Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Бэлгийн хүчирхийллийн тухай ээдрээт түүхүүдийг өгүүлэх 3 кино


Эдгээр киног үзэх хүртлээ бэлгийн хүчирхийлэл, дарамт гэж юу болох тухай хагас дутуу, хөнгөн, явцуу ойлголттой явснаа мэдсэн юм. Дэлхий даяар нийт эмэгтэйчүүдийн 35% нь ямар нэг байдлаар бэлгийн хүчирхийлэл, халдлага, дарамтанд өртсөн гэсэн тооцоо unwomen.org сайтад байх юм. Тодорхойлолт ёсоор бол бэлгийн хүчирхийлэл гэдэг нь хүнийг хүсээгүй байхад түүний хүсэл зорилгын эсрэг үйлдэж буй бэлгийн шинжтэй үйлдэл. Харин та дараах кинонуудыг үзээд хүчирхийлэл гээч зүйл дээрх тодорхойлолтоос мянга дахин төвөгтэй, мянга дахин нарийн, ээдрээтэй зүйл болохыг ойлгоно. Бэлгийн хүчирхийлэл, дарамт хэчнээн олон янзаар илэрч болохыг, тэр бүрт нийгэм, хууль цааз, эрчүүдийн ертөнц, мэдээллийн хэрэгслүүд хэрхэн хохирогчийг буруутгаж, улам гарах гарцгүй болгодгийг тодорхой харуулжээ. 

The Morning Show

Нью-Йорк хотын нэгэн телевизийн нэр хүндтэй өглөөний шоуны нэвтрүүлэгч эр хамт ажилладаг эмэгтэйдээ бэлгийн дарамт учруулж, ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн буруутгагдаж, ажлаа өгөх болдог. Киноны ээдрээ тайлагдах тусам телевизийн салбарт ажилладаг эмэгтэйчүүд бүгд ямар нэг хэмжээгээр бэлгийн гэмт хэргийн хохирогч болсон байх агаад, албан тушаалтан, нэр нөлөө бүхий эрчүүд эмэгтэй ажилчдыг ажлын байрыг нь буцаан авна, тушаал бууруулна гэх мэтээр ил далд аливаа хэлбэрээр айлган сүрдүүлж, дарамталдаг нь илрэнэ. 

Энэ цувралаас ойлгож авсан хамгийн гол зүйл бол бэлгийн хүчирхийлэл гэдэг нь заавал илтэд хүч ашиглан хүний биед халдаж, дур хүслээ хангах явдал бус хүнийг айдас эргэлзээ, итгэл үнэмшил, сул дорой байдал дээр нь тоглож, сэтгэл зүйг нь овжноор ашиглан хүслээ гүйцээх явдал гэдгийг мэдсэн юм. Киноны хохирогч эмэгтэй тухайн эрийг хүндэтгэн биширч, мэргэжлийн хувьд түүнээс суралцмаар буйгаа илэрхийлж, олон зүйлсийн тухай удаан ярилцаж нэгэн оройг хамт өнгөрөөнө. Санаа нийлж буйдаа баярлан хөөрч, яриандаа халсан залуухан бүсгүй яриагаа манай өрөөнд орж үргэлжлүүлэх үү гэдэг түүний асуултанд зөвшөөрч орхисноор хэрэг бишддэг. Ингээд өрөөндөө ярилцахаар дагуулж орсон эр зугуухнаар, алхам алхмаар, маш болгоомжтой бөгөөд сурцтай, овжин аргаар бүсгүйг ашиглаж орхино. Түүний өрөөнөөс гараад бүсгүй өөрөө ийм зүйл хүсээгүйгээ ойлгосноор үйл явдал эхэлж буй юм. Гэвч анхнаасаа өрөөнд нь дагаж орсон учраас хэн ч түүнд итгэхгүй байх вий гэдгээс айна. Нэгэн байгууллагын дотоод соёл эрх мэдлийн болон хүйсийн тэгш бус байдал давамгайлсан ертөнцөд хэрхэн бүрэлдэн тогтож, ганхан дайвалзаж буйг өгүүлэх энэ цувралаас та олон зүйл ойлгох болно.

Audrie and Daisy

Өсвөр насны хоёр охин согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэж, биеэ удирдах чадваргүй байх үедээ ахлах ангийн хөвгүүдийн хүчирхийлэлд өртөж, улмаар хоёулаа амиа хорлон нас барсан тухай гунигт түүхийг өгүүлэх баримтат кино. Тэдэнд тохиолдсон явдлын хамгийн эмгэнэлтэй нь мэдээллийн хэрэгслүүд тэдний хэрэгт хэт их холбогдон хошуу дүрж, орон даяар хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч хэмээн зарлаад байтал, шүүх тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгосноор олон нийт хоёр охиныг худалч, луйварчид хэмээн буруутгаж, гишгэх газаргүй болгосон юм. Алхам бүртээ олон нийтийн зүгээс завхай, худалч хэмээн цоллуулсан тэдний нэг нь хэрэг явдлаас 9 хоногийн дараа амиа егүүтгэсэн бол, нөгөө нь 10 жилийн турш хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай тэмцсэний эцэст 2020 онд амиа хорлон нас барсан билээ.  

