Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Бид хаагуур аялсан бэ: Тайванийн дулаан өдрүүд


Ublife сайтын хамт олон өөрсдийн аялсан газрын сонин сайхнаас хуваалцахын зэрэгцээ аяллаас олж авсан туршлага, дурсамж, эргэцүүллээ "Бид хаагуур аялсан бэ" булангаар дамжуулан уншигчидтайгаа хуваалцахаар болсон билээ. Энэ удаа миний бие Тайвань Улсад солилцооны хөтөлбөрөөр яваад ирсэн сонин хачинаас та бүхэнтэй хуваалцаж байна. 


Замд гарсан зорилго: 

Монгол-Тайванийн уран бүтээлчдийн солилцооны хөтөлбөрөөр 15 хоногийн хугацаатай Тайванийн гурван хотод очих байлаа. Өнгөрсөн зун Тайванийн зургаан уран бүтээлч, 21 хоног Монголд амьдарч уран бүтээл туурвиж, Улаанбаатар Олон Улсын Медиа урлагийн наадамд оролцсон юм. Энэ удаа Монголын Урлагийн Зөвлөлийн хөтөлбөрийн ажилтан, "Улаан гэр" бүтээлч орон зайн менежер Г.Гэрэлсүрэн, найруулагч Ш.Ихбаяр, миний бие (Сэтгүүлч У.Бямбаням) гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг Тайванийг зорилоо. Солилцооны хөтөлбөр учраас өдөр бүр хөтөлбөртэй, уулзах хүмүүс, очих газар маань тодорхой болчихсон тул нэлээд завгүй байсан гэж болно. Гэхдээ дундуур нь чөлөөт цаг гарсан тул аялал, ажлын сонин хачинаас та бүхэнтэй хуваалцъя. 

Очсон газрууд: 

Тайбэй, Тайнан, Тайчун гурван хот өөр өөрийн гэсэн онцлогтой. Энэ газруудад ихэвчлэн арт төвүүд, орчин үеийн урлагийн музей, хуучны байшин барилга, сүм хийд, дурсгалт газар музей зэргээр орсон. Тайнан дахь арт төвүүд, Тайбэй дахь Үндэсний төв музей, Тайчун дахь уран зохиолын музей гээд сонирхол татсан газар цөөнгүй. Хөтөлбөрийн хүрээнд 20 гаруй газраар очсон байна билээ. Тэр дунд Тайбэй дахь уран бүтээлчдийн суурин хамгийн сонирхолтой санагдсан. 

Миний хувьд хаа ч очсон хамгийн том номын дэлгүүрээр орохыг хичээдэг. Тайбэйн хамгийн том номын дэлгүүрт таван цаг байж, ганцхан ном авсан нь жаахан тоогүй. 

Аяллын зардал: 

Зардал цаанаас гарсан тул нарийн ширийн яг таг мэдэхгүй. Ямартай ч очоод метро, автобусны карт 8000 орчим төгрөгөөр авч, 40000 төгрөг багцаанд цэнэглэсэн нь иртэл хүрэлцсэн. Нэг удаа хямд хоол идэхэд 8000 орчим болж байлаа. Энэ дундаас таалагдсан зүйл нь гар утасны сим карт. Онгоцны буудлаас 56000 төгрөгөөр авсан, 15 хоногийн хязгааргүй дататай сим-ний ачаар буцталаа төөрөлгүй онлайн газрын зураг ашиглаж, холбоо сүлжээтэй байлаа. Буудал, эйрбиэнби дэх интернэт нь муу учраас энэ л хамгийн зөв хувилбар. За тэгээд үнэтэй газар хооллоод, таксидаад байвал мэдээж үнэтэй. Такси нь 90 тайван доллараас эхэлж, 200 метр тутамд 5 доллар, бас 2 минут тутамд 5 доллар нэмэгдэх зэргээр тооцож байх шиг санагдсан. 

