Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Би яагаад найзынхаа амжилтад чин сэтгэлээсээ БАЯРЛАХГҮЙ байна вэ?


Дотны найз чинь карьер, хувийн амьдралдаа тохиолдсон сайхан мэдээнээс хуваалцлаа гэж бодъё л доо. Жишээ нь, шинэ хүнтэй болзож эхлэх, сүй тавих, тушаал дэвших, зээлээ төлж дуусах гэх мэт. Чи найзтайгаа хамт энэ баярт үйл явдлыг тэмдэглэх ёстой хүн байтал яагаад ч юм нууцхан атаархах сэтгэл төрж. Дотроо ганцаардаж, үл ойшоогдож, өөртөө ямар нэгэн хэмжээгээр итгэлгүй байх үед нүүрэндээ худлаа инээмсэглэл тээх шиг хэцүү зүйл үгүй.

Магадгүй чи найзынхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж чадахгүй байгаадаа ичиж байгаа байх. Гэхдээ "Аз жаргал, атаархал, бардамнал, ирээдүй болон зорилгынхоо төлөө санаа зовних. Энэ бүхнийг мэдрэх нь энгийн зүйл" гэж нөхөрлөлийн харилцаагаар мэргэшсэн клиникийн сэтгэл зүйч Мириам Кирмайер ярьжээ. 

Найзынхаа амжилтыг тэмдэглэх үед давхар өөрийнхөө сул дорой, эмзэг байдлыг мэдрэх шаардлагатай болдог. Дотоод сэтгэлээ уудалж, бусадтай хуваалцах нь эрсдэлтэй мэт санагдаж болох ч сул дорой байгаагаа хүлээн зөвшөөрч, өөрт тулгарч буй бэрхшээл, асуудлуудыг найз нөхөдтэйгээ хуваалцах нь эрүүл харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг аж. 

Бүр тодорхой хэлбэл, найзынхаа сүй тавьсан тухай, шинэ байранд орсон тухай мэдээг баяртайгаар хүлээж авахгүй байлаа гээд чи муу хүн болчихгүй. "Энэ бол таныг хүн гэдгийг тодорхойлж буй зүйл" гэж сэтгэл судлаач Учэ Укуку ярьсан.

Гэлээ ч найз нөхдийн чинь амжилт яагаад чамайг гунигтай болгоод байгааг мэдэхийг хүсэж байвал дараах хүчин зүйлсийг сайтар эргэцүүлээрэй. 

1. Чи амжилтыг хязгаарлагдмал, дуусдаг зүйл гэж хардаг

Чиний дотор нуугдаж буй мэдрэмжийг сайтар анзаараад үзвэл, амжилтыг уралдаан юм шиг санаж, түрүүлж очсон нь түүнийг өөрийн болгоод, хоцорсон хүнд аз жаргал үлдэхгүй юм шиг бодож байгаад асуудал байгаа юм. Бусдын амжилт таны амжилтад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг сайтар ойлгож авахыг сэтгэл судлаач Аянна Абрамс зөвлөжээ.

Бидний амьдрал өөр замаар, өөр цаг хугацаанд үргэлжлэх нь хэвийн үзэгдэл юм. Мэдээжийн хэрэг, нэг найз чинь чамаас түрүүлээд зорилгодоо хүрчихвэл онцгүй санагдаж магадгүй. Гэхдээ төстэй амьдрал, ижил мэргэжилтэй найзуудын дунд ийм зүйл тохиолдох нь зайлшгүй гэдгийг ухамсарлаарай.

2. Найзад чинь байгаа зүйл чамд ч бас байх ёстой гэж боддог 

Бид хүмүүстэй ойртож, дотносох тусам тэднийг өөрийнхөө мэдрэмжийн хүрээлэлд багтааж эхэлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр, найз нөхдийн чинь аз жаргал чиний ч аз жаргал болж, зовлон шаналал нь ч бас чинийх болдог. Энэ нь ихэнхдээ хүмүүсийн харилцаанд сайнаар нөлөөлөх боловч буруугаар ойлговол барьцах хандлагыг бий болгоно. Ажилгүйдэл их байхад найз чинь мөрөөдлийн ажилдаа орж, инстаграм дээр 20 мянган дагагчтай болж, брэндүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан найзтайгаа барьцаж, "Би ч бас ийм зүйл хүртэх ёстой" гэж бодох нь эндүүрэл юм. 

