Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Бид юунд дурлаж байна вэ? №10


Ub.life-ийн редакцийн хамт олон энэ онд 7 хоног бүр бид юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өрөөндөө яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг билээ.

Энэ удаа бид "Midnight Diner: Tokyo Stories" цуврал кино, дэлхийн дулааралд байгаль, ан амьтад хэрхэж байгаа талаар тод томруунаар тусгасан “Our Planet” цуврал нэвтрүүлэг болон Teddy Swims-ийн ковер дуунд дурлаж, арваннэгдүгээр сарын эмо плэйлистээсээ хуваалцаж байна. Бидний дурлалыг болгооно уу.  

Кино- Ж.Хулан, Ерөнхий редактор

Midnight Diner: Tokyo Stories

Токио хотын завгүй дүүргүүдийн нэг Шинжүкүд хөдөлгөөн татарч, хүмүүс ажлаа таран гэрлүүгээ яаравчлахад зарим нэг нь шөнийн нам гүмд хоолны ширээний ард өөр өөрийн “адал явдлаа” өгүүлнэ. Шөнө бүр үүдээ нээх жижигхэн зоогийн мухлагт “Мастер” хэмээн авгайлуулах даруу эр зорьж ирсэн бүхэнд хүүхэд насных нь дурсамж, эсвэл дотно, таатай энгийн хоолнуудыг хийж өгнө. Тэдний дурсамж, өгүүлэх түүх бүр нь сонирхолтой, хөнгөн хэрнээ бас нэгийг бодмоор, багахан эргэцүүлмээр ер бусын чамин гэж болно.

“Midnight Diner” гэх ижил нэртэй номоос сэдэвлэсэн энэ цуврал кино 2011 оноос дэлгэцнээ “амилсан” бол хэдхэн хоногийн өмнө шинэ улирлын ангиуд нь Netflix-т оржээ. Нэг анги нь ердөө 20 минут учраас миний хувьд орой бүр унтахын өмнө нэг анги үзчихэд таардаг юм. Хэдий богино, бас тэгээд хөнгөн өгүүлэмжтэй боловч та бодоод үлдэх хугацаа нь магад түүнээс урт ч байж мэднэ. Тиймээс нэг удаад “бөөндөж” үзэх төрлийн цуврал биш бөгөөд хүн бүрийн дотоодод буй нууцлаг хэрнээ эгэл түүхүүдэд “дурлах” шалтгаан ойрын өдрүүдэд энэ кино болоод байна.

Плэйлист- Б.Саруул, Сэтгүүлч

"Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" булангийн "албан бус" оролцогч би арваннэгдүгээр сарын эмо плэйлистээсээ хуваалцаж байна.  

Ковер дуунаас эхлэх гэж байгаадаа итгэж чадахгүй нь ээ. idontwannabeyouanymore дуунд дурлатал нь дуулсан Teddy Swims-ийн коверийг ЭНД дарж сонсоорой. Мөн түүний Rivers, Let Me Love You зэрэг коверууд тун их таалагдсан.

Одоо дурдах гурван уран бүтээлчдийн ихэнх дуунд би дуртай. Гэхдээ арваннэгдүгээр сарын плэйлистийг төлөөлөх гурван дууг нь санал болгоё. Sasha Sloan-ий Dancing With Your Ghost, Mac Ayres-ийн Wrong, Rhye-ийн Feel Your Weight.

Баримтат нэвтрүүлэг- З.Энхмөнх, Арт директор

Өнгөрсөн 4 сард “Netflix”-ээр цацагдсан Silverback Films продюсерлаж, байгалийн нэрт түүхч, нэвтрүүлэгч Дэвид Аттенборофийн өгүүлснээр “Our Planet”  цуврал нэвтрүүлгийг үзэж эхэллээ. Энэ нэвтрүүлэг нь Дэвидийн өмнө хийж байсан ижил төрлийн нэвтрүүлгүүдээс ялгаатай нь дэлхийн дулааралд байгаль, ан амьтад хэрхэж байгаа талаар тод томруунаар тусгажээ. Зөвхөн эхний ангийг үзэхэд л өгүүлэмжийн хувьд гайхмаар ойлгомжтой, танин мэдэхүйн, зураглалын хувьд үнэхээр үзэсгэлэнтэй бүтээгдсэн байна.