Ямар унаагаар явсан бэ? 

Ирж очихдоо Хонконгоор дайрч ниссэн. Эндээс МИАТ-аар нисээд очоод Тайванийн онгоцонд суусан. Үйлчилгээ, тохь тухын хувьд илүү байсан. Хонконгод гурван цаг орчим дамжин дээр хүлээдэг юм билээ. Тэгээд цаг гаруйхан нисээд Тайваньд буучихна. Онгоцны буудал нь хотынхоо захад бараг 40-50 км зайтай тул таксидахаар 1500 доллар болно. Энэ нь манайхаар 120,000 мянга шүү дээ. Тиймээс метро, автобус дамжаад явбал дээр байх. 

Хот дотор бол өөрсдийнх нь хэрэглэдэг картыг аваад явахад 15 хоногт 500 доллар хүрч байна лээ. Хот хооронд бол 600-1500 хүртэл үнээр зорчих юм билээ. 

Аяллын үеэр хамгийн их сонссон дуу:

Бараг дуу сонсоогүй. Нэг орой Сингапур, Тайланд, Монгол, Тайванийн уран бүтээлчид караоке орж өөр өөрсдийн хэлээр дуу дуулсан. Тэгэхээр иймэрхүү л дуу сонсож явж дээ. 

Хамгийн их таалагдсан хоол:

 

Хоол бол хамгийн анхаарал татсан, бас гол сэдэв. Мэдээж Тайвань үндэсний хоол гэж болох гоймонгуудыг идэж үзэх хэрэгтэй. Гудамжин дахь хоолны асраар гоймонтой шөл аваад тэнд нь идэж үзэх зайлшгүй хийх зүйлийн нэг. Гоймонтой шөл нь ногоотой, үхрийн махан хачиртай, халуун ногоотой, гахайн махтай гээд янз бүр бий. 

Хоёрт, далайн бүтээгдэхүүн амсаж үзэх. Дун, хясаа, наймаалж, арваалж, хавч гээд есөн шидийн хоол тэнд л байна. Элдэв этгээд амт байхгүй учраас идчихэд гэмгүй. Бид Тайнанд загасны шөл уучихлаа гээд цэсийг нь харсан чинь кобра могой байх жишээний. 

Солонгос, Япон гээд төрөл бүрийн газрууд байх ч яг Тайваний гэх амтыг шингээчихсэн байдаг тул нэг их итгэл тээгээд хэрэггүй л болов уу. Түүний оронд мэддэгээр нь банш, мантуун бууз авбал зүгээр байж мэднэ. Гадна талаасаа яг л бидний иддэг банш, бууз боловч дотроо янз бүрийн шанзтай байгаа. 

Хоолны үнийн хувьд 100-250 долларт боломжийн хоол олоод идчихнэ. 

Огт таалагдаагүй хоол:

Гахайн дотор махтай шөл. Амтнаас илүүтэй үнэр нь тэвчихийн аргагүй тул ийн нэрлэлээ. Одоо ч тэр үнэр мэдрэгдэж байна. Яах вэ, сонирхоод идвэл идэх л юм. 

Бүтэлгүйтэл:

Чөлөөт цагаараа Фүлонг гэх арал руу явж, 20 гаруй километр замыг цахилгаан дугуйгаар туулах болов. Далайн эрэг дагасан замаар, модон дундуур явдаг маш үзэсгэлэнтэй газар. Гэтэл бид төөрөөд машин зам руу орж, бороонд шалба норж бүтэлгүйтсэндээ. Гэхдээ нэг их алдаад байсан юмгүй тул адал явдал л нэмсэн. Энгийн дугуйгаар бол өдөржин явахаар газар юм билээ. Бас далайн эрэг дээр болгоомжтой байхгүй бол давалгаанд цохиулж унах аюултай. 

