Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Бид юунд дурлаж байна вэ? №11


Ub.life-ийн редакцийн хамт олон энэ онд 7 хоног бүр бид юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өрөөндөө яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг билээ.

Энэ удаа бидний ихэнх нь дэлгэцийн бүтээлд дурласнаа та бүхэнтэй хуваалцаж байна. Бидний дурлалыг болгооно уу.

Кино-  Б.Саруул, Сэтгүүлч

Би саяхан Нетфликсийн "The Great Hack" баримтат киног үзсэн юм. 2018 оны эхээр Их Британид төвтэй Кеймбриж Аналитика гэх улс төрийн зөвлөгөө үзүүлэгч компани Фэйсбүүкийн олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг Дональд Трампын улс төрийн кампанит ажил, Их Британи Европын Холбоог орхих эсэхийг шийдэх ард нийтийн санал асуулгын үеэрх кампанид тус тус ашигласан гэх скандал дэгдэж, эл хэргээс болж Марк Зукерберг саяхан Конгрессийн өмнө мэдүүлэг өгөхөд хүрсэн билээ.

Нетфликс дэлхий нийтийг шуугиулсан дээрх дуулианыг сөхөж, "The Great Hack" нэртэй баримтат кино хийсэн бөгөөд Кеймбриж Аналитикагийн экс ажилчид шүгэл үлээж, тухайн үед чухам юу болсныг өөрсдийн яриагаар гэрчлэх аж. Тус фирмд дата аналистаар ажиллаж байсан Кристофер Вайли "Кеймбриж Аналитика бол бүрэн үйлчилгээ үзүүлдэг суртал ухуулгын машин" гэсэн бол Бизнес хөгжлийн захирал асан Бриттани Кайзер "Дата бол энэ дэлхий дээрх хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө. Тийм ч учраас Фэйсбүүк, Гүүгл, Амазон зэрэг технологийн компаниуд хүчирхэг байгаа юм... Бид бодлыг нь өөрчилж чадна гэж бодсон хүмүүсийг бай болгодог. Ингээд дэлхийг бидний хүсэж байгаа өнцгөөс харах хүртэл, бидний хүсэж буй нэр дэвшигчид саналаа өгөх хүртэл таны төсөөлж чадах бүхий л платформыг ашиглан төрөл бүрийн контент санал болгож, төлбөртэй сурталчилгаагаар бөмбөгддөг байсан" гэжээ.

2013 онд үүсгэн байгуулагдсан Кеймбриж Аналитика компани АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Брекситийн дуулианд холбогдохоос өмнө Австрали, Аргентин, Тайланд, Энэтхэг, Малайз, Индонез Итали, Кени, Колумба, Украин, Өмнөд Африк гэх мэт маш олон улсад сонгуулийн ПР хийж байжээ. Эх сурвалжуудад дурдсанаар, Кеймбриж Аналитика АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ойролцоогоор 87 сая хүний хувийн мэдээллийг гартаа оруулаад байжээ. Мөн Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр Project Alamo нэртэй сонгогчдын мэдээллийг агуулсан дата бааз үүсгэж, оргил үедээ өдөрт 1 сая долларыг төлбөртэй зар сурталчилгаанд цацсан гэдгийг эл баримтат кинонд дурдсан юм.

Кеймбриж Аналитика дампуурч, үгүй болсноор асуудал шийдвэрлэгдсэн гэсэн үг биш билээ.
Тус компанийн Санхүүгийн албаны дарга асан Жулиан Уитленд "Энэ бол нэг компанийн тухай асуудал биш юм.Технологи гэрлийн хурдаар хөгжиж байгааг хүмүүс гүйцэд ухаараагүй байгаа учраас цаг үргэлж өөр нэгэн Кеймбриж Аналитика гарч ирсээр байх болно" гэж хэлжээ.

Мэдээллийн аюулгүй байдлыг хүний үндсэн эрх хэмээн үзэж, түүнд санаа тавих ёстой, хамгаалах ёстой тийм л цаг үед бид амьдарч буйг сануулсан эл баримтат киног үзэхийг уншигчдадаа санал болгож байна.

