардлагагүй байсан хүмүүсийг халдварт өртүүлж, өвчлүүлж, нас барах нөхцлийг бүрдүүлж байгаа учраас вакцин гартал хөл хориог тодорхой хэмжээнд тавьж халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй юм. 

-Сүүлийн үед улс орнууд харьцангуй өөр өөрийн дотоодын нөхцөл байдал, тухайлбал эдийн засагтаа тулгуурласан менежмент хийж байна. Зарим улс хөл хориог тууштай явуулж, Япон, Солонгос гэх мэт зарим улс дэмжихээ больж байх шиг. Австралид өнөөгийн нөхцөл байдал болон цар тахлын үеийн ямар менежмент явуулж байна вэ?

-Австрали улсын хувьд одоогийн байдлаар дотоодод халдвар тархаагүй  учраас хөл хориог шат шатаар сулруулсан арга хэмжээ авч байна. Халдварын тоо ихэсч байх үед буюу гурав, дөрөвдүгээр сард шат дараатай хөл хорио тогтоосон. Тухайлбал, их сургууль, коллеж, дунд сургуулиудын хичээлийг онлайн болгож, бар, фитнес төв зэрэг хүн олон цугладаг үйлчилгээний газруудыг хоёр сар орчим хугацаанд хаасан ч кафе, ресторанууд ажиллаж хоол авч явах болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байсан. Түүнээс биш барилгын, худалдааны салбарууд үйл ажиллагаагаа бүрэн хэвийн явуулж байсан. Харин тухайн үйл ажиллагаа явуулж буй байгууллага нь КОВИД-19 халдвартай тэмцэх аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, эрсдлийг бууруулах менежментийг авч хэрэгжүүлэх ёстой. Энэ цар тахлын үед халдварт өвчний онцгой нөхцөл байдалд ажиллаж буй ажилчдын хүүхдүүдийг харж хандах үүднээс цэцэрлэг, дунд сургуулийн үйл ажиллагааг ерөөсөө бүрэн зогсоогоогүй. Эцэг эх нь ажиллаж байгаа хүүхдүүдийг өвөө эмээд нь харуулах, хүн гуйж харуулах учраас настай хүмүүсийг эрсдэлд оруулна гэж үзээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаагаагүй. Мөн хүүхдийн сурах, боловсрох эрхийг зөрчихгүй байх тал дээр их анхаарал тавьж ажилласан. Дунд сургуулийн боловсролыг онлайн болгосон ч буцаад танхимын сургалт руугаа 8 долоо хоногийн дараа шилжсэн. Халдварын хоёр дахь давалгаа долоо, наймдугаар сард дэгдсэн ч дунд сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсээр байсан. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, Засгийн газраас нийтийн тээврээр зорчихдоо хүн хоорондын 1.5 метрийн зай барих, маск зүүх, аль болох хувийн унаагаар зорчихыг уриалж байсан, энэ уриалга одоо ч мөн адил үргэлжилж, ийм шаардлага тавигдсаар байгаа. Эхлээд хөл хорио тогтоохдоо гэр бүлээрээ өөр айлд зочлох, хүн олноор цуглахыг хориглож, хүний тоонд хязгаарлалт тавьж байсан, тухайлбал хуримын ёслолд 10 хүртэл хүн, буяны ажилд 20 хүртэл хүн оролцож болно гэх мэт. 12 сарын 7-ноос хөл хорио суларч 50 хүртэл хүнийг гэртээ урьж, 100 хүртэл хүн гадаад талбайд цуглаж болно гэж заагаад байна. Манай улсын хувьд энэ бүгдийг нарийн зааж өгөөгүй учраас арваннэгдүгээр сард 2000 хүн цугласан концерт зохион байгуулагдаж халдвар тархах нөхцөл бүрдлээ шүү дээ. Австрали улсын хувьд халдварыг барьж тогтоосон хамгийн чухал хоёр шийдэл байна. Нэгдүгээрт, оношилгоог маш өргөн хүрээнд хийсэн, одоо ч мөн хийсээр байна. Хоёрдугаарт, хавьтал тодорхойлох апп гаргаж бүх үйл ажиллагаа явуулж буй байгууллага нь үйлчлүүлсэн хүмүүсийг QR кодоор бүртгэж ойрын болон дам хавьтлыг илрүүлэх боломж бүрдүүлсэн явдал. 

-Та монгол эрдэмтэн учраас Монголд өнөөдөр үүссэн нөхцөл байдал болон онцгой дэглэмүүдийн талаар анхаарч байгаа байх. Та энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юү? 

-КОВИД-19-ын халдвар дэлхий дахинд тархсанаас хойш 10 сарын дараа манай улсын дотоодоос халдвар илэрлээ. 10 сарын дараа байсан нь сайн хэрэг байж болох юм. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд дэлхийн бусад улс орон янз бүрийн арга хэмжээ авч, үүнээс их туршлага хуримтлууллаа шүү дээ. Иймд эдгээр улсын туршлагаас өөрийн оронд тохирохыг авч хэрэгжүүлэх боломжтой юм. Мөн маш олон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гадаад оронд КОВИД-19 өвчинтэй нүүр тулан ажиллаж байна. Эдгээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах, туршлага солилцох, яаралтай эрдэмтдийн багт оруулж ажиллуулах нь зүйтэй. Практик дээр нь ажиллаж байгаа хүмүүс их туршлагатай байгаа шүү дээ. Төр засаг маань нотолгоонд суурилсан оновчтой шийдвэрүүдийг гаргаж, зөв зохион байгуулалтыг хийснээр цаашид үүсэх эдийн засгийн хор хохирлоос улсаа аврах юм. Олон улсын туршлагаас харахад лабораторийн оношилгооны хүчин чадлыг эрс нэмэгдүүлснээр халдварын голомтыг илрүүлж, цааш тархаахгүй байх арга хэмжээг авч байна. Засгийн газраас 1 өрх, 1 хүн шинжилгээ хөтөлбөр болон багцлах аргуудыг хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай ч, өөрсдийн хүчин чадлыг бүрэн хэмжээгээр ашиглахгүй, зөв зохион байгуулалтыг хийж чадахгүй байна гэж харж байна. Иймд хамгийн чухал нь оношилгооны хүчин чадлыг одоогийнхоос 10-20 дахин яаралтай нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, нэмэлт сургалтуудыг зохион байгуулж эмч, мэргэжилтнүүдийг сургаж хүний нөөцийг бэлтгэх, цаашид нөхцөл байдал хүндрэхэд ямар арга хэмжээ авах талаар нарийвчлсан төлөвлөгөө гаргаж бэлтгэл хангах нь зүйтэй гэж бодож байна. Бусад улс оронд халдвар гарсаар байгаа нөхцөлд вакцин гартал халдвар тархах эрсдэл байсаар л байна шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.