"Анх удаа" хийж үзсэн зүйл:

Анх удаа олон нийтийн хөдөлгөөн, парадад оролцож үзлээ. Тайваньд ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрснөөс хойшхи анхны том хэмжээний парад болсон нь энэ. Маш олон хүн оролцсон уг жагсаалын уур амьсгал, оролцогчдын сэтгэл хөдлөл, илэрхийлэмж хамгийн их таалагдсан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэдэг эрх чөлөөний хамгийн том илэрхийлэмж юм шиг санагдсан. 

Үзвэр, үйлчилгээ:

Аяллаар яваа хүмүүс Тайбэй 101 дээр гарах, дэлгүүр хэсэх, далайн эрэг орох зэргээр явдаг юм билээ. Бидний хувьд музей, дурсгалт газар, театр, хиппи газраар явсан тул аяллын маршрут зөвлөж чадашгүй нь. Хотын зах руу хуучин тосгоноор нь очвол сонирхолтой юм гэсэн. 

Хамгийн их ашигласан апп:

Мэдээж аяллын анд “Google map”, “Maps me”. Хамгийн их ашигласан апп гэвэл энэ хоёр. Энэ хоёртой байхад хаана ч хүрнэ. Метро, автобус гээд нийтийн тээврийн үйлчилгээ сайн учраас дамжаад явахад хурдан. Бас Google translate-ийг ойлгохгүй хятад бичгийг орчуулахад ашиглаж болно. 

Цаг агаар:

Тайваньчуудын хувьд аравдугаар сар бол хамгийн таатай мөч гэнэ. Үүнээс эрт бол хэтэрхий халуун, орой бол жиндүү болно. Тэгэхээр бид яг цагаа олж очсон бололтой. Өмнө Хонконгод очиж байсан тул нэг их ялгаагүй санагдсан. Шорт, подволка, углааш аваад явахад хувцасны хувьд болно доо. Борооны улирал нь шувтарсан тул бороо хур багатай байлаа. Хэрэв борооны улирлаар очвол тухгүй байдаг тухай хүмүүс хэлж байлаа. 

Сануулах зүйл:

1. Ярианы агуулга

Хүмүүстэй Тайвань, Хятадын харилцааны талаар болгоомжтой ярих хэрэгтэй. Тайванчуудын хувьд энэ бол эмзэг сэдэв. 

2. Замаар болгоомжтой гарах

Тээврийн 50 хувийг мопед эзлэх учраас гэрэлгүй газраар зам гарах, улаан гэрлээр гүйх талаар бодоод ч хэрэггүй.

3.  Бохь, тамхиа анхаар

Нийтийн тээвэр, олон нийтийн газар бохь зажилах хориотой. Бас хориглосон газар тамхи татвал 10,000 доллараар торгуулна. Энэ нь монгол мөнгөөр 800,000 төгрөг шүү дээ. Тийм ч бага тоо биш. Зөвшөөрсөн газар бол асуудалгүй. 

4. Такси барих

Ихэнх жолооч нь англи хэлгүй тул апп дээрээ очих газрын нэрээ хятадаар гаргаж өгөхгүй бол тойрч давхисаар их мөнгө гаргах эрсдэлтэй. Тиймээс очих газраа такси барихаасаа өмнө сайн шалгаарай. 

Энэ аяллаас сурсан зүйл:

Европын орнуудыг бодвол хямд зардлаар аялж болох газар шиг санагдсан. Эртнээс төлөвлөөд гарвал очих, ирэхдээ л гэхээс бага мөнгөөр аялж болох юм билээ. Уур амьсгал, хүмүүсийн харилцаа, амьдрах орчин, хоол хүнс гээд айхавтар асуудал тулгарахаар санагдаагүй. 

Хэрэв дараа дахин очвол хөдөө тосгод, уулуудаар нь алхаж үзэх хүсэлтэй байгаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

SMJ 2019.11.07 111.251.64.201

Ёоо тэр гахайн махтай шөл бол яг аа яг.

0 Хариулах