Үүний зэрэгцээ дөнгөж долоо хоногийн өмнөөс ВВС-1 телевизээр Дэвидийн мөн л сүүлийн дөрвөн жил хийсэн “7 ертөнц” нэвтрүүлэг цацагдаж эхлээд байгаа аж. Нэвтрүүлэгт хүний үйл ажиллагаа 7 тивд хэрхэн сайн болон саараар нөлөөлж буйг харуулсан байна.

Ном- Ж.Тэгшжаргал, Эрхлэгч

“Bill Cunningham: On the Street | Five decades of iconic photography”

Анх “Bill Cunningham, New York” баримтат киноноос түүний тухай мэдэж байлаа. Энэ бол амьдралдаа үзсэн хамгийн гайхалтай баримтат бүтээлүүдийн нэг байсан. Тэр гудамжны загварын гэрэл зургуудаараа алдартай, “The New York Times” сонины “On the Street”, “Evening hour” хоёр буланг хөтлөдөг байсан. “Нью-Йоркчүүд зөвхөн Биллд зориулж л хувцасладаг байлаа” хэмээн “Vogue” сэтгүүлийн Анна Винтоур ярьж байсан гэхээр ямар хүний тухай ярьж буй маань илүү тод болох байх. Билл 2016 онд нас барах хүртлээ 30 орчим жил гудамжны загварын зургууд авсан бөгөөд “The New York Times”-аас өмнөх ажлууд, сонинд нийтлэгдээгүй, хувийн архивынх нь их уурхайг дахин шүүж “Bill Cunningham: On the Street | Five decades of iconic photography” ном саяхан хэвлэгдэн гарсан байна. Энэ номыг найздаа захичихаад, тэсэн ядан хүлээж суугаа.

Сэтгэл судлал- Э.Намуун, Редактор

Өнгөрсөн бямба гарагт би Сэтгэл судлалын үндэсний төвөөс зохион байгуулсан "Эцэг эх байх нь хамгийн чухал мэргэжил" сэдэвт сэтгэл судлаачдын лекцэнд суулаа. Мэргэжлийн 4 сэтгэл судлаач нас насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог болон сайн эцэг эх байхын тулд юунд анхаарах хэрэгтэйг мэргэжлийн үүднээс тайлбарлаж, лекц орсон нь үнэхээр их таалагдсан. Эхний 300 хүнийг үнэ төлбөргүй бүртгэж оролцуулахад нь би амжих чадсан юм. Богино хугацаанд маш олон хүн хандаж, бүртгэл хааснаа мэдэгдэж байсан. Удахгүй дахин энэ төрлийн лекцээ зарлахаа тэд мэдэгдсэн учраас та ч гэсэн бүртгүүлээд суух боломжтой шүү. 

Аав ээжүүд хүүхдээ маш анхааралтай сонсож, тэдний нүдний түвшинд /хүүхдийнхээ дээрээс эсвэл дороос хандаж ярихгүй байх/ нүд нүдээ харж ярилцаж, тэдэнд цаг гарган аливаа асуудал тулгарсан эсвэл баяртай цаг мөчид үргэлж хамт байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй аж. Багадаа хангалттай тоглож чадаагүй хүүхэд сурах эсвэл ажиллах насан дээрээ их тоглох хандлагатай байдгийг ч онцолсон. Энэхүү сэтгэл судлаачдын зөвлөгөө мэдээллийг эргээд дэлгэрэнгүй мэдээлэх болно.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.