Согтууруулах ундаа хэрэглэх гэдэг нь гэмт хэрэг биш, харин биеэ удирдах чадваргүй, ухаангүй, сул дорой байгаа хүнтэй бэлгийн харилцаанд орж, хүсэл сонирхлынх нь эсрэг үйлдэл хийж буй нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл шүү дээ. Гэтэл энэ буруутай үйлдлийг хуулийн хүрээнд нотлож чадахгүйн улмаас, хүч хэрэглэсэн гэх нотолгоо, хүслийн эсрэг гэх ул мөр, гэрч байхгүй тул хохирсон нэг нь улам хохироод үлдэж буй юм. Нөгөө талаас мэдээллийн хэрэгслүүд хэргийг хэт их дэвэргэж, охидыг олон нийтийн анхааралд оруулснаар байдал улам дордож байгааг харж болно. Бэлгийн хүчирхийллийн хэргийн хохирогч, хуулийн байгууллага, мэдээллийн хэрэгсэл хэрхэн яаж үр дүнтэй, хохирогчид ээлтэйгээр хамтран ажиллах вэ гэдгийг нарийн зааж, зааг тогтоохгүй бол энэ мэт явдал гардаг ажээ. 

Bombshell

Америкийн алдарт FOX News сувгийн нэвтрүүлэгч бүсгүйчүүд тус сувгийн захирал Рожер Эйлсийн бэлгийн дарамтан дор олон жил ажилласнаа илчилснээр энэхүү том скандал эхэлж, 20 гаран эмэгтэйн гомдол шүүхэд очсноор түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, хариуцлага тооцож буй тухай бодит явдлаас сэдэвлэсэн бүтээл. Гомдол гаргасан эмэгтэйчүүдийн өгүүлж буйгаар Рожер Эйлс эмэгтэй ажилчидтай албан тушаал үргэлж наймаалцах ба хүний мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлийг үл харгалзан зөвхөн өөрийн санаснаа гүйцээх гэж улайрдаг эр байж. Мөн нэвтрүүлэгч, сэтгүүлч бүсгүйчүүдийг бие хаа, хөл гар, царай зүсээр нь шалган ажилд авч, ажлын байран дээр өмд өмссөн эмэгтэйг үзэн ядаж, ажлын холбоотой санал сэтгэгдэл, шаардлага тавихдаа эмэгтэйчүүдийн нөхөн үржихүй, биологийн онцлогийг үргэлж гоочлон, доромжилдог зэрэг нь ёс зүйгүй, бэлгийн шинжтэй, мисожинист үйлдлүүд юм. 

Энэ киноны гол дүрүүдийн нэг болох Мегин Келли хэмээх алдартай нэвтрүүлэгч бүсгүй ингэж хэлдэг. “Рожер бол үнэхээр сайн менежер, энэ нүсэр байгууллагыг авч яваа гайхалтай хүн. Түүнгүйгээр FOX News өдий зэрэгт хүрэхгүй байх байсан. Тэр намайг хурцалж, ажилдаа сайн, алдартай хүн болоход нөлөөлж, надад өөрийг нь шүүмжлэх эрх мэдлийг хүртэл өгсөн. Тэр байгууллагынхаа хорт хавдар туссан ажилчдыг хамгийн ихээр харж үзэж, нөхөн олговор төлдөг тийм л сайн дарга. Гэхдээ би Рожерын тухай үнэнийг хэлэхгүй юм бол телевизийн салбарт ажиллах олон олон эмэгтэйчүүдийг мэдсээр байж аюул руу түлхсэн хэрэг болно” гэж хэлдэг. Энэ киноноос ойлгосон гол зүйл бол бэлгийн шинжтэй дарамт, хүчирхийлэл, ёс зүйгүй авирууд ямар ч сайн сайхан гайхалтай хүний зүгээс ирж болно. Хүчирхийлэгч гэхээр мангас байдаггүй. Нэр хүндтэй, эрх мэдэлтэй, хошин шогийн мэдрэмжтэй, сайн үйлстэн байх тусмаа үүгээрээ халхавчлан бусдыг өөрийн зорилгод ашиглаж байх магадлал ихсэнэ. Бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл ихэнхдээ л эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүддэгийн жишээ. 

Нөгөө талаас FOX News-ийн бусад ажилтнууд хохирогч болсон эмэгтэйчүүдэд “Рожер бол эр хүн. Ямар ч сайхан эмэгтэй, өгзөг ташааг харж таашаах нь мэдээж. Тэр үүнийхээ оронд бидэнд ажил, карьер, эфирийн цаг өгсөн. Нэгэнт эмэгтэй хүн болж төрсөн бол эрчүүдтэй учраа ололцоод ажиллаж сур” гэж хэлдэг. Хамгийн гунигтай зөвлөгөө. Эмэгтэй хүн болж төрсөн л бол хүчирхийлэлтэй эвлэрч амьдар гэж үү. Харамсалтай нь ийм харалган бодолтой хүмүүс нийгэмд олон байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
12 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2021.04.24 172.69.252.151

Nice

0 Хариулах


Уншигч 2021.04.15 172.69.252.145

Маш сайн найрууллагатай, утга төгс илэрхийлэж бичдэг сэтгүүлч бна...

0 Хариулах