Зорилго, мөрөөдөл зэрэгт хатуу хугацаа тавих тусам өөрийгөө бусад харьцуулж, найз чинь түрүүлээд тэр зүйлд хүрчихвэл бүр их атаархаж, дургүйцэх мэдрэмж төрөх болно.

3. Чи өөртөө хугацаа тогтоож, түүнийгээ амжилтын хэмжүүр болгож ашигладаг

Амьдралын үнэт зүйл, төлөвлөгөө, хүсэл мөрөөдлөө хүн өөрөө тодорхойлох нь чухал боловч чамаас үл шалтгаалах хүчин зүйлсийг харгалзаж үзэхгүйгээр хугацаа тавих нь осолтой. Жишээ нь:

  • "Би 25 нас гэхэд хүнтэй сууна
  • Би 30 нас хүрээд хүүхэдтэй болохыг хүсэж байна
  • Би 35 нас хүрэхдээ тушаал дэвшчихсэн байх ёстой" гэхчлэн төлөвлөх. 

Ингэж хатуу хугацаа тавих тусам өөрийгөө бусад харьцуулж, найз чинь түрүүлээд гэр бүлтэй болж, тушаал дэвшвэл бүр их атаархаж, дургүйцэх мэдрэмж төрөх болно гэдгийг сэтгэл зүйч Мириам Кирмайер онцолжээ. Чи 25 насандаа гэрлээгүй байлаа гээд огт гэр бүлтэй болж чадахгүй гэсэн үг биш шүү дээ. Тиймээс цаг хугацаанд хэтэрхий их анхаарал хандуулахгүй байхыг хичээгээрэй. 

"Өөртөө байгаа зүйлсийн талаар бодох нь байхгүй зүйлийн тухай бодох хугацааг багасгаж буй хэрэг"

4. Чи өөрийнхөө хүчин чармайлтыг чухалчлахгүй байна

Саяхан ажил, хувийн харилцаандаа гаргасан ахиц, дэвшлүүдээ умартаад найзынхаа нүд гялбам амжилтад анхаарал хандуулах шиг амаргүй зүйл үгүй. Гэвч чи өөрийнхөө гаргасан амжилтыг үл тоомсорлож, чамлах тусам бусдын амжилтад атаархах, бухимдах, санаа зовох мэдрэмж нэмэгдэнэ.

Тиймээс өдөр бүр хийж бүтээсэн, амжуулсан зүйлийнхээ талаар тэмдэглэл хөтлөхийн зэрэгцээ өөрийнхөө юунд дуртайг бас чамайг өөртөө сэтгэл хангалуун болоход тус болдог орчин, хүмүүсийн талаар тогтмол эргэцүүлж байхыг сэтгэл судлаач Аянна Абрамс зөвлөжээ. Ингэснээр өөрийнхөө амьдралынхаа талаар илүү тодорхой, эерэг төсөөлөлтэй болох юм. "Өөртөө байгаа зүйлсийн талаар бодох нь байхгүй зүйлийн тухай бодох хугацааг багасгаж буй хэрэг" гэж Абрамс ярьжээ.

5. Урагшлахыг хүсэж байвал өөртэйгөө шударга бай 

Эргэн тойрныхоо хүмүүсээс өөр замналаар амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө бусадтай харьцуулахгүй байхад суралц. Үнэхээр бусдад атаархах мэдрэмж төрж байгаа бол түүнийгээ өөртөө үнэнчээр хүлээн зөвшөөрөх нь тийм ч муу зүйл биш юм. "Учир нь өөрт төрж буй бодол, мэдрэмжээ хүчээр дарах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй цаашид уг мэдрэмж бүр ч хүчтэйгээр илрэн гарч ирэхэд хүргэдэг" гэж сэтгэл зүйч Мариса Г.Франко тайлбарласан байна. 

Гагцхүү атаархах мэдрэмж төрөх бүрт хүний бүрийн нөхцөл байдал, өссөн орчин, боломж бололцоо гээд бүх зүйл харилцан адилгүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Түүнчлэн "Би чамд хайртай, чиний өмнөөс баярлахыг хүсэж байна л даа. Гэхдээ яг одоогоор карьер маань сайнгүй байгаа болохоор надад хэцүү байна" гэх мэт зөөлөн дулаан, үнэн сэтгэлийн үгээ дотны хүмүүстээ хэлж, нөхцөл байдлаа ойлгуулж байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ. 

Хэрэв чи энэ нөхцөл байдлаа ганцаараа даван туулж чадахгүй байвал мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, тусламж авах нь хамгийн зөв алхам юм.

Эх сурвалж: Vice 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
19 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.