Баримтат кино- З.Энхмөнх, Арт директор

Синт-поп урсгалаар хөгжимддөг “Depeche Mode” хамтлаг “Spirits in the Forest” цоо шинэ баримтат киногоо энэ сарын 21-нд дэлхий даяар нээгээд байгаа билээ. Тус киног “Гэгээнтэн” кино театрт ганцхан удаа өргөн дэлгэц, дууны чанар сайтайгаар гаргахад нь үзэх боломж олдсон юм. Киногоор тэдний 2017, 2018 онд хийсэн аялан тоглолтоос харуулахдаа хамтлагийн өөрсдийнх нь түүх бус өөр өөр улсын өөр соёл иргэншилтэй зургаан фэнүүдийн амьдралд “Depeche Mode”-ийн уран бүтээл  хэрхэн нөлөөлсөн хийгээд эцэстээ Берлинд болсон тоглолтыг үзэж буйг хүүрнэнэ. Аливаа хөгжмийн хамтлагийн кинонууд ихэнхдээ бүтээгчийн түүхтэй нь уялдуулж үзүүлсэн байдаг бол үүнийг сонсогчийн түүхээр гаргасан нь үнэхээр сонирхолтой, хэн хүнд ойр байлаа. Тэр тусмаа монгол охин А.Индра тэдний нэг нь болж кинонд орсон нэн сонин. Фэнүүд хамтлагийн талаар мэдэмхийрч сайрхахаас илүүтэй хөгжим гэдэг зүйл хүний оюун санаа, ой дурсамж, амьдралын сайхан хийгээд саар цагуудад хэрхэн “ханилдаг” гэдэг агуулгыг харууллаа.

Сошиал- О.Анхзаяа, Сэтгүүлч

Өнгөрсөн долоо хоногт миний дурласан зүйл "анир чимээгүй" байлаа. 2010 оноос хойш би фэйсбүүк гэх зүйлээс бараг салаагүй гэж хэлж болно. Олон дагагчтай, олон "найзтай" болох тусам миний ертөнц олных мэт болж,  яваандаа залхаж, стресс нэмэгдэж эхэлсэн. Толгой хэтэрхий олон зүйлээр дүүрч, хэтэрхий завгүй байсан. Гэхдээ фэйсбүүкээ тэр чигт нь хааж, одоо шинэхэн фэйсбүүк минь 100 гаран л найз нөхөдтэй. Хамаагүй нам гүм, тайван амгалан байна. Хэзээ ч ийм байгаагүй гэдгээ мэдрээд, толгой хөнгөн сайхан байх болсон. Хүмүүс сошиал ертөнцөөс аль чадахаараа хол байж байгаасай гэж хүсэж байна.

Хүүхэлдэйн кино- Б.Энхцэцэг, Тоймч

Анна, Элза. Өө сэвгүй, яг л мөс шиг гоёмсог Элза, улаан үс, шантгар хамарт Анна. Халуун сэтгэлт, чин зоригт эгч дүүс зургаан жилийн дараа эргэн ирлээ. Жавар хайрсан өвлөөр, он солигдох гайхамшигт мөчөөс нэг сарын өмнөх энэ хугацаанд “Фрозэн-2” хүүхэлдэйн кино шинэ жилийн бэлэг шиг л задрав.  

Хөөрхөн “Фрозэн” өнгөрсөн хугацаанд дэлхий дээр мэндэлсэн охин бүрийг өөртөө дурлуулж тэдний ээж аав, эмээ өвөө, эгч ахын сэтгэлийг татаж, дэлгэцээс айл гэрт хоногшин үлдэж чадсан билээ. Балчирхан насандаа эцэг эхээсээ хагацаж, хаан ширээнээ хоёулхнаа үлдсэн ч ордныхоо хаалгыг хааж, тусгаарлагдсан хананы цаана өссөн эгч дүү хоёр бие биеэ хайрлах адилхан сэтгэлээрээ адал явдлыг даван туулсан билээ. Элза, Анна хоёр Кристофф, Олаф, Свинээ дагуулаад зургаан жилийн дараа дахин ирэхэд тэдэнтэй уулзахаар охин ч, хүү ч, аав ч, ээж ч яг адилхан яарсаар Улаанбаатарын кинотеатруудад зочилж байна. Хүмүүс сайхан сэтгэл, халуун хайранд ямар их итгэдэг, юугаар ч орлуулшгүй гэр бүлийн харилцаандаа ямар их үнэнчээр ханддагийг харах хамгийн сайхан санагдаж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.25 202.9.46.121

I love silence too zaya! Good luck

0 Хариулах