Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бид юунд дурлаж байна вэ? №14


Ub.life-ийн редакцийн хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг билээ. Энэ удаа бид юунд дурлаж, шимтэж байгааг сонирхоно уу.

Мэдрэмж - Б.Билгүүн, Дизайнер

Хайр, дурлал гэдгийг өмнө нь их л том зүйл гэнэт хаанаас ч юм унаад ирдэг мэтээр төсөөлж явсан үе бий. Харин одоо өдөр тутамдаа тодорхой хэмжээгээр дурласаар яваа гэдгээ бага сага ойлгож эхэлсэн. Урьд шөнө би унтахаасаа өмнө “I lost my body” гэх анимэйшн үзсэн. Хэсэг хугацаанд анимэйшны тухай бодож, дуунуудаас нь сонсож илүү ойлгож, мэдрэх гэж хичээлээ. Харин өглөө ажил руугаа алхах зуураа саяхан дуртай болсон дуугаа сонсоод, өглөө сонсох нь бүр илүү таашаалтай байгааг мэдэрсэн. Сонсох зуур зургийн санаа төрж бүтээлч байдлыг маань өдөөж байгааг ухаарсан. Энэ мэтчилэн өдөрт хэдэн удаа их, бага хэмжээгээр элдэв зүйлд дурлаж, хайрлаж явдгаа дурдаад дуусахгүй юм шиг санагдана. Сүүлдээ “Миний дурлалын тэмдэглэлүүд” гэсэн дэвтэр нээгээд хөтөлвөл сонирхолтой юм шиг санагдсан даа.

Тоглоом - Х.Сүрэн, Дизайнер

Испанийн инди тоглоомын студи болох Номадаас (Nomada Studio) өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан Грис (Gris) хэмээх нэртэй тоглоом энэ жил IOS платформ буюу Ipad болон Iphone дээр наймдугаар сарын сүүлээр гарсан юм. Инди буюу бие даасан студийн жижиг тоглоомуудыг тоглож, дэмжихийг хүсдэг миний хувьд анх хараад тоглоомын зураглалд маш ихээр дурлаж сонирхож эхэлсэн. IOS платформ дээр гарсан дариуд нь татаж, тоглосноор энэ тоглоомд бүр дуртай болсон юм. Өнгөрсөн баасан гарагт "The Game Awards 2019"-өөс "Games for Impact" номинацийн шагнал хүртсэн нь улам бүр намайг дурлуулж байна. Есдүгээр сараас тоглож эхэлсэн ч хайрлаад дуусгаж чадахгүй л байгаа. "Грис"-ийн усан будгийн зөөлөн зураглал болоод Грис охинд тохиолдож буй бэрхшээл, асуудалтай хэрхэн тэмцэж байгаа дүрслэл, ая зэрэг нь тоглоомыг илүү амьд болгож байгааг нэгд нэгэнгүй тоочиж хэлмээр санагдаж байна шүү. Хэрэв та тоглох гэж байгаа бол дуусгахдаа биш харин чихэвчээ зүүгээд дуу дүрсний гоё сайхныг нь мэдэрч тоглоосой гэж хүсэж байна.

Өдрийн тэмдэглэл - О.Анхзаяа, Сэтгүүлч

Өнгөрсөн ням гарагаас эхлээд би буцаад өдрийн тэмдэглэл хөтлөх дуртай болов. 10 жилийн жаалхан охин байхаасаа эхлээд би өнөөгийн "bujo" гээд байгаа тэмдэглэлийг жинхэнэ утгаар нь хөтөлдөг, бүр янз бүрээр тэмдэглэлийн дэвтрээ чимэглэж, өнгө нэмдэг байлаа. Оюутан байхдаа бичих минь арай багассаар ажил хийдэг "том эгч" болсон цагаас эхлээд би өдрийн тэмдэглэл бодох ч үгүй болсон юм. Өнгөрсөн хугацаанд надад олон тэмдэглэлийн дэвтэр бэлэг болон иржээ. Одоо түүнийгээ ашиглах цаг болсон гэж бодож байна. Тийм ч учраас эргээд хөтөлж эхлэх болсон. Ер нь би төлөвлөгөө гаргадаг ч юм уу, хаа хамаагүй юм бичдэг биш харин бодол сэтгэл, мэдрэмжээ хуваалцах "ном" шиг дэвтэр болгох гэж хичээдэг. Энэ удаа дэвтрээ дуусгаад би шинэхэн номтой болно гэдэгтээ итгэлтэй байгаа шүү.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0